Ирээд, Намайг дага
7-р сарын 8–14. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?’


“7-р сарын 8–14. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 8–14. Үйлс 6–9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Паул Дамаск орох замд хүлээн сууна

Сэм Лоулор, Бид ийнхүү амьдрах болтугай

7-р сарын 8–14

Үйлс 6–9

“Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?”

Үйлс 6–9-ийг судлаад, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь эдгээр бүлгийг судалснаар Есүс Христэд илүү ойртоход нь ангийн гишүүдэд хэрхэн туслах талаар илчлэлт хүлээн авахад танд туслах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Самбарт Стефан, Саул, Филип, Ананиа, Петр болон Табита эсвэл Доркас зэрэг Үйлс 6–9 дээр дурдагдаж буй зарим хүний нэрийг бич. Ангийн цөөн гишүүнийг энэ долоо хоногт судалсан хүмүүсийнхээ нэгний талаар мэдэж авсан ямар нэг зүйлээ хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Үйлс 7

Ариун Сүнсийг эсэргүүцэх нь Аврагчийг болон Түүний бошиглогчдыг эсэргүүцэхэд хүргэж болно.

  • Ангийн гишүүд энэ долоо хоногт Стефаны түүхийг уншсанаар ямар үнэнийг мэдэж авсан бэ? Үйлс 7:37–53 дээрх Стефаны сургаалыг судлаад, иудейчүүдийн удирдагчид бошиглогчдыг эсэргүүцсэн эртний израильчуудтай юугаараа адилхан байгааг хайж олоход ангийн гишүүдийг урих талаар бодож үз. Та Стефан эдгээр удирдагчийн талаар Үйлс 7:51 дээр юу гэж хэлсэнд анхаарлаа хандуулж болно. 2 Нифай 28:3–6; 33:1–2; Мозая 2:36–37; Алма 10:5–6 ба Алма 34:37–38 зэрэг судрууд ангийн гишүүдэд энэ мэдэгдлийг ойлгоход хэрхэн туслах вэ? Яагаад бид “Ариун Сүнсийг эсэргүүцэж” магадгүй вэ? Бид Ариун Сүнсний өдөөлтийг илүү сайн таньж, дагахын тулд юу хийж чадах вэ?

Үйлс 8:9–24

Бидний зүрх сэтгэл “Бурханы өмнө зөв” байх ёстой.

  • Симоны түүхийг судлах нь ангийн гишүүдэд сайн мэдээний дагуу амьдарч байгаа шалтгаанаа үнэлж дүгнэхэд тусалж чадна. Энэ түүхийг ангиараа судлахын тулд та Симон гэж хэн байсан бэ? Тэр юу хүссэн бэ? мөн Тэр үүнийг олж авахын тулд хэрхэн хичээсэн бэ? зэрэг асуултыг самбарт бичиж болно. Ангийн гишүүн бүрд эдгээр асуултын хариултыг хайн, Үйлс 8:9–24-ийг уншихыг даалга. Бид Симоны туршлагаас юу мэдэж авч болох вэ?

  • Та ангийн гишүүдэд тэдний зүрх сэтгэл “Бурханы өмнө зөв” (Үйлс 8:21) байх ёстой гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход туслахын тулд биднийг Бурханд үйлчилж, Түүний бэлгүүдийг хүлээн авахаар эрэлхийлэх үед зүрх сэтгэл маань ямар байх ёстойг дүрсэлсэн үг, хэллэгийг хайж Сургаал ба Гэрээ 121:41–46-г судлахад тэднийг урьж болно. Ангийн гишүүд эдгээр ойлголтоо Үйлс 8:9–24 дээрх Симоны түүхтэй харьцуулж болно. Симон ямар үнэнийг хараахан ойлгоогүй байсан бэ? Бид хэрхэн өөрсдийн зүрх сэтгэлийг “Бурханы өмнө зөв” болгож чадах вэ?

  • Ангийн тань гишүүд хувиараа судалж байхдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд санал болгосны дагуу Стефан, Филип хоёрыг Симонтой харьцуулж үзсэн үү? Хэрэв тийм бол тэд юу мэдэж авсан бэ? Та бас эдгээр бүлэгт гарч буй Филип, етиоп хүн (Үйлс 8:26–40), Саул (Үйлс 9:1–22) зэрэг хүмүүсийн зүрх сэтгэл зөв байсан баталгааг хайж олоход тэднийг урьж болно.

Үйлс 8:26–39

Ариун Сүнс бусдыг Есүс Христ рүү чиглүүлэхэд бидэнд туслах болно.

  • Та бусдыг Есүс Христ рүү хэрхэн чиглүүлж болохыг (Үйлс 8:31-ийг үзнэ үү) ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд хоёр гишүүнийг өөд өөдөөсөө харж суугаад, Үйлс 8:26–39 дээр гарч буй Филип, етиоп хүн хоёрын харилцан яриаг уншихад урьж болох юм. Ангийн гурав дахь гишүүн харилцан ярианы биш хэсгүүдийг уншиж болно. Бид бусдад сайн мэдээг заах талаар Филипийн жишээнээс юу сурдаг вэ?

  • Ангийн гишүүд Үйлс 8:26–39 дээрх түүхийн орчин үеийн жишээг судлахын тулд сайн мэдээг хуваалцаж байсан эсвэл Сүмд нэгдэж байсан туршлагаасаа хуваалцаж болно. Ариун Сүнс тэдэнд хэрхэн тусалсан бэ? Хэн нэгэн тэднийг удирдан чиглүүлэхдээ хэрхэн үйлдсэн бэ? Сайн мэдээнд хэнийг чиглүүлж болохоо тунгаан бодоход ангийн гишүүдийг урь.

Үйлс 9

Бид Их Эзэний хүсэлд захирагдсанаар Түүний мутарт зэмсэг болж чадна.

  • Ангийн гишүүд Саулын туршлагыг судалснаар хүн бүр хүсэлтэй байснаар наманчилж мөн өөрчлөгдөж чадна гэсэн үнэнийг болон өөрсдийнхөө хөрвөлтийн талаарх хүчирхэг үнэнийг мэдэж авч чадна. Та ангийн гишүүдийг Саулын туршлагыг Алма, (Мозая 17:1–418; 26:15–21-ийг үзнэ үү) Лемен, Лемүелийн туршлагатай харьцуулж үзэхийг хүсэж болно (1 Нифай 3:28–31-ийг үзнэ үү). Саул, Алма хоёрт наманчилж, өөрчлөгдөхөд ямар зан чанар нь тусалсан бэ? Лемен, Лемүел хоёрт өөрчлөгдөхөд нь тэдний ямар зан чанар саад болсон бэ? Саул, Алма хоёр хөрвөгдсөнийхөө дараа ямар нөлөө үзүүлсэн бэ? Бид эдгээр түүхээс амьдралдаа ямар захиас олж авдаг вэ?

  • Та Саулын туршлагыг өөрсдөдөө хэрэгжүүлэхэд ангийн гишүүдэд туслахын тулд ангийн цөөн гишүүнийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн “Дамаск орох зам дээр хүлээн сууна” (Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77) үгийн хэсэг бүрээс сурсан зүйлсээ хуваалцахаар бэлтгэж ирэхэд урь. Бид заримдаа Дамаск орох өөрсдийн зам дээр хэрхэн хүлээн суудаг вэ? Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр бидэнд Бурханы дуу хоолойг илүү сайн сонсоход юу тусалж чадах вэ? Та мөн “Дамаск орох зам” (LDS.org) видео бичлэгийг үзүүлэх талаар бодож болох юм. Саулын жишээг дагаж, Их Эзэнээс “Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?” гэж асуухад ангийн гишүүдийг урамшуулахын тулд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Томас С.Монсоны туршлагыг ярилцах талаар бодож үз. Ангийн гишүүд Бурханы хүслийг эрэлхийлж, дагасан туршлагаасаа хуваалцаж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг ирэх долоо хоногт Үйлс 10–15-ыг уншихад урамшуулахын тулд та шоронгийн гайхамшигт чөлөөлөлт, Ромын бурхдын өмнө буруутгагдсан номлогчид, чулуугаар шидэгдэж мөн үхсэн гэж хаягдсан ч дараа нь боссон төлөөлөгч гэх мэт энэ бүлгүүдийн гайхамшигт үйл явдлуудын заримаас хуваалцаж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Үйлс 6–9

“Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?”

Ерөнхийлөгч Томас С.Монсонг гадасны чуулганд оролцож байхад нь гадасны ерөнхийлөгч түүнээс хорт хавдраар нас барах гэж байсан 10 настай Кристал Мэтвин гэдэг охин дээр очих боломжтой эсэхийг асуужээ. Охины гэр бүл чуулганы байраас 129 километрийн зайтай амьдардаг байв. Ерөнхийлөгч Монсон дараах зүйлсийг хуваалцсан юм.

“Намайг хурлынхаа хуваарийг шалгаж үзэхэд … ямар ч цаг зав гарахааргүй байлаа. Харин надад өөр нэгэн санаа төрөв. Бид чуулганыхаа нийтийн залбиралд бяцхан охины нэрийг оруулж болохгүй гэж үү? …

… [Нэг хурлын үеэр] намайг бичиг цаасаа цэгцлэн, индэр дээр гарахаар явж байхад сүнсэнд маань нэгэн дуу хоолой ярихыг би сонсов. Захиас нь богино, үгс нь танил байлаа. ‘Хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр, Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал бол тэдэн шиг хүмүүсийнх юм.” (Марк 10:14.) Бичсэн зүйл маань бүрэлзэх нь тэр. Бодол санаа маань адислал хэрэгтэй бяцхан охин руу хандав. Би ч шийдвэрээ гаргав. Уулзалтын хуваарьтаа өөрчлөлт орууллаа. …

… [Мэтвиний гэрт очоод] би хүнд өвчнөөсөө болоод өндийж, бараг ярьж ч чадахгүй болсон охин руу харлаа. Өвчин нь түүнийг хараагүй болгосон байв. Би маш хүчтэй сүнс мэдэрсэн тул өвдөг сөгдөн, түүний турьхан гарыг атгангаа, ‘Кристал, би энд байна’ гэж хэллээ. Тэр амаа нээн, ‘Монсон ах аа, би таныг ирнэ гэдгийг мэдэж байсан юм’ гэж шивнэн хэлсэн юм” (“The Faith of a Child,” Ensign, Nov. 1975, 20–22).

Олон жилийн дараа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф энэ түүхийг хуваалцахдаа биднийг Их Эзэн өөрсдийг нь Түүний өдөөлтийг сонсож, мөн Саул ‘Эзэн, Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?’” хэмээн Саулын Дамаск орох зам дээр хүлээн суусан шиг хариулна гэж найдаж буй тэр хүмүүсийн дунд байхыг хичээхэд урьсан. (“Дамаск орох зам дээр хүлээн сууна,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдаа удирд. Та багшийн хувьд Филип етиоп хүнийг Исаиагийн сургаалаар (Үйлс 8:26–37-г үзнэ үү) удирдсан шиг суралцагчдаа судраар дамжуулан удирдаж чадна. Үүнийг хийхийн тулд та “сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэх” (С ба Г 109:7) ёстой. Таны олж авсан мэдлэг ангийнхаа гишүүдэд үнэнийг өөрсдөө олж мэдэж, үүний дагуу амьдрахад нь туслахад хүчтэй нөлөөлж болох юм.