Хуучин Гэрээ 2022
7-р сарын 4–10. 2 Хаад 2–7: “Израилд эш үзүүлэгч байдаг”


“7-р сарын 4–10. 2 Хаад 2–7: ‘Израилд эш үзүүлэгч байдаг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“7-р сарын 4–10. 2 Хаад 2–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Елиша зарцад галан морь, тэрэг үзүүлж байгаа нь

Елиша өөрийн зарцад галан морь, тэрэг үзүүлж байгааг дүрсэлсэн зураг, © Review & Herald Publishing/licensed from goodsalt.com

7-р сарын 4–10

2 Хаад 2–7

“Израилд эш үзүүлэгч байдаг”

Уншиж байхад тань Ариун Сүнс тодорхой хэллэг юм уу судрын хэсэгт анхаарлыг тань хандуулж магад. Тэдгээр судрын хэсэг таны хувьд яагаад чухал болох талаар бич.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бошиглогчийн гол үүрэг бол Аврагч Есүс Христийн талаар зааж, гэрчлэх явдал юм. Бошиглогч Елишагийн тухай бидэнд байгаа цэдгүүдэд түүний сургаал, гэрчлэлийн талаар дорвитой мэдээлэл байдаггүй. Харин цэдгүүд нэгэн хүүг амилуулсан (2 Хаад 4:18–37-г үзнэ үү), бага хоолоор олон хүнийг хооллосон (2 Хаад 4:42–44-ийг үзнэ үү), уяман өвчтэй хүнийг эдгээсэн (2 Хаад 5:1–14-ийг үзнэ үү) зэрэг түүний үзүүлсэн гайхамшгуудыг агуулсан байдаг. Тиймээс хэдийгээр бидэнд Елишагийн Христийг гэрчилсэн үгс байхгүй ч түүний тохинууллаас Их Эзэний амийг өгөгч, тэжээн тэтгэгч, эдгээн илааршуулагч хүчийн илрэлийг тод томруун харж болно. Эдгээр илрэл нь бодож байгаагаас маань илүү элбэгээр бидний амьдралд тохиодог. Бид тэдгээрийг харахын тулд айсан зарцынхаа төлөө “Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч” (2 Хаад 6:17) хэмээн Елишагийн залбиран гуйж байсантай адил гайхамшгийг эрэлхийлэх ёстой.

2 Хаад номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Bible Dictionary дэх “Kings, books of”-ээс үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

2 Хаад 2–6

Бурхан миний амьдралд гайхамшгуудыг бүтээж чадна.

Гайхамшгууд ихэвчлэн мөнх бус амьдралын хүнд хэцүү бэрхшээлийг даван гарахад бидэнд тусалдаг. Елишагийн хувьд үржил шимгүй газар нутгийг цэвэр устай болгох, сүхнийхээ унасан толгойг олох хэрэгтэй байсан (2 Хаад 2:19–22; 6:4–7-г үзнэ үү). Үүний зэрэгцээ гайхамшгууд бидний зүрх сэтгэлийг Их Эзэнд хандуулж, сүнслэг сургамжийг бидэнд заадаг. 2 Хаад 2–6-г унших явцдаа олж мэдсэн гайхамшгуудаа жагсааж бичээд, тэдгээрээс олж авсан сүнслэг сургамж бүрээ тунгаан бодоорой. Эдгээр гайхамшиг нь Их Эзэний талаар мөн таны амьдралд Түүний хийж чадах зүйлсийн талаар юу зааж байна вэ?

Мөн 2 Нифай 26:12–13; 27:23; Мормон 9:7–21; Моронай 7:35–37-г мөн Доналд Л.Холлстромын “Гайхамшгуудын өдөр байхаа больсон гэж үү?” хэлсэн үгийг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 84–86-аас үзнэ үү.

2 Хаад 4:8–17; 7:1–16

Бошиглогчдоороо дамжуулан сонордуулсан Их Эзэний үгс гүйцэлдэх болно.

2 Хаад 4:8–17; 7:1–16-д цэдэглэснээр, Их Эзэн Елишаг ирээдүйд болох, бусад хүний бодлоор болж бүтэхгүй мэт зүйлсийн талаар бошиглоход сүнслэгээр өдөөжээ. Та эдгээр шүлгийг уншиж байхдаа өнөө үед бошиглогчдоороо дамжуулан өгсөн Их Эзэний үгэнд хэрхэн ханддагаа бодно уу. Та ямар сургаал, бошиглол, амлалтыг амьд бошиглогчдоос сонссон бэ? Та тэдгээр амлалтын дагуу үйлдэхийн тулд юу хийж байна вэ?

Мөн 3 Нифай 29:6; Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг үзнэ үү.

2 Хаад 5

Хэрэв би даруу бөгөөд дуулгавартай байвал Есүс Христ намайг эдгээж чадна.

Заримдаа бодит зүйлийг сүнслэг зүйлсийн тухай өгүүлсэн түүхтэй харьцуулбал өөрт хэрэгтэй зүйлээ судраас илүү амархан олдог. Жишээлбэл, 2 Хаад 5-ыг уншиж байхдаа Нааманы уяман өвчнийг өөрт тулгарч буй сүнслэг саад бэршээлтэй харьцуулж болно. Та Нааманы адил Их Эзэн танд туслахын тулд “илүү бэрх зүйлийг” (13-р шүлэг) хийнэ гэж найдаж байсан байх. Нааманд тохиолдсон үйл явдал танд юу заасан бэ? “Угаа, цэвэрш” гэсэн энгийн зөвлөгөөг дагахтай адил ямар зүйл таны амьдралд байж болох вэ?

Нааманд тохиолдсон үйл явдал Израилын Бурханд итгэх түүний итгэлд нөлөөлсөн болохыг анхаарна уу (15-р шүлэг). Ямар үйл явдал Бурханд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлж байсан бэ?

Мөн Лук 4:27; 1 Петр 5:5–7; Алма 37:3–7; Ефер 12:27-г болон Л.Витни Клэйтоны “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 85–87-оос, түүнчлэн “Naaman and Elisha” (видео бичлэг)-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

2:3

2 Хаад 6:8–23

“Бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм.”

Та Елишагийн бага залуу зарцын адил хүчин мөхөсдөж, айдаст автаж, “Бид яах билээ?” (2 Хаад 6:8–23-ыг үзнэ үү) хэмээн өмнө нь асууж байсан уу? Елишагийн өгсөн хариултын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Энэ түүх нь таны зовлон бэрхшээл, үүрэг хариуцлага болон сайн мэдээний дагуу амьдрахын тулд гаргаж буй хүчин чармайлтын талаарх бодол санаа, мэдрэмжийг тань хэрхэн өөрчилсөн бэ?

Энэ талаар тунгаан бодох зуураа ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн нэгэн үгийг эргэцүүлэн бодно уу. Тэрээр “Елишагийн тэр зарцын адил та нартай хамт байгчид нь та нарыг эсэргүүцэгчдээс илүү олон бий. Тантай хамт байх зарим хүн таны мөнх бус нүдэнд харагдахгүй. Их Эзэн таныг дэмжин туслах бөгөөд заримдаа бусдыг тантай хамт байхад уриалан дуудах болно” хэмээн хэлсэн (“O Ye That Embark,” Liahona, Nov. 2008, 58).

Мөн Дуулал 121; Сургаал ба Гэрээ 84:88-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

2 Хаад 2:1–14.Елиша Елиагийн нөмрөгийг (бошиглолын дуудлагын бэлгэ тэмдэг) “авахыг” харсан хүмүүсийн талаар бодно уу. Энэ нь Елишагийн тохинуулалд хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн бэ? (Мөн 1 Хаад 19:19-ийг үзнэ үү.) Гэр бүлийн гишүүд ээлжлэн “нөмрөг” өмсөөд, Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийг хэрхэн дэмжин тусалж, хүчирхэгжүүлж байсан талаар гэрчилж болно.

2 Хаад 4.Та гэр бүлийн гишүүдийг 2 Хаад 4 дээрх гайхамшгуудын нэгийг уншиж (1–7, 14–17, 32–35, 38–41, 42–44-р шүлгийг үзнэ үү), аль гайхамшгийн талаар уншиж байгааг таахад нь бусад гишүүнд туслах сэжүүр бичихэд урьж болно. Бид энэ бүлгээс Их Эзэний тухай болон Түүний гайхамшгуудын тухай юу сурч мэдсэн бэ? Том, жижиг гэхчилэн ямар гайхамшгуудыг бид өөрсдийн амьдралд харж байсан бэ?

2 Хаад 5:1–15.Та эдгээр шүлгийг уншиж, Нааманы хий хэмээн хүссэн энгийн зүйлсийн талаар тунгаан бодож байхдаа бошиглогчийн маань биднээр хийлгэхийг хүссэн энгийн зүйлсийн талаар мөн эргэцүүлэн бод. Манай гэр бүл түүний зөвлөгөөг хэрхэн илүү сайн дагаж болох вэ?

Танайх гэр бүлээрээ “Naaman and Elisha” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж эсвэл “Гурван гайхамшиг” (Хуучин Гэрээний түүхүүд дэх)-ийг уншиж болно.

2:3

2 Хаад 5:20–27.Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагын “Үнэнч шударга байдал” (19-р хуудас) гэсэн хэсгийг унших нь Гехазид хэрхэн тус болох байсан бэ? Шударга бус байдал хэрхэн бидэнд хор уршиг тарьдаг вэ? Бид зөв шударга байсныхаа төлөө хэрхэн адислагддаг вэ?

2 Хаад 6:13–17.Эдгээр шүлэгт өгүүлсэн Елиша, түүний зарц хоёрт тохиолдсон үйл явдлын зургийг зурах нь гэр бүлийн гишүүдэд таалагдаж болох юм. Эдгээр шүлэг ганцаардаж, цөхрөх үед бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу: “Dearest Children, God Is Near You,” Hymns, д. 96.

Заах чадвараа сайжруулах

Aсуулт тавихыг дэмж. Хүүхдүүдийн асуулт тэдний суралцахад бэлэн байгааг харуулдаг. Хэрэв та тавьсан асуултынх нь хариуг мэдэхгүй бол тэдэнтэй хамт хайж олоорой. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)

Голд биеэ угааж буй Нааман

Нааман уяман өвчнөөсөө эдгэрч байгаа зураг, Пол Манн