“7-р сарын 15–21. Үйлс 10-15: ‘Эзэний үг түгэн түгсээр байлаа’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“7-р сарын 15–21. Үйлс 10–15,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
7-р сарын 15–21
Үйлс 10–15
“Эзэний үг түгэн түгсээр байлаа”
Энэ тоймыг уншихаасаа өмнө Үйлс 10–15-ыг залбирч судлах нь Их Эзэнээс сүнслэг өдөөлт хүлээн авахад тань туслах болно. Доорх санаанууд бол зөвхөн санал юм.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг Үйлс 10–15-аас өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн нэг номлогчийн туршлагыг ойр сууж байгаа хэн нэгэнтэй хуваалцахад урь. Өөрсдийн ойлгосныг ангийнхантайгаа хуваалцахад цөөн суралцагчийг урь.
Сургаалыг заа
Тэнгэрлэг Эцэг бидэнд илчлэлтээр шат шатаар заадаг.
-
Ангийн зарим гишүүн илчлэлт хүлээн авах үйл явцын талаар буруу ойлголттой байж болно. Петрт илчлэлт хэрхэн ирснийг мөн илчлэлт бүрэн, тодорхой бус санагдсан үед ч тэд хэрхэн “эргэлзэлгүйгээр” (Үйлс 10:20) урагшилж болох талаар ярилцах нь тэдэнд тустай байж болох юм. Самбарт нэг шугам татаж, шугамныхаа нэг талд Харийнханд сайн мэдээ номлогдох ёстой гэж бичих талаар бод. Ангиараа Үйлс 10 болон 11:1–18-ыг хараад, Их Эзэн Петрт харийнханд сайн мэдээг номлох цаг болсныг хэрхэн шат шатаар илчилж байсныг харуулсан санаануудыг шугаман дээр нэмж бич. Жишээ нь та “Корнел үзэгдэл үзэв” (Үйлс 10:1–6) гэсэн гарчгаар эсвэл Аврагчийн Өөрийн шавь нарт өгсөнМатай 28:19 дэх “бүх үндэстэнд заа” гэсэн зарлигаар ч эхэлж болно. Бид Петрийн туршлагаас илчлэлтийн тухай юу мэдэж авч болох вэ? 2 Нифай 28:30 дээрх Нифайн илчлэлтийн тухай сургаал болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Дэвид A.Бэднар, ахлагч Даллин Х.Өүкс нарын сургаалууд энэ ярилцлаган дээр юу нэмж байна вэ?
-
Та ангийн гишүүдэд хэрхэн илчлэлт авах талаар илүү сайн бодож үзэхэд нь яаж тусалж чадах вэ? Та бас Их Эзэний хүмүүст шат шатаар заасан судрын жишээнүүдээс судалж болох юм. Үйлс 10 дахь Петрийн туршлагаас гадна, ангийн гишүүд Нифай (1 Нифай 18:1–3); Алма (Алма 7:8; 16:20); Мормоны (3 Нифай 28:17, 36–40) туршлагуудыг харж болно. Ангийн гишүүд “Энд бяцхан мөн тэнд бяцхан” сүнслэг удирдамж хүлээн авсан өөр бусад ямар жишээг санаж чадах вэ? (2 Нифай 28:30). Яагаад Их Эзэн бидэнд нэг удаад бүх хариултыг өгөхөөс илүүтэй ийм аргаар илчлэхийг илүүд үздэг вэ? (C ба Г 50:40; 98:12-ыг үзнэ үү). Дараахтай адил зүйрлэл тус болж болох юм. Хэн нэгэн танд алгебр, геометрийн хичээлийг үзэхээсээ өмнө тооцооллын хичээл үзэхийг санал болголоо гэж бодъё. Та юу гэж хариулах байсан бэ? Энэ нь Их Эзэний үнэнийг илчлэх загвартай хэрхэн холбогдож байна вэ?
-
Заримдаа гишүүдэд Сүм дэх бодлого, хөтөлбөрийн өөрчлөлтийн талаар асуумаар эсвэл санаа зовних зүйлс байдаг. Харийнханд сайн мэдээг номлож эхлэх илчлэлт (Үйлс 10-ыг үзнэ үү) Их Эзэний Өөрийн шавь нарт өгсөн эртний зааврыг (Матай 10:1, 5–6-г үзнэ үү) хэрхэн орлосон тухай хэлэлцэх нь тэдэнд тусалж болно. Эртний уламжлалтай нь зөрчилдөж байсан учраас Петрийн удирдамжийг эсэргүүцэж байсан Петрийн үед амьдарч байсан хүнд ангийн гишүүд ямар хариу өгч болох вэ? Үйлс 10 дээрх илчлэлт Их Эзэнээс Түүний бошиглогчоор дамжин үргэлжлэн ирсээр буй илчлэлтийг анхааран сонсоход бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Үйлс 15:1–22 дээр дүрсэлсэн төлөөлөгчдийн дунд яригдсан зөвлөгөө болон гэгээнтнүүдэд бичсэн тэдний захидлыг (23–29 дэх шүлгийг үзнэ үү) хамтдаа хэлэлцэх нь сонирхолтой байж болох юм. Та бас “Иерусалимын чуулган” (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно. Шавь нар юу гэж асуусан бэ? Тэд хариултыг хэрхэн эрэлхийлсэн бэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн мэдэгдэл нь Их Эзэн төлөөлөгч, бошиглогчдодоо илчлэлт өгснөөр Өөрийн Сүмийг удирддаг талаар нэмэлт тайлбар өгөх болно.
“Бурхан бол нүүр тал хардаггүй.”
-
“Нүүр тал хардаггүй” гэдэг нь ямар утгатай талаарх хэлэлцүүлэг ангийн гишүүдэд ашиг тусаа өгөх үү? Бурхан нүүр тал хардаггүйг заадаг Ром 2:1–11; 1 Нифай 17:34–40; 2 Нифай 26:32–33; Алма 5:33; Моронай 8:12; Сургаал ба Гэрээ 1:34–35 зэрэг судруудыг уншихад ангийн гишүүдийг урьснаар хэлэлцүүлгийг эхэлж болно. Ангийн гишүүдийг “нүүр тал хардаггүй” гэдэг нь ямар утгатай болохыг тодорхойлж бичээд, бичсэн зүйлсээ хуваалцахад урь. Та “нүүр тал хардаггүй” гэдэг нь Бурхан бүх хүнийг хийсэн үйлдлээс нь үл хамааран адисалдаг гэсэн үг биш гэдгийг ойлгоход ангийн гишүүдэд туслах хэрэгтэй байж болох юм. Тэр Өөрийн бүх хүүхдийг Өөрийнхөө сайн мэдээг хүлээн аваасай гэж хүсдэг ч сайн мэдээний адислалын бүрэн байдал Түүнтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүмүүст зориулагдсан юм. Үйлс 10:34–48 дээрх үйл явдал, зарчмууд Бурханы нүүр тал хардаггүйг хэрхэн харуулж байна вэ? Бурхан нүүр тал хардаггүй ч зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд хэрхэн таалагдаж болох вэ? (Үйлс 10:34–35; 1 Нифай 17:35).
Зөв шударга хүмүүсийн залбирал агуу гайхамшгуудыг тохиолгон авчирч чадна.
-
Үйлс 12:1–17 дээрх Петрийн шоронгоос суллагдсан түүх ангийн гишүүдийг залбирлын хүчинд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусалж чадна. Ангийн нэг гишүүн энэ түүхийг болон залбирлын талаарх гэрчлэлээ хуваалцахаар бэлтгэж ирж болно. Эсвэл та гишүүдийн нэгдсэн залбирлын хүчийг мэдэрч эсвэл харж байсан туршлагаа хуваалцах тойрог, салбарынхаа нэг юм уу хэдэн гишүүнийг урьж болно. Та бас (“Залбиръя гэж бодов уу?” Сүмийн дуулал, х. 48 гэх мэт) залбирлын тухай дууллыг тэдэнтэй хамт дуулж, энэ дуу залбирлын хүчний талаар юу зааж байгааг ярилцаж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Бид бусадтай сайн мэдээг заримдаа хуваалцдаггүй шалтгаануудыг бодож үзэхэд ангийн гишүүдийг урь. Үйлс 16–21-ийг судлах нь сайн мэдээг хуваалцахад саад болж болох бэрхшээлүүдийг даван туулахад тэдэнд тусална гэдгийг хэл.
Нэмэлт эх сурвалж
Илчлэлтийг шат шатаар хүлээн авах нь
Ахлагч Дэвид А.Бэднар Их Эзэний илчлэлт өгдөг загварын талаар дараах зүйлийг анзаарчээ. Бидний ихэнх нь чин сэтгэлийн залбирал, гуйлтдаа ямар нэг хариулт эсвэл сүнслэг өдөөлт авна гэж боддог. Мөн бид ийм хариулт эсвэл өдөөлт тэр даруй, бүгд нэг доор ирнэ гэж байнга боддог. Тиймээс, бид Их Эзэн бидэнд нэг том хариултыг хурдан бөгөөд бүгдийг нь нэг удаад өгнө гэдэгт итгэх хандлагатай байдаг. Гэвч судар дээр ахин дахин давтагддаг загвар нь бидэнд шат шатаар, дүрэм дүрмээр, өөрөөр хэлбэл олон жижиг хариултыг удаан хугацааны турш хүлээн авах болно гэдгийг сануулдаг. Энэ загварыг таньж мэдэж, ойлгох нь Ариун Сүнснээс ирж буй сүнслэг өдөөлт, тусламжийг олж авах гол түлхүүр болж өгдөг” (“Line upon Line, Precept upon Precept,” New Era, Sept. 2010, 3–4).
Ахлагч Даллин Х.Өүкс “Бид оюун ухаандаа тунгаан бодож, Бүтээгчийн бидэнд хайрласан сэтгэн бодох чадвараа ашиглаж сурах хэрэгтэй. Тэгээд бид удирдамж хүлээн авахын тулд залбирч, хүлээн авсан үедээ үүний дагуу үйлдэх ёстой. Хэрэв бид удирдамж хүлээн аваагүй бол хамгийн сайн гэж бодож байгаачлан үйлдэх хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өгсөн (“Our Strengths Can Become Our Downfall,” Ensign, Oct. 1994, 13–14).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сүмийн тэргүүлэх зөвлөлд үйлчилж байхдаа өөрийн ойлголтыг хуваалцсан юм.
“Асуудлуудыг ярилцахад олон янзын үзэл бодол гарч ирж болно. Ийм ч байх ёстой. Энэ эрчүүд өөр өөр гарал, нөхцөл байдлаас ирсэн шүү дээ. Тэд өөрийн гэсэн бодолтой хүмүүс. …
… Яг ийм үед хүмүүс өөрсдийн бодлыг ярьж, шүүн тунгааж, гаргасан санаагаа ялган салгаснаар дүгнэлтэд хүрч ирдэг. Гэвч манай ах нарын дунд ноцтой санал зөрөлдөөн, хувийн үзэн ядалт гарахыг би хэзээ ч олж харж байгаагүй. Харин ч би үнэхээр гайхалтай онцгой зүйлийг мэдэж авсан буюу Ариун Сүнсний нөлөөллөөр удирдуулан нэгдэж, зөрүүтэй үзэл, бодол маань илчлэлтийн хүчээр бүрэн тохиролцоонд хүрч, нэгдэн нийлдгийг мэдэж авсан. Ингэж л гүйцэтгэгддэг. Тийнхүү илчлэлтийн сүнс Их Эзэний ажлыг удирдан төлөөлж, ахин дахин тунхаглан харуулдаг болохыг би гэрчилж байна” гэжээ (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 54, 59).