Сургаал ба Гэрээнүүд 2021
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх


“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Дуулж буй хүүхдүүд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх

Хүүхдийн хэсгийн удирдагчид бүх хүүхдэд, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч гэсэн Есүс Христийн сайн мэдээг заах үүрэгтэй. Хүүхдийн хэсэгт хүүхэд бүрийг халуун дотноор угтан авч, хайрлан, халамжилж мөн оролцуулж байх хэрэгтэй. Ийм уур амьсгалд хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Есүс Христийн хайрыг ойлгож, Ариун Сүнсний нөлөөг илүүтэй мэдэрч, ялган танихад илүү хялбар байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангахад дараах санаа танд тусалж болно.

  • Хүүхдийн онцлог хэрэгцээний талаар мэдэж ав. Энэ талаар ойлгож мэдэх хамгийн оновчтой арга зам бол тэдний эцэг эхтэй эсвэл асран хүмүүжүүлэгчтэй ярилцах явдал юм. Тухайн хүүхэд ямар арга замаар хамгийн сайн суралцаж мөн ямар арга барил түүнд хамгийн их тусалж байгааг олж мэд. Мөн та туршлагатай, бодол санаагаа хуваалцах Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нартай зөвлөлдөж болно.

  • Хүүхэд бүрд зориулан аюулгүй, хайрыг мэдрэх эерэг уур амьсгалыг бүрдүүл. Ангийнхаа хүүхдүүдийн нэрийг цээжлэн, тэднийг хүлээн зөвшөөрч, хайрлаж мөн оролцуулж байгаагаа мэдрүүл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ихэвчлэн өөнтөглөн шүүмжилж байдаг тул боломж гарвал тэдний гаргасан сайн зан авирыг магтаж сайшаа. Бусдыг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг байхад нь хүүхдүүдэд тусал.

  • Бүгд оролцох боломжтой байдлаар зохицуулалт хий. Бүх хүүхдэд, ялангуяа биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж олгохын тулд үйл ажиллагаанд бага зэргийн өөрчлөлт хийж болно. Жишээлбэл, аль нэгэн үйл ажиллагаанд зураг үзүүлэхийг санал болгосон байвал та харааны асуудалтай хүүхдүүдийг оролцуулахын тулд зураг үзүүлэхийн оронд холбогдох дууг дуулж өгч болно.

  • Ангид тогтсон хуваарь, дэг журам тогтоо. Үүнийг хийх нэг арга зам бол хичээлийн явцын товч тоймыг харуулсан хичээлийн хуваарь бүхий зурагт хуудас хийх явдал юм. Таны хуваарьт залбирах, заах, үйл ажиллагаа хийх цаг орж болно. Энэ нь тодорхой бус байдлаас болж зарим хүүхдэд төрж болох түгшүүртэй мэдрэмжийг багасгахад тусална.

  • Үзүүлэн ашигла. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдэд асуултад хариулахаас өмнө гараа өргөх зэрэг биеэ зохих ёсоор авч явах үйлдлийг дүрслэн харуулсан зураг гэх мэт үзүүлэн тустай байж болно.

  • Асуудалтай зан авир яагаад гарч байгааг ойлго. Хөгжлийн бэрхшээлийн талаар мөн тухайн хүүхдийг зохисгүй аашлахад нөлөөлдөг нөхцөл байдлын тухай суралц. Асуудалтай зан авир гарах үед юу болж байгаад анхаарлаа хандуул. Хүүхдэд илүү сайн дэмжлэг үзүүлэхийн тулд нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөн зохицуулж болохыг залбирч байгаад бодож үзнэ үү.

  • Хүүхэд бүрд өсөж хөгжихөд нь тусал. Иосеф Смит “Дэлхийд Бурханы илгээсэн аливаа оюун ухаан болон сүнснүүд өргөжин тэлэх чадвартай” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 238). Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж эсвэл хувь нэмэр оруулж чадахгүй гэж бодож болохгүй. Хүүхдүүдэд сүнслэг чадавхдаа хүрэхэд нь хэрхэн тусалж болохыг мэдэхийн тулд Их Эзэнээс тусламж гуй.