“8-р сарын 14–20. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“8-р сарын 14–20. Ром 7–16,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
8-р сарын 14–20
Ром 7–16
“Бузар мууг сайнаар дийлэгтүн”
Ром 7–16 дахь сайн мэдээний зарчмуудаас зөвхөн цөөн хэд нь энэхүү тоймд багтсан учраас энд гарсан зүйлсээр өөрийгөө бүү хязгаарла. Сурч байхдаа хүлээж авсан сүнслэг өдөөлтүүддээ анхаарлаа хандуул.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Паул ромчуудад хандан бичсэн захидлаа эхлэхдээ “Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан” хүмүүс хэмээн Сүмийн гишүүдтэй мэндчилсэн. Тэрээр тэдний “итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж [байсан]” (Ром 1:7–8) хэмээн онцолжээ. Хэдийгээр Паул захидлынхаа ихэнхийг хуурамч үзэл, алдаа дутагдалтай зан байдлуудыг засахад зарцуулсан ч эдгээр шинэ Христийн шашинтан хөрвөгчийг үнэхээр Бурханы хайртай ариун хүмүүс хэмээн илэрхийлэхийг хүссэн мэт санагддаг. Түүний эелдэг зөвлөгөө нь Бурханы хайрыг мэдрэхийн төлөө хичээдэг болон гэгээнтэн болох нь бүтэшгүй мэт санагдаж буй бид бүхнийг адисалдаг. Паул бусдын зовлонг ойлгох чанараа даруухнаар илтгэн, зарим үед өөрийгөө “хөөрхийлөлтэй хүн” (Рoм 7:24) мэт бодож байсан ч Есүс Христийн сайн мэдээ түүнд нүглийг даван гарах хүчийг өгсөн гэдгийг илэрхийлсэн байдаг (Иосеф Смитийн Орчуулгын Ром 7:22–27-г үзнэ үү [Судруудын удирдамжид]). Бид Аврагчийн гэтэлгэгч хүч болох энэ хүчээр дамжуулан “дэлхийд болон өөрсдийн дотор буй мууг сайнаар дийлж” (Ром 12:21) чадна.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Сүнсийг дагадаг хүмүүс “Христийн хамтран залгамжлагчид” болж чадна.
Та баптисмын ёслолоор “шинэ амийн дотор” орсныхоо дараа ч (Ром 6:4) Паулын Ром 7-д дүрсэлсэн эгэл хүн болон таны зөвт хүслүүд хоорондын “дайн” буюу дотоод сөргөлдөөнийг мэдэрч байсан байх (Ром 7:23). Харин Паул Ром 8:23–25-д найдварын тухай мөн ярьсан. Та 8-р бүлгээс энэхүү найдварын ямар ямар шалтгааныг олсон бэ? Түүнчлэн “та нарын дотор орших Бурханы Сүнстэй” (Ром 8:9) хамт байхаас ирдэг адислалуудыг эрж олж болно. Та амьдралдаа Ариун Сүнстэй нөхөрлөхийг хэрхэн илүү бүрэн дүүрэн эрэлхийлж чадах вэ?
Мөнхийн алдар суугийн бэлэг нь дэлхий дээр тохиолдож буй сорилтуудаас маань хамаагүй илүү юм.
Паулыг энэхүү захидлыг бичсэнээс хэдхэн жилийн дараа Ром дахь гэгээнтнүүд аймшигт хавчлага мөрдлөгөөс болж зовж шаналсан. Хавчлага мөрдлөгийн үед гэгээнтнүүдэд тусалсан байж болох юуг та Ром 8:16–39-өөс олсон бэ? Эдгээр үг тантай болон одоо танд тохиолдож байгаа зовлон бэрхшээлтэй хэрхэн холбогдож болох вэ?
Эдгээр шүлэг болон Линда С.Рийвс эгчийн хэлсэн дараах үгийн хоорондын уялдаа холбоог ол. “Яагаад бид ийм их сорилттой тулгардаг учир шалтгааныг би мэдэхгүй ч авах шагнал нь агуу, мөнхийн хийгээд үүрдийн, төсөөлөхийн аргагүй гайхалтай учраас бид нигүүлсэнгүй хайрт Эцэгтээ энэ бүхний төлөө ийм өчүүхэн зүйлс шаардагдсан гэж үү хэмээн дуу алдах байх гэж би хувьдаа боддог. Хэрэв бид өдөр бүр Тэнгэрлэг Эцэгийн маань мөн Аврагчийн биднийг хайрлах хайр хэчнээн гүн болохыг санаж, хүлээн зөвшөөрөх юм бол Тэдний дэргэд буцаж очихын тулд ямар ч зүйлийг хийхэд бэлэн байх юм. … Хэрэв энэ амьдралдаа туулах зовлон зүдгүүр маань эцсийн эцэст Тэдэнтэй хамт Бурханы хаант улсад мөнх амьдрал, алдар суугаас хүртэх эрхийг олгох тэр зүйл нь юм бол энд бидний юуг үзэж туулсан нь тийм чухал байна гэж үү?” (“Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139). Таныг хайрлах Бурханы хайрыг “өдөр бүр санаж, хүлээн зөвшөөрөхийн” тулд юу хийхээ шийд.
Паул “урьдаас тогтоосон,” “сонгогдсон,” “урьдаас мэдсэн” хэмээх үг хэллэгээр юуг илэрхийлсэн бэ?
Паул “урьдаас тогтоосон,” “сонгогдсон,” “урьдаас мэдсэн” хэмээх үг хэллэгийг ашиглан, Бурхан өмнөх амьдралд зарим хүүхдээ Израилын нэг хэсэг буюу Түүний гэрээт хүмүүс байхаар сонгосон гэж заасан. Энэ нь тэд дэлхийн бүх хүнийг адислахын тулд онцгой адислал, үүрэг хүлээнэ гэсэн үг юм (Судруудын удирдамж дахь “Сонгогдсон” гэдгийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү). Гэсэн хэдий ч Паул Ром 9–11 дээр Бурханы бүх хүүхэд Түүний гэрээт хүмүүс болж чадах бөгөөд бид бүгд Есүс Христэд итгэх, Түүний зарлигуудад дуулгавартай байх замаар мөнх амьдралыг хүлээн авдаг хэмээн онцолжээ.
Мөн Ефес 1:3–4; 1 Петр 1:2; Алма 13:1–5-ыг үзнэ үү.
Паул намайг жинхэнэ гэгээнтэн, Есүс Христийн дагалдагч болоход урьдаг.
Ромын сүүлийн таван бүлэг гэгээнтнүүдийн амьдралын талаар хэдэн арван тодорхой зааварчилгааг агуулдаг. Эдгээр зааврыг судлах нэг арга бол давтагдсан сэдвүүдийг хайх явдал юм. Та Паулын зөвлөгөөг хэрхэн тоймлон хэлэх вэ?
Та энэхүү зөвлөгөөг бүгдийг нь нэг дор хэрэгжүүлэх боломжгүй байж болох ч Сүнс танд өнөөдөр хэрэгжүүлж эхэлж болох нэг юм уу хоёр зарчмыг олоход тусалж чадна. Залбиралдаа Тэнгэрлэг Эцэгтэй хүслээ хуваалцаж, Түүний тусламжийг хүс.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Ром 8:31–39.Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр бидний тухай ямар бодолтой байдгийг зааж буй Ром 8:31–39-өөс бид юу мэдэж авдаг вэ? Та хэзээ Бурханы хайрыг мэдэрсэн бэ?
38–39-р шүлгийг тайлбарлахын тулд гэр бүлийн гишүүд биднийг Бурханы хайраас салгах боломжгүйтэй адил хооронд нь салгах аргагүй эд зүйлсийн жишээнүүдийг олж болно.
-
Ром 9:31–32.Ахлагч Вилфорд В.Андэрсэны “Сайн мэдээний хөгжим” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 40–42-ыг мөн ChurchofJesusChrist.org дээрх видеог үзнэ үү) гэх захиас Паулыг хууль, үйлс, итгэлийн талаар юу заасныг дүрслэхэд тусалж чадна. Түүний үгийг ярилцсаны дараа танай гэр бүл хөгжимтэй болон хөгжимгүйгээр бүжиглэх гэж оролдож үзэж болох юм. Итгэл бидэнд сайн мэдээний баяр баясгаланг мэдрэхэд хэрхэн тусалж болох вэ?
-
Ром 10:17.Бурханы үгийн эх сурвалжийг устай хэдэн аяган дээр тэмдэглэ (судар, хувийн илчлэлт, ерөнхий чуулган гэх мэт). Бурханы үг бидний итгэлийг хэрхэн өсгөн нэмэгдүүлдэг талаар ярилцаж байхдаа “Итгэл” гэж тэмдэглэсэн саванд аяга бүрд байгаа усыг хий.
-
Ром 12.Өөрсдийгөө “Бурханд тааламжтай, амьд, ариун тахил” (1-р шүлэг) болгох гэдэг ямар утгатай вэ?
-
Ром 14:13–21.Бусдын хувьдаа эрхэмлэдэг зүйлсийг шүүх, марган мэтгэлцэх тухайд өгсөн Паулын зөвлөгөөг судлах нь танай гэр бүлд тустай байж болно. Та бусдын сонголт, тэр дундаа гэр бүлийнхний тань сонголт таныхаас өөр байх тохиолдолд хэрхэн хариулж болох арга замуудын талаар ярилцаж болох юм. Бид “амар тайвныг тогтоодог зүйлсийг хэрхэн мөшгөцгөөх вэ?” (19-р шүлэг).
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг,” Хүүхдийн дууны ном, 42–43.