“4-р сарын 17–23. Maтай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“4-р сарын 17–23. Maтай 18; Лук 10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
4-р сарын 17–23
Матай 18; Лук 10
“Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?”
Хүүхдүүд Maтай 18 болон Лук 10-аас ямар ямар үнэнийг ойлгож авах хэрэгтэй вэ? Эдгээр бүлгийг уншихдаа, Ариун Сүнсээс ирэх өдөөлтийг сонс. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага таны судлах үйл явцыг чиглүүлэх бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.
Хуваалцахад урь
Гэртээ эсвэл сүм дээр Есүс Христийн тухай ойлгож мэдсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би бусдыг үргэлж уучлах хэрэгтэй.
Maтай 18:21–35-ыг уншиж байхдаа, уучлалтай холбоотой өөрийнхөө туршлагыг мөн энэ зарчмын талаар хүүхдүүд юу мэдэх хэрэгтэйг бодож үз.
Боломжит үйл ажиллагаа
-
Нигүүлсэх сэтгэлгүй зарцын тухай сургаалт зүйрлэлийг ярь (Maтай 18:23–35-ыг үзнэ үү). Хэн нэг хүн бидэнд найрсаг бус эсвэл шударга бус хандвал, бид эхлээд уурлаж эсвэл гуниглаж магад гэдгийг тайлбарла. Гэвч уучлал гэдэг нь бид дахин амар амгаланг мэдэрч болно гэсэн үг юм. Бид хэн хэгнийг уучлахдаа, юутай ч тэдэнд уурлахгүй байхаар шийддэг. (Хэрэв хэн нэгэн хүн эелдэг найрсаг бус эсвэл шударга бус хандаж байгаа бол тэд эцэг эхдээ эсвэл итгэдэг хүндээ хэлэх хэрэгтэй гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.)
-
Самбар дээр Би чамайг уучилж байна гэж бичээд, энэ үгс хэрхэн гунигтай үеийг аз жаргалтай болгож болохыг хүүхдүүдэд хэл. Самбар дээр гунигтай царай зурж, хүүхдүүд нэг нэгнээ уучилж байгаа зарим жишээг хуваалц. Жишээ бүрийн дараа нэг хүүхдийг гунигтай царайг аз жаргалтай болгон өөрчлөхөд урь.
-
“Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) гэх мэт уучлал, өршөөлийн тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Тэнгэрлэг Эцэг бидэнд бусдыг уучлахад тусална гэсэн гэрчлэлээ хуваалц.
Есүс надад бүх хүнийг хөршөө хэмээн харж, хайрла гэж заасан.
Сайн самари хүний тухай сургаалт зүйрлэл нь бидний хөршүүд хэн болох талаар мөн тэдэнтэй хэрхэн харьцах талаар хүүхдүүдэд харуулдаг. Хүүхдүүдэд “явж, үүний адил [үйлдэх]” (Лук 10:37) урам зориг өгч чадах арга замуудыг бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхэд бүрээс “Хэн чиний хөрш вэ?” гэж асуу. Лук 10:25–37 дээрх түүхийг товчлон яриад, Есүс энэ асуултад хэрхэн хариулсан талаар хуваалц. Бид хөршдөө хэрхэн хандах талаар Есүс юу гэж заасан бэ?
-
Хүүхдүүдийг сайн самари хүний сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглох үед та Лук 10:25–37-г унш. Хайр, эелдэг найрсаг байдлаа бусдад харуулснаар сайн самари хүний адил байж болох арга замуудыг бодоход тэдэнд тусал.
-
Хэн нэгэнд тусламж хэрэг болох хэд хэдэн жишээг бичээд, цааснуудыг өрөөний энд тэнд нуу. Хүүхдүүдээс цааснуудыг олохыг хүс. Жишээнүүдийг уншаад, тухайн нөхцөлд тэд хэрхэн тухайн хүнд эелдэг байдлаа харуулж болох талаар хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Хүүхдүүдтэй хамт “Бусдыг хайрлаж хүндлэхийг Есүс заасан юм” эсвэл “Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 39, 83) гэх мэт эелдэг байх тухай дууг дуул. Бусдад хайр, эелдэг найрсаг байдлаа харуулах цөөн арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Эдгээр зүйлийг хийж байгаа зургаа тэд мөн зурж болно.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бусдыг уучлах үед Тэнгэрлэг Эцэг намайг уучилна.
Нигүүлсэлгүй зарцын сургаалт зүйрлэл нь Тэнгэрлэг Эцэг биднээс хүн бүрийг уучлахыг хүсдэг гэдгийг хүүхдүүдэд заах дурсамжтай арга зам байж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдтэй хамт Матай 18:23–35-ыг унш. Эзэн эсвэл хаан нь Тэнгэрлэг Эцэгийг, зарц нь биднийг, харин уг зарцын анд нөхөр нь биднийг гомдоосон хүмүүсийг төлөөлдөг гэдгийг тайлбарла. “Бид бусдад хэрхэн хандах хэрэгтэй талаар энэхүү түүх юу зааж байна вэ? гэх мэтчилэн хүүхдүүдээс асуу. Та нарын хувьд хэзээ хэн нэгнийг уучлах хэцүү байсан бэ? Та нар гомдлоо хэрхэн орхисон бэ? Хэзээ та нар буруу сонголтынхоо төлөө уучлалт хүсэх хэрэгтэй болж байсан бэ?” гэж асуу.
-
-
Самбар дээр 70×7 орсон үржүүлэх бодлого бичээд, хүүхдүүдэд бодлогыг бодоход тусал. Хэн нэгнээс Maтай 18:21–22-ыг уншихыг хүсээд, Есүс бидэнд үргэлж уучлах ёстойг заахын тулд энэ тоог ашигласан гэдгийг тайлбарла.
-
Нэг хүн өөр нэг хүнийг уучлах хэрэгтэй байж болох хэд хэдэн нөхцөл байдлыг бодож олоход тань туслахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг тэдгээр нөхцөл байдалд хэрхэн уучлах байснаа жүжигчлэн үзүүлэхэд урь.
-
“Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) гэх мэт уучлал, өршөөлийн тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Уг дуу бусдыг уучлах талаар бидэнд юу зааж байгааг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Би бусдыг, ялангуяа тусламж хэрэгтэй хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчилж чадна.
Таны амьдралд хэн нэгэн нь “сайн самари хүн” байсан үеийг тунгаан бод. Та хүүхдүүдийг бусдад “сайн самари хүн” байхад хэрхэн урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхэд бүрд сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлийн хэсгийг чимээгүйхэн уншихаар оноож өг. Хүүхдүүдийг уг түүхийг болсон үйл явдлын дагуу зөв дараалалд оруулж ярихад урь.
-
Иудейчүүд самаричуудад дургүй байсан учраас тэд Иерусалимаас Галил руу аялахдаа самаричуудтай тааралдахгүйн тулд Самарийг тойрч явдаг байсан гэж хүүхдүүдэд тайлбарла. Үүнийг дүрслэхийн тулд Библийн газрын зургаас Газрын зураг 1 буюу “Ариун нутгийн бодит газрын зураг”-ийг үзүүл. Яагаад Есүс энэ сургаалт зүйрлэлд самари хүнийг нинжин сэтгэлийн жишээ болгон ашигласан бэ? Энэ түүх тусламж хэрэгтэй нэгэнд туслах талаар бидэнд юу зааж байна вэ? (Мөн Moзая 4:16–22-ыг үзнэ үү.)
-
Хүүхдүүдээс хэн нэгэн хүн тэдэнд сайн самари хүний адил хандсан туршлагаасаа хуваалцахыг хүс.
-
Хүүхдүүдийг энэ долоо хоногт сайн самари хүнтэй адил байх зорилго тавихад уриал. Та тэднээс өвчтэй, ганцаардсан эсвэл сүмд тогтмол ирдэггүй хэн нэгнийг мэддэг эсэхийг асууж болно. Хүүхдүүдээс уг хүнд хэрхэн тусалж чадахыг нь асуу. Бусдад үйлчлэх нь хэрхэн тэднийг баптисмын үеэр өгсөн амлалтуудаа сахихад тусалдаг талаар ойлгоход хүүхдүүдэд тусал (Мозая 18:8–10-ыг үзнэ үү).
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг энэ долоо хоногт илүү их уучлал үзүүлж эсвэл сайн самари хүнтэй илүү адил байхаар төлөвлөсөн зорилгоо гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.