Шинэ Гэрээ 2023
3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6: “Бүү ай”


3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6: ‘Бүү ай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Есүс талхны сагс барьсан шавь нартайгаа алхаж байна

3-р сарын 27-оос 4-р сарын 2

Матай 14; Марк 6; Иохан 5–6

“Бүү ай”

Maтай 14; Maрк 6 болон Иохан 5–6-г уншихдаа өөрийнхөө хувьд ач холбогдолтой үнэнүүдийг хай. Та өөртөө дараах асуултуудыг тавьж болох юм. “Эдгээр бүлэг дэх түүхүүд надтай хэрхэн холбогдож байна вэ?” “Миний амьдралд хэрэгтэй ямар захиасыг би олж болох вэ?” эсвэл “Би гэр бүлтэйгээ юм уу бусадтай юу хуваалцах вэ?”

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хүчтэй шуурга шуурч байх үед Галил нууран дундах аюулгүй завиа орхин явахад Петрт юу нөлөөлсөн бэ? Юу түүнийг Есүс усан дээгүүр алхаж чадаж байхад би ч бас чадна хэмээн итгэхэд хүргэсэн бэ? Бид тодорхой мэдэхгүй ч Бурханы Хүү хүмүүсийн төлөө зөвхөн гайхалтай зүйлсийг хийхээр ирээгүй, харин өөртэй нь адил хүмүүст гайхалтай зүйл хийх хүч олгохоор ирсэн гэдгийг Петр ойлгож байсан байх. Эцсийн эцэст Есүс “Ирээд, Намайг дага” (Лук 18:22) гэсэн урилгатай байсан. Петр энэ урилгыг нэгэнтээ хүлээж авсан бөгөөд айдастайгаа нүүр тулан, боломжгүй мэт санагдах зүйлийг хийх ёстой байсан ч дахин хүлээн авахад бэлэн байсан. Их Эзэн шуурган дунд завинаасаа буухыг эсвэл олон мянган өлссөн хүнд байгаа өчүүхэн талхаа өгөхийг биднээс хүсэхгүй байж болох ч Тэрээр өгсөн зааврыг нь бүрэн ойлгохгүй байсан ч хүлээн авахыг биднээс хүсэж болох юм. Бидэнд хандсан Түүний урилга юу ч байсан гэлээ заримдаа гайхмаар эсвэл сүрдмээр байж болно. Харин бид Петртэй адил айдас, эргэлзээ, хязгаарлагдмал ойлголтоо хойш тавин, Түүнийг итгэлтэйгээр дагах юм бол гайхамшгууд тохионо.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Иохан 5:16–47

Есүс Христ Эцэгээ хүндэлдэг.

Тэнгэрлэг Эцэг болон Түүний хүүхэд бүрийн хоорондын харилцаа ариун нандин байх ёстой. Эдгээр шүлэгт Есүс Христ бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаандаа дагаж мөрдөх сүнслэгээр өдөөгдсөн загварыг өгсөн. Иохан 5:16–47-г уншаад, Эцэг гэсэн үг гарах бүрд тэмдэглэж эсвэл бичиж ав. Хүү Эцэгээ хэрхэн хүндэлдэг вэ? Та Түүний жишээг хэрхэн дагаж болох вэ? Эцэг Хүүгээ юу гэж боддог талаар та юу сурч мэдсэн бэ? Та Тэнгэрлэг Эцэгтэй харилцаагаа бэхжүүлэхийн тулд юу хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

Мөн Иохан 17; Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 70–73-ыг үзнэ үү.

Талх ба загас

Есүс таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг гайхамшигтайгаар хооллосон.

Матай 14:15–21; Марк 6:33–44; Иохан 6:5–14

Түүний зорилгыг гүйцэлдүүлэхэд зориулан өгсөн даруухан өргөлийг минь Аврагч өсгөн нэмэгдүүлдэг.

Танд гэр орон, харилцаа, нийгмийн гэх мэт эргэн тойрныхоо хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй мэт санагдаж байсан уу? Есүсийн шавь нар тавхан талх, хоёрхон загасаар таван мянга гаруй өлссөн хүнийг хооллохыг тэднээс хүсэхэд чадахгүй гэдгээ мэдэрч байсан байх. Дараа нь тохиолдсон гайхамшгийн тухай уншихдаа таны эргэн тойрны хүмүүсийг адислахын тулд хийсэн даруухан үйлчлэлийн өргөлийг тань Бурхан хэрхэн ашиглаж болох талаар бод. Түүнд үйлчлэх үед Тэр хэрхэн таны гаргасан хүчин чармайлтыг нэмэгдүүлж байсан бэ? Мишэлл Д.Крэйг эгчийн дараах мэдэгдлийг бодож үзнэ үү. “Гэхдээ та бид өөрсдөдөө байгаагаа Христэд өгч чадах ба Тэрээр бидний хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв та Бурханы ач ивээлд найдах юм бол хүмүүний дутагдал, сул талууд байсан ч гэсэн таны өргөх зүйл хангалттай их байх болно” (“Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125).

Матай 14:22–33; Марк 6:45–52; Иохан 6:15–21

Есүс Христ намайг айдас, эргэлзээгээ хойш тавин, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд урьдаг.

Maтай 14:22–33; Maрк 6:45–52; Иохан 6:15–21-т өгүүлсэн үйл явдлуудыг дотроо дүрслэн бод. Петр болон бусад шавь юу мэдэрч байсныг төсөөл. Та эдгээр шүлгэн дээрх Аврагчийн үг, үйлдлээс шавь байх талаар юу сурч болох вэ? Та Петрийн үг, үйлдлээс юу сурч болох вэ? (Мөн 1 Нифай 3:7-г үзнэ үү). Их Эзэн таныг завинаасаа бууж алхахтай адилхан ямар зүйлийг хийхэд урьж байна вэ? Эдгээр шүлгээс Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд урамшуулан дэмжсэн юуг та олж мэдсэн бэ?

Иохан 6:22–71

Есүс Христийн шавийн хувьд би хийхэд хэцүү байсан ч үнэнд итгэн, хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой.

Есүс Өөрийгөө “амьдралын талх” (Иохан 6:48) гэхэд олон хүн үүнийг “хэцүү үг” (Иохан 6:60) хэмээн хүлээн авсан. Иохан 6:68–69 дээрх Петрийн үг Аврагчийн сургаалыг хүлээн авч, үүний дагуу амьдрахад хэцүү санагдах үед танд хэрхэн туслах вэ? Петрийн гэрчлэлийн аль хэсэг нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ? Аврагчийг дагах амлалтдаа цаашид ч үнэнч байхад танд тусалсан ямар ямар “мөнх амийн үгс” (Иохан 6:68) байдаг вэ?

Мөн M.Рассэлл Баллардын “Бид хэн рүү явах юм бэ?” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 81–84-өөс үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Матай 14:15–21.Таван мянган хүнийг хооллоход хэчнээн талх, загас хэрэгтэй болохыг төсөөлөхөд гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж болохоо бодож үзээрэй. Матай 14:15–21 дээрх гайхамшиг Аврагчийн талаар бидэнд юу зааж байна вэ? Танд хангалттай өгчих зүйл байхгүй гэж бодсон ч Аврагч таны гаргасан хүчин чармайлтыг нэмэгдүүлж байсан туршлагаа хуваалцах талаар бодож үз.

Матай 14:22–33.Танай гэр бүлийнхэнд эдгээр шүлэгт гардаг түүхийг жүжигчлэн үзүүлэх таалагдаж болох юм. Яагаад шавь нар нь айсан бэ? Яагаад Петр айдсаа ялан, завинаас гарч чадсан бэ? Тэрээр живж эхэлсэн ч итгэлээ хэрхэн харуулсан бэ? Бид заримдаа яагаад Петртэй адилхан байдаг вэ?

Иохан 5:1–16.Эдгээр шүлгэн дээрх “эрүүл болох” гэсэн үг гарч байгаа хэсгүүдийг онцолж харахыг гэр бүлийнхнээсээ хүс. Есүс Христ ямар арга замаар хүмүүсийг эрүүл болгож чадах вэ? Тэр хэзээ, хэрхэн биднийг эрүүл болгосон бэ?

Иохан 6:28–58.Гэр бүлийнхээ гишүүн бүрд идэх зүсэм талх өгөөд, талх болон бусад эрүүл хүнсээс авдаг шим тэжээлийн талаар ярилц. Дараа нь эдгээр шүлгээс Есүс Христ яагаад Өөрийгөө “амийн талх” (Иохан 6:35) гэснийг олж мэд. Амьдралын талхнаас “идэх” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Д.Тодд Кристоффэрсоны “Тэнгэрээс бууж ирсэн амьд талх” хэлсэн үгийг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 22–27-оос үзнэ үү).

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

 

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнслэг ойлголт олж авахаар эрэлхийл. Хувиараа болон гэр бүлээрээ судлахдаа, эдгээр тоймд өгөгдсөн судрын хэсгүүдээр өөрсдийгөө бүү хязгаарла. Энд ороогүй бүлгүүдэд танд зориулсан Их Эзэний захиас байж болно. Тэдгээрийг залбирч байгаад эрэлхийл.

Есүс Петрийг уснаас татан гаргасан нь

Салхийг сөрөн, Лиз Лэмон Свиндл