“8-р сарын 7–13. Ром 1–6: ‘Аврах Бурханы хүч,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“8-р сарын 7–13. Ром 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
8-р сарын 7–13
Ром 1–6
“Аврах Бурханы хүч”
Сүнслэг өдөөлтөө бичиж тэмдэглэх нь Сүнс танд юу зааж байгааг эргэн санахад тустай. Мөн эдгээр сүнслэг өдөөлтийн талаарх мэдрэмжээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Паул иудейчүүд болон харийнхнаас бүрдсэн өөр төрлийн бүлэг болох Ромын Сүмийн гишүүдэд хандан захидал бичих үед Есүс Христийн Сүм Галилын итгэгчдийн жижигхэн бүлгээс хамаагүй илүү өргөжин тэлсэн байжээ. Аврагчийн Амилалтаас хойш 20-оод жилийн дараа төлөөлөгчдийн очих боломжтой бараг бүх газарт Христэд итгэгчдийн цуглаан байдаг болсон байв. Тэдний дунд агуу хаант улсын нийслэл Ром байлаа. Гэсэн ч Ромын хаант улсын сүр хүчийн дэргэд Сүм жижигхэн бөгөөд ихэвчлэн хавчлагад өртдөг байв. Ийм нөхцөлд зарим нь “сайн мэдээнээс ичдэг байсан ч” мэдээж Паул ичдэггүй байсан. Тэр “аврах Бурханы хүч” буюу жинхэнэ хүч нь Есүс Христийн сайн мэдээнд байдгийг мэдэж мөн гэрчилдэг байв (Ром 1:16).
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Захидлууд гэж юу вэ? Тэдгээр нь хэрхэн зохион байгуулагдсан бэ?
Захидлууд нь дэлхийн өөр өөр хэсэгт буй гэгээнтнүүдэд зориулан Сүмийн удирдагчдын бичсэн захиа юм. Төлөөлөгч Паул Ромоос эхлээд Еврей хүртэлх Шинэ Гэрээн дэх ихэнх захидлыг бичсэн. Еврей номоос өөр бусад түүний захидлыг хэмжээгээр нь эрэмбэлсэн байгаа (Судруудын удирдамжаас “Паулын захидлууд”-ыг үзнэ үү). Ром бол Шинэ Гэрээн дэх хамгийн эхний захидал боловч үнэндээ Паулын номлолын төгсгөл үед бичигдсэн юм.
“Зөвт хүн итгэлээр амьдарна.”
Дараах тодорхойлолтууд ромчуудад бичсэн захидлыг илүү сайн ойлгоход танд тусалж болно. Үүнд:
-
Хууль.Паул “хууль” хэмээн бичсэн нь Мосегийн хуулийг хэлж байгаа. Паулын бичээс дэх “үйлс” хэмээх үг Мосегийн хуультай холбоотой ил харагдах зан үйлийг илэрхийлдэг. Мосегийн хууль ба үүний дагуу гүйцэтгэдэг зан үйл нь Ром 3:23–31-д дүрсэлсэн “итгэлийн хуулиас” хэрхэн өөр байгааг авч үз.
-
Хөвч хөндүүлэх, хөвч хөндүүлээгүй байх.Эрт дээр үед хөвч хөндүүлэх нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээний бэлгэдэл буюу илэрхийлэл байсан. Паул “хөвч хөндүүлсэн” гэж иудейчүүдийг (гэрээт хүмүүс), “хөвч хөндүүлээгүй” гэж харийнхныг илэрхийлсэн байдаг. Ром 2:25–29-д Бурханы гэрээт хүмүүс байх нь яг юу гэсэн үг гэж заасныг эргэцүүлэн бод. Хөвч хөндүүлэх ёслол нь Бурханы Өөрийн хүмүүстэй байгуулсан гэрээний бэлгэдэл байхаа больсныг онцол (Үйлс 15:23–29-ийг үзнэ үү).
-
Зөвтгөл, зөвтгөх, зөвтгөгдсөн.Эдгээр хэллэг нь нүглээс ангижрахыг буюу өршөөхийг хэлж байна. Бид зөвтгөгдсөн үедээ өршөөгдөж, гэм зэмгүй гэгдэж, нүглийнхээ шийтгэлээс үүрд чөлөөлөгддөг. Та эдгээр нэр томьёог олж харах юм бол зөвтгөлийг боломжтой болгодог зүйлийн талаар Паул юу гэж заасныг анхаар (Судруудын удирдамж дахь “Зөвтгөл, Зөвтгөх”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос мөн D.Todd Christofferson, “Justification and Sanctification,” Ensign, June 2001, 18–25-ыг үзнэ үү.) Ром номд гардаг “зөв,” “зөвт байдал” гэх үгсийг “шударга,” “зөвтгөл” гэсэн үгстэй адил утгатай гэж үзэж болно.
-
Ач ивээл.Ач ивээл гэдэг нь “бурханлаг тусламж буюу хүч … Есүс Христийн өгөөмөр нигүүлсэл хийгээд хайраар дамжин өгөгддөг.” Ач ивээлээр дамжуулан бүх хүн амилуулагдаж, үхэшгүй байдлыг хүлээн авах болно. Үүнээс гадна, “ач ивээл нь чадах бүхнээ хийсний эцэст мөнх амьдрал ба өргөмжлөлийг хүлээж авах боломжийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст олгодог хүч юм.” Бид өөрсдийн хичээл зүтгэлээр ач ивээлийг олж авдаггүй, харин ач ивээл бидэнд “сайн үйлийг хийх хүч хийгээд тусламжийг өгдөг бөгөөд өөрөөр [бид] тийн үйлдэх боломжгүй юм” (Судруудын удирдамж дахь “Ач ивээл”-ийг болон 2 Нифай 25:23-ыг мөн Дийтр Ф.Угдорфын “Ач ивээлийн бэлэг” хэлсэн үгийг х. 95–99-өөс; Brad Wilcox, “His Grace Is Sufficient,” Liahona, Sept. 2013, 43–45-ыг үзнэ үү. Та Ром номыг уншихдаа Аврагчийн ач ивээлийн тухай сурч мэдсэн зүйлсээ бичиж тэмдэглэнэ үү.
Миний үйлдэл хөрвөгдсөнийг минь харуулж, өсгөн нэмэгдүүлдэг байх ёстой.
Ром дахь зарим иудей, Христэд итгэгч Мосегийн хуулийн зан үйл, ёслолууд авралыг авчирдаг гэдэгт итгэсээр байсан. Бид Мосегийн хуулийн дагуу амьдардаггүй учраас энэ нь бидэнд хэрэггүй асуудал мэт санагдаж болох юм. Харин та Паулын бичээсийг, ялангуяа Ром 2:17–29-ийг уншихдаа сайн мэдээний дагуу амьдрахын тулд гаргаж буй өөрийн хичээл зүтгэлийн талаар бодоорой. Ариун ёслолоос хүртэх, ариун сүмд орох зэрэг таны ил харагдах үйлдэл хөрвөлтийг тань гүнзгийрүүлж, Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлж байна уу? (Алма 25:15–16-г үзнэ үү). Таны ил харагдах үйлдэл зүрх сэтгэлийг тань өөрчилдөг болгохын тулд хийх ёстой ямар нэгэн өөрчлөлт байна уу?
Мөн Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32–34-ийг үзнэ үү.
Есүс Христээр дамжин би нүглээсээ өршөөгдөж чадна.
Зарим хүн Паулын “Зөвт хүн алга. Ганц ч алга” (Ром 3:10) хэмээх зоримог тунхаглалаас болж сэтгэлээр унаж магад. Гэвч Ром номд итгэл найдвар агуулсан захиасууд ч бас бий. Тэдгээрийг 3, 5-р бүлгээс хайж олоод, “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23) гэдгийг санах нь яагаад Есүс Христээр дамжуулан “найдварт баярлаж” (Ром 5:2) сурах чухал алхам гэдгийг эргэцүүлэн бод.
Есүс Христ намайг “шинэ амийн дотор явахад” урьдаг.
Паул Есүс Христийн сайн мэдээ бидний амьдралын хэв маягийг өөрчлөх ёстой хэмээн заасан. Ром 6 дээрх ямар мэдэгдэл Аврагчийг дагах нь хэрхэн “шинэ амийн дотор явахад” (4-р шүлэг) танд тусалсан талаар дүрсэлсэн байна вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Ром 1:16–17.Бид “Христийн сайн мэдээнээс ичихгүй” гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?
-
Ром 3:23–28.Та эдгээр шүлгийг уншихдаа Бурханы ач ивээлийг “олох” (бидний хийж чадахгүй), ач ивээлийг хүлээн авах (бидний хийх ёстой) хоёрын ялгааг ярилцаж болно. Бид хэзээ Бурханы ач ивээлийг мэдэрч байсан бэ? Бид яаж үүнийг бүрэн дүүрэн хүлээж авч болох вэ?
-
Ром 5:3–5.Бид ямар ямар зовлонтой учирсан бэ? Тэдгээр зовлон бидэнд тэвчээр, туршлага, найдвараа хөгжүүлэхэд хэрхэн тусалсан бэ?
-
Ром 6:3–6.Паул эдгээр шүлэгт баптисмын бэлгэдлийн талаар юу гэж хэлсэн бэ? Танай гэр бүлийнхэн удахгүй болох баптисмын үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөө гаргаж болох юм. Эсвэл танай гэр бүлийнхнээс нэг нь баптисмынхаа зураг эсвэл дурсамжаас хуваалцаж болно. Баптисмын гэрээ байгуулж, сахих нь “шинэ амийн дотор явахад” бидэнд хэрхэн туслах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Намайг баптисм хүртэхэд,” Хүүхдийн дууны ном, 53.