Сургаал ба Гэрээнүүд 2021
f8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87: “Ариун газруудад зогсогтун та нар”


“8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87: ‘Ариун газруудад зогсогтун та нар,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Ариун сүм рүү алхаж буй гэр бүл

8-р сарын 2–8

Сургаал ба Гэрээ 85–87

“Ариун газруудад зогсогтун та нар”

85–87-р хэсэгт байгаа, энэ тоймд онцлон авч үзээгүй зарчмуудыг судлахад Ариун Сүнс таныг хөтөлж магадгүй. Түүний өдөөлтүүдийг дага.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Христийн мэндэлсэн өдөр нь ихэнхдээ “доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” (Лук 2:14) гэх мэт захиасуудын талаар тунгаан бодох цаг үе байдаг. Гэвч 1832 оны 12-р сарын 25-ны өдөр Иосеф Смитийн оюун санаа дайны аюулын талаарх бодлоор дүүрсэн байжээ. Өмнөд Каролина муж Нэгдсэн Улсын засгийн газрыг эсэргүүцэж, дайтахаар бэлтгэж байв. Энэ бүхэн зөвхөн эхлэл болохыг Их Эзэн Иосефт илчилж, “Дайн бүх үндэстнүүд дээр юүлэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 87:2) хэмээн тунхагласан. Энэхүү бошиглол тун удалгүй биеллээ олох юм шиг санагдаж байлаа.

Гэвч тийм байсангүй. Хэдхэн долоо хоногийн дотор Өмнөд Каролина муж Нэгдсэн Улсын засгийн газартай тохиролцоонд хүрч, дайн гарахаас сэргийлж чадсан юм. Гэхдээ илчлэлт үргэлж бидний бодсон цагт эсвэл бодсон арга замаар биелдэггүй. Бараг 30 жилийн дараа, Иосеф Смит амиа алдаж, гэгээнтнүүд өрнөд нутаг руу нүүснээс бүр хойно, Өмнөд Каролина мужид бослого гарч, иргэний дайн дэгдсэн юм. Тэр цагаас хойш дэлхий даяарх дайн дажин “дэлхийг гашуудахад” (Сургаал ба Гэрээ 87:6) хүргэсэн билээ. Уг бошиглол эцэст нь биелсэн ч энэхүү илчлэлтийн үнэ цэн тохиох гай гамшгийг урьдчилан хэлэхэд биш, харин гай гамшиг тохиоход юу хийхийг заахад оршдог юм. Өгсөн зөвлөгөө нь 1831, 1861, 2021 онд ч хэвээр бөгөөд “Ариун газруудад зогсогтун, мөн бүү шилжин нүүлгэгд” (8-р шүлэг).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 85:1–2

“Түүхээ хөтлөх” нь сайн хэрэг юм.

1-р шүлэгт дүрсэлсэн “түүхэнд” Сионд “өвийг хууль ёсны дагуу хүлээн ав[сан]” хүмүүсийн нэрийг бичсэн байдаг (мөн Сургаал ба Гэрээ 72:24–26-г үзнэ үү). Хэдий тийм боловч энэ түүх захиргааны талаас гадна гэгээнтнүүдийн “амьдрал, тэдний итгэл, мөн ажлуудын хэв маягийн” (2-р шүлэг) талаар үнэ цэнтэй бүртгэл юм.

Та хувийн түүх эсвэл тэмдэглэлээ хөтөлдөг үү? Та өөрийн амьдрал, итгэл, ажлын хэв маягийн талаар юу бичвэл ирээдүй хойч үеийнхэнд адислал болох вэ? Энэ түүх таны хувьд хэрхэн адислал байж болох вэ?

Мөн “Journals: ‘Of Far More Worth than Gold,’” Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2011), 125–133; “Turning Hearts” (video, ChurchofJesusChrist.org)-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 85:6

Ариун Сүнс “намуухан аниргүй дуу хоолойгоор“ ярьдаг.

Иосеф Смитийн Сургаал ба Гэрээ 85:6-д Сүнсийг дүрслэхдээ ашигласан үгсийг тунгаан бод. Сүнсний дуу хоолой ямар утгаараа “намуухан” бөгөөд “аниргүй” байдаг вэ? Таны амьдралыг “цоо хатгадаг” ямар ямар зүйлс байдаг вэ?

Сүнс танд хандан хэрхэн ярьдгийг бодохдоо Иосеф Смитээр өгөгдсөн дараах дүрслэлүүдийг эргэцүүлэн бод. Үүнд: Сургаал ба Гэрээ 6:22–24; 8:2–3; 9:7–9; 11:12–13; 128:1. Уншсан зүйл дээрээ үндэслэхэд, Сүнсний дуу хоолойг илүү сайн ойлгодог болохын тулд та юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Мөн 1 Хаад 19:11–12; Хиламан 5:30-ийг үзнэ үү.

Судраас суралцаж буй эмэгтэй

Судруудыг судлах нь бидэнд Ариун Сүнсийг сонсоход тусалдаг.

Сургаал ба Гэрээ 86

Эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүс цугларна.

Сургаал ба Гэрээ 86:1–7-д Их Эзэний улаан буудай хийгээд зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн талаарх тайлбарыг Матай 13:24–30, 37–43 дээрхээс арай өөрөөр онцлон тайлбарласан байдаг. Та энэ хоёр судрыг харьцуулаад ямар ямар ялгааг олж харсан бэ? Яагаад энэ сургаалт зүйрлэлийг эдгээр ялгаатай нь хамт “эцсийн өдрүүдэд, бүр эдүгээ” (Сургаал ба Гэрээ 86:4) ахин давтан хэлэх нь чухал болохыг эргэцүүлэн бод. Та энэхүү сургаалт зүйрлэл болон үүний хожмын өдрүүдийн тайлбараас юу сурч болох вэ?

8–11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн дараа нь санваар, сэргээлт, Өөрийн хүмүүсийн авралын талаар ярьсан. Эдгээр шүлэг болон улаан буудай, зэрлэг өвсний сургаалт зүйрлэл хоёрын хоорондын ямар ямар холбоог та харж байна вэ? Та хэрхэн “[Их Эзэний] хүмүүст аврагч” нь байж болох вэ? (11-р шүлэг).

Мөн Судруудын удирдамж, “Урвалт,” “Санваарын сэргээлт,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 87

“Ариун газруудад” амар амгалан оршдог.

Энэ илчлэлтэд “цус урсгалт… [болон] өлсгөлөн, мөн тахал, мөн газар хөдлөлт” (Сургаал ба Гэрээ 87:6) гэх мэтийн бодит аюулаас гадна хожмын өдрүүдэд бидэнд учрах сүнслэг аюулын талаар зөвлөсөн байдаг. Танд ямар ямар амар амгалан, аюулгүй “ариун газрууд” (8-р шүлэг) байдаг вэ? Тухайн газрыг юу ариун болгодог вэ? Бодит байршлаас гадна ариун цаг мөч, ариун зан үйл, ариун бодол санаа нь амар амгаланг өгч болно. Эдгээр газраас “бүү шилжин нүүлгэгд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Түүнчлэн Хэнри Б.Айринг, “Их Эзэний Сүнс оршдог гэр орон,” Ensign, May 2019, 22–25 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–27; Гэгээнтнүүд, 1:163–164; “Peace and War,” Revelations in Context, 158–164-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 85:6.Та гэр бүлийнхэндээ Сүнсний намуухан аниргүй дуу хоолойг таньж мэдэхийг хэрхэн зааж болох вэ? Та нар мөн хэн нэг нь анхаарал сарниулам чимээ шуугиантай үед чухал зааврыг шивнэж хэлэх тоглоом тоглож болно. Ариун Сүнсийг сонсоход бидэнд юу саад болж болох вэ? Гэр бүлийн гишүүд Сүнсний дуу хоолойг сонсохын тулд юу хийдгээ хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 86.Зураг зурах юм уу харах нь улаан буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг ойлгоход танай гэр бүлд тусалж болох юм. Та Матай 13:24–30-д дүрсэлсэн зүйлсийн зургаас эхлэх нь дээр байх. Дараа нь танай гэр бүлийнхэн тухайн зургуудыг Сургаал ба Гэрээ 86:1–7 дээрх тайлбараар нэрлэж болох юм. Бид улаан буудайтай юугаараа адил байдаг вэ? Бид улаан буудай цуглуулагч тэнгэр элчтэй хэрхэн адил байж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 87:8.Гэр орноо илүү ариун газар болгох тухай ярилцлагыг эхлүүлэхдээ, та Аврагчид хайртай хэн нэгний гэр орныг зохион бүтээхэд гэр бүлийн гишүүдээ урь. Энэ ярилцлага нь хэрхэн гэр орноо “эмхлэн байгуулж,” дэлхий дээрх сүнслэг аюулын дундах амар амгалангийн газар болгох талаар санаа өгч магад. “Гэр бүлийн хайр,” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 44) эсвэл “Хайр байх газар” (Хүүхдийн дууны ном, 76–77) гэх мэт дуунууд танд санаа өгч болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хайр байх газар,” Хүүхдийн дууны ном, 76–77.

Заах чадвараа сайжруулах

Бүтээлч чадвараа ашигла. Та судраас гэр бүлийнхэндээ заахдаа, энэхүү тоймд санал болгосон асуулт, үйл ажиллагааны санаануудад баригдах хэрэггүй. Эдгээр санааг ашиглан, бүтээлч сэтгэлгээгээр ханд. Гэр бүлийнхэнд тань юу таалагдахыг мөн тэдэнд судрууд болон тэдний амьдралын хоорондох холбоог олоход юу туслах талаар бод.

Буудайн талбай

Их Эзэн эцсийн өдрүүдэд хүмүүсээ хэрхэн цуглуулахаа харуулахын тулд улаан буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг ашигласан.