“Хавсралт Б: Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“Хавсралт Б,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023
Хавсралт Б
Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх
Таван ням гарагтай саруудад Хүүхдийн хэсгийн багш нарыг тав дахь ням гаргийн хуваарь дээрх Ирээд, Намайг дага тоймын хуваарийг эдгээрийн нэг эсвэл түүнээс дээш суралцах үйл ажиллагаагаар солихыг урамшуулж байна.
Есүс Христийн сайн мэдээний зарчим ба ёслол
Христийн сургаал бидэнд Бурхан руу хэрхэн эргэн очихыг заадаг.
Есүс Христ Америк дахь хүмүүст үзэгдэхдээ, тэдэнд Өөрийн сургаалыг заасан. Тэрээр хэрэв бид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн аван, эцсээ хүртэл тэвчвэл Бурханы хаант улсад орж чадна хэмээн хэлсэн (3 Нифай 11:31–40; Сургаал ба Гэрээ 20:29-ийг үзнэ үү). Доорх үйл ажиллагаа нь эдгээр зарчим, ёслол нь биднийг амьдралынхаа туршид Аврагчтай илүү ойртоход тусална гэдгийг хүүхдүүдэд заахад танд тусална.
Христийн сургаалын талаар илүү ихийг сурахыг хүсвэл 2 Нифай 31-ийг үзнэ үү.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгааг дүрсэлсэн зургуудыг өг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 1, 111, 103, 105). Хүүхдүүдэд эсвэл тэдэнтэй хамт итгэлийн дөрөв дэх тунхгийг уншаад, тухайн зарчим, ёслолыг дурдах үед зургаа өргөхийг тэднээс хүс. Эдгээр зарчим, ёслол бүр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болоход бидэнд хэрхэн тусалдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
-
Итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа зэрэг нь нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин амьдралын маань туршид бидний сүнслэг өсөлтөд нөлөөлдөг гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Жишээлбэл: Та тэдэнд үр, том модны зургийг үзүүлж болно (эсвэл тэдгээрийг самбарт зур). Ус, хөрс, нарны гэрэл гэх мэт үрийг том мод болон ургахад нь туслах зүйлсийн талаар бодоход тэдэнд тусал. Эдгээр нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, өдөр бүр наманчлах, баптисмын гэрээнийхээ дагуу амьдрах мөн Ариун Сүнсийг сонсох зэрэг амьдралынхаа турш Бурхантай ойр байхын тулд хийдэг зүйлстэй адил гэдгийг олж харахад нь тэдэнд тусал.
-
Ахлагч Дэйл Г.Рэнландын “Би наманчилснаар хэрхэн аз жаргалыг мэдрэх боломжтой вэ?” захиас (2017 оны 12-р сарын Friend сэтгүүлийн 12–13-р хуудас эсвэл 2017 оны 12-р сарын Лиахонасэтгүүл; мөн “Наманчлал: “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт” видеог үзнэ үү [ChurchofJesusChrist.org]) дээрх галт оч цацруулагчийн тухай түүхийг хүүхдүүдтэй хуваалц. Энэхүү түүхийг хуваалцахдаа, дундуур нь ахлагч Рэнландад ямар бодол төрж байсан талаар бодоход хүүхдүүдийг урь. Бид наманчлахдаа яагаад аз жаргалыг мэдэрдэг вэ? Тэнгэрлэг Эцэгээс уучлахыг хүсэхдээ мэдэрч байсан аз жаргал, хайрынхаа талаар хүүхдүүдтэй хуваалц.
4:36
Баптисм
Есүс Христ баптисм хүртсэнээр надад үлгэр жишээ үзүүлсэн.
Есүс нүгэлгүй байсан ч баптисм хүртсэнээр Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байж төгс үлгэр жишээг харуулсан (2 Нифай 31: 6–10-ыг үзнэ үү).
Баптисмын талаар илүү ихийг сурахын тулд Сургаал ба Гэрээ 20:37; Судруудын удирдамж дахь “Баптисм” гэснийг topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
Боломжит үйл ажиллагаа
-
Аврагчийн болон өөр нэг хүний баптисмын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 35, 103 эсвэл 104-ийг үзнэ үү). Энэ хоёр зураг юугаараа адилхан, юугаараа өөр байгааг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хамтдаа Maтай 3:13–17-г эсвэл Шинэ Гэрээний түүхүүд дэх “10-р бүлэг: Есүс баптисм хүртсэн нь”-ийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү. Уншсан эсвэл үзсэн видеон дээр дурдсан зүйлсийг зурган дээрээ заахыг хүүхдүүдээс хүс. Аврагчийг хайрлаж, Түүнийг дагах хүсэлтэй байгаа талаараа хүүхдүүдэд хэл.
1:52 -
“Есүс баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 141) гэх мэт баптисмын тухай дууг сонс эсвэл дуул. Бид энэ дуунаас баптисмын талаар юу сурсан бэ? 2 Нифай 31: 9–10-ыг уншаад, Есүс Христ яагаад баптисм хүртсэнийг сонсоход хүүхдүүдийг урь. Өөрсдийн баптисмын өдрийг зурахад тэднийг урь.
Би Бурхантай гэрээ байгуулж, баптисм хүртэх сонголтыг хийж чадна.
Баптисм хүртэхэд бэлтгэх нь ямар нэгэн үйл явдалд бэлтгэхээс илүү чухал зүйл юм. Энэ нь гэрээ байгуулан, уг гэрээгээ амьдралынхаа туршид сахина гэсэн утгатай. Баптисм хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгтэй байгуулдаг гэрээгээ, тухайлбал Түүний тэдэнд өгдөг амлалт мөн тэдний Түүнд өгдөг амлалтыг хэрхэн хүүхдүүдэд ойлгоход тусалж болохоо тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Гэрээ нь Тэнгэрлэг Эцэг болон хувь хүн хоёрын хоорондох амлалт юм. Биднийг Бурханд өгсөн амлалтаа сахихыг хичээх үед Бурхан биднийг адислахаа амласан. Самбарт Бурханд өгдөг миний амлалт, Бурханы надад өгдөг амлалт гэж бич. Хамтдаа Мозая 18:10, 13, Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, зохих гарчгийн доор олсон амлалтуудаа жагсаан бичихэд нь хүүхдүүдэд тусал. Баптисмын гэрээгээ сахихыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн адисалж байсан талаар хуваалц.
-
Есүс Христ дэлхий дээр байхдаа хийж үйлдсэн зүйлсийн зургийг хүүхдүүдэд үзүүл (жишээлбэл: Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 33–49-ийг үзнэ үү). Зураг бүр дээр Есүс юу хийж байгааг хүүхдүүдээр яриул. Мозая 18:8–10, 13-ыг уншаад, баптисм хүртэх үедээ амласан зүйлийнхээ талаар олж сонсоход хүүхдүүдийг урь. Эдгээр амлалт бидний өдөр тутмын үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ? Хүүхдүүдийг Есүсийнхтэй адил арга замаар хэн нэгэнд тусалж байгаагаар өөрсдийгөө зурахад урь. Эсвэл та Аврагчийн нэрийг бичсэн энгийн нэрийн тэмдгийг хүүхдүүдэд хийж өгч болно.
Гишүүний баталгаа
Би гишүүнээр батлуулснаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болдог.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох нь Бурханы ажилд идэвхтэй оролцох боломж зэрэг олон адислалыг хүүхдүүдэд авчирдаг.
Гишүүний баталгаа болон Ариун Сүнсний бэлгийн талаар илүү ихийг сурах бол Гари И.Стивэнсоны “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 108–112; Судруудын удирдамж дахь “Ариун Сүнс” гэдгийг topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
Боломжит үйл ажиллагаа
-
Саяхан баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүнийг гишүүнээр батлуулахад ямар байснаа ангид ирж хуваалцахад урь. Уг зочны хувьд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох нь ямар утга учиртай байсан бэ? Сүмийн гишүүдийн хувьд баптисмын гэрээгээ сахих арга замуудын талаар бодоход нь хүүхдүүдэд тусал (жишээлбэл: Бусдад үйлчлэх, Есүсийн тухай илүү ихийг сурч мэдэхэд бусдыг урих, цуглаан дээр залбирах гэх мэт). Эдгээрийг хийх нь танд Христийн Сүмийн гишүүн байхын баяр баясгаланг мэдрэхэд хэрхэн тусалсан талаар хуваалц.
-
Мормоны усны дэргэд буй хүмүүсийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 76-г үзнэ үү), хүүхдүүдээс зураг дээрээс харсан зүйлээ дүрслэхийг хүс. Алма болон түүний хүмүүс тэнд баптисм хүртсэн тухай түүхийг ярьж өг (Moзая 18:1–17, “15-р бүлэг: Алма сургаал айлдаж, баптисм хүртээсэн нь” Мормоны Номын түүхүүд эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү). Мозая 18:8–9-ийг уншаад, Христийн Сүмийн гишүүдийн хувьд хүмүүсийн үйлдэхэд бэлэн байсан зүйлсийг тогтоож санахад туслах үйлдлүүдийг хийхэд хүүхдүүдийг урь. Сүмийн гишүүдийн тэдгээр арга замаар үйлчилж байгааг харж байсан туршлагаасаа хуваалц.
2:5
Би гишүүнээр батлуулахдаа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад Тэнгэрлэг Эцэг бидэнд “[Өөрийн] Сүнсийг [бидэнтэй] үргэлж хамт байлга[на]” (Сургаал ба Гэрээ 20:77) хэмээн амладаг. Бурханы энэхүү гайхамшигт бэлгийг Ариун Сүнсний бэлэг гэж нэрлэдэг.
Боломжит үйл ажиллагаа
-
Сургаал ба Гэрээ 33:15-ыг уншаад, баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үед Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг онцгой бэлгийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Ариун Сүнсний бэлэг тэдэнд хэрхэн туслах талаар ойлгоход тэдэнд туслахын тулд хамтдаа Иохан 14:26; Галат 5:22–23; 2 Нифай 32:5; 3 Нифай 27:20-ийг унш. Та мөн “Ариун Сүнс бол …” (Лиахона, 2019 оны 6-р сар) гэсэн нийтлэлийг уншиж болно.
-
Хичээлийг заахаас өмнө нэг буюу хэд хэдэн хүүхдийн эцэг эхээс Ариун Сүнсний бэлэг байгаагийн ачаар хэрхэн адислагдсанаа хуваалцахыг хүс. Тэр тэдэнд хэрхэн тусалдаг вэ? Тэд Түүний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?
-
“Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалдаг талаар энэ дуу бидэнд юу зааж байгааг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Ариун Сүнс надтай олон арга замаар ярьдаг.
Сүнсний дуу хоолойг таньдаг хүүхдүүд амьдралынхаа туршид тэднийг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийг хүлээн авахад бэлэн байх болно. Ариун Сүнс бидэнтэй олон арга замаар ярьдгийг тэдэнд заа.
Боломжит үйл ажиллагаа
-
Хол байгаа найзтайгаа захидал бичих, э-мэйл илгээх, утсаар ярих гэх мэтээр харилцах янз бүрийн арга замыг бодоход хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьж чадна гэдгийг тэдэнд заа.
-
Ариун Сүнс тантай оюун ухаанд тань орж ирсэн бодол эсвэл зүрх сэтгэлд мэдрэгдэх мэдрэмжээр дамжуулан харилцаж байсан туршлагаас хуваалц (Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3-ыг үзнэ үү). Ариун Сүнс үүнтэй адил арга замаар тэдэнд тусалж чадна гэдгийг хүүхдүүдэд гэрчил.
-
Сүнсийг мэдэрч байсан байж болох үеэ бодоход нь хүүхдүүдэд тусал. Жишээ нь: Аврагчийн тухай дуу дуулах эсвэл бусдад зориулан сайн үйл хийх үед. Ариун Сүнсний мэдрүүлдэг сүнслэг мэдрэмжийг ялган танихад нь тэдэнд тусал. Яагаад Ариун Сүнс бидэнд ийм мэдрэмж өгдөг гэж та бодож байна вэ? Ариун Сүнсний бидэнтэй ярихыг сонсохын тулд хийх ёстой зүйлсийн талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. Та Сүнсийг илүү тод сонсохын тулд юу хийдгээ ярь.
Ариун ёслол
Би ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийн золиослолыг санаж, гэрээнүүдээ шинэчилдэг.
Аврагч бидэнд Өөрийнх нь бидний төлөө гаргасан золиослолыг санаж, гэрээгээ шинэчлэхэд маань туслахын тулд ариун ёслолыг өгсөн. Долоо хоног тутмын энэхүү ёслолын ачаар бид амьдралынхаа туршид баптисмынхаа адислалуудыг үргэлжлүүлэн хүртэх боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Матай 26:26–30; 3 Нифай 18:1–12; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү.
Боломжит үйл ажиллагаа
-
3 Нифай 18:1–12-ын хэсгээс эсвэл “45-р бүлэг: Алма сургаал айлдаж, баптисм хүртээсэн нь”-ийг Мормоны Номын түүхүүдээс уншаад эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү. Ариун ёслолын үеэр Есүс Христийг санахын тулд бид юу хийж чадах вэ?
1:47 -
Хүүхдүүдээс үргэлж хийхээ санаж байх ёстой зарим зүйлийг хэлэхийг хүс. Жишээлбэл: Гутлаа үдэх эсвэл хоол идэхээсээ өмнө гараа угаах гэх мэт. Эдгээрийг санах нь яагаад чухал вэ? Хүүхдүүдэд Моронай 4:3-ыг уншиж өгөөд, ариун ёслолоос хүртэхдээ юуг үргэлж санахаа амласнаа олж сонсоход тэднийг урь. Яагаад Есүс Христийг санах нь чухал вэ? Ариун ёслолын талх, ус хэрхэн Есүсийн бидний төлөө хийсэн зүйлийг санахад тусалдаг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал (Моронай 4:3; 5:2-ыг үзнэ үү).
-
Самбарт “Би амладаг” гэж бич. Ариун ёслолын залбирлыг хүүхдүүдэд уншиж өг (Сургаал ба Гэрээ 20:77, 79). Бидний Бурханд өгдөг амлалтыг сонссоных нь дараа түр зогсоод, сонссон амлалтаа самбарт бичихэд нь тэдэнд тусал. Ариун ёслолоос хүртэхдээ баптисмын үеэр өгсөн тэр амлалтаа өгдөг гэдгийг тэдэнд ойлгуул.
-
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүүхдүүдэд энэ асуултад хариулахад туслахын тулд нэрээ дээр нь бичдэг ямар нэгэн зүйлийг жишээ болгон хуваалц. Яагаад бид нэрээ эдгээр зүйлийн дээр бичдэг вэ? Есүс Христ яагаад Өөрийн нэрийг бидэнд өгөхийг хүсдэг вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах тайлбарыг хуваалцаж болох юм. “Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь бусдад үйл хөдлөл, үг хэлээрээ Есүс бол Христ гэдгийг тунхаглаж, гэрчлэхийг хэлдэг” (“Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).
Санваарын хүч, эрх мэдэл ба түлхүүрүүд
Бурхан хүүхдүүдээ санваарын хүчээр дамжуулан адисалдаг.
Эмэгтэй, эрэгтэй, залуу, хөгшин гээд Бурханы бүх хүүхэд Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахиснаар Бурханы хүчийг хүлээн авдаг. Бид баптисм зэрэг санваарын ёслолуудыг хүлээн авахдаа эдгээр гэрээг байгуулдаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.5-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” хэлсэн үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 82–86-аас мөн Ерөнхий гарын авлагын 3-р бүлгийн “Санваарын зарчмууд”-ыг үзнэ үү.
Боломжит үйл ажиллагаа
-
Санваарын ачаар хүлээн авдаг адислалуудаа олж харахад нь хүүхдүүдэд тусал. Тэдгээр адислалыг самбарт жагсаан бичиж болно. Яагаад эдгээр адислал бидэнд чухал вэ? Есүс Христ болон Түүний санваарын хүчээр эдгээр адислал бидэнд ирдэг гэдгийг гэрчил.
3:5 -
Самбарт Бурханы хүч, Бурханы хүч ба эрх мэдэл дэлхий дээр хүнд өгөгдсөн гэх гарчгуудыг бич. Бурхан биднийг адислахын тулд Өөрийн хүчийг хэрхэн ашигласан талаар ойлгоход туслах зургуудыг эхний гарчгийн доор байрлуулахыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл: Дэлхийг бүтээж, биднийг удирдан чиглүүлж, Тэр биднийг хайрлаж, бидний хэн болохыг мэддэг гэдгээ харуулж, бидний залбирлыг сонсож, хариулж гэх мэт (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 3, 68, 90, 111-ийг үзнэ үү). Дэлхий дээрх зохистой хүмүүс биднийг адислахын тулд Бурханы хүч, эрх мэдлийг хэрхэн ашигладаг болохыг ойлгоход туслах зургуудыг хоёрдугаар гарчгийн доор байрлуулахыг тэднээс хүс. Жишээлбэл: Өвчтэй хүмүүсийг адисалж, баптисм хүртээж, гишүүнээр баталж, ариун ёслол түгээж, гэр бүлүүдийг лацдан холбож гэх мэт (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 46, 104, 105, 107, 120-ийг үзнэ үү). Та яагаад санваарт болон үүгээр дамжуулан өгөгддөг адислалуудад талархдагаа хуваалц.
-
Бурханы хүч чадлын адислалуудыг амьдралдаа хүлээн авах гол арга замуудын нэг бол санваарын ёслолууд юм (Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү). Хүүхдүүдэд энэ үнэнийг сурч мэдэхэд нь туслахын тулд та дараах судруудыг самбарт жагсааж болно. Үүнд: 3 Нифай 11:21–26, 33 (баптисм); Моронай 2 (гишүүний баталгаа); Моронай 4–5 (ариун ёслол). Хүүхдүүд эдгээр судрын хэсгээс аль нэгийг нь тус бүрд сонгоод, дүрсэлсэн ёслолыг нь тодорхойлж болно. Санваарын ёслолуудыг хүлээн авснаар өөрсдөө хэрхэн адислагдсанаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Тэд баптисм хүртэж, гэрээгээ сахиснаар Бурханаас хүч чадал хүлээн авна гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Энэ хүч тэдэнд хэрхэн туслах талаар хүүхдүүдээс асуу.
Бурханы ажлыг санваарын түлхүүрээр удирдаж, санваарын эрх мэдлээр хэрэгжүүлдэг.
Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваарын албанд томилогдож болно. Үүний зэрэгцээ хүн Бурханы ажилд туслахаар дуудагдах эсвэл томилогдох үед олгогдсон санваарын эрх мэдлээ хэрэгжүүлж чадна. Сүм дэх санваарын бүх эрх мэдлийг ашиглах явдлыг гадасны ерөнхийлөгч, бишоп, чуулгын ерөнхийлөгч зэрэг санваарын түлхүүрийг атгадаг хүмүүс удирддаг. Санваарын түлхүүрүүд нь Их Эзэний ажлыг хийж гүйцэтгэхэд санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлдэг эрх мэдэл юм.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдтэй хамт Марк 3:14–15-ыг уншаад, үүн дээр дүрсэлсэн үйл явдлын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 38 гэх мэт). Хэн нэгэн санваарын албанд томилогдож эсвэл дуудлагад онцгойлон адислагдаж байгааг харж байсан эсэхийг хүүхдүүдээс асуу (эсвэл өөрийнхөө туршлагыг ярь). Энэ нь Аврагчийн Өөрийн төлөөлөгчидтэй хийсэн зүйлтэй юугаараа адилхан бэ? Багш эсвэл байгууллагын удирдагч зэрэг Сүмийн гишүүдэд өгч болох санваарын алба эсвэл дуудлагыг самбарт жагсаахад хүүхдүүдэд тусал. Алба, дуудлага бүрийн хажууд тухайн алба, дуудлагатай хүний эрх мэдлийнхээ дагуу юу хийж болохыг бичиж болно. Санваарын түлхүүрүүдийн удирдлага доорх хэн нэгнээр онцгойлон адислагдах нь хэрхэн танд үйлчлэхэд тусалсан талаар хүүхдүүдэд ярьж өг.
-
Машин эсвэл хаалга гэх мэт түлхүүр хэрэгтэй зүйлийн талаар бодоход хүүхдүүдийг урь. Танд түлхүүр байхгүй бол юу болох вэ? Хамтдаа Сургаал ба Гэрээ 65:2-ыг уншаад, дэлхий дээр санваарын түлхүүртэй байхын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц.
2:52 -
Тойргийнхоо түлхүүр атгадаг нэг хүнээс ангид ирж, санваар атгах гэдэг нь юу гэсэн үг болохыг хүүхдүүдтэй хуваалцахыг хүс. Үүрэг хариуцлагаа тайлбарлахад түүнийг урь. Тэр Их Эзэний ажлын аль хэсгүүдийг удирддаг вэ? Аврагч түүнд хэрхэн тусалдаг вэ?
Ариун сүм ба аз жаргалын төлөвлөгөө
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.
Ариун сүм нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм. Ариун сүмд бид Түүнтэй ариун гэрээнүүд байгуулж, санваарын хүчээр хишиг хүртэж, илчлэлт хүлээн аван, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ үүрд мөнхөд лацдан холбогддог. Энэ бүхэн Есүс Христ болон Түүний цагаатгагч золиосын ачаар боломжтой юм.
Та өөрийн заадаг хүүхдүүдэд Их Эзэний өргөөний ариун нандин байдлыг мэдэж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой байхад өөрсдийгөө бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Сургаал ба Гэрээ 97:15–17-г болон 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 138–140 дахь Рассэлл М.Нэлсоны “Хаалтын үг” зэрэг эх сурвалжийг уншиж болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Ариун сүмийн нэг буюу хэд хэдэн зургийг үзүүл. Ариун сүм юугаараа онцгой газар болохыг хүүхдүүдээс асуу. Ариун сүм бүр дээр “Их Эзэнд ариуныг: Их Эзэний өргөө” гэсэн бичиг байдгийг онцол. “Их Эзэнд ариуныг” гэдгийн утгыг юу гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Яагаад ариун сүмийг Их Эзэний өргөө гэж нэрлэдэг вэ? Энэ нь ариун сүмийн талаар бидэнд юу заадаг вэ? Хэрэв аль нэг хүүхэд ариун сүмд орж байсан бол тэнд байхад ямар мэдрэмж төрж байснаа хуваалцаж болно. Хэрэв та ариун сүмд орж байсан бол тэнд Их Эзэний оршихуйг хэрхэн мэдэрч байснаа хуваалцаж, ариун сүм яагаад таны хувьд ариун газар болох талаар ярь.
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 97:15–17-г yнш. Их Эзэн Өөрийнх нь ариун өргөөнд ордог хүмүүсээс юуг хүсэн хүлээж байдгийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Бид яагаад Түүний өргөөнд орохуйц зохистой байх хэрэгтэй вэ? Энэ харилцан ярианыхаа хүрээнд хүүхдүүдэд ариун сүмийн эрхийн бичиг, үүнд үүнийг хэрхэн авдаг талаар ярьж өг. Та бишопын зөвлөлийн гишүүнийг ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага ямар байдгийг мөн ямар асуултууд тавьдаг талаар ирж хуваалцахад урьж болно.
Бид ариун сүмд Бурхантай гэрээнүүд байгуулдаг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христ биднийг Тэнгэрлэг эцэг эх рүүгээ гэртээ буцаж очин, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэрээний замаар явахад урьдаг” хэмээн заасан (“Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107). Гэрээний зам гэдэгт баптисм, гишүүний баталгаа, ариун сүмийн хишиг, лацдан холболт багтдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Баптисм хүртэхдээ Бурхантай байгуулдаг мөн ариун ёслолоос хүртэхдээ шинэчилдэг гэрээгээ давтаж хэлэхэд туслахыг хүүхдүүдээс хүс (Мозая 18:10; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү). Ариун сүмийн зургийг үзүүлээд, Тэнгэрлэг Эцэг бидэнд өөр олон адислалыг ариун сүмд өгөхийг хүсдэг гэдгийг тайлбарла.
-
Зам руу хөтлөх хаалгыг зур. Алхах замтай байх нь яагаад тустай гэдгийг хүүхдүүдээс асуу. Нифай баптисмын гэрээг хаалгатай зүйрлэж, баптисм хүртсэнийхээ дараа уг замаараа үргэлжлүүлэн явахад биднийг урьсан тухай өгүүлсэн 2 Нифай 31:17–20-ийг хамтдаа унш. Ариун сүмд байгуулах гэрээнүүд гээд баптисм хүртсэний дараа байгуулах өөр олон гэрээ бий. Ерөнхийлөгч Нэлсон энэхүү замыг “гэрээний зам” гэж нэрлэснийг тайлбарла.
Бид ариун сүмд нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно.
Есүс Христийн сайн мэдээ нь сайн мэдээг мэдэлгүйгээр нас барсан ч Түүнтэй хамт амьдрахаар эргэн ирэх боломжийг Бурханы бүх хүүхдэд олгодог. Бид ариун сүмд тэдний өмнөөс баптисм хүртэж, Есүс Христийн Сүмийн гишүүнээр батлуулж болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Өөрийн тань хийж чадахгүй ямар нэгэн зүйлийг хэн нэгэн таны өмнөөс хийж өгч байсан үеийн талаар ярь. Хүүхдүүдээс үүнтэй адил туршлага байвал хуваалцахыг хүс. Бид ариун сүмд очихдоо, нас барсан бусад хүний өмнөөс баптисм хүртэх зэрэг ариун ёслолуудыг хүлээн авч болно гэдгийг тайлбарла. Бид нас барагсдын өмнөөс ёслолуудыг үйлдсэнээр хэрхэн Есүстэй адил байж чадаж байна вэ? Өөрсдөө хийж чадахгүй ямар зүйлийг Тэр бидний төлөө гүйцэтгэсэн бэ?
-
Өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртсэн нэг буюу хэд хэдэн өсвөр үеийнхнийг туршлагаасаа хуваалцахад урь. Тэднээс ариун сүмд ямар байсныг нь асуу. Өвөг дээдсийнхээ төлөө энэ ажлыг хийж байхад ямар мэдрэмж төрж байснаа хуваалцахад тэднийг урамшуул.
-
Самбарт үндэс, мөчиртэй мод зур. Гэр бүл хэрхэн модтой адилхан болох талаар бодохыг хүүхдүүдээс асуу. Модны үндсийг өвөг дээдэс, мөчрүүдийг үр удам, гол хэсгийг чи хэмээн нэрлэн бич. Сургаал ба Гэрээ 128:18 дээрээс “Учир нь бид [өөрсдийн өвөг дээдэсгүйгээр] төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй” хэмээх өгүүлбэрийг хамтдаа унш. “Яагаад өвөг дээдэс маань бидэнд хэрэгтэй вэ? Бид яагаад өвөг дээдэстээ хэрэгтэй вэ? Бидний эцэг эх, өвөө эмээ болон бусад өвөг дээдэс хэрхэн бидэнд тусалсаар ирсэн бэ?” гэх зэргээр асуу. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 128:18 дахь бид өвөг дээдэстээ хэрхэн тусалж болох талаар өгүүлсэн хэсгийг олоход урь.
-
Хүүхдүүдэд ариун сүм рүү авч явах өвөг дээдсийнх нь нэрийг олж өгөхөөр эцэг эхтэй нь хамтран ажиллах талаар бодож үз (FamilySearch.org-ийг үзнэ үү).