“5-р сарын 31-ээс 6-р сарын 6. Сургаал ба Гэрээ 60–62: ‘Бүх махбодь миний гарт буй,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 31-ээс 6-р сарын 6. Сургаал ба Гэрээ 60–62,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
5-р сарын 31-ээс 6-р сарын 6
Сургаал ба Гэрээ 60–62
“Бүх махбодь миний гарт буй”
Ахлагч Роналд А.Расбанд “Бидний хүн нэг бүр эхлээд өөрсдийнхөө, дараа нь эргэн тойрон дахь хүмүүсийнхээ сүнслэг байдлыг хүчирхэгжүүлэх ёстой. Судруудыг тогтмол тунгаан бодож, уншиж байхад тань төрсөн бодол, мэдрэмжээ санаарай” гэж хэлсэн (“Та мартахгүйн тулд,” Ensign, Nov. 2016, 114 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 111).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг гэртээ уншсан судартай холбоотой тодорхой нэг асуулт эсвэл үзэл бодолд хариулахыг урьснаар утга учиртай ярилцлага өрнүүлж чадна. Жишээлбэл, та тэднийг энэ долоо хоногт Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болох юм.
Сургаалыг заа
Сургаал ба Гэрээ 60:2–3, 7, 13–14; 62:3, 9
Биднийг сайн мэдээг хуваалцахаар амаа нээх үед Их Эзэн баярладаг.
-
Сүмийн гишүүдийн хувьд бид сэргээгдсэн сайн мэдээ нь Бурханы хүүхдүүдийн амьдралыг адисалдаг агуу эрдэнэс гэдгийг мэддэг. Тэгвэл бид яагаад заримдаа гэрчлэлээ бусадтай хуваалцахаас тээнэгэлздэг вэ? Бид сайн мэдээг хуваалцахаар амаа нээхгүй байж болох зарим шалтгааныг самбар дээр жагсаан бичихэд ангийн гишүүдийг урих талаар бодож үз. Тэгээд ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 60:2–3, 7, 13–14; 62:3, 9-ийг уншиж, сайн мэдээг хуваалцахад тэднийг сүнслэгээр өдөөх үгсийг олж болно. Тэд олж мэдсэн зүйлээ самбарт жагсаан бичиж болно. Ангийн зарим гишүүн айдсаа ялан дийлж, сайн мэдээг хэн нэгэнтэй хуваалцсан туршлагаасаа хуваалцаж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 60–62 дээр сайн мэдээг хуваалцах талаар шууд болон далд утгатай зааврууд байдаг. Та эдгээр зааврыг олоход нь ангийн гишүүдэд туслахын тулд хүн бүрийг эдгээр хэсгийн аль нэгийг давтан хараад, сайн мэдээг хуваалцах талаар тэдэнд зааж байгаа зүйлсийг олж, хуваалцахыг хүсэж болно. Судрын өөр хэсэгт байгаа, үлгэр жишээч номлогчдын талаар уншиж, тэднээс сурч мэдсэн зүйлийнхээ талаар ярилцах нь яриаг өрнүүлэхэд тустай байж магад (жишээлбэл, Үйлс 8:27–40; Алма 19:16–17-г үзнэ үү). Бид өөрсдийн амьдралаас ямар жишээнүүдийг хуваалцаж болох вэ? Ангийн хэн нэгэн гишүүн сайн мэдээтэй хэрхэн танилцсан тухай болон өөрсдөд нь заасан хүмүүсийн талаар ямар сэтгэгдэлтэй байснаа хуваалцаж болох уу? Танай ангийнхан “амаа нээж,” сайн мэдээг хуваалцаж байгааг жүжигчлэн тоглох нь тэдэнд тустай байж болно.
Сургаал ба Гэрээ 60:2–4; 61:1–2, 20, 36–38; 62:1, 6
Судрууд бидэнд Есүс Христийн талаар заадаг.
-
Ангийн гишүүдийг энэ долоо хоногт 60–62-р хэсгээс суралцахдаа Аврагчийн талаар юу сурч мэдсэнээ холбогдох шүлгийн хамт самбар дээр бичихэд урь. Эсвэл тэд Аврагчийн талаар заасан зүйлсийг олохын тулд Сургаал ба Гэрээ 60:2–4; 61:1–2, 20, 36–38; 62:1, 6 дээрээс хайж болно. Судрууд дээрх эсвэл өөрсдийнх нь амьдралын ямар түүх бидний сурч мэдсэн Аврагчийн үүрэг, шинж чанарыг харуулдаг вэ? (жишээлбэл, Иохан 8:1–11; Ифер 2:14–15). Та ангийн гишүүдийг Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахад эсвэл Тэр тэдний хувьд ямар утга учиртай талаар тунгаан бодоход урьж болно.
Сургаал ба Гэрээ 60:5; 61:22; 62:5–8
Их Эзэн биднээс зарим шийдвэрийг “[өөрсдөдөө] сайн санагдсанаар” гаргахыг хүсдэг.
-
Ангийн гишүүдийг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлэг болон Сургаал ба Гэрээ 60:5; 61:22; 62:5–8-ыг уншаад, Их Эзэний бидэнд хандсан захиас юу болох талаар үзэл бодлоо хуваалцахад урихыг бодож үз. Тэд хэзээ шийдвэр гаргахдаа өөрсдийн ухааныг ашиглах ёстой гэж бодож байсан бэ? Ярилцлагадаа “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг хуваалцах талаар бод. Эцэг эхчүүд энэ чухал зарчмыг сурахад нь хүүхдүүддээ хэрхэн тусалж чадах вэ?
Нэмэлт эх сурвалж
Хамгийн сайн шийдлийнхээ дагуу үйлдэх нь.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заажээ.
“Их Эзэнээр удирдуулах хүсэл нь хүч чадал боловч олон асуудал дээр Тэнгэрлэг Эцэг маань биднийг өөрсдийн сонголтыг хийхийг хүсдэг гэдгийг ойлгох нь бас чухал. Бие даан шийдвэр гаргах нь зуурдын амьдралд бидний туулах ёстой өсөлт хөгжлийн эх үүсвэрүүдийн нэг юм. Шийдвэр гаргах явдал бүрийг Их Эзэнд даатгаж, сонголт бүр дээр илчлэлт авахыг гуйдаг хүмүүс удирдамж авахын төлөө залбирсан ч хүлээж авахгүй нөхцөлд удахгүй ордог. Жишээлбэл, энэ нь сонголт чухал, эсвэл аль ч сонголт нь сайн байх олон нөхцөл байдалд тохиох магадлал ихтэй.
“Бид оюун ухаандаа тунгаан бодож, Бүтээгчийн бидэнд хайрласан сэтгэн бодох чадварыг ашиглаж сурах хэрэгтэй. Тэгээд бид удирдамж хүлээн авахын тулд залбирч, хүлээн авсан үедээ үүнийхээ дагуу үйлдэх ёстой. Хэрэв бид удирдамж хүлээн аваагүй бол хамгийн сайн гэж бодож байгаачлан үйлдэх хэрэгтэй” (“Our Strengths Can Become Our Downfall,” Ensign, Oct. 1994, 13–14).