“10-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 124: ‘Миний нэрэнд байр бариг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“10-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 124,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
10-р сарын 25–31
Сургаал ба Гэрээ 124
“Миний нэрэнд байр бариг”
Биднийг заах үед Сүнс бидний санаанд зарчмуудыг сануулж болохын тулд (Иохан 14:26-г үзнэ үү) бид тэдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, тунгаан бодох ёстой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 124 дээрээс олсон, сайн мэдээний аль нэг зарчмыг шинэ өнцгөөс бодоход хүргэсэн аливаа нэг зүйлийг хуваалцахад урих талаар бодож үз. Тэд мэдэрч, бодож, амьдрах замыг нь өөрчилсөн юуг хувиараа юм уу гэр бүлээрээ уншсан бэ?
Сургаалыг заа
Их Эзэн үнэнч шударгад баясдаг.
-
124-р хэсэгт Их Эзэн Хайрум Смит, Жорж Миллер хоёрыг үнэнч шударга байдлынх нь төлөө магтдаг. Энэ шинж чанарыг илүү гүн гүнзгий судлахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Сургаал ба Гэрээ 124:15, 20-ийг уншаад, эдгээр шүлгээс үнэнч шударга байдлын талаар юу сурч мэдсэнээ тунгаан бодоход урьж болно. Бид Судруудын удирдамж дээрх “Зарчимч байдал” гэдэг үгийн доор жагсаасан судруудаас (scriptures.ChurchofJesusChrist.org) эсвэл ахлагч Ричард Ж.Мэйнсийн “Бурханы болон гэр бүлийнхээ итгэлийг олж авах нь” хэлсэн үгээс өөр юу ойлгож мэдэж чадах вэ? (Ensign, Nov. 2017, 75–77 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 68). Ангийн гишүүд өөрсдийн таньдаг, үнэнч шударга хүмүүсийн жишээнээс хуваалцаж болох юм. Яагаад үнэнч шударга байдал үнэ цэнтэй шинж чанар вэ?
Сургаал ба Гэрээ 124:22–24, 60–61
Их Эзэн биднээс бусдыг хүлээн авч, хүлээн зөвшөөрөхийг хүсдэг.
-
Науву өргөөний талаарх Их Эзэний дүрслэлээс ангийн тань гишүүд хожмын үеийн гэгээнтэн биш эсвэл Сүмээс холдсон хүмүүстэй харилцахад туслах зүйлийг мэдэж авч болох юм. Та самбарт байшин зурж, ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 124:22–24, 60–61-ийг уншаад, Науву өргөөний зорилгыг дүрсэлсэн Их Эзэний үгсийг эрж хайхад урьж болно. Тэгээд тэд уг байшинг тойруулан, эдгээр үгийг бичиж болно. Эдгээр үгийг Есүс Христийн Сүмд хэрхэн хамаатуулж болох вэ? Бид тойрогтоо мөн гэр орондоо энэхүү халуун дотно хүлээн авах уламжлал бий болгохын тулд юу хийж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 124:25–45, 55
Биднийг ариун нандин ёслолуудыг хүлээн авах боломжтой байгаасай гэсэндээ Их Эзэн ариун сүм барихыг бидэнд зарлигладаг.
-
Ангийн гишүүдийг 1841 онд Наувуд амьдарч байгаа бөгөөд Науву ариун сүмийг барилцаж байхад нэг найз нь “Бид яагаад ариун сүмүүдийг зогсолтгүй барьж байгаа юм бэ?” гэж асууж байгаагаар төсөөлүүлж болох юм. Бид энэ найздаа юу гэж хэлэх вэ? Санаа олж авахын тулд ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 124:28–30, 37–42, 55-ыг үзэж болно. Ангийн зарим гишүүн эдгээр шүлэгт дурдсан ёслолуудын тухай мэдэхгүй бол эдгээр ёслолын зорилго, адислалуудын талаар дүрслэн ярихыг бодож үз. Ариун сүмийн гадна юуны талаар чөлөөтэй ярьж болох талаарх удирдамжийг болон ангид үзүүлж болох ариун сүмийн зургуудыг олохын тулд temples.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.
Их Эзэн Өөрийнх нь зарлигуудыг сахихыг хичээдэг тэднийг адислах болно.
-
Гэгээнтнүүд Жаксон гүнлэгт ариун сүм барихаар зарлигдуулсан боловч “дайснууд нь саад учруулсан” (Сургаал ба Гэрээ 124:51). Их Эзэн энэ нөхцөлийг дурдсан 49–55-р шүлэгт Бурханы зарлигуудыг сахихыг хүсдэг боловч гэр бүлээс эсвэл өөр бусад нөхцөл байдлаас болж саад бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүст бататгах захиас байж болох юм. Та эдгээр шүлгийг ангийн гишүүдтэй хамт уншаад, хүмүүс өөрсдийн хянаж чадахгүй нөхцөл байдлаас болж зөв шударга хүслээ гүйцэлдүүлж чадахгүй байж болох тийм нөхцөл байдлуудын талаар бодохыг тэднээс хүсэж болно. Бид эдгээр шүлгээс ийм нөхцөл байдалд байгаа хүнд туслах ямар зөвлөгөөг олох вэ? Эдгээр шүлэг дуулгавартай байдлын талаар юу заадаг вэ?
Их Эзэн патриархын адислалаар дамжуулан биднийг удирдаж чадна.
-
Ангийн тань гишүүдэд патриархын болон патриархын адислалын талаар ярилцах ярилцлага ашиг тустай байх болов уу? Хайрум Смит юу хийхээр дуудагдсаныг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 124:91–92-ыг уншихад ангийн гишүүдийг урьснаар та эхэлж болно. Тэгээд та самбарт Юу мөн Яагаад гэж бичээд, ангийн гишүүдийг патриархын адислал гэж юу болох, яагаад тэдгээр нь үнэ цэнтэй талаар олж мэдэхийн тулд “Патриархын адислалууд” (Итгэлдээ үнэнч байх нь, 149) хэсгийг уншихад урь. Патриархын адислалаа хүлээн авахын тулд хэрхэн бэлтгэх вэ? Патриархын адислалаа хүлээн авсан хэдэн хүнийг яагаад тэдгээр адислалд талархаж байгаа талаараа хуваалцахад уриарай. (Хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг тэдэнд сануул.) Бид патриархын адислалаа эрхэмлэн дээдэлдгээ хэрхэн харуулж болох вэ?