“11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр: ‘Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
11-р сарын 25-аас 12-р сарын 1
1 ба 2 Петр
“Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг”
Таны зорилго бол хичээлийг танилцуулах бус, хүмүүст заах явдал юм. Та Петрийн захидлыг уншихдаа ангийн гишүүдийнхээ тухай нэг бүрчлэн бод. Ямар зарчмууд тэдний итгэлийг бэхжүүлэхэд туслах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Самбарт 1 Петр ба 2 Петр гэсэн гарчгуудыг бич. Ангийн гишүүдэд эдгээр бүлгийг авч үзэх цаг өгч, эдгээр гарчган доор энэ бүлгүүдээс утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг олж бичихэд урь. Дараа нь ойлгосон зүйлээ хуваалцах хүмүүсийг урихдаа энэ жагсаалтуудаа ашигла.
Сургаалыг заа
1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19
Би соригдож, зовж шаналж байгаа үедээ ч гэсэн баяр баясгаланг олж авч чадна.
-
Та зааж буй хүмүүстээ хүнд нөхцөл байдалд ч баяр баясгаланг олох талаарх Петрийн зөвлөгөөг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэхэд нь туслахын тулд ангийн гишүүдэд цаас тараан өгч, сорилттой, хүнд хэцүү үед нь тэдэнд тусалж чадах үг хэллэгүүдийг 1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19-өөс олж, цаасан дээрээ бичихийг хүсэж болно. Тэд сорилттой учирсан үедээ амар амгалан эсвэл баяр баясгаланг мэдэрч байсан үеийнхээ талаар цаасныхаа нөгөө талд бичиж болно. Цөөн тооны сайн дурынхан бичсэн үг хэллэг, туршлагаасаа хуваалцаж, дараа нь ангийнхан ойлгож мэдсэн зүйлсээ ярилцаж болно.
-
1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19 дээрх Петрийн зөвлөгөөг авч үзэх өөр нэг арга бол сорилттой тулгарсныг нь мэддэг тухайн хүнийхээ тухай бодоход урих явдал юм. Ангийнханд эдгээр шүлгээс тухайн хүнийг урамшуулсан үнэнийг оролцуулсан захидал бичих цаг өг (мөн С ба Г 121:1–8; 123:17-г үзнэ үү). Ангийн гишүүд сонгосон үнэнийхээ талаар ярилцаж болно.
Бид “Бурханы хүмүүс” байхаар дуудагдсан билээ.
-
Бид Христийн Сүмийн гишүүдийн хувьд Есүс Христийг дагахаар дуудагддаг. Энэ нь бидний сонголт бусад хүний сонголтоос заримдаа өөр байдаг гэсэн үг юм. 1 Петр 1:13–20; 2:1–12 дээрх Петрийн сургаал таны заадаг хүмүүст Аврагчийн номлолыг болон Түүнтэй илүү адил болох хүслийг улам сайн ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? Та ангийн гишүүдийг “Бурханы хүмүүс” (1 Петр 2:10-ыг үзнэ үү) байх гэдэг нь ямар утгатай үг болохыг эдгээр шүлгээс хайн судлаад, олсон зүйлсээ хуваалцахад урьж болно. Та 1 Петр 2:9 дээрх “эзэмшлийн” гэдэг үг “худалдагдсан” эсвэл “хадгалагдсан” гэсэн утгатайг тайлбарлаж болно. Энэ нь Бурхан бидний талаар юу гэж боддогийг болон биднийг хэрхэн амьдраасай гэж хүсдэг талаар бидэнд юу зааж байна вэ?
Нас барагсад шударгаар шүүгдэж болохын тулд тэдэнд сайн мэдээг номлодог.
-
Петрийн анхны захидал нь Есүс Христ нас барсныхаа дараа сүнсний дэлхийд зочилсон тухай Библи дэх цөөн эшлэлийн нэгийг буюу бидэнд орчин үеийн илчлэлтийг илүү бүрэн дүүрэн ойлгоход тусалдаг үйл явдлыг агуулдаг. Та ангийн гишүүдэд сүнсний дэлхийн талаарх ойлголтыг нь нэмэгдүүлэхэд туслахын тулд тэднийг Иохан 5:25; 1 Петр 3:18–20; 4:6; Алма 40:7–14, 21; Сургаал ба Гэрээ 138:11–32 гэсэн судруудыг уншаад, мэдэж авсан зүйлсээ самбарт бичихэд урьж болно.
“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа мэдэгдлүүд нь Христийн Сүнсний дэлхийд айлчилсан айлчлалыг зөвхөн Түүний төлөөлөгчид төдийгүй дэлхийн гэгдэх Христэд итгэгч багш нар ойлгуулж бас заасан гэдгийг харуулдаг. Энэ мэдлэг нь Их урвалтын үед алдагдаж, өнөө үед сэргээгдсэн гэдгийг ойлгох нь ангийн гишүүдэд Иосеф Смитийн болон Сайн мэдээний Сэргээлтийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд туслах болно.
-
1 Петр 3:18–20; 4:6-г ярилцах нь ангийн гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд илүү бүрэн оролцоход урамшуулж чадна. Үүнийг хийхийн тулд та ангийнхнаа гурван бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд нас барагсдын гэтэлгэлийн талаарх дараах асуултуудыг нэг нэгээр нь өг. Үүнд: Нас барагсдыг гэтэлгэх Аврагчийн үүрэг юу вэ? Итгэлтэй хүмүүс болон сайн мэдээний мэдлэггүй нас барсан хүмүүсийн үүрэг юу вэ? Бидний үүрэг юу вэ? Бүлэг бүрийг 1 Петр 3:18–20; 4:6; Сургаал ба Гэрээ 128:17–18; 138:11–32, 57–59-ийг авч үзэж, асуултууддаа хариулт хайхыг хүс. Тэднийг мэдэж авсан зүйлсээ хуваалцахыг хүсээд, “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Д. Тодд Кристоффэрсоны хэлсэн эшлэлийг хуваалцахыг бод. Бид нас барсан өвөг дээдэстээ авралыг тохиолгон авчрахад оролцсоноор ямар адислалуудыг харсан бэ?
Бид Есүс Христийн хүчээр дамжуулан тэнгэрлэг мөн чанараа хөгжүүлж чадна.
-
Та зааж байгаа хүмүүсийнхээ Есүс Христтэй илүү адил болохоор хичээн чармайж байгааг нь урамшуулахын тулд тэднийг 2 Петр 1:1–11 дээрх Христийнхтэй адил зан чанаруудыг олж тогтооход урьж болно. Эдгээр зан чанарыг самбарт бичиж мөн тодорхойлохыг ангийн гишүүдээс хүс. Нэг зан чанарыг хөгжүүлэх нь хэрхэн өөр бусад зан чанарыг хөгжүүлэхэд хүргэдгийг ангийн гишүүд дараа нь ярилцаж болно. Тэдэнд илүү хөгжүүлэхийг хүсэж байгаа зан чанараа тунгаан бодох цаг гаргаж өг (мөн Миний сайн мэдээг номло, 143-ыг үзнэ үү).
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Дараачийн долоо хоногт Иоханы захидлыг судлах болно гэдгийг та ангийн гишүүдэд хэлж болно. Эдгээр захидал Есүс Христийн талаарх худал сургаалуудыг залруулахад тусалдаг төдийгүй, Аврагчийн амьдралын бодит байдлын талаарх бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.
Нэмэлт эх сурвалж
Нас барагсдыг гэтэлгэх ажил нь Христийн тохинууллыг гэрчилдэг.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон үүнийг заасан.
“Христэд итгэгч шашны номлогчид Есүсийн талаар ямар ч мэдлэггүйгээр амьдарч байгаад нас барсан тоо томшгүй олон тэрбум хүний хувь тавилан яах вэ? гэсэн асуултад хариулахыг удаан хугацаанд оролдсоор ирсэн юм. Баптисм хүртээгүй нас барагсад хэрхэн гэтэлгэгдэж мөн Бурхан хэрхэн ‘төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болох’ [Алма 42:15-ыг үзнэ үү] тухай ойлголт Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтээр ирсэн билээ.
Есүс энэ амьдралд байхдаа үхэгсдэд номлоно хэмээн бошиглож байсан [Иохан 5:25-ыг үзнэ үү]. Аврагчийн цовдлуулалт ба амилалтын хооронд энэ үйл явдал болсон гэдгийг Петр бидэнд хэлдэг [1 Петр 3:18–19-ийг үзнэ үү]. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Аврагч сүнсний дэлхийд айлчилж очсон тухай үзэгдлийг харсан [С ба Г 138:30, 33-ыг үзнэ үү]. …
“Үхэгсдийг гэтэлгэх бидний сэтгэл зовнил, тэрхүү амлалтанд зориулсан цаг хугацаа, нөөц бололцоо нь бүхнээс илүү Есүс Христийн талаарх гэрчлэлийн илэрхийлэл юм. Энэ нь Түүний тэнгэрлэг зан чанар ба номлолын талаар бидний хийж чадах хамгийн хүчирхэг мэдэгдлээс бүрддэг. Энэ нь эхлээд Христийн Амилуулалтын талаар; хоёрдугаарт, Түүний Цагаатгалын хязгааргүй хүчний талаар, гуравдугаарт, Тэр авралын цорын ганц эх сурвалж гэдгийг; дөрөвдүгээрт, Тэрээр авралын нөхцөлүүдийг тогтоосон болохыг; тавдугаарт, Тэр дахин ирнэ гэдгийг гэрчилдэг” (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign эсвэл Liahona, Nov. 2000, 9–10).
Үхэгсдэд номлож байгаа талаарх эртний Христийн багш нарын бичээсүүд (нэгээс гуравдугаар зуун хүртэл).
Ориген: “[Есүс] биеийг нь бүрхсэн бүрхүүлгүй [сүнс] болсон үедээ Өөртэйгөө адилхан хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг хөрвүүлэн, ”биеийн бүрхүүлгүй эдгээр сүнстэй хамт оршин амьдарч байв (in The Ante-Nicene Fathers, ed. Alexander Roberts and James Donaldson [1907], 4:448).
Гермас: “Бурханы Хүүгийн нэрийг номлож байсан төлөөлөгч, багш нар Бурханы Хүүгийн хүч ба итгэл дотор нойрссоныхоо дараа, тэднээс өмнө нойрссон хүмүүст бас номлосон юм” (in The Apostolic Fathers, trans. J. B. Lightfoot [1898], 472).