Ирээд, Намайг дага
12-р сарын 31-ээс 1-р сарын 6. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй


“12-р сарын 31-ээс 1-р сарын 6. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“12-р сарын 31-ээс 1-р сарын 6. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Зураг
гэрэл зургийн цомгоо үзэж буй гэр бүл

12-р сарын 31-ээс 1-р сарын 6

Бид өөрсдөө суралцах үүрэгтэй

Та энэ тоймд байгаа судрын хэсгийг уншиж, тунгаан бодохдоо хүлээн авсан сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь заахаар бэлтгэхэд тань Сүнсийг урих болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон дараах санаанууд нь танд ангийнхаа гишүүдийг энэ жил Шинэ Гэрээг судлахад нь урамшуулан дэмжихэд тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах нь шигтгээ зураг

Хуваалцахад урь

Багшийн хувьд таны зорилгуудын нэг нь ангийн гишүүдээ хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахад урамшуулан дэмжих явдал юм. Бусдын туршлагыг сонсох нь тэднийг өөрийн гэсэн туршлагыг эрэлхийлэхэд сүнслэгээр нөлөөлж чадна. Тиймээс хичээл бүрийн эхэнд ангийн гишүүдийг тэдэнд судлахад нь сүнслэгээр нөлөөлсөн эсвэл гүн сэтгэгдэл төрүүлсөн судруудаас хуваалцахыг хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бид Аврагчаас жинхэнээсээ суралцахын тулд Түүний “Ирээд, намайг дага” гэсэн урилгыг хүлээн авах ёстой.

  • Шинэ Гэрээг судлах нь Аврагч ба Түүний сургаалын талаар суралцах мөн Түүнийг хэрхэн илүү бүрэн төгс дагахаа мэдэж авах боломж юм. Матай 19:16–22-т байгаа түүх нь энэхүү сэдвийг танилцуулах сайхан арга юм (мөн LDS.org дээрх “Христ ба баян залуу захирагч” видео бичлэгийг үзнэ үү). Та Есүс Христийн шавь болох талаар ямар нэгэн зүйлийг энэ түүхээс олж мэдээд, тэрхүү зүйлээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Энэ зарчимтай холбоотой өөр үйл ажиллагааны санааг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм хэсгээс үзнэ үү.

Суралцах үйл явц итгэлээр үйлдэхийг шаарддаг.

  • Та ангийн гишүүдээ дан ганц багшдаа үүрэг хариуцлага оногдуулахын оронд суралцах үйл явцдаа илүү түлхүү идэвхтэй оролцоход хэрхэн урамшуулан дэмжиж чадах вэ? Нэг санааг санал болгоё. Ангийн нэг гишүүнийг зөөлөн зүйлийг өөр рүүгээ шидэхэд урь. Та тэрхүү зүйлийг барьж авахыг хичээхгүй байх хэрэгтэй. Сайн мэдээнээс суралцахад багш, суралцагчдын гүйцэтгэх үүргийн талаарх ярилцлагыг энэ үйл ажиллагаагаар эхлүүл. Итгэлээр суралцах талаарх ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс олж болох ба энэ нь тухайн ярилцлагад туслах болно.

  • Сайн мэдээнээс суралцах нь итгэлээр үйлдэхийг шаарддаг гэдгийг ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг бүлгүүдэд хуваарилж, бүлэг тус бүрийг Марк 5:25–34; Лук 5:17–26 ба Иохан 9:1–7 дахь түүхүүдээс аль нэгийг уншихад урь. Түүх тус бүрд байгаа хүмүүс Аврагчид итгэх итгэлээ харуулахын тулд юу хийсэн бэ? Бид сайн мэдээнээс суралцаж, Их Эзэн бидэнд үнэнийг ойлгож мэдэхэд тусална гэдэгт итгэх итгэлээ харуулахын тулд ямар үйлдэл хийж болох вэ?

  • Ангийн бүх гишүүн Сүнсийг хичээлд урих үүрэгтэй. Ангийн гишүүдэд үүнийг ойлгоход нь туслахын тулд тэднийг Алма 1:26 болон Сургаал ба Гэрээ 50:13–22; 88:122–123-р шүлгийг уншиж, багш, суралцагчид Сүнсийг урьж авчрахаар юу хийж болох талаар хуваалцахад урь. Тэдний хариултыг самбар дээр Багш юу хийж чадах вэ?, Суралцагчид юу хийж чадах вэ? гэх мэт гарчгуудын доор бичих хэрэгтэй. Ангийн гишүүдийн хариулт бүхий зурагт хуудас хийгээд, ирэх хэдэн долоо хоногийн турш үзүүлэн болгох нь тустай байх болов уу?

Бид өөрсдөө л үнэнийг мэдэж авах хэрэгтэй.

  • Шинэ Гэрээний олон шүлэг үнэнийг эрэлхийлэхэд чиглүүлж чадах зарчмуудыг заадаг. Тухайлбал, Лук 11:9–13; Иохан 5:39; 7:14–17 болон 1 Коринт 2:9–11 байж болно. Та эдгээр шүлгийг хувиараа судалсан ангийн гишүүдийг ойлгож авсан зүйлээ хуваалцахад урьж болно. Эсвэл та эдгээр шүлгийг ангиараа уншаад, ангийн гишүүдийг хэрхэн гэрчлэлтэй болсон тухайгаа хуваалцахад урьж болно.

    Зураг
    ангид буй залуу эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд

    Итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь бидэнд өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход тусална.

  • Бид Сүмд хэр удаан явснаасаа хамаарахгүйгээр бүгд гэрчлэлээ байнга хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Та ангийн гишүүдийг өөрсдөө олж мэдэх ёстой үнэнийг танин мэдэхэд нь туслахын тулд чухал үнэнийг заадаг Иохан 3:16–17; 1 Коринт 15:22; Мозая 3:13; Алма 7:11–13 ба Сургаал ба Гэрээ 135:3 зэрэг судруудыг цаасан дээр бичин, ангийн гишүүдээс эдгээр судрыг уншаад, олсон мөнхийн үнэнийхээ тухай товч хэлэхийг хүсэж, тэдгээр үнэний тухай гэрчлэлтэй болохын тулд юу хийж болох талаар ярилц. Энэ үйл ажиллагааг өсвөр үеийнхэнд илүү сонирхолтой болгохын тулд ангийн эргэн тойронд судар бүхий цааснуудаа нуугаад, өсвөр үеийнхнийг “үнэнийг эрэлхийлэхэд” урьж болох юм.

  • Үйлс 17:10–12-т судрыг эрэлхийлж, үнэний тухай өөрсдийн гэрчлэлтэй болсон гэгээнтнүүдийг дүрсэлдэг. Тэдгээр гэгээнтний жишээг дагахад нь ангийн гишүүдийг урамшуулан дэмжихийн тулд эдгээр шүлгийг хамтдаа уншаад, ангийн гишүүдийг сайн мэдээний талаарх гэрчлэлийг нь өсгөсөн судрын шүлгүүдийг хуваалцахад урь.

Бид судар судлах үйл явцаа хэрхэн илүү утга учиртай болгох вэ?

  • Судар судлах дадал хэвшлийг хөгжүүлэх нь хангалттай цаг, ойлголт байхгүй эсвэл ур чадваргүй хэмээн өөрсдийгөө боддог ангийн гишүүдэд хэцүү байх магадлалтай. Та амжилттай байхад нь тэдэнд туслахын тулд юу хийж чадах вэ? Та “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа түлээчдийн тухай түүхийг хуваалцсанаар эхлэх хэрэгтэй. Ангийн гишүүдийг судар судлах итгэл олж авахад нь туслахын тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын “Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд” хэсэгт байгаа мэдээллийг хуваалцаж болно. Та болон ангийн бусад гишүүн эдгээр санааг ашигласан туршлагаасаа юм уу эсвэл судар судалсан талаарх ач холбогдол бүхий өөр туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн Шинэ Гэрээний нэг бүлгийг сонгоод, эдгээр санааны заримыг нь ашиглан, ангиараа судлахыг хичээж үзэж болно.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг Матай 1 болон Лук 1-ийг ирэх долоо хоногийн ярилцлага хичээлд бэлтгэхээр гэртээ судлахад урамшуулан дэмж. Та “Боломжгүй мэт санагдсан ямар нэгэн зүйлийг танаас хийхийг хүсэж байсан удаа бий юү?” гэсэн асуултыг ангийнхандаа тавьж болно. Эдгээр бүлэгт “Бурханы хувьд бүх зүйл боломжтой” (Лук 1:37) гэсэн үнэнийг харуулдаг.

Зураг
эх сурвалжууд шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Сүнслэг мэдлэгийг өөрсдөө олж авах нь

Ахлагч Дэвид А.Бэднар тайлбарлахдаа “Миний амьдралд хамгийн том нөлөө үзүүлсэн багш нараасаа би нэгэн ижил төстэй зан чанарыг олж харсан юм. Тэд надад итгэлээр суралцахаар эрэлхийлэхийг зааж өгч тусалсан. Тэд хэцүү асуултуудад хялбар хариулт өгөхөөс татгалздаг байсан. Үнэндээ тэд надад ямар ч хариулт өгөөгүй. Харин тэд надад зам зааж өгөн, өөрийн гэсэн хариултыг олж авах алхмыг хийхэд тусалсан юм. … Өөр хүнээс олж авсан хариулт удаан хадгалагдалгүй мартагддаг. Гэхдээ итгэлээ хөгжүүлснээр олж мэдсэн эсвэл олж авсан хариулт нь ихэвчлэн насан туршид бидэнтэй үлддэг байна. … Зөвхөн энэ арга замаар л хүн бусдын сүнслэг мэдлэг, туршлагад найдахаас илүү өөрөө тэдгээр адислалыг олж авч чадна” гэсэн (“Итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь,” Ensign, 2007 оны 9-р сар, 67).

Судар судлахад цаг гарга.

Тэд Р.Каллистэр ах заахдаа:

“Хоёр түлээчин … нэг өдөрт хэн нь илүү олон мод тайрах вэ гэдэг тэмцээн явуулав. Ургах нарнаар тэмцээн эхэлжээ. Жижиг биетэй эрэгтэй нь цаг тутам 10 орчим минут ой руу явдаг байв. Ингэх бүрд өрсөлдөгчөө түрүүлж байгаа гэдэгт итгээд, инээмсэглэн, толгойгоо дохиж байлаа. Том биетэй түлээчин байрнаасаа огт хөдөлсөнгүй, тайрахаа ч зогсоосонгүй, амсхийсэн ч үгүй.

“Өдрийн төгсгөлд маш их цаг гарздаж дээ гэж бодсон өрсөлдөгч нь илүү олон мод тайрсан байхыг хараад, том биетэй эр цочирдов. Чи тийм их амарсан байтлаа яаж энэ бүхнийг хийж чадав аа?” гэж тэр асуулаа.

Ялагч ‘Аан, би сүхээ ирлэж байсан юм’ гэж хариулжээ.

Судраас унших бүрдээ бид сүнслэг сүхээ ирлэж байдаг” гэжээ (“Суралцахуйн баяр баясгалан” Лиахона, 2016 оны 10-р сар, 10–14).

Заах чадвараа сайжруулах

Сургаал дээр төвлөр. Хичээлийн ярилцлагууд нь сударт болон бошиглогчдын сургаалд тулгуурласан байхад анхаар. Та ингэхдээ “Бид сонссон хариултуудаасаа сайн мэдээний ямар үнэнийг олж мэдсэн бэ?” эсвэл “Хэн нэгэн нь бидний ярилцсан зүйлтэй холбоотой судар хуваалцаж болох уу?” зэрэг асуултуудыг тавьж болно (Аврагчийн арга барилаар заах нь, 20–21-р хуудсыг үзнэ үү).