“6-р сарын 14–20. Сургаал ба Гэрээ 64–66: ‘Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“6-р сарын 14–20. Сургаал ба Гэрээ 64–66,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
6-р сарын 14–20
Сургаал ба Гэрээ 64–66
“Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”
Энэ долоо хоногт суралцах явцдаа Сургаал ба Гэрээ 64–66 дээрх ямар зарчмууд ангийн тань гишүүдийн итгэл, мэдлэгийг нэмэгдүүлж чадах талаар залбирч бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг энэ долоо хоногт судраас суралцахдаа утга учиртай санагдсан зүйлээ хуваалцахад урамшуулахын тулд бидэнд өнөө үед тулгардаг бэрхшээлүүдийг тунгаан бодохыг тэднээс хүсэж болно. Тэгээд эдгээр бэрхшээлийн аль нэгд тусална гэж бодож байгаа нэг шүлгийг Сургаал ба Гэрээ 64–66 дээрээс хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заа
Бид бүх хүнийг уучлах ёстой.
-
Ангийн гишүүдэд бусдыг уучлах нь яагаад хэцүү байдаг тухай мөн эдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаар ярих нь тустай байж болох юм. Тэд Сургаал ба Гэрээ 64:1–11 дээрээс тэднийг илүү өршөөнгүй байхад өдөөдөг үнэнүүд болон зарчмуудыг хайж болно. Бид эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу сурч мэддэг вэ? Уучилснаар ирдэг адислалуудыг харуулахад туслахын тулд ахлагч Жэффри Р.Холландын “Эвлэрлийн тохинуулал” (Ensign, Nov. 2018, 77–79 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74) гэдэг үгээс Моррэлл Боуэны түүхийг хуваалцаж болно. Эсвэл ангийн нэг гишүүн уучлах юм уу уучлагдах тухай хувийн түүхээ хуваалцахыг хүсэж байж болох юм. Эдгээр жишээнд гарсан хүмүүс уучлалын хүчээр хэрхэн адислагдсан бэ?
Их Эзэн “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг” биднээс шаарддаг.
-
Их Эзэн биднийг “шантрамтгай” байхыг хүсдэггүй, гэхдээ чадахаараа хийж байгаа хүмүүст, магадгүй ангийн тань заримд “сайныг хийхдээ шантрах” нь энгийн үзэгдэл юм. Энэ шантрах байдал яагаад тохиолддог вэ? Бид Сургаал ба Гэрээ 64:31–34 дээрээс тийм мэдрэмжтэй байх үед маань туслах ямар зөвлөгөөг олдог вэ?
-
Ярилцлагаа өрнүүлэхийн тулд та шигтгэмэл юм уу тоосгон байшин зэрэг “жижиг зүйлс” хэрэглэж, удаан хугацааны туршид барьсан, ямар нэгэн том, гүн сэтгэгдэл төрүүлэм зүйлийн зургийг үзүүлж болно. Их Эзэний бидэнд өгсөн “агуу ажлын” зарим жишээ юу вэ? Тэрхүү ажлын суурийг тавихын тулд бид одоо ямар жижиг зүйлсийг хийж чадах вэ?
-
Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 64:34-ийн талаар илүү гүн гүнзгий тунгаан бодоход туслахын тулд та самбарт Зүрх сэтгэл ба эрмэлзэгч оюун гэж бич. Ангийн гишүүд Их Эзэнд зүрх сэтгэл болон эрмэлзэгч оюунаа өгөх гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байгаагаа эдгээр гарчгийн доор жагсаан бичиж болно. Эдгээр үгийн тайлбарыг “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Доналд Л.Холлстромын хэлсэн үгээс үзнэ үү. Дараахын адил судрууд нэмэлт ойлголтыг өгөх болно. Үүнд: Мозая 7:33; Ифер 4:15; Сургаал ба Гэрээ 43:34; Мосе 7:18; Иосеф Смит—Түүх 1:19.
Дэлхий дээрх Бурханы хаант улс нь дэлхийг Аврагчийн ирэлтэд бэлтгэдэг.
-
Сургаал ба Гэрээ 65 нь хожмын өдрүүд дэх Их Эзэний Сүмийн зорилгыг сүнслэгээр тайлбарладаг. Та энэхүү зорилго дахь өөрсдийн гүйцэтгэх үүргийг олж харахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг 65-р хэсэг дээрээс дараахын адил асуултуудын хариултыг олоход урь. Их Эзэн Өөрийн хаант улсыг энэ дэлхий дээр юуг хийж гүйцээгээсэй хэмээн хүсдэг вэ? Тэр намайг туслахаар юу хийгээсэй гэж хүсдэг вэ? Та мөн “Нэмэлт эх сурвалж” дээрээс ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн үгийг үзэж болно. Ангийн гишүүд ерөнхийлөгч Өүксийн асуултуудад хэрхэн хариулах талаараа хуваалцаж болох юм.
Нэмэлт эх сурвалж
“Зүрх сэтгэл ба эрмэлзэгч оюун.”
Ахлагч Доналд Л.Холлстром “зүрх сэтгэл ба эрмэлзэгч оюун” гэдэг үгсийн дараах байж болох утгыг санал болгосон.
“Зүрх сэтгэл нь хайр болон амлалтын бэлгэдэл юм. Бид өөр ямар ч шалтгаанаар биш, харин хайртай хүмүүсийнхээ төлөө золиос гаргаж, ачаа дарамт үүрдэг. Хэрвээ хайр үгүй бол бидний амлалт багасдаг. …
“Эрмэлзэгч оюунтай байх” гэдэг нь чадахаараа хичээж, сайн бодож мөн Бурханы мэргэн ухааныг эрэлхийлэхийг хэлдэг. Энэ нь амьдралын турш суралцах зүйл маань мөнхийн шинж чанартай зүйлс байх ёстойг илэрхийлдэг. Энэ нь Бурханы үг болон үүнийг дагах байдлын хооронд салшгүй холбоо харилцаа байх ёстой гэсэн үг юм” (“The Heart and a Willing Mind,” Ensign, June 2011, 31–32).
Хоёр дахь ирэлтэд бэлтгэх
“[Есүс Христийн] ирэх өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш зуурдаар нас нөгчвөл эсвэл Түүнийг гэнэт ирэхэд Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол өнөөдөр юу хийх вэ? Бид ямар нүглээ наманчлах вэ? Бид ямар зуршлаа хаях вэ? Бид ямар асуудлаа шийдэх вэ? Бид ямар уучлалыг үзүүлэх вэ? Бид ямар гэрчлэл хуваалцах вэ?” (Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, May 2004, 9).