“8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87: ‘Ариун газруудад зогсогтун та нар,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
8-р сарын 2–8
Сургаал ба Гэрээ 85–87
“Ариун газруудад зогсогтун та нар”
Сургаал ба Гэрээ судрын шүлэг бүрийг, бүр хэсэг бүрийг Ням гаргийн ангид заахаар бүү хүчлээрэй. Сүнсээр удирдуулж, ангийн гишүүдийн амьдралд хамаатай гэж бодож байгаа зүйлд анхаарал тавь.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд өөрсдөд нь чухал санагдах үгсийг олохоор Сургаал ба Гэрээ 85–87-г гүйлгэн уншиж болно (магадгүй судартаа тэмдэглэсэн шүлгүүд байж болно). Тэднийг эдгээр үгээ самбарт жагсаан бичихийг хүсээд, цөөн хэдийг нь сонгон авч ярилц.
Сургаалыг заа
Сүнс “намуухан аниргүй дуу хоолойгоор” ярьдаг.
-
Сургаал ба Гэрээ 85:6-д бошиглогч Иосеф Смит Сүнс өөртэй нь хэрхэн ярьсан талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Бид энэ тайлбараас Ариун Сүнсний талаар юу ойлгож мэддэг вэ? Та ангийн гишүүдээс Сүнс тэдэнд ярьсан үеүдийн талаар мөн тэднийг сэтгэгдлээ хэрхэн дүрслэн ярих талаар бодохыг асууж болох юм. Тэд дараахын адил судрын хэсгээс нэмэлт дүрслэлийг олж чадна. Үүнд: Лук 24:32; Мозая 5:2; Алма 32:28; Хиламан 5:30; Сургаал ба Гэрээ 6:22–23; 11:12–13.
-
Та Сүнсний намуухан, аниргүй шивнээг харуулж чадах үзүүлэнт хичээлийг бодож олж чадах уу? Магадгүй та ангийн гишүүдийг өрөөнд орж ирэхэд ариун нандин хөгжмийг намуухнаар тоглуулж байж болох юм. Ангийн гишүүд хөгжим тэдэнд ямар мэдрэмж төрүүлсэн мөн саад болох чимээ гарвал уг хөгжмийг сонсоход ямар хэцүү байх талаар ярилцаж болно. Энэ нь амьдралдаа зөөлөн дуу хоолойг сонсоход саад болдог зүйлсийн талаар ярилцахад хүргэж болно. Ангийн гишүүд Сүнсний мэдрэмжээ нэмэгдүүлэхийн тулд юу хийдэг талаар хуваалцаж болох бөгөөд тэд “Нэмэлт эх сурвалж” дээрээс бусад зөвлөгөөг олж болно.
Зөв шударга хүмүүс эцсийн өдрүүдэд цугларна.
-
Дараах үйл ажиллагаа ангийн гишүүдэд буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийн бэлгэ тэмдгийг ойлгоход тусална. Та сургаалт зүйрлэлийн бэлгэдлийн үгсийг (“үр суулгагчид,” “зэрлэг өвснүүд нь улаан буудайг багалзуурдах,” “нахиа нь соёолох” ба “улаан буудайг цуглуулах” [2–4, 7-р шүлэг]) мөн үүний хөрвүүлэг байж болох (“төлөөлөгчид,” “урвалт,” “сэргээлт,” “номлогчийн ажил” зэрэг) үгсийг жижиг цааснууд дээр бичиж, самбарт өлгөж болно. Тэгээд ангийн гишүүд бэлгэ тэмдгүүдийг утгатай нь тохируулахаар, Сургаал ба Гэрээ 86:1–7 (түүнчлэн тэд Maтай 13:37–43-ыг уншиж болно) дээрээс сурч мэдсэн зүйлээ ашиглан хамтдаа ажиллаж болно. Их Эзэн энэ илчлэлтийг “шавь нартаа” хандан хэлсэн нь яагаад чухал ач холбогдолтой вэ? (1-р шүлэг). Бидний Их Эзэнд үйлчлэх үйлчлэлтэй холбоотой ямар захиасыг бид олдог вэ? (мөн 11-р шүлгийг үзнэ үү).
“Ариун газруудад” амар амгалан олддог.
-
Та ангийн гишүүдэд “ариун газруудад … зогсох” хэрэгцээгээ ойлгоход нь туслахын тулд хожмын өдрүүдэд бидэнд тулгардаг зарим бэрхшээлийг жагсаан бичихэд тэднийг урьснаар эхэлж болно. Тэд Сургаал ба Гэрээ 87:2, 6 дээрээс зарим жишээг олно. Та тэгээд 8-р шүлэг дээрх Их Эзэний урилга эдгээр саад бэрхшээлд хэрхэн тусалж чадах талаар ярилцаж болох юм. Доорхтой адил асуултууд тусалж болно. Үүнд:
Энэ шүлэг дэх “зогсогтун” гэдэг үгийн онцлог юу вэ?
Газрыг юу ариун нандин болгодог вэ?
Хүнийг ариун газраас юу хөдөлгөж болох вэ?
Бид хөдөлшгүй байгаагаа хэрхэн бататгаж чадах вэ?
-
Ангийн гишүүд нэг нэгэнтэйгээ “ариун газруудын” жишээг мөн юу тэдгээрийг ариун болгодог (ариун газар нь бодит байршилтай газраас өөр байж болно гэдгийг та онцолж болно) талаар хуваалцахыг хүсэж болох юм. Тэднийг хуваалцах зуур, тэдгээр газар яагаад тэдэнд ариун нандин болох талаар ярилцахад урамшуул. Эдгээр ариун нандин газар нь хожмын үеийн зовлон зүдгүүр дунд амар амгаланг олоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Нэмэлт эх сурвалж
“Өдөр бүр чимээгүй, нам гүм цагийг” ол.
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Вики Ф.Мацумори эгч дараах зөвлөгөөг өгчээ. “Сүнсийг намуун, зөөлөн дуу хоолой хэмээн дүрсэлдэг учраас бидний амьдралд нам гүмхэн цаг байх нь бас чухал юм. Их Эзэн бидэнд ‘тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд’ [Дуулал 46:10] гэж зөвлөсөн. Хэрэв бид телевизор, компьютер, видео тоглоом, хувийн электрон төхөөрөмжүүдээсээ түр холдож, өдөр бүр өөрсдөдөө нам гүмхэн цагийг бий болговол тэрхүү намуун, зөөлөн дуу хоолой нь хувиараа илчлэлт хүлээн авах, удирдамж, баталгаа, тайтгарлын аятай сайхан шивнээг сонсох боломж болон хувирах болно” (“Сүнсний шивнээг танихад бусдад туслах нь,” Ensign, Nov. 2009, 11 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10).