Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84: “Бурханлиг чанарын хүч”


“7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84: ‘Бурханлиг чанарын хүч,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Иосеф Смит Мелкизедик санваар хүртсэн нь

Сэргээлт, Лиз Лэмон Свиндл

7-р сарын 26-аас 8-р сарын 1

Сургаал ба Гэрээ 84

“Бурханлиг чанарын хүч”

Та Сургаал ба Гэрээ 84-ийг уншихдаа, “Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдрах ёстой” гэсэн зөвлөгөөг тунгаан бод (44-р шүлэг). Та хэрхэн энэ илчлэлтийн үгээр амьдрах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

1829 онд санваар сэргээгдсэнээс хойш хожмын үеийн гэгээнтнүүд тэрхүү ариун нандин хүчээр адислагдсан. Тэд өнөөгийн бидэнтэй адилаар санваарын эрх мэдлээр баптисм хүртэж, гишүүнээр батлагдаж, үйлчлэхээр дуудагдсан юм. Гэхдээ санваарын хүчийг ашиглах боломж нь энэ нь юу болохыг бүрэн дүүрэн ойлгохоос өөр бөгөөд Бурхан Өөрийн гэгээнтнүүдийг үүнээс илүү их зүйлийг, ялангуяа ариун сүмийн ёслолуудын сэргээлттэй холбоотой зүйлсийг ойлгоосой гэж хүсэж байв. Санваарын тухай 1832 оны илчлэлт буюу одоогийн Сургаал ба Гэрээ 84 нь санваар гэж яг юу болох талаарх гэгээнтнүүдийн ойлголтын хүрээг тэлсэн юм. Энэ нь өнөөдөр ч гэсэн бидний ойлголтыг нэмэгдүүлдэг. Эцсийн эцэст “Бурханы мэдлэгийн түлхүүрийг” атгадаг, “бурханлаг чанарын хүчийг” илэрхийлдэг, “Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж, мөн амьд[рахад]” биднийг бэлтгэдэг энэхүү тэнгэрлэг хүчний талаар сурах зүйл асар их байдаг (19–22-р шүлэг).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 84:1–5, 17–28

Би Бурханы санваарын хүч, адислалаас хүртэх боломжтой.

Санваар гэсэн үгийг бодоход таны санаанд юу орж ирдэг вэ? Та санваарын болон өдөр тутмын амьдралд тань үзүүлдэг үүний нөлөөний талаар хэр их боддог вэ? Эдгээр асуултыг тунгаан бодсоныхоо дараа Сургаал ба Гэрээ 84:1–5, 17–28-ыг судлаад, Их Эзэн танаас санваарын хүчнийх нь талаар юу мэдээсэй гэж хүсэж байгааг бодоорой. Та хэн нэгэнд санваар болон үүний зорилгыг тайлбарлахдаа энэ шүлгүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?

Та мөн оролцож байсан санваарын ёслолуудаа тунгаан бодож болно. Та тэдгээрт хэрхэн “бурханлиг чанарын хүч” (20-р шүлэг) илэрхийлэгдэж байгааг харж байсан уу? Их Эзэн танаас Өөрийнх нь хүчнээс илүү ихийг хүлээн авахын тулд юу хийгээсэй гэж хүсдэг талаар бодож үз.

Мөн M. Russell Ballard, “Men and Women and Priesthood Power,” Ensign, Sept. 2014, 28–33; Судруудын удирдамж, “Санваар,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 84:31–42

Хэрэв би Их Эзэнийг болон Түүний үйлчлэгчдийг хүлээн авбал Эцэгт байгаа бүхнийг хүлээн авна.

Ахлагч Пол Б.Пайпер “Санваарын тангараг болон гэрээнд [Сургаал ба Гэрээ 84:31–42] Их Эзэн хүртэх ба хүлээн авах гэдэг үйл үгийг ашигласан нь сонирхолтой юм. Тэр томилох гэсэн үгийг хэрэглээгүй билээ. Ариун сүмд эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа Аароны болон Мелкизедек санваарын аль алиных нь адислал хийгээд хүчээс хүртэн, хүлээн авах боломжтой байдаг” гэж заажээ (“Revealed Realities of Mortality,” Ensign, Jan. 2016, 21).

Та Сургаал ба Гэрээ 84:31–42-ыг судлахдаа, “хүртэх” ба “хүлээн авах” гэсэн үгсийг хай. Энэ агуулгын хүрээнд эдгээр нь ямар утгатай болохыг тунгаан бод. Та Их Эзэнийг болон Түүний үйлчлэгчдийг хэрхэн “хүлээн авч байгаа” вэ?

Мөн та эдгээр шүлэгт байгаа Бурханы “зөрчиж ч үл болох” санваарын тангараг, гэрээтэй холбоотой амлалтад анхаарч болно (40-р шүлэг). Эцэгт болон Түүний үйлчлэгчид мөн санваарын хүчийг хүлээн авахад илүү итгэлтэй байхад юу танд урам зориг өгдөг вэ?

Түүнчлэн Судруудын удирдамжаас “Гэрээ,” “Тангараг,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 84:43–58

Би Христийн үгсэд анхаарч, Түүний Сүнсийг сонссоноор Түүнд ирдэг.

Судар болон бошиглогчдын үгсийг тогтмол унших нь хийвэл зохих сүнслэг зүйлсийн жагсаалтдаа хийсэн гэж тэмдэглэхээс илүү утга учиртай юм. Яагаад Бурханы үгийг тогтмол судлах хэрэгтэй болохыг ойлгоход туслах ямар ямар үнэнийг та Сургаал ба Гэрээ 84:43–58-аас олж мэдсэн бэ? Эдгээр шүлэгт гэрэл болон харанхуйг эсрэг тэсрэг байдлаар дүрсэлснийг анхаар. Таны “Мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавих” нь хэрхэн таны амьдралд гэрэл, үнэн, “Есүс Христийн Сүнсийг” авчирсан бэ? (43, 45-р шүлгүүд).

Түүнчлэн 2 Нифай 32:3; “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 125–135-ыг үзнэ үү.

Судраас суралцаж буй эмэгтэй

Судрыг судлах нь надад Сүнсний нөлөөг мэдрэхэд тусалдаг.

Сургаал ба Гэрээ 84:62–91

Намайг Их Эзэнд үйлчилж байхад Тэрээр надтай хамт байх болно.

Та эдгээр шүлгийг уншихдаа, Өөрийн төлөөлөгч, номлогчдыг дэмжинэ хэмээн Их Эзэний хэлсэн арга замуудыг олж мэд. Энэ амлалтууд нь Түүний танаас хийгээсэй гэж хүссэн ажилтай хэрхэн холбогдож болох вэ? Жишээ нь, 88-р шүлэг дээрх амлалтууд таны амьдралд хэрхэн биелсэн бэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 84:6–18.Та Мосег санваарын эрх мэдлээ хэрхэн хүлээн авсан талаар уншсаныхаа дараа, өөрийн гэр бүлийн санваартан эсвэл тохинуулагч ахын санваарын албанд томилогдсон туршлагаас хуваалцаж болох юм. Боломжтой бол тэр өөрийн санваарын эрх мэдлийн шугамын талаар хуваалцаж бас ярилцаж болно. Яагаад бид өнөө үед Сүмийн санваарын эрх мэдлийг эрт дээр үед байсан Есүс Христийн эрх мэдэлтэй холбох нь чухал вэ? Санваарын эрх мэдлийн шугамаа авахыг хүсвэл lineofauthority@ChurchofJesusChrist.org руу э-мэйл илгээнэ үү.

Сургаал ба Гэрээ 84:20–21.Танай гэр бүл баптисм, ариун ёслол зэрэг ёслолоор дамжуулан “бурханлиг чанарын хүчийг” хүлээн авснаа хэзээ мэдэрсэн бэ? Эдгээр ёслол Бурханы хүчийг бидний амьдралд хэрхэн авчирдаг талаар та ярьж болно. Та мөн ариун сүмийн зураг үзүүлээд, ариун сүмийн ёслолууд Аврагчтай адилхан болох нэмэлт хүчийг бидэнд хэрхэн өгдөг талаар ярилцаж болох юм. “Санваарыг сэргээлээ” (Хүүхдийн дууны ном, 60) гэх мэт санваарын тухай дууг дуулж, уг дуу санваарын талаар юу зааж байгааг ярилц.

Сургаал ба Гэрээ 84:43–44.Та нар хамтдаа хоол эсвэл амттан хийж, орц бүрийг 44-р шүлэг дээрх үг хэллэгээр хаяглаж болно. Яагаад орц бүрийг ашиглах нь бидэнд чухал байдаг вэ? Яагаад Бурханы үг бүрээр амьдрах нь чухал вэ?

Сургаал ба Гэрээ 84:98–102.Бид Есүс Христийн тухай юуг эдгээр шүлэгт байгаа “шинэ дуунаас” (98-р шүлэг) мэдэж авдаг вэ? Бид энэ дуунд дүрсэлсэн шаардлагыг бүрдүүлэхэд туслахын тулд юу хийж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 84:106–110.Гэр бүл маань “гишүүн бүрийн” бэлэг, хичээл зүтгэлээр хэрхэн “хамтдаа сэнхэрч” байдаг вэ? (110-р шүлэг).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Санваар сэргээгдлээ,” Хүүхдийн дууны ном, 60. Мөн “Гэр бүлээрээ судар судлахаа сайжруулах санаанууд”-ыг үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Үйлдэхэд урьж, урилгын дагуу үйлдсэн эсэхийг нь эргэн шалга. Та гэр бүлийнхнийгээ сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд урихдаа сайн мэдээний тухай ярихаас гадна үүний дагуу амьдрах ёстой гэдгийг тэдэнд харуул. Сургаал ба Гэрээ 84-өөс сурсан ямар зүйлийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урьж болох вэ?

Италийн Ром ариун сүм

Италийн Ром ариун сүм