“11-р сарын 18–24. Иаков: ‘Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“11-р сарын 18–24. Иаков,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
11-р сарын 18–24
Иаков
“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун”
Энэ тоймыг уншихаасаа өмнө Иаковын захидлыг уншиж, хүлээн авсан өдөөлтүүддээ анхаарал хандуул. Та ангийнхаа гишүүдийг адисалж мөн сэнхрүүлэх ямар зарчмыг олж мэдсэн бэ? Заах нэмэлт санаануудыг энэ тоймоос хар.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг “үгийг хэрэгжүүлэгчид” (Иаков 1:22) байхад урамшуулдаг Иаковын шүлгүүдээс хуваалцахад урь. Хэрэв хэтэрхий хувийн чанартай биш бол тэд хувиараа эсвэл гэр бүлээрээ хийнэ гэж бодож байгаа зүйлсээ хуваалцаж болно.
Сургаалыг заа
Биднийг итгэлээр асуух үед Бурхан өгөөмрөөр өгдөг.
-
Иаков 1:5–6 дээрх зарчмууд Иосеф Смитийг амьдралыг нь өөрчилсөн сүнслэг туршлага руу хөтөлсөн бөгөөд эдгээр нь бидний хүн нэг бүрийг ямар нэг байдлаар адисалж чадна. Та дараахтай адил асуултуудыг самбарт бичээд, ангийнхныг тунгаан бодохыг хүсэж болно. Иаков 1:5–6 нь таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Иосеф Смитийн эдгээр шүлэгтэй холбоотой туршлага өөрийнхөө хувийн асуултад мэргэн ухааныг эрэлхийлэх талаар танд юу заасан бэ? (Иосеф Смит—Түүх 1:10–17-г үзнэ үү). Ямар туршлагууд танд “Иаковын гэрчлэл үнэн” гэдгийг заасан бэ? (Иосеф Смит—Түүх 1:26). Ангийн гишүүдийг эдгээр асуултыг тунгаан бодсоны дараа өөрсдийн бодлыг хуваалцахад урь.
-
Ангийн гишүүд Иаков 1:5–6-г өөрийнхөө үгээр илэрхийлж болно. Энэ нь эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход тэдэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Бурханы хүүхдүүд залбирлаар Түүнд ойртох үед хүүхдүүддээ өгөөмрөөр өгнө хэмээн Түүний амласныг санахад ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг Иаков 1:5–6 дахь амлалт амьдралд нь биелж байсан туршлагаа хуваалцахад урь. Тэд Тэнгэрлэг Эцэгээс сайн мэдээний үнэний тухай өөрсдийн асуултуудад баталгаа хүсэхдээ юу мэдэж авсан бэ?
Тэсвэр хатуужил нь төгс төгөлдөр тийш хөтөлдөг.
-
Эдгээр шүлэгт Иаков тэвчээрийн тухай юу гэж заасныг ярилцаж эхлэхдээ ангийн гишүүдийг тэвчээртэй байхыг шаардсан туршлагаасаа болон тэндээс юу ойлгож мэдсэнээ хуваалцахад урьж болно. Тэд дараа нь өөрсдөдөө туршлага болгон хэрэгжүүлж болох зарчмуудыг Иаков 1:2–4 ба 5:7–11-ээс хайж болно. Тэд бас ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Тэвчээрээр үргэлжлүүл” захиасаас хэрэгжүүлж болох зарчмуудыг олж болно (Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67). Яагаад бидэнд төгс төгөлдөрт хүрэхэд тэвчээр шаардлагатай вэ? Тэвчээрийг амьдралдаа хөгжүүлэхэд ангийн гишүүдэд юу тусалж байсан бэ?
“Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм.”
-
Ангийнхнаа хоёр бүлэгт хуваарилж, нэгээр нь итгэл яагаад үйлс шаарддагийг, нөгөөгөөр нь бидний үйлдэл яагаад итгэл шаарддагийг судлуулах нь Иаковын итгэл ба үйлсийн талаарх сургаалыг ярилцах нэг арга зам юм. Үүний тулд тэд Матай 7:21–23; Иаков 1:6–8, 21–25; 2:14–26 ба Иосеф Смит—Түүх 1:19-ийг уншиж болно. Дараа нь бүлэг бүр олж мэдсэн зүйлсээ хуваалцаж, яагаад итгэл, үйлс хоёр хоёулаа чухал болохыг ярилцаж болно.
-
Та ангийн гишүүдэд “Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм” (Иаков 2:26) гэсэн санаж явбал зохих үг хэллэгийг илүү гүн гүнзгий тунгаан бодоход туслахын тулд дараах өгүүлбэрийг самбар дээр бичиж болно. Итгэл нь үйлсгүй бол-тэй адил юм. Ангийн гишүүдийг энэ өгүүлбэрийг гүйцээх бүтээлч аргуудыг бодож олоход урьж, тэдний санааг самбарт бичүүл. Тэдэнд бас хоёр хоёроороо эсвэл цөөн хүнтэй бүлгээр энэ үйл ажиллагааг хийх нь тустай байж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын ярьсан түүх энэ зарчмыг ойлгоход тэдэнд тусалж чадна. Бид Есүс Христэд итгэх итгэлийнхээ дагуу үргэлжлүүлэн үйлдэхийн тулд юу хийж чадах вэ?
Бид Есүс Христийн дагалдагчдын хувьд бүх хүнийг тэдний нөхцөл байдлаас үл хамааран хайрлах хэрэгтэй.
-
Бусдын нөхцөл байдал эсвэл бие махбодын харагдах байдлаас нь үл хамааран хүн бүрийг Христийнхтэй адил хайрлахад ангийн гишүүдийг урамшуулахын тулд та тэднийг Иаков 1:9–11; 2:1–10; 5:1–6-г ээлжлэн уншихад урьж болно. “Бусдыг алаг үзэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? гэсэнтэй төстэй асуултуудыг авч ярилц. (Иаков 2:9). Яагаад бид заримдаа мөнгөтэй, нэр хүндтэй, хүчтэй хүмүүст ийм биш хүмүүсээс өөрөөр ханддаг вэ? Бид нөхцөл байдлаас нь шалтгаалан бусдад ханддаг хандлагаасаа хэрхэн зайлсхийж чадах вэ? Аврагчийн итгэлтэй дагалдагчид хэрхэн бүхнээс баян байдаг вэ? (Иаков 2:5-ыг үзнэ үү).
Бидний амнаас гардаг үгс бусдыг гомдоох юм уу адислах хүчтэй байдаг.
-
Иаковын ашигласан хүчирхэг дүрслэлүүд амаар болон бичгээр, аль алинаар нь бусдыг өргөх үгсийг ашиглах сануулагч, өдөөгч болж чадна. Хэл яриа нь бусдыг гомдоох эсвэл адислахад хэрхэн ашиглагддагийг Иаков 3-аас хайж гүйлгэн уншихад ангийн гишүүдийг урь. Зарим гишүүн эдгээр дүрслэлийг зурахдаа дуртай байж болох юм. Эдгээр дүрслэл нь энэ бүлгийн Иаковын зааврыг хэрхэн дүрсэлж байна вэ? Жишээ нь, бидний үг яриа хэрхэн галтай адил байж болох вэ? Хэл ярианы эерэг хүчийг дүрслэн харуулахын тулд ангийн гишүүд ямар зүйлийг дүрслэн бодож чадах вэ? Та ангийн гишүүдийг Иаковын зөвлөгөөг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадахаа тунгаан бодоход урьж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг 1 ба 2 Петрийг уншихад урамшуулахын тулд сайн мэдээний Сэргээлтийн ачаар илүү ойлгомжтой болсон эдгээр захидлаас сургаалын талаар заасан зүйлсийг хайж олоход тэднийг урь. Эдгээр сургаал нь Иосеф Смитийн бошиглолын номлолын тухай юуг гэрчилдэг вэ?
Нэмэлт эх сурвалж
Итгэл ба үйлс.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:
“Бурханд итгэдэггүй саван хийгчийн тухай эртний еврей үлгэр байдаг. Нэг өдөр тэрээр раббитай хамт алхаж явахдаа “Миний ойлгохгүй нэг зүйл байна. Бид хэдэн мянган жилийн турш шашин шүтсэн. Гэхдээ хаашаа ч харсан хилэнц, авлига, луйвар, шударга бус байдал, зовлон зүдгүүр, өлсгөлөн, хүчирхийлэл байна. Тэгэхлээр шашин дэлхий ертөнцийг огтхон ч сайжруулаагүй бололтой. Тиймээс би танаас шашны чухам юу нь сайн юм бэ? гэж асууя” гэжээ.
“Рабби хэсэг хугацаанд юу ч хэлсэнгүй, саван хийгчтэй хамт цааш явав. Эцэст нь тэд тоосонд дарагдсан хүүхдүүд шороогоор тоглож байсан тоглоомын газарт иржээ.
Рабби: ‘Надад ойлгохгүй нэг зүйл байна. ‘Энэ хүүхдүүдийг хар даа. Бидэнд олон мянган жилийн турш саван байсан ч энэ хүүхдүүд хиртэй заваан хэвээр л байна. Саван байх нь юунд сайн юм бэ?’ гэж хэлэв.
Гэтэл саван хийгч: ‘Рабби, хүүхдүүд бохир заваан байгаад саванг буруутгах нь шударга бус. Саванг хэрэглэж байж л ашиг тусыг нь авна шүү дээ’ хэмээн хэлтэл
Рабби инээмсэглэн, ‘Яг тийм’ хэмээн хариулав (“Зөвт хүн итгэлээр амьдарна,” Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Лиахона, 4).