“5-р сарын 1–7. Лук 12–17; Иохан 11: ‘Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 1–7. Лук 12–17; Иохан 11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
5-р сарын 1–7
Лук 12–17; Иохан 11
“Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!”
Та Лук 12–17, Иохан 11-ийг уншихдаа, Тэнгэрлэг Эцэг таныг юуг мэдэж, юу хийгээсэй хэмээн хүсэж байгааг залбиран байж эрэлхийл. Эдгээр бүлгийг судлах нь зөвхөн танд зориулсан захиаснуудад зүрх сэтгэлийг тань нээнэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Ихэнх тохиолдолд 100-аас 99-ийг онц сайн гэж үздэг ч Бурханы хайртай хүүхдүүдийн хувьд ийн тоолох нь зохимжгүй (Сургаал ба Гэрээ 18:10-ыг үзнэ үү). Иймд алдагдсан хонины сургаалт зүйрлэлд Аврагчийн зааснаар “[бид] түүнийг олтол” (Лук 15:4) ганц гэлтгүй бодгаль бүрийг сайтар, цөхрөлтгүй эрж хайх ёстой. Олсон бол “Гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох” (Лук 15:47) учраас баярлаж болно. Хэрэв энэ нь шударга бус санагдаж байвал бодит амьдрал дээр “гэмших шаардлагагүй” нэг ч хүн байхгүй гэдгийг санах нь тустай. Бид бүгдээрээ аврагдах хэрэгтэй. Мөн бүгдээрээ авралын ажилд тусалж, аварсан бодгаль бүрийн төлөө хамтдаа баясаж болно (Cургаал ба Гэрээ 18:15–16-г үзнэ үү).
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Би зүрх сэтгэлээ мөнхийн зүйлд хандуулснаар адислагдсан.
Том амбаар бариад, хөдөлмөрийнхөө үр жимсээр бялхсан, амжилттай яваа хүнийг Бурхан яагаад “Мунхаг чи” (Лук 12:16–21-ийг үзнэ үү) хэмээн хэлсэн бэ? Лукийн номон дахь эдгээр бүлэгт Аврагч бидэнд дэлхийн зүйлсийг давж харан, мөнхийн зүйлс рүү хараагаа чиглүүлэхэд туслах хэд хэдэн сургаалт зүйрлэлийг заажээ. Эдгээрээс заримыг жагсаав. Та захиас бүрийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? Их Эзэн танд юу хэлж байна гэж та бодож байна вэ?
-
Мунхаг баян хүн (Лук 12:13–21)
-
Их зоог (Лук 14:12–24)
-
Үрэлгэн хүү (Лук 15:11–32)
-
Шударга бус нярав (Лук 16:1–12)
-
Баян хүн, Лазар хоёр (Лук 16:19–31)
Мөн Maтай 6:19–34; 2 Нифай 9:30; Сургаал ба Гэрээ 25:10-ыг үзнэ үү.
Алдагдсан хүмүүсийг олдоход Тэнгэрлэг Эцэг баярладаг.
Лук 15 дээр Есүсийн заасан сургаалт зүйрлэлийг уншихдаа нүгэл үйлдсэн эсвэл өөр ямар нэг байдлаар “төөрсөн” хүмүүсийн талаар Тэнгэрлэг Эцэг юу гэж боддог талаар та юу сурч мэдсэн бэ? Сүнслэг удирдагч эсвэл бидний хэн нь ч байсан бай, тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? Фарисайчууд болон хуулийн багш нар эдгээр асуултад хэрхэн хариулах байсан бэ? (Лук 15:1–2-ыг үзнэ үү). Есүсийн хариултыг Лук 15 дээрх гурван сургаалт зүйрлэлээс олж болно. Та уншиж байхдаа, Есүс эдгээр сургаалт зүйрлэлээр хуулийн багш нар болон фарисайчуудад юу зааж байсныг бод.
Та бас сургаалт зүйрлэлүүдийн төстэй болон ялгаатай талуудыг жагсааж бичээрэй. Жишээлбэл, сургаалт зүйрлэл болгон дээр юу, яагаад алдагдсан, хэрхэн олдсон мөн олдоход нь хүмүүс хэрхэн хүлээж авсныг тодорхойлж болно. Есүс “алдагдсан” болон өөрсдийгөө алдагдсан гэж бодохгүй байгаа хүмүүст зориулан ямар захиас өгсөн бэ? Алдагдсан хүмүүсийг хайдаг хүмүүст хандсан ямар захиасыг Тэр өгсөн бэ?
Мөн Сургаал ба Гэрээ 18:10–16-г болон Jeffrey R. Holland, “The Other Prodigal,” Ensign, May 2002, 62–64-ийг үзнэ үү.
Есүс шударга бус нярвын сургаалт зүйрлэлээр юу заасан бэ?
Ахлагч Жэймс Э.Талмэйж уг сургаалт зүйрлэлээс авч болох нэгэн сургамжийг бидэнд зориулан ийн тайлбарласан. “Хичээнгүй бай. Учир нь дэлхийн баялгаа ашиглах өдрүүд удахгүй дуусна. Шударга бус явдал, хилэнцээс хүртэл сургамж ав. Хэрэв тэд өөрсдийн санаа зовж буй цорын ганц ирээдүйн төлөө хашир аргаар бэлтгэж байгаа гэвэл мөнхийн ирээдүйд итгэдэг та нар хэчнээн илүү их бэлтгэх хэрэгтэй билээ! Хэрэв та ухаалаг байдал, ‘шударга бус эд баялгийг’ ашиглахдаа хашир хянамгай байхад суралцаагүй бол илүү тэсвэртэй эд баялгийг та нарт хэрхэн хариуцуулах билээ?” (Jesus the Christ [1916], 464). Та энэ сургаалт зүйрлэлээс өөр ямар сургамж олж авсан бэ?
Адислалууддаа талархах нь намайг Бурханд илүү ойртуулах болно.
Хэрэв та уяман өвчтэй арван хүний нэг байсан бол өөрийгөө эргэж ирээд Аврагчид талархах байсан гэж бодож байна уу? Талархсан уяман өвчтэй хүн талархсанаар ямар ямар адислал хүлээж авсан бэ?
Та бас Аврагчийн “Итгэл чинь чамайг эдгээлээ” (19-р шүлэг) гэсэн үгийг тунгаан бодож болно. Таны бодлоор талархал, итгэл хоёр ямар холбоотой вэ? Эдгээр нь бидэнд эдгэрэхэд хэрхэн тусалдаг вэ? “Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: Дэлхийг анагаах, итгэн найдах, талархах бошиглолын залбирал” (https://www.churchofjesuschrist.org/givethanks/?lang=mon) видео эдгээр асуултыг тунгаан бодоход тань тусалж болох юм.
Мөн Дэйл Г.Рэнландын “Бурханы сайн сайхан мөн агуу ихийг эргэцүүл” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 48–51-ээс үзнэ үү.
Есүс Христ бол Амилалт ба Амь мөн.
Лазарыг үхлээс босгосон гайхамшиг нь Есүсийг үнэхээр Бурханы Хүү, амлагдсан Мессиа мөн гэдгийг харуулсан хүчирхэг, няцаашгүй гэрчлэл байсан. Иохан 11:1–46-д гардаг ямар үг, хэллэг эсвэл тодорхой мэдээлэл Есүс Христ бол “амилалт ба амь мөн” гэдэгт итгэх итгэлийг тань бэхжүүлдэг вэ? Та нарын хувьд “амилалт ба амь” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Лук 15:1–10.Ямар нэгэн зүйлээ алдах эсвэл өөрөө төөрөх нь ямар байдгийг гэр бүлийнхэн тань ойлгодог уу? Өөрсдийн туршлагаас хуваалцах нь алдагдсан хурга, алдагдсан зоосны сургаалт зүйрлэлийн талаар хэлэлцэж эхлэхэд хүргэж болох юм. Эсвэл нэг нь нуугдаад, бусад нь түүнийг олох тоглоом тоглож болно. Энэ үйл ажиллагаа нь эдгээр сургаалт зүйрлэлийг ойлгоход хэрхэн туслах вэ?
-
Лук 15:11–32.Бид хайртай хүнээ алдахдаа энэ түүхэд гардаг эцэгтэй хэрхэн адилхан хандаж болох вэ? Том хүүгийнх нь туршлагаас бид Христтэй илүү адилхан байхад туслах юуг сурч мэдэж болох вэ? Энэ сургаалт зүйрлэл дэх эцэг ямар байдлаар Тэнгэрлэг Эцэгтэй маань адилхан байна вэ?
-
Лук 17:11–19.Та уяман өвчтэй арван хүний түүхийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь гэр бүлийнхэндээ туслахын тулд тэднийг нэг нэгэндээ талархлаа илэрхийлсэн нууц зурвас бичиж үлдээхийг хүс. Та нар хамтдаа “Адислал бүрээ тоол” (Дуулал, д. 125) дууллыг дуулж, авсан адислалуудаа тоолж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Сэтгэлээсээ хайрладаг Хоньчин,” Дуулал, д. 117.