“1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65: ‘Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
1-р сарын 11–17
Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65
“Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно”
Та энэхүү тоймд байгаа санаануудыг уншихаасаа өмнө Сургаал ба Гэрээ 2 ба Иосеф Смит—Түүх 1:27–65-ыг судалж, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг эдгээр судрыг суралцаж байх явцдаа олж мэдсэн санаа, туршлагаа хуваалцахад урамшуулахын тулд тэднээс ердийнхөөс нь илүү гүн гүнзгий тунгаан бодоход хүргэсэн шүлэг хуваалцахыг хүсэж болно. Тухайн шүлгийн юу нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Сургаалыг заа
Бурхан Иосеф Смитийг Өөрийн ажлыг хийлгүүлэхээр дуудсан.
-
Иосеф Смит—Түүх 1:27–65-ыг унших нь танай ангийнханд ямар ашиг тустай вэ? Та ангийн нэг гишүүнийг үүнийг товч хураангуйлахад урьж болно, эсвэл ангийн гишүүд хоёр хоёроороо юм уу жижиг бүлэг болон хуваарилагдаж, уг түүхийг бие биедээ ярьж болно. Санаж байгаа зүйлээсээ аль болох дэлгэрэнгүй оруулахыг тэднээс хүс. Энэ түүх Иосеф Смитийн бурханлаг дуудлагын талаарх бидний гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Бид энэ түүхээс Бурхан Өөрийн ажлыг хэрхэн хийдэг талаар юу мэдэж авдаг вэ?
-
Мормоны Ном эсвэл ариун сүмийн зураг гэх мэт, Иосеф Смитийн хийхээр дуудагдсан ажилтай холбоотой эд зүйлс эсвэл зураг үзүүлэхийг бод. Ангийн гишүүд Иосеф Смит—Түүх 1:33–42-оос бошиглогчийн үйл хэргийн эдгээр хэсгийн талаар заасан шүлгүүдийг олж болно. Их Эзэний Иосеф Смитэд зориулсан ажил Бурханы бидэнд зориулсан ажилтай хэрхэн холбоотой вэ? Манай амьд бошиглогчид энэ ажлын талаар бидэнд юу заадаг вэ?
Елиа бидний зүрх сэтгэлийг эцгүүд рүү маань эргүүлэхээр ирсэн.
-
Елиа хэн байсан тухай мөн түүний лацдан холбох хүчийн тухай ярилцах нь танай ангийнханд тустай юу? Ангийн гишүүд Елиагийн талаар Bible Dictionary, Судруудын удирдамж зэргээс уншиж эсвэл амьдралынх нь түүхийг эргэн харж болно (1 Хаад 17–18-ыг үзнэ үү). Энэ мэдээлэл Сургаал ба Гэрээ 2-ын талаарх бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ? Та мөн лацдан холбох гэдэг нь юу болох талаар ярьж болно. Лаазалсан хоол, амсар нь хаагддаг хадгалах зориулалттай гялгар уут эсвэл баримт бичгийг баталгаажуулдаг тамга гэх мэт зүйлс тусалж болох юм. Гэр бүлийг хамтад нь лацдан холбох гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход эдгээр эд зүйл бидэнд хэрхэн тусалж болох вэ? Энэ хүч дэлхийн бүтээлтийн зорилгыг гүйцэлдүүлэхэд хэрхэн туслах вэ? (Сургаал ба Гэрээ 138:47–48 болон “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 2 дахь бошиглол хэрхэн биелснийг олж харахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та Сургаал ба Гэрээ 110:13–16-г тэдэнтэй ярилцаж болно.
-
“Эцгүүдэд нь хийгдсэн амлалтууды[н]” (Сургаал ба Гэрээ 2:2) талаар суралцах нь Елиагийн сэргээхээр илгээгдсэн санваарын хүчийн талаар таны заадаг хүмүүст илүү сайн зааж сургахад тань тусалж болох юм. “Эцгүүд” гэж хэн бэ? ( Сургаал ба Гэрээ 27:9–10-ыг үзнэ үү). Их Эзэн Абрахам, Исаак, Иаков нарт ямар амлалт өгсөн бэ? (Эхлэл 17:1–8; 22:16–18; 26:1–5, 24; 28:11–15; Абрахам 2:8–11-ийг үзнэ үү). Эдгээр амлалтыг бидний зүрх сэтгэлд “суулгах” гэдэг нь ямар утгатай вэ? Үүнийг хийх нь бидний зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү маань эргүүлэхэд хэрхэн туслах вэ?
-
Та ангийн гишүүдийн зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү нь эргүүлэхэд сүнсээр өдөөхийн тулд хэдэн гишүүнийг энэ сэдвээр ярилцлага хөтөлж явуулахад урьж болно. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг оролцуулахыг бод. Та эхлээд Сургаал ба Гэрээ 2:2–3-ыг уншаад, ярилцлагыг хөтлөн явуулж байгаа хүмүүсийг зүрх сэтгэл нь өвөг дээдэс рүүгээ эргэж байсан туршлагаасаа хуваалцахад урьж болно. Амьдралд нь тохиолдсон ямар үйл явдал гэр бүлийн түүхээ судлах хүслийг тэдэнд төрүүлэхэд тусалсан бэ? Тэд ангийн бусад гишүүнд гэр бүлийн түүх болон ариун сүмийн үйлчлэлд оролцоход нь туслах ямар зөвлөгөөг өгч чадах вэ? “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдэл мөн “The Promised Blessings of Family History” болон “If We Put God First” (ChurchofJesusChrist.org) зэрэг видео бичлэгүүд ангийн гишүүдийг мөн адил сүнсээр өдөөхөд тусалж болно. Та мөн гишүүдийг FamilySearch.org-оос санаа авахад урьж болно.
Нэмэлт эх сурвалж
Бүтээлтийн зорилго.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү заасан.
“Цагаатгалаар боломжтой болсон мөнх амьдрал нь Бүтээлтийн агуу зорилго юм. Хэрэв гэр бүлүүд ариун сүмд лацдан холбогдохгүй юм бол дэлхий бүхэлдээ ямар ч хэрэггүй болох болно хэмээн энэ мэдэгдлийг эсрэг талаас нь хэлж болно.
Бүтээлт, Уналт, Цагаатгалын зорилго бүгд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмд хийгддэг ариун нандин ажлуудад чиглэгддэг” (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35). Мөн Мосе 1:39-ийг үзнэ үү.
Хүн бүр ямар нэгэн зүйл хийж чадна.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Нас барагсдыг гэтэлгэх ажлын хүрээнд олон үүрэгт ажлыг хийх хэрэгтэй. … Бидний гаргаж буй хүчин чармайлт бүгдийг хийхэд бүх хүнийг шахан шаардах биш, харин бүх хүнийг ямар нэгэн зүйл хийхэд урамшуулахад оршино” (“Family History: ‘In Wisdom and in Order,’” Ensign, June 1989, 6).