“8-р сарын 16–22. Сургаал ба Гэрээ 89–92: ‘Aмлалт бүхий зарчим,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 16–22. Сургаал ба Гэрээ 89–92,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
8-р сарын 16–22
Сургаал ба Гэрээ 89–92
“Амлалт бүхий зарчим”
Сургаал ба Гэрээ 89–92-ыг залбирч судлаад, хүлээн авсан бүх сүнслэг мэдрэмжээ бичиж тэмдэглэ. Суралцах үед хэрхэн “Сүнс үнэнийг илэрхийл[ж]” байгаад мэдрэмжтэй бай (Сургаал ба Гэрээ 91:4).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бошиглогчдын сургуульд бошиглогч Иосеф Смит нь Бурханы хаант улсыг дэлхий дээр байгуулах талаар Израилын ахлагчдад заадаг байжээ. Тэд сүнслэг үнэнүүдийг ярилцан, хамтдаа залбирч, мацаг барьж, сайн мэдээг номлоход бэлтгэгддэг байв. Гэхдээ тэдний суралцаж байсан орчин өнөөдрийн бидэнд хачин жигтэй санагдаж болох бөгөөд тухайн үед Эммад ч буруу мэт санагдсан байна. Цугларалтын үеэр эрчүүд тамхи татаж, зажилдаг байсан нь тухайн үед ердийн зүйл байсан ч энэ нь модон шалан дээр хар толбо үлдээж, агаарт муухай үнэр үлдээдэг байлаа. Эмма энэ талаарх сэтгэл зовнилоо Иосефтой хуваалцаж, Иосеф Бурханаас асуув. Үр дүнд нь тамхины утаа, толбоноос ч чухал зүйлсийн тухай илчлэлт иржээ. Энэ нь гэгээнтнүүдэд, дараа дараагийн хойч үеийнхэнд “амлалт бүхий зарчим” буюу бие махбодын эрүүл мэнд, “мэргэн ухаан” болон “мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийн” амлалтыг өгсөн юм (Сургаал ба Гэрээ 89:3, 19).
Мөн Гэгээнтнүүд, 1:166–168-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Мэргэн ухааны үг нь “Амлалт бүхий зарчим” юм.
Бошиглогчдын сургуулийн ахлагчид Иосеф Смит Мэргэн ухааны үгийг уншихыг анх удаа сонсоод, тэр даруй “гаансаа хаяж, зажилдаг шахмал тамхиа гал руу хийсэн” (Гэгээнтнүүд, 1:168). Тухайн үед Мэргэн ухааны үгийг зарлиг гэхээс илүүтэй сэрэмжлүүлэг гэж үздэг байсан ч, тэд дуулгавартай дагах хүсэлтэй байгаагаа харуулахыг хүсэж байв. Та Мэргэн ухааны үгийн сэрэмжлүүлсэн зүйлсийг амьдралаасаа “хаясан” байж болох юм. Та энэ илчлэлээс өөр юу сурч болох бэ? Дараах санааг авч үзнэ үү.
-
Урьд нь анзаараагүй эсвэл нэг их бодож байгаагүй үг хэллэгийг эрж хай. Та эдгээрээс юу ойлгож авч байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 89-д хэд хэдэн амлалт өгсөн байдаг (18–21-р шүлгийг үзнэ үү). Эдгээр амлалтыг ямар утгатай гэж та боддог вэ?
-
Энэ илчлэл нь Их Эзэний тухай танд юу заасан бэ?
-
“Хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа… хилэнц хийгээд бодлуудын” (4-р шүлэг) ямар ямар жишээг та харж байсан бэ?
-
Илчлэлийг зөвхөн хийх, хийхгүй байх зүйлсийн жагсаалт гэж биш, харин “амлалт бүхий зарчим” (3-р шүлэг) буюу шийдвэр гаргахад чиглүүлэн удирддаг мөнхийн үнэн талаас нь бодно уу. Та шийдвэрийг тань удирдан чиглүүлэх ямар зарчмуудыг олж мэдсэн бэ?
Орчин үеийн бошиглогчид Мэргэн ухааны үгэнд дурдсанаас өөр аюултай бодис, зан байдлын талаар сэрэмжлүүлсэн (“Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 25–27-г үзнэ үү). Та бие махбод, сэтгэл санаандаа илүү сайн анхаарал тавихын тулд юу хийхээр өдөөгдсөн бэ?
Мөн Даниел 1; 1 Коринт 6:19–20; Судруудын удирдамж, “Мэргэн ухааны үг,” topics.ChurchofJesusChrist.org; “The Word of Wisdom,” Revelations in Context, 183–191; addictionrecovery.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Тэргүүн Зөвлөл “хаант улсын түлхүүрүүдийг” атгадаг.
90-р хэсэгт Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон, Фредерик Г.Виллиамс нарт буюу одоо бидний нэрлэдгээр Тэргүүн Зөвлөлийн гишүүдэд “тохинуулал хийгээд ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн” (12-р шүлэг) талаар зааварчилгаа өгсөн. Та 1–17-р шүлгээс Тэргүүн Зөвлөлийн талаар юу мэдэж авдаг вэ? Тэргүүн Зөвлөлийн гишүүдийн сүүлд өгсөн захиасыг эргэн хар. Тэдний үгс хэрхэн танд “хаант улсын нууцуудыг нээ[ж]” өгдөг вэ? (14-р шүлэг). Тэд хэрхэн “энэ сүмийн хийгээд хаант улсын бүх ажил хэргийг цэгцэл[дэг]” вэ? (16-р шүлэг).
Мөн Хэнри Б.Айринг, “Дэмжих итгэлийн хүч,” Ensign, 58–60 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 71–73-ыг үзнэ үү.
“[Миний] сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно.”
Сургаал ба Гэрээ 90:24 дэх Их Эзэний амлалтыг гэрчлэх ямар нэгэн туршлагаа тунгаан бод. Туршлагуудаа бичиж тэмдэглэн, гэр бүлийн гишүүн болон хайртай хүндээ эсвэл баталгаа юм уу урам зоригийн үгс сонсох хэрэгтэй хэн нэгэнтэй хуваалц. Хэрэв танд авахыг хүсэн хүлээж байгаа адислал байдаг бол “та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах[ыг]” харахаар хүлээн, итгэлтэй хэвээр байхын тулд юу хийж чадахаа тунгаан бод.
Виенна Жак гэж хэн бэ?
Виенна Жак 1787 оны 6-р сарын 10-нд Массачусеттс мужид төрсөн. Нэлээн хөрөнгө чинээтэй, итгэлтэй эмэгтэй болох Виенна нь анх 1831 онд номлогчидтой уулзжээ. Тэдний захиас үнэн гэсэн сүнслэг гэрчлэлийг олж авсныхаа дараа тэрээр бошиглогчтой уулзахаар Огайогийн Көртланд руу явж, тэнд баптисм хүртсэн юм.
Виенна Сургаал ба Гэрээ 90:28–31 дээрх Их Эзэний түүнд өгсөн зөвлөгөөг дагасан байна. Их Эзэнд түүний өргөсөн өргөл, тэр дундаа Көртландад өмнө нь өгсөн хандив нь Сүмийн хувьд чухал цаг үед буюу удирдагчид Көртландын ариун сүм баригдах газрыг худалдан авах гэж байхад ирсэн. Виенна амьдралынхаа туршид “итгэлтэй байж,… залхуу” байгаагүй бөгөөд яваандаа Солт Лэйкийн хөндийд “амар амгаланд суурьшиж” (31-р шүлэг), тэндээ 96 насандаа өөд болжээ.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 89.Гэр бүлийн гишүүдэд Сургаал ба Гэрээ 89-д дурдсан хоол хүнс болон бусад зүйлийг зурах эсвэл зургийг нь олох сонирхолтой байж магадгүй. Дараа нь та нар ээлжлэн сохроор зураг сонгож, бидний хэрэглэх ёсгүй зүйлсийг хогийн саванд хийж, хэрэглэх ёстой зүйлсийг тавганд хийх тоглоом тоглож болно. 18–21-р шүлэг дэх ямар ямар амлалт бидний амьдралд биелсэн бэ?
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (25–27) товхимол дээрх “Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд” хэсгийг унших нь эрүүл мэнддээ анхаарах өөр арга замын талаар мөн Бурханы амласан адислалуудын тухай ярилцахад хөтөлж болно.
-
Сургаал ба Гэрээ 90:5.Та хэрхэн “Бурханы зөгнөлүүдийг [илчлэлүүд эсвэл бошиглогчид] хүлээн авдаг” талаар ярь. Бидний хувьд тэдгээр нь “хөнгөмсөг зүйл” биш гэдгийг бид хэрхэн харуулах вэ?
-
Сургаал ба Гэрээ 91.Та нар Апокрифын талаарх Их Эзэний зөвлөгөө нь (1–2-р шүлгийг үзнэ үү) өнөө үед гэр бүлүүдийн ашигладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн хамаатай болохыг ярилцаж болно (мөн Судруудын удирдамж, “Апокриф,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Та мөн “Сүнсээр гэгээрэх” (5-р шүлэг) нь хэрхэн үнэн, худлыг ялгаж чаддаг болоход тань тусалсан хувийн туршлагаа хуваалцаж болно.
-
Сургаал ба Гэрээ 92:2.Сүмийн “цог золбоотой гишүүн” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Их Эзэн надад ариун сүм өгсөн,” Хүүхдийн дууны ном, 73.