“12-р сарын 23–29. Илчлэлт 12–22: ‘Ялагч нь бүх зүйлийг өвлөнө’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 23–29. Илчлэлт 12–22,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
12-р сарын 23–29
Илчлэлт 12–22
“Ялагч нь бүх зүйлийг өвлөнө”
Илчлэлт номонд дүрслэгдсэн сайн, муугийн хоорон дахь тулаан энэ дэлхийд Христийг дагахын ач холбогдлын талаар танд юу зааж байна вэ? Энэ зарчмыг тунгаан бодсоныхоо дараа ангийнхаа гишүүдийн хэрэгцээг авч үз. Илчлэлт номны ямар ямар үнэн тэдэнд зөв сонголт хийхэд нь тусалж чадах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийнхаа гишүүдийг Шинэ Гэрээг судлаад, дуусаж байгаагийн хувьд Шинэ Гэрээний талаар бодлоо хуваалцахад урамшуул. Тэд судраас судалснаар гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
Сургаалыг заа
Бид Сатаныг “Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялсан.”
-
Тэнгэр дэх Дайныг ойлгож мэдэх нь бидэнд дэлхийн амьдралыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Ангийн гишүүд Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 12:7–11 (Судруудын удирдамж)-ийг уншиж, бид Тэнгэрт дэх дайнд Сатаныг болон түүний тэнгэр элчүүдийг хэрхэн ялсныг олж тогтоож болно. Бид тэнгэр дэх дайны талаар Судруудын удирдамжаас өөр ямар ойлголтыг авдаг вэ? Бид мөнх бус амьдралынхаа турш дайсныг ялан дийлэхэд тусалж чадах юуг ойлгож мэдсэн бэ?
-
Хурга “ертөнцийн сууриас алагдсан” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Илчлэлт 13:8 мөн Илчлэлт 5:6-г үзнэ үү). Мозая 3:13 ба Мосе 7:47-г ангиараа уншиж, энэ асуултын хариултуудыг олоход ангийн гишүүддээ туслахыг бод. Сатаныг “Хурганы цусаар” ялна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Илчлэлт 12:11).
Бид өөрсдийгөө дэлхийн ёсон бусаас тусгаарлах ёстой.
-
Вавилоны ёс бус байдал ба Илчлэлт 17–18 дээрх уналтыг унших нь тийм ч таатай биш боловч Вавилон өнөөдөр бидний амьдарч байгаа ёс бус дэлхийн бэлгэдэл болж чадах учраас энэ нь тустай юм. Та ангийн гишүүдээ цөөн хүнтэй бүлгүүдэд хувааж, эдгээр бүлгийг өгч болох ба дараахтай адил асуултуудад хариулахыг тэднээс хүс. Тухайлбал: Хүмүүс яагаад Вавилонд эсвэл дэлхийн зүйлсэд татагддаг вэ? Яагаад Вавилон аюултай вэ? Вавилонд юу тохиолдох вэ? Иохан биднийг Вавилоны хувь тавилангаас зугтаахад туслахын тулд ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?
-
Ангийн гишүүд Илчлэлт 18:4-ийг уншсаныхаа дараа хэрхэн Вавилоноос “гарч,” “түүний нүглийг хүртэгчид болохгүй байж” болох талаар ярилцаж болно. Жишээ нь, ямар судар эсвэл Сүмийн удирдагчдын захиас бидэнд Вавилоны эсвэл дэлхийн уруу таталтуудыг эсэргүүцэхэд тусалсан бэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх ахлагч Квинтин Л.Күкийн мэдэгдлийг уншихыг бод. Ангийн гишүүд ахлагч Күкийн дурдсан хоёр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх тухай өөр ямар ямар санаа хуваалцаж болох вэ? Бид Вавилоноос “гарна” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Жишээг С ба Г 133:12–14-өөс үзнэ үү). Бид бусдыг үүнтэй адил зүйлийг хийхэд урамшуулахын тулд юу хийж болох вэ?
Бид Их Эзэний Хоёр дахь ирэлт болон Шүүлтийн өдөрт хэрхэн бэлдэж чадах вэ?
-
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг заримдаа “Эзэний агуу, аймшигт өдөр” (Иоел 2:31) хэмээн нэрлэдэг бөгөөд Илчлэлт 19–20-ийн дагуу энэ нь сайн тодорхойлолт болж өгдөг. Илчлэлт 19:5–20:15-д дүрслэгдсэн зарим үйл явдлыг самбарт бичихийг бод. Ангийн гишүүдийг эдгээр үйл явдлыг дүрслэх шүлгүүдийг олоход урь. Эдгээр үйл явдлыг яагаад агуу бөгөөд аймшигт гэж нэрлэдэг вэ? Бид Аврагчийн тухай болон Түүнийг дагадаг хүмүүсийн талаар эдгээр шүлгээс юу ойлгож авдаг вэ? Түүнийг ирэхэд баясах хүмүүсийн дунд байхын тулд бид одоо юу хийж чадах вэ?
-
Амийн номын тухай ярилцаж эхлэхийн тулд та ангийн гишүүдийг нэг цаасыг дөрөв нугалж, энгийн ном хийхэд урьж болно. Тэд дараа нь Илчлэлт 20:12–15-ыг уншаад, амийн номонд өөрсдийнхөө талаар юу гэж бичээсэй хэмээн хүсэж байгаагаа тунгаан бодож, эдгээрийг номондоо бичиж болно. (“Нэмэлт эх сурвалж” хэсгээс “Амийн ном”-ны тодорхойлолтуудыг олж болно.) Хэрэв бид өнөөдөр Бурханы сэнтийний өмнө дуудагдсан бол бидэнд ямар байх байсан бэ? Ахлагч Жорг Клэбингатын “Бурханы сэнтий рүү дөхөж очихдоо өөртөө итгэлтэй байх нь” (Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 39–41) захиасыг ярилцлагандаа оруулж болно. Та бас ахлагч Жэффри Р.Холландын “Тиймээс та нар эцэст нь төгс бай” хэлсэн үгийг авч үзэж болно (Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28). Эдгээр мэдэгдэл Шүүлтийн өдөрт бэлтгэх тухай энэ ярилцлагад ямар хувь нэмэр оруулж байна вэ?
Хэрэв бид итгэлтэй байвал селестиел алдар суугаар адислагдах болно.
-
Хожмын өдрүүдийг ёс бус явдал хийгээд аюулаар дүүрэн байна гэж бошиглодог ч Иоханы харсан итгэгчдэд өгөх шагнал нь үүний өмнө тохиолдсон гай зовлонгоос хамаагүй агуу юм. Та Илчлэлт номын энэ сайхан төгсгөлийг судлахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг селестиел алдар суугийн төлөө хичээхэд нь туслах үг хэллэгийг хайж, Илчлэлт 21:1–22:5-ыг харахад урь. Итгэлтэй хүмүүст ямар амлалтууд өгөгддөг вэ? Биднийг одоогийнхоо сорилт бэрхшээлтэй тулгарах үед энэ тодорхойлолт хэрхэн тусалдаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ Мормоны Номыг дараа жил судлахад нь урамшуулахын тулд эдгээр бошиглолын амлалтын заримыг хуваалц.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Хэрэв та нарын хүн тус бүр өмнө нь Мормоны Номыг хэдэн удаа уншсан ч бай энэ энгийн хөтөлбөрийг дагах юм бол та нарын амьдрал хийгээд гэр оронд тань Их Эзэний Сүнс илүү ихээр ирж мөн Түүний зарлигуудад дуулгавартай алхах хүчирхэг шийдвэр гаргаж, Бурханы Хүүгийн бодит амьд байдаг тухай бөх бат гэрчлэлтэй болно гэдгийг би та нарт ямар ч эргэлзээгүйгээр амлаж байна” (“A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 6).
Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бидний хүн нэг бүр Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бодож байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингэснээр бид Сүнсний дуу хоолойг сонсон, уруу таталтыг эсэргүүцэж, эргэлзээ, айдсыг ялж, амьдралдаа Тэнгэрийн тусламжийг хүлээн авах болно” (“Мормоны Номын хүч,” Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73).
Нэмэлт эх сурвалж
Вавилоны ёс бус байдлын оронд зөв шударгыг сонгох нь.
Ахлагч Квинтин Л.Күк:
“Бид дэлхийгээс зугтаж чадахгүй. Амьдралаас тасрах нь хариулт биш юм. Дэлхийд эерэг арга замаар хувь нэмрээ оруулах нь бидний даван туулах сорилтуудын нэг бөгөөд бид авьяас чадвараа хөгжүүлэх ёстой нь зайлшгүй юм. … Сүмийн гишүүд дэлхийд эерэг нөлөө үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл бид дэлхийд эерэг байдлаар хувь нэмрээ оруулах болон дэлхийн нүглүүдэд найр тавихгүй байх хэрэгцээгээ хэрхэн тэнцвэртэй байлгах вэ? (C ба Г 25:10; С ба Г 59:9-ийг үзнэ үү.) Хоёр зарчим чухал өөрчлөлтийг гаргана.
1. Үүрэг хүлээсэн хожмын үеийн гэгээнтэн гэдгээ хүмүүст мэдүүл. …
2. Итгэл үнэмшилдээ итгэж, амьдар” гэж заасан (“Lessons from the Old Testament: In the World but Not of the World,” Ensign, Feb. 2006, 54–55).
Амийн ном.
Филиппой 4:3; Илчлэлт 3:5; 17:8; 2 Нифай 29:11; Алма 5:58; Сургаал ба Гэрээ 127:6–7, 9; 128:6–7.
“Нэг талаараа Амийн ном нь хүний бүх бодол санаа, үйл ажиллагааг багтаасан буюу түүний амьдралын цэдэг юм. Хэдий тийм ч итгэлтнүүдийн нэрс болон тэдний зөв шударга үйлсийн шастирыг багтаадаг тэнгэрлэг цэдэг хөтлөгддөгийг судрууд бас харуулдаг (Судруудын удирдамж, “Амьдралын ном”).