Сургаал ба Гэрээнүүд 2021
Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх


“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Бага насны хүүхдүүд сууцгааж байгаа нь

Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх

Сайн мэдээг ойлгомжтой арга замаар заавал хүүхдүүд үүнийг сурахад бэлэн мөн сурах хүсэлтэй байдаг. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол тэдэнд туслах үүднээс дараах төрлийн үйл ажиллагааг ашиглах талаар бодож үзнэ үү.

  • Дуулах. Хүүхдийн дууны ном дээрх дуу болоод дууллууд нь сургаалыг хүчирхэг байдлаар заадаг. Зааж буй сайн мэдээний зарчимтай тань холбоотой дуунуудыг Хүүхдийн дууны номын ард байх нэрсийн индексийг ашиглан ол. Дуунуудын зааж буй захиасыг амьдралтайгаа холбож ойлгоход хүүхдүүдэд тусал. Жишээ нь, та дууны шүлэгт орсон үг, хэллэгийн талаар асууж болох юм. Дуулахын зэрэгцээ хүүхдүүдээр дуундаа тохирсон хөдөлгөөн хийлгүүлж эсвэл үйл ажиллагааны хуудсан дээр ажиллаж байх үед цаана нь дуу тавьж болно.

  • Түүх сонс эсвэл жүжигчлэн үзүүл. Бага насны хүүхдүүд түүхийг сонсож, ярихын аль алинд дуртай. Судрын болон өөрийн амьдралын мөн Сүмийн түүх, Сүмийн сэтгүүлүүдийн түүхийг хуваалцаж, хүүхдүүдэд өөрсдийн амьдралын түүхээс ярих боломж олго. Түүхээ ярихдаа тэднийг оролцуулах арга замыг эрэлхийл. Тэд зураг эсвэл үзүүлэн барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийг жүжигчлэн үзүүлэх юм уу түүх ярихад тань тусалж болно. Хуваалцах түүхүүдээсээ сайн мэдээний үнэнүүдийг олж харахад нь хүүхдүүдэд тусал.

  • Судар унш. Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж болно. Та ганцхан шүлэг, түлхүүр үг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм. Та судрыг чанга уншиж байхдаа анхаарлыг нь татахыг хүссэн тодорхой үг эсвэл хэллэгийг сонсоод босоход эсвэл гараа өргөхөд хүүхдүүдийг урьж болно. Тэд хэд хэдэн удаа давтах юм бол судрын богино үг хэллэгүүдийг цээжилж чадна. Тэд Бурханы үгийг сонсохдоо Сүнсийг мэдэрнэ.

  • Идэвхтэй бай. Бага насны хүүхдүүд ихэвчлэн хөдөлгөөнтэй байдаг учраас тэднийг хөдлөх, үсрэх, харайх, тонгойх, алхах зэргээр таны зааж буй зарчим эсвэл түүхтэй холбоотой үйлдлүүдийг хийж хөдөлгөөнтэй байлгахаар төлөвлө. Эдгээр үйлдлийг хамт дуулж байхдаа хийвэл мөн үр дүнтэй байж болно.

  • Зураг эсвэл видео бичлэг үзүүл. Та хүүхдүүдэд сайн мэдээний зарчим мөн судрын түүхтэй холбоотой зураг юм уу видео бичлэг үзүүлэхдээ, харж байгаа зүйлээсээ суралцахад туслах асуултуудыг тэдэнд тавь. Жишээлбэл, “Энэ зураг эсвэл видео бичлэгт юу гарч байна вэ?” эсвэл “Энэ нь та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асууж болно. Gospel Library аппликэйшн, medialibrary.lds.org, children.ChurchofJesusChrist.org вэбсайтууд видео бичлэг олж үзэхэд тохиромжтой эх сурвалж юм.

  • Туршлагаа болон гэрчлэлээ хуваалц. Бага насны хүүхдүүдэд том хүүхдүүдтэй адил хуваалцах зүйл тийм их байхгүй байж болох ч та тэднийг тодорхой чиглүүлж өгөх юм бол тэд суралцаж буй зүйлийнхээ талаарх туршлага, гэрчлэлээ хуваалцаж чадна.

  • Хийж бүтээ. Суралцаж байгаа зарчим, түүхүүдтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг барьж, зурж, будаж болно. Тэднийг хийж бүтээсэн зүйлээ гэртээ аваачиж, ойлгож мэдсэн зүйлээ санахын тулд гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцахад урамшуул.

  • Хичээлд үзүүлэн материал ашигла. Энгийн үзүүлэн материал бүхий хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусална. Хичээлд үзүүлэн материал ашиглах бол хүүхдүүдийг оролцуулах арга зам бодож ол. Тэд зүгээр үзэж харахаас илүүтэй харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.

  • Жүжигчлэн үзүүл. Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлын талаар жүжигчлэн үзүүлэхдээ сайн мэдээний зарчмууд амьдралд нь хэрхэн хамаатайг илүү сайн ойлгодог.

  • Үйл ажиллагаануудыг давт. Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Нэг хичээлийн туршид ч гэсэн түүх эсвэл үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Жишээлбэл, та нэг хичээлийн туршид судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, видео бичлэг үзүүлэх, түүхийг ярихдаа хүүхдүүдээр туслуулах, жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно. Ангид хийсэн үйл ажиллагааг гэртээ давтаж хийх нь хүүхдүүдэд суралцаж, тогтооход тусална.

  • Бусадтай харилц. Хүүхдүүд нийгэмшиж сурч байгаа бөгөөд ихэвчлэн үеийнхэнтэйгээ хамт суралцаж, тоглох дуртай байдаг. Тэдэнд суралцаж байхдаа хуваалцах, ээлжлэх, хамтран ажиллах боломж олго.

  • Олон төрлийн үйл ажиллагаанд оролцуул. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сулардаг ба тэдний суралцах хэв маяг ч өөр өөр байдаг. Олон төрлийн үйл ажиллагааг ашиглан, хүүхдүүдэд явцын өөрчлөлт хэрэгтэй эсэхэд анхаарал хандуул. Жишээлбэл, та чимээгүй байх эсвэл идэвхтэй оролцох үйл ажиллагааг ойр ойрхон, ээлжлэн хийх хэрэгтэй байж болно.

Бага насны хүүхдүүдийн багшийн хувьд та сайн мэдээний зарчмуудыг заахаас гадна Сүмийн ангид зохих ёсоор оролцож сурахад хүүхдүүдэд туслах үүрэгтэй. Жишээлбэл, тэд ээлжлэх, хуваалцах, бусдыг хүндлэх гэх мэт зүйлийг сурах хэрэгтэй байж болно. Зарим багш хүүхэд бүрийг тодорхой арга замаар ангид оролцуулах үүрэг даалгаврын хүснэгт хийдэг (залбирал хэлэх, зураг барих, цаас тараах гэх мэт). Даалгавруудыг долоо хоног бүр өөрчилж болно. Энэ нь хүүхдүүдэд ээлжлэхэд мөн ангийн зөв зохистой төлөв байдалд анхаарлыг нь төвлөрүүлэхэд тусалдаг.

Хүүхдүүдэд, ялангуяа бага насныханд тогтож, хэвшсэн хуваарь тустай байдаг. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сулардаг бөгөөд заримдаа хичээлийн туршид анхаарлаа төвлөрүүлэх нь амаргүй байдаг учраас хэвшсэн хэв загвараа өөрчлөн, нэг үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа руу тогтмол шилжиж байх нь хамгийн тохиромжтой. Жишээлбэл, ангийнхаа хэвшсэн хуваарьт үе үе тоглоом тоглох, зураг будах, дуу дуулах гэх мэт завсарлага оруулж болно.

Багш, хүүхдүүд ангид байгаа нь