Ирээд, Намайг дага
1-р сарын 13–19. 1 Нифай 8–10: “Ирээд, жимснээс хүрт”


“1-р сарын 13–19. 1 Нифай 8–10: ‘Ирээд, жимснээс хүрт,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 13–19. 1 Нифай 8–10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Лихайн амьдралын модны талаарх үзэгдэл

Лихайн зүүд, Стивен Ллойд Нийл

1-р сарын 13–19

1 Нифай 8–10

“Ирээд, жимснээс хүрт”

Лихайн үзэгдэл дотор өөрийгөө байгааг харахаас гадна, өөрийн заадаг хүүхдүүдийг тэнд байгаагаар харахыг хичээ. Энэ үзэгдэл тэдэнд хэрхэн хамаатай вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээлээс өмнө цөөн хүүхэдтэй холбоо барьж, Бурханы хайрыг мэдрэхэд өөрсдөд нь тусалсан туршлага эсвэл судрын талаар бодохыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

1 Нифай 8:2, 5–34

Бурханы үг намайг Бурхан руу хөтөлдөг бөгөөд Түүний хайрыг мэдрэхэд надад тусалдаг.

Бид Лихайн үзэгдлээр Бурханы хайраас хүртэхээр уригддаг ба үүнийг мод болон жимсээр бэлгэдсэн байдаг. Энэ урилгыг хүлээн авахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Нифай 8:10–34 дээрх Лихайн үзэгдлийн түүхийг ярьж өгөхөд тань туслахад хүүхдүүдийг урь. Уг түүхийг төсөөлөхөд тэдэнд туслахын тулд та Лихайн үзэгдлийн тухай зургийг (Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү) эсвэл “6-р бүлэг: Лихайн зүүд” (Мормоны Номын түүхүүд, 18–20 эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс холбогдох видео бичлэг) дэх зургуудыг үзүүлж болно. Төмөр бариул нь судруудаас бидний уншиж мөн амьд бошиглогчдоос сонсдог Бурханы үгийг төлөөлдөг гэдгийг хүүхдүүд мэддэг эсэхийг бататга. Мөн уг мод нь Бурханы бидний төлөөх хайрыг төлөөлж байгааг ойлгоход нь тэдэнд тусал.

  • Лихайн үзэгдэл дэх төмөр бариулыг төлөөлүүлэхээр ямар нэгэн олс авчир. Та хүүхдүүдийг өрөөний эргэн тойрноос модны зураг руу удирдахдаа тэднийг олсноос тавилгүй барьсаар байхыг хүс. Төмөр бариулыг төлөөлж байгаа олс биднийг мод руу удирдсаны адил, Бурханы үг биднийг Түүнд ойртуулдаг гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Модоор Бурханы хайрыг төлөөлүүлдэг гэдгийг харуулахын тулд Бурханы бидний төлөөх хайрыг харуулдаг, бидэнд өгсөн зүйлсийн буюу Аврагчийн, бидний гэр бүлийн болон үзэсгэлэнт дэлхийн зургуудыг үзүүлж болно.

  • Зүрхний зургийг дээр нь тогтоосон хэдэн жимс авчир. Хүүхдүүдэд жимснээс хувааж өгөөд, тэднээс ямар жимсэнд илүү дуртай болохыг асуу. Лихайн үзэгдэлд гардаг жимс нь түүний амсаж үзсэн хамгийн амттай жимс байсан бөгөөд энэ нь түүний бодгалийг баяр хөөрөөр дүүргэсэн гэдгийг тайлбарла. Амттай жимс биднийг баярлуулдаг шиг бид Есүсийг дагаж мөн Тэнгэрлэг Эцэгтэй дахин амьдрах үедээ баяр хөөртэй байх болно.

  • 1 Нифай 8:12-ыг уншиж, Лихай жимснээс идсэнийхээ дараа юу хийхийг хүссэнийг анхааралтай сонсоход хүүхдүүдийг урь. Хүүхдүүдийг ээлжлэн Лихайн дүрд тоглож, бусдыг ирж, жимснээс хүртэхэд уриул. Бид бусдыг ирж, бидэнтэй хамт сайн мэдээний адислалуудыг хүртэхэд урихын тулд юу хийж чадах вэ?

1 Нифай 10:17, 19

Бурхан, Ариун Сүнсний хүчээр надад үнэнийг мэдүүлэх болно.

Нифай эцгийнхээ үзэгдлийн талаар сонссоныхоо дараа, өөрөө үнэнийг олж мэдэхийг хүссэн. Бид бүгдээрээ бас ийм хүсэлтэй байх хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Нифай 10:19-ийг уншиж, хүүхдүүдийг “Ариун Сүнс” мөн “задлагдах” зэрэг үгсийг сонсох үедээ гараа өргөхөд урь. Хүүхдүүдэд Ариун Сүнс бидэнд асуултуудынхаа хариултыг мэдэхэд тусалдаг гэдгийг зааж буй энэхүү судрыг ойлгоход нь тусал. Хүүхдүүдэд үнэн “задлагдах” гэдэг нь юу гэсэн үг болохыг төсөөлөн бодоход туслахын тулд Аврагчийн зургийг дотор нь хийж эвхсэн хөнжил авчраад, дэлгэхийг хүүхдүүдээс хүс.

  • Үнэнийг эрэлхийлэх талаар өгүүлдэг Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг дууг хүүхдүүдтэй хамт дуул. Ариун Сүнс бидэнд хэрхэн заадгийг санахад хүүхдүүдэд туслах, дуун дээр гарч буй үгсийг харуулах зургуудыг үзүүл.

  • Ариун Сүнс ямар нэгэн зүйлийг үнэн гэдгийг мэдэхэд тань тусалж байсан тохиолдлоосоо хуваалцах талаар бодож үз. Ариун Сүнс тантай хэрхэн ярьсныг хүүхдүүдэд ярьж өг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Нифай 8:2, 5–34

Бурханы үг намайг Бурхан руу хөтөлдөг ба Түүний хайрыг мэдрэхэд надад тусалдаг.

Ангийн тань хүүхдүүд Лихайн үзэгдлийн талаар сурах үед, тэднийг Бурханы үгийг судлахад мөн Бурханы хайрыг бусадтай хуваалцахад урамшуул.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг 1 Нифай 8 дээр заагдсан шүлгүүдийг унших үедээ эдгээр шүлэгт гарч байгаа нарийн тодорхой зүйлийг Лихайн үзэгдлийн зургаас олоход урь (Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тоймд буй зураг гэх мэт). Эсвэл тэднийг уншиж байгаа зүйлсийнхээ талаар самбар дээр зураг зурахад урь. Тэгээд уг зүүдэн дэх бэлгэдлүүд юуг бэлгэдэж байгааг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал (1 Нифай 11:21–22; 12:16–18; 15:23–33, 36-г үзнэ үү).

  • Боломжтой бол төмөр эсвэл бусад металл эдлэлийг ангидаа авчирч, үүний зарим шинж чанарыг болон юунд ашиглаж болохыг нь тайлбарлахад хүүхдүүдийг урь. Яагаад Бурханы үг төмөр бариултай адил байдаг вэ? Бид Бурханы үгийг хаанаас олдог вэ? Яагаад Лихайн үзэгдэл дэх төмөр бариул ийм чухал байдаг вэ?

    Лихай амьдралын модны жимснээс идэж байгаа нь

    Лихай амьдралын модны жимснээс идэж байгаа нь. Амьдралын мод, Маркус Алан Винсент

  • Бурханы үг юу хийх ёстойгоо мэдэхэд эсвэл Тэнгэрлэг Эцэгт ойрхон байгаагаа мэдрэхэд тусалсан туршлагаасаа жижиг цаасан дээр бичихэд хүүхдүүдийг урь. Бичсэн зүйлээ хуваалцах үедээ тэднийг цаасаа ороон, төмөр бариул шиг хэлбэртэй болгоход урь. Та хүүхдүүдийн “бариулыг” скочоор наан, Лихайн зүүдэн дэх төмөр бариулыг төлөөлүүлж болно.

  • Зарим хүүхдийг 1 Нифай 8:10–12-ыг уншаад, Лихайн юу харсныг дүрслэхэд урь. Бусад хүүхдийг 1 Нифай 11:20–23-ыг уншаад, Нифайн юу харсныг дүрслэхэд урь. Яагаад Тэнгэр элч Нифайд Бурханы хайрын талаар заахын тулд нялх Есүсийг үзүүлсэн бэ? Энэ асуултад хариулахад туслахын тулд Иохан 3:16-г хамтдаа уншиж эсвэл “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Аврагчийн тухай дууг хамт дуул. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн хайрыг амьдралдаа хэрхэн мэдэрдэг талаараа хүүхдүүдэд ярьж өг.

  • Самбар дээр Бид Лихайн жишээнээс юу сурч байна вэ? гэж бич. Хүүхдүүдийг Лихайн үзэгдлийн талаар бодож, аль болох олон хариулт бичихэд урь. Тэднээс хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Сайн мэдээний баяр хөөрийг хуваалцаж болох хэн нэгний талаар бодохыг хүүхдүүдээс хүс.

1 Нифай 10:17–19; 11:1

Бурхан, Ариун Сүнсний хүчээр надад үнэнийг мэдүүлнэ.

Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгээс итгэлтэйгээр асуух аваас үнэн “Ариун Сүнсний хүчээр [бидэнд] задлагдах” (1 Нифай 10:19) болно. Та заадаг хүүхдүүддээ энэ үнэнийг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Асуултдаа хариултууд олж болох арга замуудын талаар ярихад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдийг 1 Нифай 10:17–19 ба 11:1-ийг уншихад урамшуул. Хэн нэгэн хүн Нифайгаас сайн мэдээний талаарх асуултдаа хариултууд хэрхэн олох талаар асуух юм бол тэр юу гэж хэлэх байсан бол? Бурхан бидэнд Ариун Сүнсээр дамжуулан хэрхэн заадаг вэ? (С ба Г 8:2-ыг үзнэ үү).

  • Ариун Сүнс өөрсдөд нь ямар нэгэн зүйлийг үнэн гэдгийг олж мэдэхэд тусалсан үеийн талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Тэдний нэг найз Ариун Сүнсээр дамжуулан хариултуудыг хүлээж авч чадахгүй гэж боддог хэмээн төсөөлөхийг тэднээс хүс. Уг найздаа туслахын тулд тэд 1 Нифай 10:17–19 ба 11:1-ээс юуг хуваалцаж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Амьдралын модны талаарх Лихайн үзэгдлийн талаар сурсан зүйлсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхдүүдийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд янз бүрийн арга замаар суралцдаг. Хүүхдүүд олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах дуртай. Тэдэнд хөдөлж, бүх мэдрэхүйгээ ашиглаж, шинэ зүйлсийг оролдож үзэхэд туслах үйл ажиллагаануудыг ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)