“1-р сарын 27-оос 2-р сарын 2. 1 Нифай 16–22: ‘Би Таны өмнөх замыг бэлдэх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“1-р сарын 27-оос 2-р сарын 2. 1 Нифай 16–22,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
1-р сарын 27-оос 2-р сарын 2
1 Нифай 16–22
“Би Таны өмнөх замыг бэлдэх болно”
Та 1 Нифай 16–22-ыг уншихдаа, Нифайн сорилт бэрхшээлийг даван туулсан жишээ ангийнханд тань хэрхэн тусалж болох талаар бодож үзнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Нифай судруудыг өөртэйгөө болон өөрийн хүмүүстэй адилтгахын үнэ цэнийг олж харсан (1 Нифай 19:23-ыг үзнэ үү). Нифайн амлагдсан нутаг руу аялсан түүхээс өөрсдийнх нь амьдралтай холбоотой сурсан зарчмуудаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урь.
Сургаалыг заа
1 Нифай 16:10–16, 23–31; 18:10–13, 20–22
Бурхан өчүүхэн арга замаар агуу үйлийг улиран тохиолгодог.
-
Та эсвэл ангийн тань хэн нэгэн агуу зүйлийг улируулан тохиолгохын тулд ашиглаж болох ямар нэгэн өчүүхэн зүйлийг мэдэх үү? (1 Нифай 16:29-ийг үзнэ үү). Та ангийн гишүүдийг дараах судрыг хувиараа эсвэл бүлгээрээ уншсаныхаа дараа энэ зарчмын тухай сурсан зүйлээ ярилцахад урьж болно. Үүнд: 1 Нифай 16:25–31; Алма 37:3–8; Сургаал ба Гэрээ 64:33; 123:12–17. Бурхан бидний амьдралд агуу зүйлсийг гүйцэлдүүлэхийн тулд хэрхэн өчүүхэн зүйлсийг ашиглаж байсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг бидний замыг хэрхэн чиглүүлдэг талаар ярилцах нь ангийнханд тань тустай байж болно. Эхлээд та Лиахонаг ажиллуулсан зарчмуудыг ярилцахыг ангийнхнаас хүсэж болно (1 Нифай 16:10–16, 23–31; 18:10–13, 20–22-ыг мөн Алма 37:38–47-г үзнэ үү). Эдгээр зарчмыг хэрхэн “өчүүхэн арга зам” хэмээн үзэж болох вэ? Ангийн гишүүд Бурханаас биднийг удирдан чиглүүлэхийн тулд өгсөн зүйлсийг самбарт жагсааж болно (санааг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү). Бид Бурханы удирдамжийг хүлээн авахын тулд ямар жижиг алхмуудыг хийж болох вэ?
1 Нифай 16:18–32; 17:7–16; 18:1–4
Биднийг зарлигуудыг сахих үед Бурхан бидэнд сорилтуудыг даван туулахад туслах болно.
-
Ангийн тань гишүүд даван гарах боломжгүй мэт санагддаг үүрэг, сорилтуудтай тулгарч байж болно. Цөлд гэр бүлийнхнээ тэжээх, усан онгоц барих зэрэг хийхэд боломжгүй мэт Нифайд санагдаж байсан туршлагыг та ангийнхандаа туслахын тулд хэрхэн ашиглаж болох вэ? Ангийн гишүүд 1 Нифай 16:18–32; 17:7–16 болон 18:1–4-ийг уншаад, хүнд сорилтуудтай тулгарсан үед тусалж болох зарчмуудыг олж болно (жишээ нь, 1 Нифай 16:24–26 нь залбирал болон даруу байдал нь Бурханаас сүнслэг удирдамж, зааврыг хүлээн авах боломжийг бидэнд өгдөг гэдгийг заадаг). Та тэдэнд эдгээр шүлгээс олсон зарчмаас жишээ болгон өгснөөр хичээлээ эхэлж болно. Тэд олж мэдсэн зүйлээ хуваалцахдаа хувийн туршлагаасаа мөн хуваалцаж болно.
Итгэл үйлдэл хийхэд хөтөлдөг.
-
Лихай болон түүний гэр бүлийн цөлд өнгөрүүлсэн туршлага итгэлийн хүч, итгэлгүй байдлын үр дагавар хоёрын аль алиныг дүрслэн харуулдаг. Та ангийн гишүүдэд эдгээр үнэнийг олж мэдэхэд туслахын тулд дараах асуултуудыг самбарт бичиж болно. Үүнд: Нифай хэрхэн итгэлийнхээ дагуу үйлдсэн бэ? Үүний үр дүнд тэр хэрхэн адислагдсан бэ? Лемен, Лемүел хоёрын итгэлгүй байдлын үр дагавар юу байсан бэ? Ангийн гишүүдийг бүлэг бүлгээрээ 1 Нифай 16:18–32 эсвэл 17:7–22 дээрээс эдгээр асуултын хариултыг олж, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Бид судруудыг өөрсөдтэйгөө адилтгаж чадна.
-
Ангийн гишүүдэд судруудыг өөрсөдтэйгөө хэрхэн адилтгаж болохыг мэдэж авахад нь туслахын тулд Нифайн хэрхэн адилтгасан жишээг уншиж болно. Жишээ нь, Нифай 1 Нифай 4:1–3 болон 17:23–32, 41–45 дахь судруудыг гэр бүлийнхээ нөхцөл байдалтай адилтгаснаар ямар зарчмуудыг заасан бэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Робэрт Д Хэйлсийн хуваалцсан түүх судруудыг өөрсөдтэйгөө адилтгах нь биднийг хэрхэн адисалдгийг тайлбарладаг. Ангийн гишүүдийг өөрсдөд нь эсвэл гэр бүлд нь тулгарч буй асуудлуудыг олж тогтооход мөн эдгээр нөхцөл байдалд ойлголт болон тусламж өгч болох судрын түүхүүдийг олоход урихыг бод. 1 Нифай 19:22–24-т цэдэглэгдсэнээр, судруудыг өөрсөдтэйгөө адилтгах нь биднийг хэрхэн адисалдаг вэ?
-
1 Нифай 19:22–24-ийг ярилцах нь ангийн гишүүдэд өөрсөдтэйгөө болон гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн “судрыг адилтгадаг” болохыг хуваалцах мөн ийнхүү үйлдсэнээр хүлээн авсан адислалуудаа хуваалцах сайхан боломж байж болох юм. Судруудыг өөрсөдтэйгөө хэрхэн адилтгах талаар ангийн гишүүдийн хэлсэн санаануудыг самбарт жагсаан бичихийг бод (зарим санааг “Нэмэлт эх сурвалж” дахь жагсаалтаас үзнэ үү.) Та дараагийн хичээлээр жагсаалт дээрх санаануудыг ашигласан туршлагаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
Их Эзэн хожмын өдрүүдэд Израилийн угсааг цуглуулах болно.
-
Ангийн гишүүдийг 1 Нифай 20–21 дээрх утга учиртай сургаалуудыг хуваалцахад урамшуулахын тулд дараахтай адил гарчгууд бичих талаар бодож үз. Үүнд: Израилийн хүүхдүүд, Лихайн гэр бүл, ба Өнөө үеийн хүмүүс. Тэдэнд 1 Нифай 20–21-ийг уншаад, гарчиг болгоны доор тухайн бүлэгтэй холбоотой Исаиагийн бошиглолуудыг жагсаан бичих цаг гаргаж өг.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг 2 Нифай 1–5-ыг уншихад сүнслэгээр өдөөхийн тулд, хэрэв тэдэнд дэлхий дээр өнгөрүүлэх цаг хугацаа бага үлдсэн бол гэр бүлийнхэндээ юу гэж хэлэх байснаа бодоход урь. 2 Нифайн эхний хэдэн бүлэгт Лихайн гэр бүлийнхэндээ өгсөн сүүлийн захиас агуулагддаг болохыг онцол.
Нэмэлт эх сурвалж
Мормоны Номын видео бичлэгүүд.
ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Мормоны Номын видео бичлэгийн цуглуулгаас 1 Нифай 16–22 дахь үйл явдлуудыг үзүүлсэн видео бичлэгүүдийг ол.
Бидний “Лиахона.”
Ахлагч Дэвид А.Бэднар “Ариун Сүнс нь Лиахона бидний итгэл, хичээнгүй байдал болон анхаарлын дагуу гэх мэт Лихай болон түүний гэр бүлийнхэнтэй ажиллаж байсантай яг адил арга замаар бидний амьдралд үйлчилдэг” хэмээн заасан (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona, May 2006, 31).
2005 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр Далын ахлагч Лөүэлл М.Снөү “Энэ Ерөнхий чуулган бол биднийг өсгөн дэвжээдэг сүнслэг удирдамж, заавар хүлээн авах цаг, газар буюу орчин үеийн Лиахона юм” хэмээн хэлсэн (“Compass of the Lord,” Ensign or Liahona, Nov. 2005, 97).
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Лихайд Лиахонаг өгсөн тэрхүү Эзэн өнөөдөр таны болон миний амьдралд удирдамж болох ховор нандин, үнэ цэнтэй бэлгийг өгсөн. … Миний хэлж буй бэлгийг патриархын адислал хэмээн нэрлэдэг” хэмээн заасан (Thomas S. Monson, “Your Patriarchal Blessing: A Liahona of Light,” Ensign, Nov. 1986, 65).
Судруудыг өөрсөдтэйгөө адилтгах.
Ахлагч Робэрт Д.Хэйлс:
“Би хэдэн жилийн өмнө Жаредын ахын амьдрал ба туршлагын талаар өсвөр насны хүүдээ зааж байлаа. Энэ түүх маш сонирхолтой байсан ч тэр идэвхгүй оролцож байв. Дараа нь би энэ түүх түүний хувьд юу гэсэн үг болохыг асуусан юм. Бид хүүхдүүдээсээ ‘Энэ чиний хувьд юу гэсэн үг вэ?’ гэж асуувал энэ нь их чухал гэсэн утгыг илэрхийлж байв. Тэр ‘Иосеф Смитийн залбирч, хариулт авч, ойн төгөлд түүнд тохиолдсон зүйлсээс өөрцгүй юм байна’ гэхэд
би ‘Чи Иосефын насан дээр байна. Түүн шиг залбирах нь чамд ч гэсэн чухал биш гэж үү?’ гэж асуув. Бид нэг л мэдэхэд, урт удаан хугацааны өмнө хаа нэгтээ болсон түүхийн тухай ярихаа больж, хүүгийнхээ талаар, түүний амьдрал, хэрэгцээний тухай мөн залбирал түүнд хэрхэн туслах тухай ярьж байлаа.
Бид эцэг эхийн хувьд хүүхдүүддээ бүх судрыг [үнэндээ, Есүс Христийн сайн мэдээний бүх хэсгийг] [гэр бүлийнхээ] ашиг тусын тулд болон суралцахад нь туслахын тулд өөрсөдтэйгөө [болон өөрсдийн хүүхдүүдтэй] … адилтгахад туслах үүрэгтэй’” (“With All the Feeling of a Tender Parent: A Message of Hope to Families,” Ensign or Liahona, May 2004, 90).
Судруудыг адилтгах санаанууд.
-
Та нарын уншиж байгаа судруудад өгүүлсэнтэй төстэй, өнөө үед болж буй үйл явдал эсвэл нөхцөл байдлын тухай бодно уу.
-
Яг одоо тулгарсан бэрхшээл эсвэл асуултад тань туслах судар дээрх хүмүүсийн мэддэг, сурдаг эсвэл хийдэг зүйлсийг олж мэд.
-
Уг түүхээс таны нөхцөл байдалд тусалж болох зарчмуудыг тодорхойл.