“7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28: ‘Гэрч, үйлчлэгч,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
7-р сарын 31-ээс 8-р сарын 6
Үйлс 22–28
“Гэрч, үйлчлэгч”
Ариун Сүнсний өдөөлтүүд нь ихэвчлэн намуухан, заримдаа агшин зуурынх байдаг. Төрсөн сэтгэгдэл, өдөөлтүүдээ бичиж тэмдэглэх нь тэдгээрийг илүү гүнзгий тунгаан бодох боломжийг танд олгоно. Та Үйлс 22–28-ыг уншихдаа өөрт төрсөн санаа бодол, мэдрэмжийг бичиж аваад, тунгаан бодох цаг гарга.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үeд, Их Эзэний туслалцааг авах эрхтэй” хэмээн амласан (“Сурах, хийх, байх,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74). Гэсэн ч бид дардан зам, тасралтгүй урсан ирэх амжилтын эзэн байх эрх ямбатай гэсэн үг биш юм. Үүний нотолгоог олъё гэвэл, бид төлөөлөгч Паул руу харахад л хангалттай. Түүний хийх ёстой Аврагчийн ажил бол “харийнхан, хаад болон Израилын хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явах” (Үйлс 9:15) явдал байсан. Үйлс 22–28-р бүлгээс бид Паул энэхүү ажлыг гүйцэлдүүлж байсан бөгөөд гинжлүүлж, шоронд хоригдон, бие махбодын хүчирхийлэл, хөлөг онгоцны осол, бүр могойн дайралтад өртөх зэрэг асар их сөргөлдөөнтэй тулгарч байсныг хардаг. Гэвч бид Есүс “Паулын дэргэд зогсон, —Зоригтой байгтун” (Үйлс 23:11) хэмээснийг түүнчлэн хардаг. “[Их Эзэний] сайн мэдээг баяслын дуугаар тунхаглах“ Түүний дуудлага “зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай байгтун, учир нь би та нарын дунд байна” (Сургаал ба Гэрээ 29:4–5; мөн Матай 28:19–20-ийг үзнэ үү) хэмээх амлалттай ирдэг бөгөөд Паулын туршлагууд урамтайгаар сануулдаг.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Есүс Христийн шавь нар гэрчлэлээ зоригтой хуваалцдаг.
Паул Үйлс 22, 26-р бүлгүүдэд цэдэглэгдсэн хүчирхэг гэрчлэлүүдээ хүргэхдээ Ромын цэргүүдэд баригдан, хоригдсон байсан. Түүний ярьсан хүмүүс түүнд үхлийн ял оноох хүчтэй байсан. Гэвч тэрээр Есүс Христийн тухай болон өөрийн хүлээж авсан “тэнгэрлэг үзэгдлийг” (Үйлс 26:19) зоригтой гэрчлэхийг сонгосон. Түүний үгсийн юу нь танд сүнслэгээр нөлөөлдөг вэ? Гэрчлэлээ хуваалцах ямар ямар боломж танд байгааг эргэцүүлэн бод. Жишээлбэл, найзууд тань Есүс Христийн талаарх бодлыг тань мэдэх үү? Эсвэл та сайн мэдээний талаарх гэрчлэлээ хэрхэн олж авсан тухайгаа гэр бүлийнхэнтэйгээ хамгийн сүүлд хэзээ хуваалцсан бэ?
Залуу Иосеф Смит Анхны үзэгдлийнхээ тухай ярьсны төлөө доог тохуу болохдоо, Паулын үзэгдлээ гэрчилсэнтэй адил арга замаар өдөөгдсөн байсан (Иосеф Смит—Түүх 1:24–25-ыг үзнэ үү). Та Иосеф Смитийн Паулаас сурсан зүйлийг хэрхэн дүгнэх вэ? Бид Есүс Христийн энэ хоёр гэрчээс юу сурч мэдсэн бэ?
Мөн Нийл Л.Андэрсэны “Бид Христийн тухай ярьдаг” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 96–100-аас үзнэ үү.
Үйлс 23:10–11; 27:13–25, 40–44
Их Эзэн Өөрт нь үйлчлэхийг хичээдэг хүмүүстэй хамт зогсдог.
Паулын үйлчлэл нь амьдралын маань хүнд хэцүү бэрхшээлүүд биднийг эсвэл бидний хийж байгаа ажлыг Бурхан буруушааж байгаагийн тэмдэг биш гэдгийг тодорхой харуулдаг. Үнэн хэрэгтээ, бид заримдаа Түүний дэмжлэгийг хэцүү бэрхшээлтэй үедээ хамгийн их мэдэрдэг. Хамгийн сүүлд Паулын тохинууллын талаар уншсан зүйлсээ эргэцүүлэн дүгнэж, түүний тэвчсэн зарим зүйлийг жагсаан бичих нь сонирхолтой байж болох юм (жишээлбэл, Үйлс 14:19–20; 16:19–27; 21:31–34; 23:10–11; 27:13–25, 40–44-ийг үзнэ үү). Их Эзэн түүний дэргэд хэрхэн зогссон бэ? Их Эзэн таны дэргэд хэрхэн зогссон бэ?
Үйлс 24:24–27; 26:1–3, 24–29; 27
Бурханы үйлчлэгчдийн үгэнд анхаарлаа хандуулахад аюулгүй байдал, амар амгалан мэдрэгддэг.
Паул тохинууллынхаа туршид Есүс Христийн тухай мөн Түүний сайн мэдээний талаар хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан. Олон хүн түүний гэрчлэлийг хүлээн авсан ч зарим хүн хүлээж аваагүй. Та Үйлс 24:24–27, Үйлс 26:1–3, 24–29-ийг уншихдаа, Иуда дахь Ромын дараах захирагчид Паулын заасан зүйлсэд хэрхэн хандсаныг үзүүлсэн үг, хэллэгүүдийг хайж ол.
-
Фелик
-
Фест
-
Агрийп хаан
Паул Цезариар соригдохоор Ром руу аялж байхдаа усан онгоцонд болон зорчигчдод “их хохиролтой” (Үйлс 27:10) хэмээн бошигложээ. Паулын сэрэмжлүүлгийг түүнтэй хамт явж байсан хүмүүс хэрхэн хүлээн авсан тухай 27-р бүлгээс олж уншина уу. Та тэдний туршлагаас өөрт хэрэгтэй ямар нэгэн сургамж олж авсан уу?
Та Сүмийн удирдагчдын сургаалыг сонсоод, энэ хүмүүсийн хэн нэгнийхтэй адил үйлдэл гаргаж байсан уу? Иймэрхүү хариу үйлдэл ямар үр дагавартай байж болох вэ? Та эдгээр түүхээс үйлчлэгчдээрээ дамжуулан өгдөг Их Эзэний зөвлөгөөг анхааран сонсох талаар юуг сурч мэдэж болох вэ?
2 Нифай 33:1–2-ыг болон Д.Тодд Кристоффэрсоны “Сэрэмжлүүлгийн дуу хоолой” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 97–101-ээс мөн “Follow the Living Prophet,” Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 147–155-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Үйлс 24:16.Паул хөрвөгдөхөөсөө өмнө Бурханы өмнө гэм үйлдсэн урт түүхтэй байсан. Гэвч тэр наманчлах хүсэлтэй байсан учраас “Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ” хэмээн хэлэх боломжтой болсон юм (мөн Сургаал ба Гэрээ 135:4–5-ыг үзнэ үү). Бид Бурхан мөн хүмүүсийн өмнө үйлдсэн гэм буруугийн зовнилоосоо хэрхэн ангижрах вэ?
-
Үйлс 26:16–18.Эдгээр шүлэгт Их Эзэн Паулаар юу хийлгэхээр дуудсан бэ? Иймэрхүү зүйл хийх ямар ямар боломж бидэнд байгаа вэ?
-
Үйлс 28:1–9.Танай гэр бүлээс хэн нэг нь могойд дуртай юу? Та тэр хүнээс эсвэл гэр бүлийн өөр нэг гишүүнээс Үйлс 28:1–9-д гардаг түүхүүдийг ярьж өгөхийг хүсэж болно. Танай хүүхдүүдийн хувьд эдгээр түүхийн талаар зураг зурах эсвэл жүжигчлэн үзүүлэх нь таалагдаж болох юм. Бид эдгээр түүхээс ямар сургамж авч болох вэ? Нэг нь Их Эзэн үйлчлэгчдэдээ өгсөн амлалтуудаа биелүүлдэг гэсэн сургамж байж болно. Жишээлбэл, та Марк 16:18-д өгөгдсөн амлалтуудыг Паулын туршлагуудад хэрхэн биеллээ олсонтой харьцуулж болно. Мөн та сүүлийн үеийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс Их Эзэний үйлчлэгчдийн амласан, гэр бүлийн тань хувьд утга учир бүхий амлалтуудын нэгийг олж, гэртээ байрлуулж болно. Бид энэхүү амлалт биелэх болно гэдэгт итгэх итгэлээ хэрхэн харуулж чадах вэ?
-
Үйлс 28:22–24.Паулын үеийн Сүмийн адил (22-р шүлэгт бүлэглэл гэж нэрлэсэн) өнөөгийн Сүмийг ихэвчлэн “эсэргүүцэн ярьдаг.” Хүмүүс Аврагчийг болон Түүний Сүмийг эсэргүүцэн ярихад Паул хэрхэн хариу өгсөн бэ? Бид Паулын туршлагаас юу сурч мэдэж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Гэтэлгэгч амьд,” Дуулал, 73.