“2-р сарын 3–9. 2 Нифай 1–5: ‘Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“2-р сарын 3–9. 2 Нифай 1–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
2-р сарын 3–9
2 Нифай 1–5
“Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”
2 Нифай 1–5-ыг уншиж, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэснээр сүнслэг бэлтгэлээ эхэл. Эдгээр бүлэг дэх зарчмуудыг нэг хичээлийн цагаар ярилцахад хангалтгүй учраас бэлтгэж байхдаа аль зарчим дээр анхаарлаа төвлөрүүлж мөн харилцан яриаг хэрхэн удирдахаа олж мэдэхийн тулд Сүнсийг дагаж, ангийнхаа гишүүдийн хуваалцсан санаануудад анхаарлаа хандуул.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн тань гишүүд 2 Нифай 1–5 дээрх дор хаяж нэг шүлгийг зурж, тэмдэглэсэн байж болох юм. Та хичээлийнхээ эхэнд ангийнхаа гишүүдийг өөрсдөд нь чухал санагдсан шүлгүүдээ хуваалцахад урьж болно. Ангийнхныг хуваалцсан шүлгүүдээс олж мэдсэн сургаалын зарчмыг нэгтгэн дүгнэхэд урь.
Сургаалыг заа
Бид өөрсдийнхөө төлөө үйлдэх эрхтэй.
-
Хүмүүс ихэвчлэн сонгох эрхээ ашиглан бусдад маш их зовлон авчирдаг. Ийм байтал яагаад сонгох эрх нь Тэнгэрлэг Эцэгт тийм чухал байдаг вэ? Та энэ асуултыг самбарт бичиж болох ба ангийн гишүүд хариултуудыг 2 Нифай 2:11–30-аас хайж олон, самбарт бичиж болно. Дайсан яагаад бидний сонгох эрхийг үгүйсгэхийг хичээдэг вэ? Аврагч хэрхэн бидэнд “эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгоход” тусалдаг вэ? (2 Нифай 2:27). “Know This, That Every Soul Is Free” (Hymns, no. 240) гэх мэт сонгох эрх чөлөөний тухай дууллыг дуулж, ангийн гишүүдийг уг дууллаас олж авсан санаануудаа жагсаалтдаа нэмэхэд урь.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд сонгох эрхийг боломжтой болгосон дөрвөн үндсэн нөхцөлийг тодорхойлсон байдаг. Ангийн гишүүдийн гэртээ сурч мэдсэн зүйл дээр тулгуурлах нь нэгэн арга зам юм. Дөрвөн нөхцөлийг самбарт бич. Дараа нь ангийн гишүүдийг 2 Нифай 2 дээрээс яагаад эдгээр нөхцөл бидэнд тэнгэрлэг чадавхдаа хүрэхэд нэн чухал болохыг заадаг мэдэгдлүүдийг хуваалцахад урь.
Уналт ба Есүс Христийн Цагаатгал нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэн чухал хэсгүүд юм.
-
Христэд итгэгч олон хүн Уналтыг эмгэнэлт явдал байсан мөн Ева аймшигт алдаа хийсэн гэдэгт итгэдэг. 2 Нифай 2 дээрх эдгээр шүлэг Адам, Ева хоёрын Уналтын талаарх үнэнүүдийг тодорхойлж, Есүс Христ биднийг Уналтаас гэтэлгэдэг болохыг гэрчилдэг. Эдгээр санааг хэлэлцэх нэг арга зам бол ангийн гишүүдийг 2 Нифай 2:15–25-ыг судлаад, Едений цэцэрлэгт юу болсон талаар мэдэж авсан үнэнүүдээ жагсаахад урих явдал юм. Тэд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн эшлэлээс өөр ямар ойлголтыг олж авсан бэ? Есүс Христ биднийг Уналтаас хэрхэн гэтэлгэсэн бэ? (2 Нифай 2:6–8, 26–29-ийг үзнэ үү).
-
Өмнөхтэй адил үйл ажиллагааг хийсний дараа та дараахтай адил хэдэн асуулт тавьж, ангийн гишүүдийг санаа бодлоо хуваалцахад урьж болно.
-
Эдгээр шүлгэн дээрх Лихайн сургаалууд Уналтын талаарх зарим нийтлэг буруу ойлголтыг хэрхэн засаж байна вэ?
-
Уналт нь ямар талаараа адислал болсон бэ?
-
Уналтыг зөв ойлгох нь Есүс Христийн болон Түүний Цагаатгалын хэрэгцээг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Танд Едений цэцэрлэгт Адам, Ева хоёрын хийсэн сонголтод талархах ёстой ямар шалтгаан байдаг вэ?
-
Таны дэлхийд ирэх сонголт Адам, Ева хоёрын сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс хүртэх сонголттой юугаараа төстэй байсан бэ?
-
Амьдралын зорилго гэж юу вэ? Энэ зорилгодоо хүрэхэд тань Уналт яагаад зайлшгүй шаардлагатай байсан бэ?
-
Бид сул дорой байхдаа Бурхан руу эргэж чадна.
-
Нифайн 2 Нифай 4:15–35 дээрх бичээсүүд зовлон бэрхшээл, сул дорой байдалд автах үед маань бидэнд найдвар, тайтгарлыг авчирч чадна. Ангийн гишүүд эдгээр шүлгийг хоёр хоёроороо уншаад, зовлон зүдгүүрээсээ болж хүнд ачаа үүрч байгаа хэн нэгнийг тайтгаруулах эшлэлүүдийг олж болох юм. Дараа нь хос бүр тэр хэсгүүдээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Магадгүй ангийн тань хэн нэгэн Нифайн адил Бурханд хандсанаар тайтгарч байсан туршлагаасаа хуваалцаж болно.
-
2 Нифай 4-ийг унших өөр нэг арга зам бол ангийн хэдэн гишүүнийг өөрсдөд нь чухал хэдэн шүлэг болон хэллэгээ хуваалцахад урьдаас бэлдэж ирэхэд урих явдал байж болох юм. Тэднийг сул дорой байдалтай байхдаа цөхрөх үедээ юу хийдэг болохоо хуваалцахад урь. “Where Can I Turn for Peace?” (Hymns, no. 129) гэх мэт тайтгарал, найдварын талаар өгүүлсэн дууллыг ярилцлагадаа нэмж болно. Жишээ нь, ангийн гишүүд сэтгэлээр унасан үед нь дуулал хэрхэн Их Эзэнд найдлага тавьж байсан Нифайн үлгэр жишээг бататгадаг талаар хуваалцаж болно.
Сайн мэдээний дагуу амьдарснаар аз жаргал ирдэг.
-
Нифай болон түүний хүмүүс сорилт бэрхшээлтэй тулгарсан ч аз жаргал руу хөтлөх зарчмууд дээр суурилсан нийгмийг байгуулж чадсан юм. Ангийн гишүүд 2 Нифай 5-ыг судлах явцдаа, нифайчуудыг аз жаргалтай болгосон ямар зарчмуудыг олж мэдсэн бэ? Та ангийн гишүүдэд цаас өгч, тэднийг 2 Нифай 5-аас аз жаргалд хөтлөх зарчмуудыг олж, бичихэд урьж болно. Дэлхийнхний аз жаргалыг эрэлхийлдэг арга зам нь 2 Нифай 5-аас бидний олж мэддэг арга замаас хэр өөр байна вэ? Ангийн гишүүд эдгээр зарчмын нэгийг хэрэгжүүлэхийн тулд ямар зорилго тавьж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
2 Нифай 6–10-т бүх судар дээрх Есүс Христийн Цагаатгалын тухай хамгийн сайн номлолуудын нэгийг агуулсан байдгийг суралцагчдад хэл. Та бас эдгээр бүлгээс сэтгэлийг тань хөдөлгөдөг шүлгийг хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
Уналт нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байсан.
Ахлагч Даллин Х.Өүкс дараах зүйлийг заасан.
“Адам, Ева хоёр анхны зарлигийг хүлээж авахдаа, сүнсний дэлхийд дахин амьдрахаа больж, бие махбодтой байсан ч үхэх боломжгүй, нөхөн үржих чадвар ч байхгүй шилжилтийн байдалд байсан. Тэд Едений цэцэрлэг дэх аз жаргал, мөнх бус амьдралын аймшигт сорилт, гайхалтай боломжууд зэргийн хоорондох саадыг зөрчилгүйгээр Эцэгийн анхны зарлигийг гүйцэлдүүлэх боломжгүй байсан юм. …
… Бошиглогч Лихай ‘хэрэв Адам зөрчил үйлдээгүй аваас тэрээр унахгүй’ (2 Ни. 2:22) байх байсан ч бүтээгдсэнийхээ дараа байсан тэрхүү байдалдаа хэвээр үлдэх ёстой байсан гэдгийг тайлбарлажээ.
… Уналт төлөвлөгдсөн байсан учир ‘бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ’ (2 Ни. 2:24) хэмээн эцэст нь Лихай хэлсэн билээ.
Ева бол мөнх бус амьдралын нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд Еден дэх хязгаарлалтыг зөрчсөн анхны хүн юм. Түүний үйлдэл юунаас үүдэлтэй байсан гэдгээс үл хамааран үнэн хэрэгтээ зөрчилтэй байсан ч мөнх амьдралын үүдийг нээх мөнхийн бөгөөд алдар суут хэрэгцээ шаардлага байсан юм. Адам мөн адил үйлдэн, мэргэн ухаантай гэдгээ харуулсан. Ийнхүү Ева ба ‘Aдам хүмүүн байж болохын тулд унасан’ [2 Ни. 2:25].
Христийн шашинтай зарим хүн Евагийн үйлдлийг буруушаадаг бөгөөд Ева болон түүний охид үүний хор уршгийг ямар нэг байдлаар үүрдэг хэмээн дүгнэдэг. Харин хожмын үеийн гэгээнтнүүд тэгж боддоггүй! Илчлэлтэд мэдэгдсэнээр, бид Евагийн үйлдэлд баярлаж, Уналт хэмээх агуу үйл явдлын үеэр гаргасан мэргэн ухаан, эр зоригийг нь эрхэмлэн хүндэлдэг. …
Орчин үеийн илчлэлт нь бидний анхны эцэг эх Уналтын зайлшгүй хэрэгтэй хүчин зүйлийг ойлгодог байсныг харуулдаг. Адам ‘Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно’ хэмээн тунхагласан (Мосе 5:10)” (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 72–73).