“8-р сарын 9–15. Сургаал ба Гэрээ 88: ‘Бурханы өргөөг байгуулагтун,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 9–15. Сургаал ба Гэрээ 88,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
8-р сарын 9–15
Сургаал ба Гэрээ 88
“Бурханы өргөөг байгуулагтун”
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Таныг гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад … таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно” хэмээн хэлсэн (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” Ensign, Nov. 2018, 113 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Заримдаа Их Эзэн бидэнд Өөрийн бошиглогчдод өгсөн илчлэлтээр дамжуулан хязгааргүй их “сүр жавхлан хийгээд сүр хүчээ” (Сургаал ба Гэрээ 88:47) зурвасхан харуулдаг. Сургаал ба Гэрээ 88 нь гэрэл, алдар суу, хаант улсын тухай илчлэлт бөгөөд үүний хажууд бидний эгэл амьдралын зовнил чухал биш юм. Бид Их Эзэний бидэнд зааж буй бүх зүйлийг ойлгохгүй байж болох ч мөнх байдал нь бидний одоо ойлгож чадахаас илүү утга учиртай зүйл болохыг юутай ч мэдэрдэг. Их Эзэн биднийг айлган сүрдүүлэх эсвэл дорд үзэхийн тулд эдгээр агуу их нууцыг яриагүй нь мэдээж. Чухамдаа Тэрээр “та нар бүр Бурханыг ойлгох өдөр ирэх болно” гэж амласан (49-р шүлэг; налуу бичилт нэмэгдсэн). Ийм агуу, эрхэм нандин зорилгын улмаас Их Эзэн Көртланд дахь гэгээнтнүүдийг Бошиглогчдын сургууль байгуулахад шавдуулсан байж болох юм. Тэрээр “Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; … Бурханы өргөөг байгуулагтун” гэж айлдсан (119-р шүлэг). Учир нь Тэрээр Бурханы ариун өргөөнд, гэр оронд маань өөр хаанахаас ч илүү мөнх бус дэлхийн дараах амьдралыг харах чадварыг өгч, “нүүрээ [бидэнд] харуулж,” “селестиел алдар сууг тэсэн гар[ахад]” биднийг бэлтгэдэг (68, 22-р шүлэг).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Аврагч бидэнд найдвар, амар амгаланг санал болгодог.
Дайн “бүх үндэстнүүд дээр юүлэгдэх” (Сургаал ба Гэрээ 87:2) болно гэсэн сэрэмжлүүлгээс хэдхэн өдрийн дараа, Иосеф Смитийн нэрлэснээр “Диваажингийн модноос таслан авсан ‘чидуны навч’ лугаа адил бидэнд хүрч ирсэн Их Эзэний амар амгалангийн захиас” хэмээсэн илчлэлтийг Их Эзэн өгчээ (Сургаал ба Гэрээ 88, хэсгийн тойм). Энэ илчлэлт нь амар амгалангийн уламжлалт билэг тэмдэг болох чидуны навчтай юугаараа адилхан бэ? (мөн Эхлэл 8:11-ийг үзнэ үү). Энэ хэсэгт байгаа ямар үнэн танд Христ дотор итгэл найдвар, амар амгаланг мэдрэхэд тусалдаг вэ?
Гэрэл болон хууль Есүс Христээс ирдэг.
Гэрэл ба хууль гэдэг үгс 88-р хэсэгт олон удаа давтагддаг. Өөр судруудад Есүс Христийг болон Түүний сайн мэдээг дүрслэхэд эдгээр үгийг ашигласан байдаг (жишээ болгон Исаиа 60:19; Иохан 1:1–9; 3 Нифай 15:9-ийг үзнэ үү). Та Сургаал ба Гэрээ 88:6–67 дээрх эдгээр үгийг олсон шүлгүүдийг тэмдэглэж эсвэл бичээд, Аврагч, гэрэл, хууль зэргийн талаар юу сурч мэдсэнээ бичиж тэмдэглэ. Эдгээр шүлэг нь илүү их итгэлээр гэрлийг хүлээн авч, “Христийн хуулиар” амьдрахын тулд өөрийн амьдралд өөрчлөлт хийхэд тань сүнслэгээр нөлөөлж магадгүй (21-р шүлэг).
Мөн Шэрон Юбанк, “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” Ensign, May 2019, 73–76 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–91-ийг үзнэ үү.
Хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ.
Бид зарим талаараа Их Эзэний “бүх зүйл үймээнд байх болно; мөн хүмүүний зүрх сэтгэл мохох нь гарцаагүй болно” (Сургаал ба Гэрээ 88:91) хэмээн дүрсэлсэн цаг үед амьдарч байна. Та 62–126-р шүлгийг уншихдаа Их Эзэний зөвлөгөө хэрхэн танд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах талаар бодож үз. Авч үзэх хэдэн асуултыг доор өгөв.
-
62–76-р шүлэг:Та эдгээр шүлгийн талаар тунгаан бодох үедээ Бурханд “ойр байхын” тулд юу хийхэд сүнслэгээр өдөөгдсөн бэ? (63-р шүлэг). Их Эзэний “өөрсдийгөө ариусга” гэсэн зарлиг таны хувьд ямар утгатай болохыг бодож үзээрэй (68-р шүлэг).
-
77–80, 118–126-р шүлгүүд.Сургаалын болон материаллаг зүйлс яагаад хоёулаа “та нарын ойлголтод шаардлагатай” байж болох вэ? (78-р шүлэг). “Суралцахыг эрэлхийлэх” гэсэн зөвлөгөөг та хэрхэн дагаж байгаа вэ? (118-р шүлэг). Та нар “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцах гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ?
-
81–116-р шүлэг.Эдгээр шүлэгт байгаа Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх бошиглолуудыг тэмдэглэж авахыг бодоорой. Яагаад Их Эзэн танаас эдгээр зүйлийг мэдээсэй гэж хүсдэг гэж та бодож байна вэ?
-
117–126-р шүлэг.Эдгээр шүлгийг уншихдаа ариун сүмийн талаар бодохыг хичээ. Их Эзэний өргөөнд ороход бэлтгэхэд тань туслах юуг та эндээс олсон бэ?
Мөн Д.Тодд Кристоффэрсон, “Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь,” Ensign, May 2019, 81–84 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98–102; David A. Bednar, “Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 61–68; Гэгээнтнүүд, 1:164–166; “A School and an Endowment,” Revelations in Context, 174–182-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 88:14–33, 95–101.Бид эдгээр шүлгээс Амилалтын тухай юу ойлгож мэдэх вэ? Бидний хийдэг сонголтуудад эдгээр үнэн хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 88:33.Та гэр бүлийн гишүүдээсээ баярлаж юм уу сэтгэл дундуур хүлээн авсан бэлгүүдийнхээ талаар ярилцахыг хүссэнээр энэ шүлгийн талаарх ярилцлагаа эхлүүлж болно. Бид Их Эзэний бидэнд өгдөг селестиел алдар суугийн бэлэгт баясаж байгаагаа Түүнд хэрхэн харуулах вэ? Бид “уг бэлгийг өгөгчид” хэрхэн баясаж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 88:63, 68.Эдгээр шүлэг дэх захиасыг хүүхдүүддээ заах бүтээлч арга замыг бодож олоход тань сүнслэгээр нөлөөлөх үйл үгс энэ шүлгүүдэд орсон. Жишээ нь, та “намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно” гэсэн үг хэллэгийг ярилцахдаа нуугдаж тоглож болох юм (63-р шүлэг; налуу бичилт нэмэгдсэн).
-
Сургаал ба Гэрээ 88:81.Гэр бүлээрээ гэр доторх болон гэрийнхээ эргэн тойронд байх эм тан дээрх сэрэмжлүүлсэн анхааруулга юм уу жолоочдод зориулсан замын хөдөлгөөний тэмдгүүд гэх мэт сэрэмжлүүлсэн тэмдгүүдийг олж тогтоо. Эдгээр сэрэмжлүүлэг бидэнд хэрхэн тусалдаг вэ? Тэнгэрлэг Эцэг биднээс юуны талаар “хөршөө сэрэмжлүүлэхийг” хүссэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 88:119.Гэр орноо 119-р шүлэгт дүрсэлсэнтэй адил болгоход гэр бүлийнхнээ урамшуулахын тулд дараах аргыг хэрэгжүүлээд үз. Энэ шүлэгт байгаа үг хэллэгийг нарийхан цаасан дээр бичээд, уг цааснуудаар ариун сүмийн зургийг халхал. Сургаал ба Гэрээ 88:119-ийг хамтдаа уншаад, шүлэгт байгаа холбогдох үг хэллэгийг сонсонгуут гэр бүлийн гишүүдээр нарийн цаасыг нь хуулж авахуул. Бид гэр орноо “Бурханы өргөө” болгохын тулд юу хийж болох вэ? (119-р шүлэг).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Nearer, My God, to Thee,” Hymns, no. 100.