“3-р сарын 20–26. Матай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“3-р сарын 20–26. Матай 13; Лук 8; 13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
3-р сарын 20–26
Maтай 13; Лук 8;13
“Сонсох чихтэй нь сонсогтун”
Maтай 13, Лук 8, 13-ыг уншихдаа эдгээр сургаалт зүйрлэл дэх Аврагчийн сургаалыг “сонсож” мөн талархахын тулд өөрийгөө хэрхэн бэлдэхээ бодоорой. Та эдгээр сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Аврагчийн хамгийн мартагдашгүй сургаалуудын зарим нь сургаалт зүйрлэлүүд гэж нэрлэдэг энгийн түүх хэлбэрээр өгөгдсөн байдаг. Эдгээр нь энгийн эд зүйл эсвэл үйл явдал, сонирхолтой явган яриа зэргээс өөр бөгөөд сүнслэгээр бэлтгэсэн хүмүүст зориулсан, Бурханы хаант улсын талаарх гүн гүнзгий үнэнүүдийг агуулдаг. Шинэ Гэрээнд бичигдсэн сургаалт зүйрлэлүүдийн хамгийн эхний сургаалт зүйрлэлийн нэг болох тариачны тухай сургаалт зүйрлэл (Maтай 13:3–23-ыг үзнэ үү) биднийг Бурханы үгийг хүлээн авахад бэлэн эсэхээ шалгахад урьдаг. Есүс “Учир нь хэн хүлээж авна,” “түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 13:10 [Матай 13:12, зүүлт тайлбар a]) хэмээн тунхагласан. Тиймээс бид Аврагчийн сургаалт зүйрлэлийг эсвэл Түүний аль ч сургаалыг судлахаар бэлдэхдээ зүрх сэтгэлээ чагнаж, биднийг болон гэр бүлийг маань адисалж, элбэг дэлбэг байлгах ургац ургуулж, соёолуулж, цэцэглүүлэн, үр жимс өгөх “сайн хөрс”-ийг (Матай 13:8) Бурханы үгэнд өгч байгаа эсэхээ тодорхойлохоос эхлэх нь зөв.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Матай 13:3–23; Лук 8:4–15; 13:6–9
Бурханы үгийг хүлээн авахын тулд би зүрх сэтгэлээ бэлдэх ёстой.
Яагаад заримдаа бидний зүрх сэтгэл үнэнийг хүлээж авахдаа амархан, харин заримдаа хүлээн авахгүй эсэргүүцэхээр уруу татагддаг вэ? Тариачны тухай сургаалт зүйрлэлийг унших нь танд Их Эзэний үнэнийг хэр сайн хүлээн авдгаа бодож үзэх сайхан боломж юм. Матай 13-р бүлгийн 3–8-р шүлгийг 18–23-р шүлэг дэх тайлбартай харьцуулах нь тустай байж болох юм. Та өөртөө “сайн хөрс” боловсруулахын тулд юу хийж болох вэ? Бурханы үгийг чин сэтгэлээсээ сонсож, дагахад ямар “хогийн ургамал” танд саад болох вэ? Та эдгээр “хогийн ургамлыг” хэрхэн даван туулж чадах вэ?
Энэхүү сургаалт зүйрлэлийг судлах нь Лук 13:6–9 дээрх сургаалт зүйрлэлийг уншихад тань нөлөөлж болох юм. Их Эзэн биднээс ямар “жимс” хайдаг вэ? Бид “жимс ургуулахын” тулд газраа хэрхэн борддог вэ?
Мөн Мозая 2:9; Алма 12:10–11; 32:28–43-ыг болон Даллин Х.Өүксийн “Тариачны сургаалт зүйрлэл” хэлсэн үгийг 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 16–19-өөс үзнэ үү.
Матай 13:24–35, 44–52; Лук 13:18–21
Есүсийн сургаалт зүйрлэл надад Түүний Сүмийн өсөлт хөгжил, хувь заяаг ойлгоход тусалдаг.
Бошиглогч Иосеф Смит Матай 13 дээрх сургаалт зүйрлэл нь хожмын үе дэх Сүмийн өсөлт, хувь тавиланг дүрсэлсэн хэмээн заасан. Дараах сургаалт зүйрлэлүүд Их Эзэний Сүмийн талаар танд юу зааж байгааг бодож үзэхдээ та Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007) номын х. 331–345 дахь бошиглогчийн хэлсэн үгийг уншиж болно.
-
Буудай ба үрийн сүүл (13:24–30, 36–43)
-
Гичийн үр (13:31–32)
-
Исгэх хөрөнгө (13:33)
-
Нуусан эрдэнэ ба их үнэтэй сувд (13:44–46)
-
Загасны тор (13:47–50)
-
Өрхийн тэргүүлэгч (13:52)
Та эдгээр сургаалт зүйрлэлийн талаар тунгаан бодсоныхоо дараа хожмын үеийн Христийн Сүмийн ажилд илүү бүрэн дүүрэн оролцохын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?
Мөн Судруудын удирдамж дахь “Бурханы хаант улс буюу тэнгэрийн хаант улс,” “Сургаалт зүйрлэл” зэргийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
Зөв шударга хүмүүс дэлхийн төгсгөл хүртэл ёс бусчуудын дунд өсөж хөгжих ёстой.
Энэхүү сургаалт зүйрлэлийг нарийвчлан авч үзэх нэг арга бол үүнийг зураад, Maтай 13:36–43, Сургаал ба Гэрээ 86:1–7 дээрх тайлбарын дагуу нэрлэх явдал юм. Зэрлэг өвс бол “түрүү нь гарах хүртлээ буудайтай адилхан харагддаг хорт ургамал” (Bible Dictionary, “Tares”). Энэ сургаалт зүйрлэл дэх ямар үнэн таныг дэлхий дээрх ёс бусыг үл харгалзан итгэлтэй хэвээр үлдэхэд сүнслэгээр өдөөж байна вэ?
Ямар арга замаар “зарим эмэгтэй” Аврагчид үйлчилсэн бэ?
“Эмэгтэй шавь нар сүнслэг байдлаар Есүсээс суралцаж, материаллаг зүйлсээр Түүнд үйлчлэн Есүсийг болон арван хоёрыг даган аялдаг байсан. … Эдгээр эмэгтэй Есүсийн тохинуулал буюу сайн мэдээний баярт мэдээ, Түүний эдгээлтийн хүчийн адислалыг хүлээн авахын зэрэгцээ эд материал, хайр халамжаа үзүүлэн Түүнд үйлчилж байсан” (Daughters in My Kingdom [2017], 4). Аврагчийг дагасан эмэгтэйчүүд тэрчлэн Түүний талаар хүчирхэг гэрчлэл хуваалцаж байсан (Линда К.Бөртон, “Итгэлтэй эмэгтэйчүүд,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130–133).
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Maтай 13.Гэр бүлийнхэн тань Аврагчийн сургаалт зүйрлэлүүдийг уншиж байхдаа дотно эд зүйл, нөхцөл байдлаа ашиглан тэнгэрийн хаант улсын (Сүмийн) тухай адилхан үнэнүүдийг заадаг өөрсдийн гэсэн сургаалт зүйрлэлийг бодон баясаж болох юм.
-
Матай 13:3–23; Лук 8:4–15.Тариачны сургаалт зүйрлэлийг хамтдаа уншсаныхаа дараа танай гэр бүл дараахтай адил асуултуудыг ярилцаж болох юм. Бидний “хөрсийг” (зүрх сэтгэлийг) юу “чулуурхаг” болгож эсвэл бүр “боомилж” болох вэ? Хөрсөө сайн, үржил шимтэй байгааг бид хэрхэн мэдэх вэ?
Танай гэр бүлд бага насны хүүхэд байдаг бол Бурханы үгийг сонсоход зүрх сэтгэлээ бэлдэх өөр өөр арга замыг гэр бүлийн зарим гишүүн тань жүжигчлэн үзүүлж, бусад нь тэдний юу хийж байгааг таавал хөгжилтэй байж болох юм.
-
Матай 13:13–16.Та гэр бүлийнхэндээ Христийн үгийг дуртайяа хүлээн авахын ач холбогдлыг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? “Хатуу чихийг” тайлбарлахын тулд та гэр бүлийнхээ нэг гишүүний чихийг таглаад, Матай 13:13–16-г намуухан уншиж өгч болно. Танай гэр бүлийн тэр гишүүн эдгээр шүлгээс хэр их юм ойлгосон бэ? Бид ямар арга замаар Бурханы үгэнд нүд, чих, зүрх сэтгэлээ нээж байгаа мэт ханддаг вэ?
-
Матай 13:44–46.Энэ сургаалт зүйрлэлд гарч байгаа хоёр хүн юугаараа адилхан бэ? Бид хувь хүнийхээ хувьд төдийгүй гэр бүлээрээ Бурханы хаант улсыг амьдралдаа нэгдүгээрт тавихын тулд өөр ямар ямар зүйлийг нэмж хийх хэрэгтэй вэ?
-
Лук 13:11–17.Гэр бүлийн гишүүдэд “өөрсдөө өндийж” чадахгүй гэж санагдахад хүргэсэн зүйл тохиолдож байсан уу? Бид ийм зүйл тохиолдсон хэн нэгнийг таних уу? Бид хэрхэн тусалж чадах вэ? Аврагч биднийг хэрхэн сул дорой байдлаас маань “чөлөөлдөг” вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.