“Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав, гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав, гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь
Хүүхдийн хэсэгт заахаар бэлтгэх
Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах явцын төвд байх ёстой. Энэ нь таны хувьд төдийгүй таны заадаг хүүхдүүдийн хувьд үнэн юм. Та заахаар бэлтгэхдээ судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Таны хийх хамгийн чухал бэлтгэл бол судруудыг судлан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхээс эхэлнэ.
Мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага таны хувийн сургалтын болон заах бэлтгэлийн чухал хэсэг юм. Энэ нь судар дахь сургаалын зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгоход тань тусална.
Бэлдэж байхад тань заадаг хүүхдүүдийн тань талаар бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Та судрууд дахь зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах талаарх ойлголтыг хүлээн авна. Та тэднийг өөрсдөө мөн гэр бүлийнхэнтэйгээ судраас суралцахдаа эдгээр зарчмыг олж мэдэхэд сүнслэгээр өдөөхөд чиглүүлэгдэх болно. Гэр бүлийн нөхцөл байдлаасаа болж гэр бүлээрээ судраас тогтмол судлах, гэр бүлийн үдшийг тогтмол хийх боломжгүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэмжтэй байхаа сана.
Заах санаа
Та хичээлдээ бэлдэхдээ энэ эх сурвалж дахь хичээлийн тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авах боломжтой. Эдгээр санааг та хийх алхмуудыг заасан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн өдөөлт авах санаанууд гэж бодох хэрэгтэй. Та тэр хүүхдүүдийг мэддэг ба тэдэнтэй ангид харилцсанаар улам сайн таньж мэдэх болно. Их Эзэн ч гэсэн тэднийг мэддэг бөгөөд тэдэнд зааж, тэднийг адислах хамгийн сайн арга замыг танд өгөх болно.
Бэлтгэлээ хангахад тань зориулсан Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон Сүмийн сэтгүүлүүд дээрх санаанууд гэх мэт ашиглаж болох өөр олон эх сурвалж бий. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээллийг энэ эх сурвалжийн “Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.
Анхаарах зарим зүйл
-
Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах гол үүрэгтэй. Багшийн хувьд та гэр орондоо сайн мэдээнээс суралцахыг дэмжин, урамшуулж, сурч мэдсэн зүйл дээр нь суурилан заах чухал үүрэг хариуцлагатай. Эцэг эх нь гэр орондоо сайн мэдээг заадаггүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэмжтэй ханд. Гэр орны нөхцөл байдал нь ямар байхаас үл хамааран бүх хүүхдийг сайн мэдээний яриа хэлэлцүүлэгт оролцуул.
-
Хүүхдүүд мэддэг зүйлсээ хуваалцсанаар суралцаж болно. Заримдаа хүүхдүүд судраас суралцсан ямар нэг зүйлээ бие биедээ заах нь хамгийн үр дүнтэй заах мөч болдог. Хуваалцах маш олон боломж бололцоог хүүхдүүдэд гаргаж өг.
-
Сургаал ба Гэрээн дэх сургаалуудын түүхэн нөхцөл байдлыг мэдэх нь хүүхдүүдэд сургаалыг ойлгоход илүү дөхөм болгож өгдөг. Та түүхэн нөхцөл байдлын талаар Ирээд, Намайг дага—хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас болон Сургаал ба Гэрээний түүхүүдээс олж болно.
-
Давтах нь сайн зүйл юм. Сайн мэдээний үнэнийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан, дахин дахин давтаж заах юм бол хүүхдүүд тэдгээр үнэнийг илүү үр дүнтэй мэдэж авна. Хэрэв та ямар нэгэн суралцах үйл ажиллагаа хүүхдүүдэд үр дүнтэй байгааг олж харвал, ялангуяа бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол дахин давтахыг бодоорой. Та түүнчлэн өмнөх хичээлийн үйл ажиллагааг давтаж болно.
-
Тэнгэрлэг Эцэг таныг багшийн хувьд амжилттай байгаасай хэмээн хүсдэг. Тэрээр танд туслах багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжийг өгсөн. Та эдгээр хурал дээр өөрт тулгарсан асуудлуудын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Мөн та Христтэй адил заах зарчмуудын тухай ярилцаж, дадлага хийж болно.
-
Хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг мөн танд нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ эх сурвалж дээрх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх” хэсгийг үзнэ үү.
-
Энэ эх сурвалжид жилийн долоо хоног тутмын төлөвлөгөөг оруулсан болно. Ерөнхий чуулган, гадасны чуулган эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг явуулаагүй бол гэр бүлүүд тогтсон хуваарийн дагуу Сургаал ба Гэрээг гэртээ үргэлжлүүлэн унших ёстой. Ороогүй хичээлийн талаар санаа зовох хэрэггүй. Долоо хоногийн хуваарьт тусгагдсаны дагуу хичээлийг заа.