“4-р сарын 10–16. Maтай 15–17; Maрк 7–9; Лук 7–9: ‘Tа бол Христ’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“4-р сарын 10–16. Maтай 15–17; Maрк 7–9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
4-р сарын 10–16
Матай 15–17; Марк 7–9
“Та бол Христ”
Та Матай 15–17 ба Марк 7–9-ийг тунгаан бодох үедээ ангийнхаа хүүхдүүдийн хэрэгцээг мэдэхэд туслах сүнслэг өдөөлтөд анхаарал хандуул.
Хуваалцахад урь
Бошиглогч, төлөөлөгч, орон нутгийн удирдагчид зэрэг Сүмийн удирдагчдад яагаад талархаж явдгаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Бид хамгийн сүүлд тэдний юу заахыг сонссон бэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Есүс Христ бол Бурханы Хүү гэсэн гэрчлэлтэй болж чадна.
Та Петрийн гэрчлэл, Есүсийн хариултыг ашиглан хүүхдүүдэд гэрчлэл гэж юу болохыг зааж, тэднийг өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд урамшуулж болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Maтай 16:15–17-г уншихдаа Петрийн юу хэлснийг сонсохыг хүүхдүүдээс хүс. (Мөн Шинэ Гэрээний түүхүүд дээрх “32-р бүлэг: Петр Христийг гэрчилсэн нь,” х. 76–77 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.) Петр Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж байсан гэдгийг тайлбарла. Уг шүлгийг дахин унш. (Эсвэл видеог дахин үзүүл.) Харин энэ удаа хүүхдүүдээс Есүс Бурханы Хүү байсан гэдгийг хэн Петрт хэлснийг олж сонсохыг хүс.
-
Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж, үүнийг хэрхэн хүлээн авснаа тайлбарла. Хүүхдүүдийг өөрсдийн гэрчлэлийг Тэнгэрлэг Эцэгээс эрэлхийлэхэд урь.
Есүс Христ Өөрийнх нь Сүмийг удирдах санваарын түлхүүрийг бошиглогч, төлөөлөгчдөд өгдөг.
Аврагч илчлэлтийг хадтай, харин санваарын эрх мэдлийг түлхүүртэй зүйрлэсэн. Аврагчийн Сүмийг удирддаг хүмүүст итгэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд та эдгээр зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Maтай 16:18-ыг хүүхдүүдтэй хамт уншихдаа тэдэнд хад чулууг үзүүл. “Энэ хадан дээр Би Өөрийн [сүмийг босгоно]” гэсэн өгүүлбэрийг тэдэнтэй хамт давтахдаа үгтэй нь зохицох хөдөлгөөн нэмж оруул. Сүм илчлэлтийн “хадан” дээр босгогдсон гэдгийг тайлбарла.
-
Хүүхдүүдэд хэдэн түлхүүр үзүүлээд, бид түлхүүрийг юунд ашигладаг болохыг асуу. Петр болон бусад төлөөлөгч санваарын түлхүүрүүдийг Есүсээс хүлээн авсан гэдгийг тайлбарла. Эдгээр түлхүүр нь бидний төлөө адислалын “оньсыг тайлж” мөн тэнгэрт хүрэх замыг нээдэг. Жишээлбэл, санваарын түлхүүрүүд биднийг баптисм хүртэж, ариун ёслолоос хүртэх боломж олгодог. Хүүхдүүдэд цаасан түлхүүр өгөөд, дээр нь санваарын түлхүүрүүдийн “нээдэг” адислалуудыг бичүүл.
-
Сүмийн ерөнхийлөгчийн зургийг үзүүлээд, Петрийн адил тэрээр өнөөдөр санваарын бүх түлхүүрийг атгадаг гэсэн гэрчлэлээ хуваалц.
Миний итгэл гайхамшгуудыг авчирч чадна.
Та ширхэг гичийн үр төдийхөн итгэл уулыг нүүлгэж чадна хэмээсэн Есүсийн амлалтыг уншаад, заадаг хүүхдүүдийнхээ талаар ямар сүнслэг өдөөлт хүлээж авдаг вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдтэй хамт Матай 17:19–20-ийг унш. Тэднийг самбарт ээлжлэн гарч ирээд, том уулс болон жижиг үрнүүдийг зурахад урь. Уулс нь ихэвчлэн хийхэд хэцүү зүйлс маань байдаг гэдгийг тайлбарла. Ямар зүйлс бидэнд уул мэт санагддаг вэ? Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, Бурханы биднээс хийгээсэй хэмээн хүсдэг зүйлсийг хийхэд итгэл хэрхэн тусалдаг талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Өрөөний нэг талд уулын зураг тавь. Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд хийж болох зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Ямар нэг зүйл санал болгосон хүүхэд бүрээр уулыг өрөөний нөгөө тал руу ойртуулан нүүлгүүл. Maтай 17:19–20-ийг уншаад, амьдралд тань байх итгэлийн хүчийг гэрчил.
-
“Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50) гэх мэт итгэлийн тухай дууг хамтдаа дуул. Хүүхэд бүрд гэртээ авч явах үр өг. Тэднийг үрээ тариад, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг сануулах газарт тавьж, ургахыг нь харахад урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христийн тухай гэрчлэл илчлэлтээр дамжин ирдэг.
Maтай 16:13–17 дээрх Петрийн гэрчлэл хүүхдүүдэд гэрчлэлтэй болж байгаа үед нь хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хэн нэгэн хүн “Есүс гэж хэн бэ?” гэж асуухад тэд юу гэж хариулах байсныг хүүхдүүдээс асуу. Maтай 16:13–17-г уншаад, Петр уг асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Тэр Есүсийн тухай гэрчлэлээ хэрхэн олж авсан бэ? Бид гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-
Бидний сүнслэг үнэнүүдийг мэдэж авдаг арга замыг бусад үнэнийг мэдэж авдаг арга замтай харьцуулахад хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, би аливаа хүнийг хэр өндөр гэдгийг эсвэл цаг агаар ямар байгааг яаж мэддэг вэ? Бид Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг хэрхэн мэддэг вэ? Ариун Сүнс хэрхэн танд Аврагчийн тухай гэрчилснийг хүүхдүүдэд хэл.
-
Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаад, хүүхдүүдийг өөрсдийн гэрчлэлийг олж авахад эсвэл хүчирхэгжүүлэхэд уриал.
Есүс Христийн Сүмийг санваарын түлхүүрийг атгадаг хүмүүс удирддаг.
Maтай 16:15–19-ийг судлах нь Есүс Христийн дэлхий дээр амьдарч байхдаа байгуулсан Сүм нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болж сэргээгдсэн талаарх хүүхдүүдийн итгэлийг бэхжүүлэхэд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр Maтай 16:19-ийг бичээд, “түлхүүрүүд” гэх мэт хэдэн үгийг бичилгүй хоосон үлдээ. Хүүхдүүдээс байхгүй байгаа үгсийг олохыг хүс.
-
Судруудын удирдамж дахь “Санваарын түлхүүрүүд”-ийг үзнэ үү (scriptures.ChurchofJesusChrist.org). Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? Санваарын түлхүүрүүд жинхэнэ түлхүүртэй хэр адилхан байдаг вэ?
-
Санваарын түлхүүрүүдтэй зарим хүнийг самбар дээр жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Судруудын удирдамж дахь “Санваарын түлхүүрүүд” (scriptures.ChurchofJesusChrist.org) нь тэдэнд тусалж чадах жагсаалтыг агуулдаг. Санваарын түлхүүрүүдийг атгадаг тойргийнхоо нэг хүнийг ангийнханд санваарын түлхүүрүүд яагаад чухал болох талаар товч ярихад урь.
-
Өрөөнд хэдэн түлхүүр (эсвэл түлхүүрийн зураг) нуугаад, хүүхдүүдийг олоход урь. Түлхүүр бүрийг олсны дараа, санваарын түлхүүрүүдийн ачаар хүлээн авдаг адислалуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал (жишээлбэл, мөнхийн гэр бүлүүд, баптисм, ариун ёслол).
Есүс Христ бол Бурханы Хүү.
Эдгээр шүлэг Бурхан Эцэг Хайртай Хүүгээ гэрчилж байгаа нь сонсогдсон талаар сударт цэдэглэсэн цөөн тохиолдлын нэг юм. Хүүхдүүдтэй хамт энэ түүхийг судлах нь Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлнэ.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Матай 17:1–9 дээр дүрсэлсэн үйл явдлын зургийг зурахад урь. Тэднээс зургуудаа нэг нэгэндээ тайлбарлахыг хүс. (Мөн Шинэ Гэрээний түүхүүд дээрх “33-р бүлэг: Алдар суунд үзэгдсэн нь: Хувиралт,” х. 78–79 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.)
-
Матай 17:1–9 дээрх түүх Есүс Христийн тухай юу зааж байгааг тунгаан бодох цагийг хүүхдүүдэд олго. Тэднийг бодол санаагаа самбар дээр бичихэд урь. Хүүхдүүдийг Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг хэрхэн мэддэг болохоо хуваалцахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүдээсээ хэрхэн тэд Есүс Христийн тухай гэрчлэлтэй болсон тухай асуухад урь.