“1-р сарын 7–13. Матай 1; Лук 1: ‘Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“1-р сарын 7–13. Матай 1; Лук 1,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
1-р сарын 7–13
Матай 1; Лук 1
“Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”
Та ямар нэгэн нэмэлт судлах материал уншихаасаа өмнө Матай 1 ба Лук 1-ийг уншиж, тунгаан бодож, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Сүнсэнд өөрийнхөө заах бэлтгэлийг удирдах боломж олго. Дараа нь энэхүү төлөвлөгөө болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад байгаа санаануудыг судал.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд Матай 1 эсвэл Лук 1-ийг унших хэдэн хором өгөөд, тэднийг дуртай шүлгээ хуваалцаж, ойлгож мэдсэн сургаалын үнэнээ тайлбарлахад урь. Та хуваалцсан шүлгүүдийн нөхцөл байдлыг хэлэхээсээ өмнө эдгээр бүлэгт гардаг үйл явдлуудыг товч унших нь хэрэгтэй байж магадгүй.
Сургаалыг заа
Тэнгэрлэг Эцэг зорилгуудаа биелүүлэхийн тулд Өөрийн итгэлт хүүхдүүдээр дамжуулан ажилладаг.
-
Ангийн гишүүд энэ жил Шинэ Гэрээг судалж байхдаа уншсан хүмүүсийнхээ туршлагаас сургамж авч чаддаг болох юм бол учир утга бүхий туршлагатай болох магадлалтай. Та үүнийг хийхэд нь туслахдаа Матай 1 ба Лук 1-д гарч буй хүмүүсийн нэрийг самбар дээр судрын хэсгийнх нь хамт дараах байдлаар бич.
-
Мариа (Лук 1:26–56)
-
Иосеф (Матай 1:18–25)
-
Елизабет (Лук 1:5–7, 24–25, 40–45, 57–60)
-
Захариа (Лук 1:5–23, 59–64)
Ангийн гишүүдийн илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаа нэг хүнийг сонгоод, холбогдох судрын шүлгүүдийг уншиж, тухайн хүний туршлагаас ойлгосон зүйлээ ангийнхаа хэн нэгэнтэй хуваалцахад урь. Бид тухайн хүний итгэлт жишээг дагахын тулд юу хийж болох вэ?
-
-
Та ангийн гишүүдийг Эцэгийн төлөвлөгөөн дэх Мариагийн зан байдал, үүргийг илүү сайн ойлгоход туслахын тулд “An Angel Foretells Christ’s Birth to Mary” болон “Mary and Elisabeth Rejoice Together” (LDS.org) видео бичлэгийг үзүүлэх эсвэл Лук 1:26–38, 46–56-г хамтдаа уншаад, өөрийн зан байдлын талаар илчлэх ямар нэгэн зүйлийг Мариа хэлсэн эсэхийг олж мэд. Бид Мариагийн талаар өөр юу мэдэж авч болох вэ? Бидэнд зориулсан Бурханы хүслийг хүлээн зөвшөөрөх талаар тэр бидэнд юу заасан бэ?
Бурханы адислалууд Түүний цагт ирдэг.
-
Танай ангид Елизабет, Захариа нарын адил шударга амьдардаг бөгөөд хүсэн хүлээсэн адислалаа хараахан авч амжаагүй байгаа хүмүүс байж магадгүй юм. Елизабет, Захариа нарын үлгэр жишээнээс суралцахад нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ? Би ангийнхаа гишүүдийг ойлгосон зүйлээ хуваалцахад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Тэд Лук 1:5–25-аас Елизабет, Захариа нар Их Эзэнийг хүлээж байгаа талаар мэдэж авч болох сургамжийг хайж болно. Мөн тэд “Нэмэлт эх сурвалж”-д байгаа хэлсэн үгүүдийг уншиж, тунгааж болно. Тэднийг ойлгож мэдсэн зүйлээ хүсэн хүлээсэн адислалынхаа хажууд бичихэд болон боломжтой бол санаа бодлоо хуваалцахад урамшуулан дэмж.
-
Ангийн гишүүд амьдралаасаа болон судрын түүхүүдээс Их Эзэний цагийг хүлээх талаар хуваалцаж болох өөр ямар ямар жишээ байна вэ? Бид эдгээр жишээнээс юу ойлгож авч байна вэ?
“Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй.”
-
Ангийн гишүүд заримдаа Мариагийн нэгэн адил Бурханы тэдэнд зориулсан төлөвлөгөө эсвэл амлалтууд хэрхэн биелдэг талаар боддог байж магадгүй. Ангийн гишүүдэд Бурханы хүчээр бүх зүйл боломжтой гэдгийг ойлгуулахдаа Зар: Тэнгэр элч Габриел Мариад үзэгдсэн нь (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 28) зургийг үзүүлж, Лук 1:26–38-ыг хамт уншихад урь. Бид Мариагийн үгс, үйлдлээс илт боломжгүй зүйлийг даван туулах талаар юу мэдэж авч чадах вэ? Бурхан ямар ч боломжгүй мэт санагдсан ямар нэг зүйлийг амжилттай хийхэд нь тусалсан туршлагаасаа хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Илэрхий боломжгүй мэт зүйлийг Бурханы тусламжтайгаар амжилттай хийсэн гэгээнтнүүдийн орчин цагийн жишээг “Sealed Together: The Manaus Temple Caravan” (LDS.org) видео бичлэгээс үзнэ үү.
-
Аврагчийн амьдрал Габриелын тунхагласан “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэсэн үнэнийг харуулдаг. Энэ зарчмыг харуулахын тулд ангийн гишүүдээс Эцэгийнхээ тааллын дагуу үйлдэж байхдаа Аврагч илт боломжгүй зүйлсийг амжилттай хийсэн тохиолдлуудыг бодохыг хүсэж болно (Жишээ нь, Иохан 9:1–7-г үзнэ үү). Энэхүү зарчим тэдний амьдралд хэрхэн үйлчилдгийг харахад ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг дараах асуултуудыг тунгаан бодоход урьж болно. Үүнд: Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүйг мэдэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь Их Эзэний Сүмд үйлчлэх арга замыг тань хэрхэн өөрчлөх вэ? Гэр бүлтэйгээ харилцан үйлчлэх арга замыг тань хэрхэн өөрчлөх вэ? Мөн Лук 1:37-г Марк 14:36-д буй Аврагчийн үгтэй харьцуулах нь тустай.
Есүс Христ бол Бурханы Хүү.
-
Матай, Лук болон сайн мэдээний бусад бичээчийн гол зорилго нь Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг гэрчлэх явдал байв. Ангийн гишүүдийг Шинэ Гэрээнээс хамгийн анхны бүлгээ уншихдаа энэхүү зорилгыг олж харахад та хэрхэн тусалж болох вэ? Танд өгөх нэг санаа бол ангийг бүлгүүдэд эсвэл хос болгон хуваарилж, бүлэг бүрд Матай 1 эсвэл Лук 1-ээс шүлгүүд өгөөд, Бурханы Хүү Есүс Христийн тэнгэрлэг номлолд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх үйл явдал эсвэл үгсийг хайхад тэднийг урь. Таны санал болгож болох зарим шүлэгт Матай 1:18–25 ба Лук 1:26–38, 39–45, 46–55 орно. Ангийнханд энэ жил Шинэ Гэрээнээс судалж байхдаа Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг гэрчилдэг шүлгүүдийн жагсаалт гаргахыг санал болго. Та нар ангиараа хамтдаа энэ жагсаалтыг гаргаж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг ирэх долоо хоногийн хичээлд зориулан Матай 2 болон Лук 2-ыг уншихад урамшуулан дэмжихийн тулд, хэрэв тэд Аврагчийн төрөлтийн түүхийг залбирч уншвал хэдий урьд нь олон удаа уншсан байсан ч шинэ ойлголт олж авах болно гэдгийг та хэлж өгч болно.
Нэмэлт эх сурвалж
Их Эзэнийг хүлээ.
Ахлагч Нийл А.Максвэлл “Итгэл нь … Бурханы тогтоосон цаг хугацаанд итгэх явдлыг өөртөө багтаадаг, учир нь Тэрбээр ‘бүх зүйл тэдний цаг үед тохиохоор ирэх ёстойг’ хэлсэн (С ба Г 64:32)” гэж заасан. (“Lest Ye Be Wearied and Faint in Your Minds,” Ensign, May 1991, 90).
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:
“Бид бүгд өөр өөр замаар хүлээх болдог. Бид залбирлынхаа хариуг хүлээдэг. Бидэнд тухайн үедээ яг зөв, хамгийн сайн мэт санагдах хариуг Тэнгэрлэг Эцэг яагаад өгөхгүй удаад байгааг төсөөлж ч чадахгүй тийм зүйлсийг бид хүсэн хүлээдэг.
Би байлдааны онгоцны нисгэгчийн сургалтад бэлтгэж байсан үеэ санаж байна. Бид цэргийн бэлтгэл сургалтын ихэнх цагийг биеийн тамирын дасгал хийж өнгөрөөдөг байлаа. … Бид гүйгээд, гүйгээд, дахин дахин гүйгээд л байдаг байсан.
Би гүйж байх үедээ нэг зүйлийг анзаарч билээ. Үнэнийг хэлэхэд энэ нь намайг түгшээсэн юм. Дахин дахин тамхи татаж, архи пиво уудаг, сайн мэдээнд ялангуяа мэргэн ухааны үгэнд харш бүх зүйлийг хийдэг хүмүүс миний хажуугаар өнгөрөн түрүүлж гүйдэг байлаа.
‘Юу болж байна аа! Би гүйгээд ядрахгүй байх ёстой биш бил үү?‘ гэж боддог байснаа би санаж байна. Гэтэл би ядардаг байлаа, бас мэргэн ухааны үгийг огтхон ч дагадаггүй хүмүүс надаас түрүүлдэг байсныг яана аа. Энэ нь тэр үед миний сэтгэлийг түгшээсэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тэр амлалт үнэн юм уу, үгүй юү? гэж би өөрөөсөө нэг удаа асууж билээ.
Хариулт нь тэр даруй ирээгүй. Гэхдээ яваандаа би Бурханы амлалтууд үргэлж хурдан бидний хүсэн хүлээсэн замаар ирдэггүйг, тэдгээр нь Түүний цагт, Түүний арга замаар ирдэг болохыг ухаарсан юм. Олон жилийн дараа, Бурханы аливаа хуулийг дуулгавартай дагаснаар тэр даруй ирдэг сүнсний адислал дээр мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст ирдэг материаллаг адислалыг би олон жилийн турш тодорхой, бодитойгоор харсан байх юм” гэжээ (“Тэвчээрээр үргэлжлүүл,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69).