“12-р сарын 28-аас 1-р сарын 3. Сургаал ба Гэрээ 1: ‘Анхаарагтун, Ай миний хүмүүс,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 28-аас 1-р сарын 3. Сургаал ба Гэрээ 1,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
12-р сарын 28-аас 1-р сарын 3
Сургаал ба Гэрээ 1
“Анхаарагтун, Ай миний хүмүүс”
Сургаал ба Гэрээ 1-ийг уншихдаа ангид аль шүлэг дээр анхаарах мөн тэдгээр шүлгээс суралцахад нь ангийн гишүүдэд хэрхэн туслах талаар бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаал ба Гэрээг ангиараа судалж эхлэхдээ ангийн гишүүдээс энэ жил уг судрын номыг судлах талаар юу бодож байгааг нь асуу. 1-р хэсэг дээрх ямар судрын хэсэг тэднийг Сургаал ба Гэрээнээс унших гэж байгаадаа баярлахад тусалж байна вэ? Та энэ ариун номыг уншуулахаар хэн нэгнийг ухуулахдаа хуваалцах шүлгийг 1-р хэсгээс олохыг тэднээс хүсэж болох юм.
Сургаалыг заа
Их Эзэн биднийг “эдгээр зарлигуудыг судлагтун” хэмээн урьсан.
-
Та Сургаал ба Гэрээний Их Эзэний “удиртгал”-ыг (6-р шүлэг) ярилцах үедээ удиртгал гэж юу болох мөн энэ нь номд ямар зорилгоор ашиглагддаг талаар тайлбарлах нь ангид байгаа хэн нэгэнд тустай байж болно. Дараа нь ангийнхан 1-р хэсэг нь Сургаал ба Гэрээний хувьд дээрх үүргийг хэрхэн гүйцэтгэдэг талаар ярилцаж болох юм. Жишээлбэл, 1-р хэсэг номын ямар ямар сэдвийг танилцуулдаг вэ? Уг ном ямар зорилготой вэ? Энэ жил бид Сургаал ба Гэрээг уншихад нөлөөлж болох ямар зүйлийг энэ хэсгээс олсон бэ?
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм нь “эдгээр зарлигуудыг судлагтун” (37-р шүлэг) хэмээх Их Эзэний зарлигийн дагуу хэрхэн үйлдэхээ бодож үзэхэд биднийг урьдаг. Ангийн гишүүд Сургаал ба Гэрээг судлах явцаа утга учиртай болгохын тулд энэ жил юу хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцаж болох юм. Тэд юуг эрэлхийлэх вэ? Эрэлхийлэх нь уншихаас хэрхэн өөр вэ? Сурах ямар арга барил тэдэнд хамгийн их тусалсан бэ?
Сургаал ба Гэрээ 1:1–6, 23–24, 37–39
Бурхан Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан ярьдаг ба Түүний үгс биелэгдэх болно.
-
Амьд бошиглогчдын талаарх итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй гэр бүлийн гишүүн, найз нөхөд, танилууд бүхий хүмүүс бидний дунд олон бий. Ангийн гишүүд 1-р хэсгээс олж мэдсэн үнэнээ амьд бошиглогчдын талаарх итгэл үнэмшилд нь итгэдэггүй хэн нэгэнд хариулахдаа ашиглаж болно. Ялангуяа 1–6 болон 37–39-р шүлгийг уншихыг та тэдэнд санал болгож болно. Эдгээр шүлэг нь Их Эзэн болон Түүний бошиглогчдын талаар юу зааж байна вэ?
-
Иосеф Смитийн дуудсан зөвлөлийнхнийг бошиглогчийн илчлэлтийг хэвлэн гаргах талаар ярилцах үед зөвлөлийн зарим гишүүн энэ санааг эсэргүүцсэн гэдгийг олж мэдэх нь ангийн гишүүдэд сонирхолтой байж болно. Тэд Иосеф Смитийн бичгийн чадвар муу гэдгээс ичиж, илчлэлтүүдийг хэвлэн гаргах нь гэгээнтнүүдэд илүү их асуудлыг авчирна гэдэгт санаа зовж байлаа (Гэгээнтнүүд, 1:140–143-ыг үзнэ үү). 1-р хэсэгт эдгээр асуудлын талаар юу хэлсэн бэ? (жишээлбэл, 6, 24, 38-р шүлгүүдийг үзнэ үү).
-
“Come, Listen to a Prophet’s Voice” (Hymns, д. 21) дууллын үгс 1-р хэсэгт заасан зарим зарчмыг заадаг. Та дууллыг хамтдаа дуулж эсвэл уншаад, дараа нь яг ижил зарчмуудыг заасан дууллын мөр болон 1-р хэсгийн шүлгийг олоход ангийн гишүүдийг урьж болох юм.
Сургаал ба Гэрээ 1:12–30, 35–36
Их Эзэн бидэнд хожмын өдрүүдэд тохиох саад бэрхшээлүүдийг даван туулахад маань туслахын тулд Өөрийн сайн мэдээг сэргээсэн.
-
13–16-р шүлэг дэх хожмын өдрүүдийн талаарх тодорхойлолтыг уншихад ангийн гишүүдэд ямар бодол төрсөн бэ? Энд дүрсэлсэн бошиглол биелж байгааг харуулсан ямар зүйл дэлхийд болж байна вэ? Өнөө үеийн саад бэрхшээлийг үл харгалзан амар амгалан, итгэл найдвар мэдрэхэд тэдэнд тусалсан ямар нэгэн зүйлээ 1-р хэсгээс хуваалцахад ангийн гишүүдийг урамшуул.
-
Сайн мэдээ сэргээгдсэний ачаар бид хэрхэн адислагдсан талаар тунгаан бодоход ангийн гишүүдэд туслахын тулд 17–23-р шүлэг нь яагаад Их Эзэн сайн мэдээгээ сэргээсэн талаар юу заадаг вэ? гэсэн асуултыг самбарт бич. Ангийн гишүүд эдгээр шүлгийг уншаад, энэ талаар өөрсдийн бодлыг бие биетэйгээ хуваалцаж болно. Жишээлбэл, Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн үнэнүүд хэрхэн бидэнд итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд тусалсан бэ? (21-р шүлгийг үзнэ үү).
Их Эзэн “сул доройчууд хийгээд эгэл борчууд[ыг]” ашиглан Өөрийн ажлыг гүйцэлдүүлдэг.
-
Сургаал ба Гэрээ 1-ийн нэг чухал сэдэв бол Их Эзэний хожмын өдрүүдэд хийгдэх агуу ажилд “сул доройчууд хийгээд эгэл борчууд[ын]” гүйцэтгэх үүрэг юм (23-р шүлэг). Ангийн гишүүдийг 19–28-р шүлгийг уншаад, “сул доройчууд” болон “эгэл борчууд” гэсэн үгс Их Эзэний үйлчлэгчдийн хувьд бидэнд ямар хамаатай болохыг олж мэдэхэд урь. Тэднийг олж мэдсэн зүйлсээ хуваалцаж байхад та дараах асуултуудын талаар ярилцаж болно. Үүнд: Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг ямар зан чанартай байгаасай хэмээн хүсдэг вэ? Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан юуг хожмын өдрүүдэд гүйцэлдүүлэх вэ? Эдгээр шүлэг дэх бошиглолууд хэрхэн дэлхий даяар мөн бидний амьдралд биелэгдэж байна вэ?