“8-р сарын 16–22. Сургаал ба Гэрээ 89–92: ‘Aмлалт бүхий зарчим,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 16–22. Сургаал ба Гэрээ 89–92,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав
8-р сарын 16–22
Сургаал ба Гэрээ 89–92
“Амлалт бүхий зарчим”
Та заахаар бэлтгэхдээ, энэ долоо хоногт 89–92-р хэсгээс суралцахад гүн сэтгэгдэл төрүүлсэн зарчмуудын талаар бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг судраас сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуулахын тулд дараах асуултуудыг тавь. Энэ долоо хоногт та Есүс Христэд эсвэл Иосеф Смитийн бошиглолоор дуудагдсан дуудлагад итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн юуг уншсан бэ? Та Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг илүү сайн ойлгоход тусалсан юуг уншсан бэ?
Сургаалыг заа
Мэргэн ухааны үг бол “амлалт бүхий зарчим” юм.
-
Олон хүн Мэргэн ухааны үгийг “хийж болох” мөн “хийж болохгүй” зүйлсийн жагсаалт л гэж үздэг. Энэ зааварт багтсан зарчмуудыг тунгаан бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг дараахын адил асуултуудыг бодон, Сургаал ба Гэрээ 89-ийг судлахад урь. Үүнд: Их Эзэн бидэнд яагаад Мэргэн ухааны үгийг өгсөн бэ? Энэ илчлэлт Тэнгэрлэг Эцэг болон бидний төлөөх Түүний төлөвлөгөөний талаар бидэнд юу заадаг вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь үг тус болж магадгүй. Хэрвээ та ангийн гишүүдэд тустай гэж үзвэл, Их Эзэний Сургаал ба Гэрээ 89:5–17-д тодорхойлсон эрүүл мэндэд сайн мөн хортой дадлуудыг самбарт жагсаан бичихэд тэднийг урьж болно. Тэгээд тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (25–27) гарын авлага дахь “Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд” хэсгийг уншаад, олж мэдсэн бусад зүйл дээрээ нэмж бичиж болох юм. 18–21-р шүлэг дэх амлалтууд бидний амьдралд хэрхэн биелж байгаа вэ?
-
Ангийн гишүүдэд Мэргэн ухааны үгийн зарчмуудыг ярилцахад туслах ийм нэгэн арга байна. Та ангийнхныг гурван бүлэг болгон хуваагаад, бүлэг бүрийг 89-р хэсгийг уншихдаа дараах асуултуудын хариултыг олохыг хүс. Үүнд: Мэргэн ухааны үгийг дагахад асуудалтай байгаа хүнд ямар зарчмууд урам өгч чадах вэ? Үүнийг дагахад асуудалтай байгаа хүмүүсийг шүүхгүй байхад бидэнд ямар зарчмууд тусалж чадах вэ? Мэргэн ухааны үгийн дагуу амьдарч байгаа ч эрүүл мэндийн асуудлуудтай тулгарвал ямар зарчмууд биднийг тайтгаруулж чадах вэ? Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгож та ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын байлдааны онгоцны нисгэгч болох сургалтад явсан туршлагаас хуваалцаж болно (“Тэвчээрээр үргэлжлүүл,” Ensign, May 2010, 58 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67-г үзнэ үү). Ангийн гишүүдийг энэ ярилцлагын үеэр хийхээр өдөөгдсөн нэг зүйлээ тунгаан бодоход урамшуулж, төрсөн сэтгэгдлээ бичих цагийг тэдэнд өг.
Тэргүүн Зөвлөл “хаант улсын түлхүүрүүдийг” атгадаг.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Тэргүүн Зөвлөлийн талаар суралцахын тулд гишүүдэд Сургаал ба Гэрээ 90:1–17-г судлахыг санал болгодог. Та ангийн гишүүдээс гэртээ энэ үйл ажиллагааг хийхдээ юу сурч мэдсэн талаар хуваалцахыг хүсэж болно эсвэл ангиараа эдгээр шүлгийг судалж болно. Ангийн гишүүд “Come, Listen to a Prophet’s Voice” (Hymns, д. 21) дууллаас эсвэл өөр дуунаас эдгээр шүлэг дэх заавартай холбоотой бошиглогчдын талаарх үгсийг олж болно. Тэргүүн Зөвлөлийн үйлчлэл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэдэхэд хэрхэн тусалсан бэ?
“Сүнс үнэнийг илэрхийлдэг.”
-
Өнөөгийн дэлхийд бид “олон зөв зүйл” болон “олон буруу зүйлийг” (1–2-р шүлэг) агуулдаг захиасуудыг сонсдог. Ангийн гишүүдийг харсан олон захиас дахь үнэнээ ялган танихад туслах Апокрифын талаарх зөвлөгөөг 91-р хэсгээс хайж олоход урь. Сүнс үнэнийг ялган танихад нь хэрхэн тусалсан талаар тэд ямар жишээг хуваалцаж чадах вэ?
Нэмэлт эх сурвалж
Мэргэн ухааны үг.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр ийн заажээ.
“Мэргэн ухааны үг нь ‘амлалт бүхий зарчмын тулд өгөгдсөн’ [Сургаал ба Гэрээ 89:3] болой. Уг илчлэлт дэх зарчим гэдэг үг маш чухал үг. Зарчим гэдэг нь мөнхийн үнэн буюу хувь хүмүүсийн шийдвэр гаргахдаа ашиглаж болох хууль дүрэм юм. Ерөнхийдөө зарчмыг илүү нарийвчлан сайн тайлбарлаагүй байдаг нь мөнхийн үнэн болоод зарчмыг өөрийн зангуу болгох арга замыг олохыг өөрт тань үлдээсэн юм.
“Сүмийн гишүүд энэ ч зүйл, тэр ч зүйл Мэргэн ухааны үгийн эсрэг эсэхийг асууж бичдэг. Цай, кофе, архи, тамхи үүний эсрэг гэдэг нь илэрхий байдаг. Үүнийг илүү нарийвчлан сайн тайлбарлаагүй юм. Гэхдээ бид энэ зарчмыг амлагдсан адислалуудтай нь хамт заадаг. Энэ илчлэлтэд дурдагдаагүй, бие болон сүнсний аль алиныг нь гэмтээх олон зуршил үүсгэгч, донтуулдаг зүйлс нь уудаг эсвэл зажилдаг, сордог эсвэл шахдаг байж болно.
Мэргэн ухааны үгийн зарчмыг хүндэл. Тэгснээрээ та нар амлагдсан адислалуудыг хүлээн авах болно” (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, May 1996, 17–18).