Шинэ Гэрээ 2023
4-р сарын 17–23. Матай 18; Лук 10: “Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?”


“4-р сарын 17–23. Матай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 17–23. Матай 18; Лук 10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Сайн самари хүн

Сайн самари хүн, Дан Бөрр

4-р сарын 17–23

Матай 18; Лук 10

“Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?”

Матай 18 болон Лук 10-ыг залбирч уншихдаа, Ариун Сүнснээс ирэх намуухан сүнслэг удирдамжид анхаарлаа хандуул. Тэрээр эдгээр сургаал, түүх танд хэрхэн хамаатай болохыг шивнэн хэлнэ. Та хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та Их Эзэнээс асуугаад, бодож байгаагүй хариултыг хүлээн авч болох юм. Миний хөрш гэж хэн бэ? Таны тусламж, хайр хэрэгтэй байгаа хэн ч байж болно. Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? Хүүхэд. Гомдоосон хүнийг долоон удаа уучлах нь хангалттай юу? Үгүй, та дал дахин долоон удаа уучлах хэрэгтэй. (Лук 10:29–37; Maтай 18:4, 21–22.) Их Эзэнээс бодож байгаагүй хариултаа авах нь биднийг бодох, мэдрэх, үйлдэх арга барилаа өөрчлөхөд урьж болно. Хэрэв та Их Эзэний хүслийг эрэлхийлж, үнэхээр Түүнээс суралцахыг хүсэж байвал Тэрээр танд Өөртэй нь хамт амьдрах мөнх амьдрал руу хөтлөх замаар хэрхэн амьдрахыг заана.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Матай 18:21–35

Би Их Эзэний өршөөлийг хүртэхийг хүсэж байвал бусдыг уучлах хэрэгтэй.

Бусдыг долоон удаа уучлах Петрийн зөвлөгөө маш өгөөмөр санагдах боловч Есүс дээд түвшний хуулийг заасан. Түүний “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” (22-р шүлэг) хэмээх хариулт нь хэд гэсэн тоог биш, харин Христийнхтэй адил өршөөнгүй зан чанарыг хөгжүүлэх тухай заадаг. Та нигүүлсэх сэтгэлгүй боолын сургаалт зүйрлэлийг уншихдаа Бурханы нигүүлсэл, нинжин сэтгэлийг мэдэрч байсан тухайгаа тунгаан бодоорой. Танаас нигүүлсэл, нинжин сэтгэлийг мэдрэх хэрэгтэй хүн байгаа юу?

Ахлагч Дэвид И.Сорэнсэн дараах чухал анхааруулгыг өгчээ. “Хэдийгээр бид муу зүйл хийсэн хөршөө уучлах ёстой боловч бид энэ муу зүйл дахин давтагдахаас сэргийлэхийн тулд сайн ажиллах ёстой. … Уучлал нь ёс бус зүйлийг хүлээн зөвшөөрч эсвэл үүнтэй эвлэрэхийг биднээс шаарддаггүй. … Гэхдээ бид нүглийн эсрэг тэмцэхдээ үзэн ядалт эсвэл уур хилэнгээр бодол санаа эсвэл үйлдлээ удирдуулах ёсгүй” (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Liahona, May 2003, 12).

Лук 10:1–20

Далын гишүүд гэж хэн бэ?

Есүс Христ Хуучин Гэрээнд зохион байгуулагдсан бүтцийг даган (Эхлэл 24:1; Тооллого 11:16-г үзнэ үү), Өөрийг нь гэрчилж, сайн мэдээг нь тунхаглаж, Өөрт нь болон ажилд нь туслах арван хоёр төлөөлөгчөөс гадна “өөр далан хүнийг томилсон.” Энэхүү бүтэц зохион байгуулалт нь сэргээгдсэн Сүмд оршсоор байна. Далын гишүүд дэлхий даяар Есүс Христийн онцгой гэрчүүдийн хувиар Арван хоёрт туслахаар дуудагдсан.

Мөн Сургаал ба Гэрээ 107:25–26, 33–34, 97-г үзнэ үү.

Лук 10:25–37

Би мөнх амийг олж авахын тулд Бурханыг болон хөршөө өөрийн адил хайрлах ёстой.

Сайн самари хүний сургаалт зүйрлэл нь “Мөнхийн амийг өвлөхийн тулд би яах ёстой вэ?” мөн “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” хэмээх хоёр асуултад хариулсан Есүсийн арга зам байсныг санах нь тустай. (Лук 10:25, 29). Та энэ сургаалт зүйрлэлийг уншихдаа эдгээр асуултыг дотроо бодоорой. Та ямар ямар хариулт олсон бэ?

Есүсийн үед иудейчүүд, самаричуудын хоорондын дайсагнал хэдэн зуун дамжин үргэлжилж байсан. Самаричууд бол Самари нутагт амьдарч, харь хүмүүстэй ураг барилцсан иудейн удмынхан юм. Иудейчүүд самаричуудыг харийнхантай холбогдон завхарсан, урвасан гэж үздэг байжээ. Иудейчүүд Самари нутгаар дайран өнгөрөхгүйн тулд хэдэн бээр холуур тойрон явдаг байв. (Мөн Лук 9:52–54; 17:11–18; Иохан 4:9; 8:48-ыг үзнэ үү.)

Яагаад Аврагч хөршөө хайрлаж, нигүүлсэнгүй байхын жишээ болгон иудейчүүдийн үзэн яддаг самари хүнийг сонгосон гэж та бодож байна вэ? Энэ сургаалт зүйрлэл юу хийхэд таныг сүнслэгээр өдөөж байна вэ?

 

2:3

Лук 10:38–42

Бид мөнх амьдралд хүргэх өдөр тутмын сонголтуудаа хийснээр “сайныгаа” сонгодог.

Лук 10:38–42 дээр Есүс Мартагаас цагаа юунд зориулж байгаагаа дахин нэг харж үзэхийг эелдгээр хүсдэг. Эдгээр шүлгийг эш татсаныхаа дараа Кэрол Ф.Макконки эгч ийн заасан. “Ариун байхын тулд бид Израилын Ариун Нэгэний хөлд сууж суран, ариун байдалд цаг зав гаргах ёстой. Бид утсаа, хэзээ ч дуусдаггүй хийх ажлын жагсаалтаа, дэлхийн санаа зовоосон асуудлаа хойш тавьдаг уу? Залбирч, судлан, Бурханы үгийг чих тавин сонссоноор Түүний цэвэршүүлэгч, эдгээгч хайр бидний бодгальд үүсдэг. Түүний ариун, цэвэршүүлэгч Сүнсээр дүүргэгдэж болохын тулд ариун байхад цаг зав гаргацгаая” (“Ариун байдлын гоо үзэсгэлэн,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128). Та сайн зүйлд ч гэсэн цагаа хэрхэн зарцуулж байгаагаа дүгнэж үзэх хэрэгтэй. Анхаарлаа хандуулах ёстой илүү “хэрэгтэй” зүйл (42-р шүлэг) танд байна уу?

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Maтай 18:1–11.Яагаад Есүс биднийг бяцхан хүүхэд шиг болоосой гэж хүсдэг вэ? Христтэй илүү адил болохын тулд бидний хөгжүүлж чадах ямар зан чанарууд хүүхдүүдэд байдаг вэ? (Мозая 3:19-ийг үзнэ үү).

Есүс хүүхдүүдтэй хамт байгаа нь

Есүс шавь нараа бяцхан хүүхдүүдтэй адил болоосой гэж хүссэн.

Maтай 18:15Матай 18:15 дээрх зөвлөгөөг бид гэр бүлийнхээ харилцаанд хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Үүнийг хийх нь гэр бүлийг маань хэрхэн адисалдаг вэ?

Матай 18:21–35.Энэ сургаалт зүйрлэл Есүс Христийн тухай бидэнд юу зааж байна вэ? Энэ нь мөн бусдад хэрхэн хандах талаар бидэнд юу зааж байна вэ?

Лук 10:25–37.Гэр бүлийн гишүүдэд өмсгөл өмсөж, энэ сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглох нь таалагдаж болох юм. Бид заримдаа сургаалт зүйрлэл дэх өөр хүмүүстэй юугаараа адилхан бэ? Аврагч сайн самари хүнтэй юугаараа адилхан бэ? Бид хэрхэн сайн самари хүнтэй адил байж чадах вэ?

Та энэ сургаалт зүйрлэл дээрх үнэнийг дэмжиж буй Сүмийн дуулал эсвэл хүүхдийн дууг хамт дуулах талаар бодож болно. Нэг нь “Эзэн, Таныг дагая” (Дуулал, д. 121) байж болох ч өөр олон дуу байж болох юм. Гэр бүлийн гишүүд Сүмийн дуулал эсвэл дууг олоод, энэ нь сургаалт зүйрлэлтэй ямар холбоотой болохыг тайлбарлаж болно.

Лук 10:38–42.Сүнслэг зүйлсийг гэр бүлийнхээ цагийн хуваарьт оруулах хэцүү байдаг уу? Мариа, Марта хоёрын түүх нь гэр бүлийн зөвлөлийн хурал эсвэл гэр бүлийн үдшээрээ эдгээрийг хэрхэн илүү сайн хийхэд сүнслэгээр өдөөж болно. Гэр бүлээрээ “сайныг” (Лук 10:42) сонгох арга замуудын жагсаалт гаргаж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Бусдыг хайрлаж, хүндлэхийг Есүс заасан юм,” Хүүхдийн дууны ном, 39.

Заах чадвараа сайжруулах

Хайрын уур амьсгалыг бий болго. Гэр бүлийн гишүүдийн бие биедээ хандах хандлага, мэдрэмж гэр орны сүнслэг уур амьсгалд гүнзгий нөлөөлж болдог. Туршлага, асуулт, гэрчлэлээ чөлөөтэй хуваалцах боломжтой хайраар дүүрэн, хүндэтгэлтэй орчныг бий болгохын тулд гэр бүлийнхээ бүх гишүүнд тус тусынхаа үүргийг гүйцэтгэхэд нь тусал. Аврагчийн арга барилаар заах нь, 15-ыг үзнэ үү.)

Христ Мариа, Марта хоёрын хамт

Христ Мариа, Марта хоёрын гэрт, Волтэр Рэйн