“10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123: ‘Ай Бурхан минь, Та хаана байна вэ?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
10-р сарын 18–24
Сургаал ба Гэрээ 121–123
“Ай Бурхан минь, Та хаана байна вэ?”
Заахад бэлтгэх хамгийн сайн арга зам бол судруудыг уншиж, өөрийн заадаг хүмүүсийн талаар бодон, Сүнсийг дагах явдал юм. Энэхүү тоймд орсон үйл ажиллагаанууд таны хүлээн авах сүнсний өдөөлтөд тус нэмэр болж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг зовж байгаа хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэх нэг захиасыг Сургаал ба Гэрээ 121–123 дээрээс сонгоход урь. Тэднээс яагаад үүнийг сонгосныг нь тайлбарлуул.
Сургаалыг заа
Сургаал ба Гэрээ 121:1–33; 122
Хэрвээ бид өөрсдийн зовлон бэрхшээлийг дажгүй давах юм бол Бурхан биднийг дээдэд өргөмжилнө.
-
Өөрсдийн туулж байгаа хэцүү зовлон бэрхшээлээс болж Сургаал ба Гэрээ 121:1–6 дээр Иосеф Смитийн өгүүлсний адил бодолтой байгаа гишүүд танай ангийнхны дотор байж магадгүй. Эдгээр шүлгийг хамтдаа уншсаныхаа дараа, та ангийн гишүүдийг бэрхшээл зовлонг туулах үед найдвар, тайвшрал өгдөг захиасуудыг 7–33-р шүлэг дээрээс олж хуваалцахад урьж болно. 8-р шүлэг дээрх “дажгүй давах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Аврагч бидэнд хэрхэн дажгүй давахад тусалдаг вэ? Бид нэг нэгэндээ дажгүй давахад нь хэрхэн тусалж чадах вэ?
-
Зовлон бэрхшээлүүд хэрхэн “[бидэнд] туршлага суулгах” бөгөөд “[бидний] сайн сайхны төлөө” (Сургаал ба Гэрээ 122:7) байх талаар бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд, та тэдэнд хуудас цаас өгөөд, өөрсдийн туулсан бэрхшээлийг бичихийг хүсэж болно. Ангийн гишүүд хуудасны нөгөө талд “туршлага” ба “сайн сайхан” гэж бичиж болно. Та нар хамтдаа Сургаал ба Гэрээ 122-ыг ярилцах үедээ, ангийн гишүүдийг зовлон бэрхшээлийнхээ “нөгөө тал” буюу өөрсдийн олсон “туршлага” эсвээс “сайн сайхны” талаар төрсөн бодлоо бичиж авахад урамшуул. Ангийн тань зарим гишүүн туулсан зовлон бэрхшээл нь хэрхэн тэдний сайн сайхны төлөө болж дууссан талаар хуваалцахыг хүсэж байж болох юм. Эсвэл тэд ахлагч Коичи Аояагийн “Зам дээрээ зогсогтун” хэлсэн үгэн дээрх түүний туршлагыг уншиж болно (Ensign, Nov. 2015, 126–128 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123–125).
Бид “тэнгэрийн хүчнүүдийг” авахын тулд зөв шударга байх ёстой.
-
Дэлхийд “нөлөөлөх хүчийг” хэрхэн хадгалдаг ба үүнийг Их Эзэн хүч буюу нөлөө нь хэрхэн хадгалагддаг талаар юу гэж заасантай харьцуулан үзэх нь сонирхолтой байж болно (121-р хэсгийг үзнэ үү). Энэ ярилцлагад туслахын тулд та самбарт хоёр баганатай хүснэгт зурж, Дэлхийн хүч ба Тэнгэрийн хүчнүүд гэж гарчиглаж болно. Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 121:34–46 дээрх үгсээр хүснэгтийг бөглөж болно. Эдгээр шүлэг нь бид өөрсдийн гэр бүл дэх, тохинуулагч ах эгч нарын хувьд, эсвэл бидний бусдад сайнаар нөлөөлөхийг хүсэж байгаа нөхцөл байдалд үүрэг хариуцлагаа олж харах хандлагыг маань хэрхэн өөрчилж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 121:45–46 дээрх зөвлөгөө болон гайхалтай адислалуудын талаар ярилцах нэг арга зам бол ангийнхныг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрийг эдгээр шүлэг дэх “бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг” эсвэл “тэнгэрээс буух шүүдэр лугаа адил” гэх мэт үгсийг судалж, ярилцахыг хүсэх явдал юм. Тэд эдгээр үгийн тодорхойлолтыг харж, зүүлт тайлбар дахь холбоотой судруудыг уншиж, бас эдгээр үг өөрсдөд нь ямар утга учиртай талаар ярилцаж болно. Зарим бүлэг өөрсдийн үгсийг дүрслэн үзүүлэхийн тулд зураг зурахыг хүсэж болох юм. Олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад бүлэг бүрийг урь.
Есүс Христ бүх зүйлээс доош буусан бөгөөд биднийг зовлон бэрхшээл дунд маань хүчирхэгжүүлдэг.
-
Есүс Христ “тэд[ бүгдэд] доош бууж ирсэн” гэдгийг ойлгох нь ангийн гишүүдэд Түүнд хандах итгэлийг өгч чадна. Дараах нэмэлт судрууд эдгээр үг ямар утгатайг тайлбарлахад тусалж чадна. Үүнд: Исаиа 53:3–4; Еврей 2:17–18; 1 Нифай 11:16–33; Алма 7:11–13. Ангийн гишүүд дээрх шүлгүүдийг болон Сургаал ба Гэрээ 122:8-ыг уншиж, Есүс Христ зовлон бэрхшээлийг туулах явцад өөрсдөд нь тусалж чадна гэдэг итгэлийг нь бататгах зүйлийг олж болно. Түүнчлэн тэд Аврагчийн тухай “Where Can I Turn for Peace?” (Hymns, no. 129) гэх мэт дууллаар сүнслэгээр өдөөгдөж болно.
-
“Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдэл Аврагч хэрхэн бүх зүйлийн доогуур бууж ирсэн талаар нэмэлт ойлголт өгдөг. Та хүнд зүйлийн “доор” байх нь хэрхэн биднийг “[үүнийг] өргөх төгс байрлалд” оруулдаг гэдгийг харуулах арга замыг бодож олж болох юм. Аврагч бүх зүйлийн доогуур буусан гэдгийг мэдэх нь зовлон бэрхшээлийг туулж байхад маань бидэнд хэрхэн тусалж байсан бэ?
Нэмэлт эх сурвалж
Христ бүх зүйлийн доор бууж ирсэн.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс энэ талаар “Зовлон шаналлаасаа салахын тулд Бурханд хандан залбирдаг, Бурханаас эмээдэг сая сая хүн байдаг. Бидний Аврагч Өөрийгөө ‘бүх зүйлийн доор бууж ирсэн’ (С& ба Г 88:6) хэмээн илчилсэн. Ахлагч Нийл А.Максвэлл ‘Тэрээр ‘бүх зүйлийн доор бууж ирсэн’ учраас хүмүүний зовж шаналах бүхий л замыг төгс байдлаар зөвхөн ганцаараа ойлгож, ухаарч байсан’ хэмээн заажээ [Ensign, Nov. 1997, 23]. Тэрээр бүхнээс доогуур буусан учраас зовлон шаналлаа даван туулахад хэрэгтэй хүч чадлыг бидэнд өгөхийн төлөө мөн биднийг өргөхийн тулд төгс байдлаар байр сууриа эзэлсэн хэмээн бид хэлж болох юм” хэмээн заасан (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” Ensign, Nov. 2015, 64 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 53).