Шинэ Гэрээ 2023
4-р сарын 24–30. Иохан 7–10: “Сайн хоньчин нь Би байгаа юм”


“4-р сарын 24–30. Иохан 7–10: ‘Сайн хоньчин нь Би байгаа юм,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 24–30. Иохан 7–10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Есүс газар унасан эмэгтэйн хамт

Би ч чамайг шийтгэхгүй, Эва Колэва Тимоти

4-р сарын 24–30

Иохан 7–10

“Сайн хоньчин нь Би байгаа юм”

Иохан 7–10-ыг уншихдаа та эдгээр бүлэг дэх сургаалын зарчмуудын талаарх мэдрэмжийг Ариун Сүнснээс хүлээн авч болно. Мэдрэмжүүдээ бичих нь тэдгээрийн дагуу үйлдэх төлөвлөгөө гаргахад танд тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэдийгээр Есүс Христ “хүмүүст амар тайван [хийгээд] сайн сайхныг” (Лук 2:14) авчрахаар ирсэн ч “Есүсээс болж ард олны дотор хагарал гарчээ” (Иохан 7:43). Ижил үйл явдлуудыг гэрчилсэн хүмүүс Есүсийн хэн байсан талаар өөр өөр дүгнэлтэд хүрчээ. Зарим нь “Тэр сайн хүн” гэхэд бусад нь “Тэр ард олныг төөрөлдүүлж байна” (Иохан 7:12) гэцгээв. Түүнийг Хүндэтгэлийн өдөр сохор хүнийг эдгээхэд зарим хүн “Тэр Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас ирсэн хүн биш” гэсэн бөгөөд бусад нь “Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ?” гэцгээж байв. (Иохан 9:16). Гэсэн ч энэ бүх төөрөгдлийг үл харгалзан үнэнийг эрэлхийлж байсан хүмүүс Түүний үгээс хүчийг олж харсан. Учир нь “Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй б[айв]” (Иохан 7:46). Иудейчүүд Есүсээс Христ мөн эсэхээ “бидэнд шуудхан хэл” гэхэд Тэр “Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм” (Иохан 10:24, 27) хэмээх бидэнд үнэнийг худлаас ялган танихад тус болох зарчмыг илчилсэн.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Иохан 7:14–17

Есүс Христийн заасан үнэнүүдийн дагуу амьдарснаар би эдгээр нь үнэн болохыг мэднэ.

Есүсийг суралцаагүй атлаа ихийг мэдэж байсанд мөн тэдний мэдэх арга замаар суралцаагүйд иудейчүүд гайхаж байв (15-р шүлгийг үзнэ үү). Есүс тэдэнд хариулахдаа үнэнийг мэдэх өөр арга байдаг бөгөөд үүнийг боловсрол, амьдралын нөхцөл байдлаас үл хамааран хүн бүр мэдэх боломжтой гэж заасан. Иохан 7:14–17-д дурдсанаар, Есүсийн заасан сургаал үнэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Энэхүү үйл явц нь сайн мэдээний талаарх гэрчлэлээ хөгжүүлэхэд танд хэрхэн тусалсан бэ?

Иохан 8:2–11

Аврагчийн нигүүлслээс бүх хүн хүртэх боломжтой.

Завхайрч байгаад баригдсан эмэгтэйтэй Аврагч хэрхэн харьцсан тухай ахлагч Дэйл Г.Рэнланд йин хэлсэн. “Есүс садар самууныг зөвтгөөгүй нь лавтай. Гэхдээ Тэрээр уг эмэгтэйг ч бас буруутгаагүй. Тэрээр эмэгтэйд амьдралаа өөрчлөхийг зөвлөсөн. Уг эмэгтэй Түүний нинжин сэтгэл, нигүүлслийн ачаар өөрчлөгдөх хүсэлтэй болсон. Библийн Иосеф Смитийн Орчуулгад тэр эмэгтэйн ямархуу шавь байсан талаар ‘Мөн уг эмэгтэй тэр цагаас эхлэн Бурханыг алдаршуулан мөн Түүний нэрэнд итгэв’ хэмээн өгүүлдэг” [Иохан 8:11, зүүлт тайлбар c]” (“Бидний Сайн Хоньчин,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15-ыг үзнэ үү).

Аврагчид зэмлүүлэхийн оронд нигүүлсэл хүлээж авсан эмэгтэйд төрсөнтэй адил мэдрэмжийг та хэзээ мэдэрч байсан бэ? Та хэзээ нүгэлт атлаа бусдыг шүүж, буруутгасан хуулийн багш, фарисайчуудын адил хандлага гаргаж байсан бэ? (Иохан 8:7-г үзнэ үү). Хуулийн багш, фарисайчуудтай болон завхайрч байгаад баригдсан эмэгтэйтэй Аврагчийн харьцсан байдлаас та өөр юу сурч мэдэж болох вэ? Та эдгээр шүлгийг уншаад, Түүний өршөөлийн талаар юу сурсан бэ?

 

Иохан 9

Хэрэв бид итгэлтэй байвал Бурхан зовж зүдэрч байхад маань Өөрийгөө харуулна.

Иохан 9:1–3 нь амьдралын бэрхшээл, зовлонгийн талаар танд юу зааж байна вэ? Иохан 9-ийг уншихдаа “Бурханы үйлс сохор төрсөн хүний амьдралд хэрхэн харагдсаныг” тунгаан бод. Эдгээр нь таны амьдралд, тухайлбал таны зовлон зүдгүүрт хэрхэн харагдаж байсан бэ?

Иохан 10:1–30

Есүс Христ бол Сайн Хоньчин.

Та хонины тухай болон хонь хариулах талаар сайн мэдэхгүй ч Аврагчийн Иохан 10-т “Сайн хоньчин нь Би байгаа юм” хэмээн хэлснийг уншвал, энэ нь Түүний талаар чухал үнэнүүдийг заана. Эдгээр үнэнийг олохын тулд сайн хоньчин ямар байдгийг мөн эдгээр үг хэллэг Аврагчтай хэрхэн холбоотой болохыг харуулсан үг хэллэгүүдийг хайж ол. Доор зарим жишээг өгөв. Үүнд:

  • 3-р шүлэг: “Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана.”

  • 11-р шүлэг: “Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.”

  • 16-р шүлэг: “Тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.”

Энэ бүлгийн талаар тунгаан бодоход туслах нэмэлт хэдэн асуулт өгье. Есүс үүд хаалгатай юугаараа адилхан бэ? (7–9-р шүлгийг үзнэ үү). Тэр танд хэрхэн бялхсан … амийг өгсөн бэ”? (10-р шүлэг). Тэр таны хэн гэдгийг мэддэг гэдгийг та хэзээ мэдэрч байсан бэ? (14-р шүлгийг үзнэ үү). Та сайн Хоньчны дуу хоолойг хэрхэн таньдаг вэ? (27-р шүлгийг үзнэ үү).

Мөн Дуулал 23; Езекиел 34; Алма 5:37–39; 3 Нифай 15:21–16:5-ыг болон Гэррит В.Гонгийн “Бурханы Хурга, Сайн Хоньчин” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 118–122-оос үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Иохан 7:24.Та Иохан 7:24 дээрх Есүсийн сургаалыг ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд гаднах нь дотроосоо өөр харагддаг ямар нэг зүйлийг үзүүлж болох юм. Эсвэл гэр бүлийн гишүүд нь гаднах байдлаар нь шүүхгүй байхыг зааж байсан туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн гэр бүлийн гишүүн бүрийн ил харагддаггүй зан чанаруудыг жагсааж болно (мөн 1 Самуел 16:7-г болон Томас С.Монсоны “Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур” хэлсэн үгийг 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 79–83-аас үзнэ үү).

Иохан 8:31–36.“Нүглийн боол” байна гэдэг нь ямар утгатай вэ? (мөн Моронай 7:11-ийг үзнэ үү). Есүсийн заасан ямар ямар үнэн биднийг чөлөөлж чадах вэ?

Христ сохор хүнийг эдгээсэн

Есүс сохор хүнийг эдгээсэн нь, Карл Хэйнрих Блок

Иохан 9.Та гэр бүлдээ Иохан 9-д гардаг сохор хүнийг эдгээсэн Есүсийн түүхийг төсөөлөн бодоход хэрхэн тусалж болох вэ? Та нар түүхийг жүжигчлэн үзүүлэх эсвэл “Есүс төрөлхийн хараагүй хүнийг эдгээв” (https://www.churchofjesuschrist.org/study/video/miracles/2011-10-066-jesus-heals-a-man-born-blind?lang=mon) видеог үзүүлж болно.   Тэднийг уг түүхээс ямар сургамж авснаа бичихэд урь. Жишээлбэл, Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгосон байж болно.

7:48

Иохан 10:1–18, 27–29.Сайн Хоньчны тухай сургаалт зүйрлэлээс суралцахад гэр бүлийнхээ гишүүдийг оролцуулахын тулд та гэр бүлийн гишүүн бүрээс дараах зүйлсийн аль нэгийг зурахыг хүс. Үүнд: хулгайч, үүд, хоньчин, хөлсний хүн (хөлсний ажилчин), чоно, хонь. Тэднийг Иохан 10:1–18, 27–29-ийг уншихад уриад, дараа нь тэдний зурсан зүйлсийн талаар Аврагч юу гэж заасан тухай ярилц.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Эзэн миний Хоньчин,” Сүмийн дууллын ном, д. 54.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг ол. Таныг уншиж байх хооронд Сүнс зөвхөн танд зориулан бичсэн мэтээр эсвэл таныг урамшуулж, сүнслэгээр өдөөх тодорхой үг, хэллэгүүдийг таны санаанд оруулж болно. Иохан 7–10 дахь танд сүнслэгээр нөлөөлсөн үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Христ хурганы хамт

Дахиж алдагдаагүй, Грэг К.Олсэн