“7-р сарын 22–28. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“7-р сарын 22–28. Үйлс 16–21,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
7-р сарын 22–28
Үйлс 16–21
“Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”
Энэ тоймыг харахаасаа өмнө Үйлс 16–21-ийг ангийн гишүүдээ дотроо бодож, залбирч унш. Дараах санаанууд таны Сүнснээс хүлээн авах сүнслэг өдөөлтийг нэмэх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг сайн мэдээг хуваалцаж байсан туршлагыг нь сануулсан хэсгийг Үйлс 16–21-ээс хуваалцахад урих талаар бодож үз.
Сургаалыг заа
Бид Сүмийн гишүүдийн хувьд Есүс Христийн талаар гэрчилж мөн Түүний сайн мэдээг хуваалцдаг.
-
Үйлс 16–21 нь Паулын номлолын хоёр аяллыг дүрсэлдэг учраас ангийн гишүүд хэрхэн Есүс Христийн талаар гэрчилж, Түүний сайн мэдээг үр бүтээлтэй хуваалцах талаар эдгээр бүлгээс олж мэдэх боломжтой. Та энэ сэдвээр ярилцлага өрнүүлэхийн тулд Үйлс 16–21-ээс сайн мэдээг хуваалцах талаарх ойлгосон зүйлээ хуваалцахад бэлтгэж ирэхэд цөөн гишүүнийг урьж болно. Ярилцлагыг илүү батжуулахын тулд тэд бас номлогчийн ажлын талаарх сүүлийн үеийн Ерөнхий чуулганы үгсээс мэдэгдлүүдийг хуваалцаж болно. Тэд нэг мэдэгдлийг өөрсдөө олж болох ба та “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа захиасуудын нэгийг санал болгож болно.
-
Эдгээр бүлэг дэх нэг чухал захиас бол сайн мэдээг хуваалцахад Ариун Сүнсний гүйцэтгэх чухал үүрэг юм. Жишээ нь, ангийн гишүүд Ариун Сүнс Паул, Силас хоёрт хэрхэн тусалсныг Үйлс 16:6–15-аас олж мэдэж авч болно. Тэд бас 2 Нифай 33:1 болон Сургаал ба Гэрээ 42:14-ийг уншиж, сайн мэдээг хуваалцахад Сүнстэй байхын ач холбогдлын талаар олж мэдсэн үнэнээ хуваалцаж болно (мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Даллин Х.Өүксийн үгийг үзнэ үү). Ангийн гишүүд сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлийг нь Ариун Сүнс удирдаж чиглүүлсэн туршлагуудаасаа хуваалцаж болно. Бурханы бидний зам дээр байрлуулсан хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцаж байсан ямар туршлага бидэнд байдаг вэ? (мөн Миний сайн мэдээг номло, 3–4-ийг үзнэ үү.)
-
Та ангийн гишүүдийг гэрчлэлээ хуваалцах сүнслэг өдөөлтийг мэдэрсэн үедээ зоригтой болоход нь туслахын тулд Паулын туршлагуудыг хэрхэн ашиглаж болох вэ? Паулын Македони (Үйлс 16:19–34-ийг үзнэ үү), Афин (Үйлс 17:16–34-ийг үзнэ үү), Коринт (Үйлс 18:1–11-ийг үзнэ үү) дахь туршлагууд гэх мэт түүний гэрчлэлийг дүрсэлж буй судрын түүхүүдийг хамтдаа харахыг бод. Бид Паулын эр зоригийг харуулсан ямар нотолгоог олж хардаг вэ? Паул энэ сургаалд итгэх итгэлийг нь өгсөн ямар сургаалыг заасан (ойлгосон) бэ? Яагаад бид сайн мэдээг хуваалцахдаа заримдаа айдаг вэ? Мөн бид энэ айдсаа хэрхэн даван туулж чадах вэ? Ангид тань бүрэн цагийн номлогчид зочилж, өөрсдийн гэрчлэх зоригтой болсон арга замуудаас хуваалцаж болно. Ангийн гишүүдийг Паулын жишээг дагаж болох нэг арга замыг бодож, Христийн тухай гэрчлэлээ хуваалцах илүү зоригтой байхад урамшуулан дэмж.
Бид Бурханы үр удам.
-
Паул Арейпагийн дунд зогсож, Бурханы жинхэнэ мөн чанарын талаар өчүүхэн бага мэдлэгтэй байсан хэсэг хүнд Тэнгэрлэг Эцэгийн талаар заасан юм. Ангийн гишүүд эдгээр сургаалыг судлахын тулд Үйлс 17:24–31-ийг уншиж, Тэнгэрлэг Эцэгийн талаар мэдэж авсан үнэнээ болон бидний Түүнтэй болон бие биетэйгээ харилцах харилцааг самбарт бичиж болно. Ангийн гишүүд Бурхан “бид бүхний хэнээс нь ч холгүй” гэсэн Паулын мэдэгдлийн үнэнийг мэдэрч байсан ямар туршлага хуваалцаж чадах вэ? (27-р шүлэг).
-
Эдгээр шүлгийг хамтдаа авч үзэхдээ 29-р шүлэгт заасан Тэнгэрлэг Эцэг бол бидний сүнсний жинхэнэ эцэг гэсэн утгатай “Бид Бурханы үр удам” гэх үнэнийг хэлэлцэх талаар бодож үз. Үүнийг хийхийн тулд та самбарт Бид Бурханы хүүхдүүд учраас, Бид Бурханы хүүхдүүд гэдгээ мэдээгүй байсан бол гэж бичиж болно. Ангийн гишүүдийг эдгээр өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг санал болгоход урь. Жишээ нь, бид Бурханы хүүхдүүд гэдэг бодит үнэн нь Бурханы болон бидний талаар мөн бидний бие биетэйгээ харилцвал зохих арга замын талаар бидэнд юу заадаг вэ? Бид Бурхантай харилцах жинхэнэ харилцан хамаарлаа мэддэггүй байсан бол бидний амьдрал хэр өөр байх байсан бэ? Энэ нь Бурханы хүүхдүүд гэдгээ ойлгоход нь бусдад хэрхэн тусалж болох ярилцлага руу биднийг хөтөлж болох юм. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Даллин Х.Өүксийн үг энэ ярилцлагад нэмэр болно.
Баптисмын дараа Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ёстой.
-
Үйлс 19 нь бид баптисм хүртсэнийхээ дараа гишүүнээр батлуулах нь хэчнээн чухал болохыг тодотгож өгдөг. Бошиглогч Иосеф Смитийн дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз: “Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110). Паулын заасан Үйлс 19:1–7 дээрх сургаал Иосеф Смитийн заасан мэдэгдлийг хэрхэн баталж байна вэ? Ангийн гишүүд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар ирэх адислалуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Судруудын удирдамж дахь “Ариун Сүнс; Баптисм”-ийг уншиж болох юм.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Дараагийн долоо хоногийн турш ангийн гишүүдийг Үйлс 22–28-ыг уншихад урамшуулан дэмжихийн тулд тэднээс “Та нарт улсынхаа удирдагчид сайн мэдээний талаар ярих боломж тохиосон бол юу ярих байсан бэ?” гэх мэтийн зүйлсийг асуу. Паул тэр үеийн хамгийн хүчирхэг зарим удирдагчид юу гэж хэлснийг Үйлс 22–28-аас олж мэдэх болно гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Номлогчийн ажлын талаарх захиас.
-
Даллин Х.Өүкс, “Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48–51
-
Дэвид А.Бэднар, “Ирээд, хар,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124–127
-
Нийл Л.Андэрсэн, “Бурханы гэрч,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23–26
-
Мэрвин Б.Арнолд, “Аврах ажил: Бид үүнийг хийж чадна,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39–41.
-
С. Гиффорд Нийлсэн, “Их Эзэний тоглоомын дүрмийг яаравчлан дага!” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 38–40
Бид бүгд Бурханы хүүхэд.
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” бидний Бурхантай харилцах харилцааны талаар мөнхийн үнэнийг хуваалцдаг. “Бүх хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан, өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлиг шинж чанар, хувь тавилантай юм” (Ensign эсвэл Liahona, Nov. 2010, 129).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс биднийг өөрсдийгөө юун түрүүнд Бурханы сүнсэн хүүхдүүд гэж харахын ач холбогдлын талаар үг хэлсэн юм.
“Өөрсдийгөө хэрхэн тодорхойлоход болгоомжтой ханд. Ямар нэг түр зуурын шинж чанараар өөрийгөө битгий тодорхойл мөн илэрхийл. Биднийг тодорхойлох цорын ганц шинж чанар бол бид Бурханы хүү эсвэл охин мөн гэсэн чанар юм. Энэ чанар нь арьсны өнгө, ажил мэргэжил, бие махбодын онцлог, шагнал урамшуулал, тэр ч байтугай шашин шүтлэгийг хамарсан бусад шинж чанараас илүү чухал. …
“Бид сонгох эрх чөлөөтэй бөгөөд өөрсдийгөө тодорхойлох ямар ч зан чанарыг сонгож болно. Гэвч бид өөрсдийгөө тодорхойлох эсвэл мөнхийн зүйлсийн хувьд түр зуурын эсвэл жижиг сажиг шинжтэй зарим онцлог шинжээр өөрсдийгөө харуулахыг сонговол өөрсдийнхөө хамгийн чухал зүйлсэд анхаарлаа бага хандуулж, харьцангуй ач холбогдолгүй зүйлийг онцолж өгдөг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь биднийг буруу зам руу доош татаж, мөнхийн өсөлт хөгжилд маань саад болно” (“Be Wise” [Brigham Young University–Idaho devotional, Nov. 7, 2006], byui.edu).