“12-р сарын 16–22. Христийн мэндэлсний баяр: ‘Үлэмж баярлуулах сайн мэдээ’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 16–22. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
12-р сарын 16–22
Христийн мэндэлсний баяр
“Үлэмж баярлуулах сайн мэдээ”
Сайн мэдээний хэлэлцүүлэг нь Есүс Христ дээр төвлөрсөн үед сүнслэг байдлын хувьд хүчирхэг байдаг. Та энэ долоо хоногт Есүс Христийн төрөлт ба номлолыг судлахдаа ангийнхаа ярилцлагыг хэрхэн Аврагч дээр илүү сайн төвлөрүүлж чадахаа мэдэхийн тулд Ариун Сүнснээс сүнслэг удирдамж эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Аврагчийн төрөлтийг Түүнд илүү ойртоход туслах арга зам болгон тэмдэглэхдээ хувиараа эсвэл гэр бүлээрээ юу хийсэн эсвэл хийж байгаагаа хуваалцахад ангийн гишүүдийг урь.
Сургаалыг заа
Матай 1:18–25; Лук 1:26–38; 2:1–20
Есүс Христ дэлхийд төрөхөөр доошлон ирсэн.
-
Доошлон ирэх гэдэг нь цол, хэргэм зэргээсээ сайн дураараа буух гэсэн утгатай (1 Нифай 11:14–26-г үзнэ үү). Христийн мэндэлсний баяр нь Христийн хүлцлийг—Түүний “Эцгийнхээ дээд сэнтийг орхин, хүмүүнтэй амьдарч, хүмүүний төлөө үхэх”-эд бэлэн байсныг тунгаан бодож, тэмдэглэн өнгөрүүлэх сайхан цаг үе юм (“Again We Meet around the Board,” Сүмийн дуулал, х. 186). Энэ сэдвээр ярилцахын тулд, та ангийн гишүүдээс энэ долоо хоногт хувиараа эсвэл гэр бүлээрээ судалж байхдаа мэндлэхээсээ өмнө Есүс Христ хэн байсан талаар юу ойлгож мэдсэнийг нь асууж болно (Иохан 17:5; Мозая 7:27; С ба Г 76:12–14, 20–24; Мосе 4:2-ыг үзнэ үү). Дараа нь ангийн гишүүдийг Аврагчийн төрөлтийн тухай унших үед та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр байгаа зургийг үзүүлж болно (Матай 1:18–25; Лук 1:26–38; 2:1–20-ийг үзнэ үү). Аврагчийн мөнх бус байдлын өмнөх алдар сууг Түүний даруухан төрөлттэй харьцуулахад тэдэнд ямар бодол, мэдрэмж төрсөн бол?
-
1 Нифай 11:16 дээр тэнгэр элчийн Нифайд тавьсан шиг асуултыг өөрийн үгээр өөрчлөн асуух нь ангийн ярилцлагыг эхлүүлэх сайхан арга байж болох юм. Магадгүй та самбарт Бурханы хүлцэл гэж юу вэ? гэж бичээд, ангийн гишүүдийг 1 Нифай 11:17–33-ыг уншихдаа энэ асуултыг тунгаан бодохыг хүсэж болно. Эдгээр шүлэгт гарснаар Аврагчийн тухай бодлоо хуваалцахыг тэднээс хүс. Та Нифайн дүрсэлснээр Аврагчийн амьдралыг дүрслэн харуулдаг ямар зургуудыг ангийнхандаа харуулж болох вэ?
-
Хөгжим нь Сүнсийг ангидаа урих гайхалтай арга зам юм. Табернеклын найрал дуучдын дуулсан Христийн мэндэлсний баярын дууллуудыг тоглуулж (mormontabernaclechoir.org-ыг үзнэ үү), хэн нэгнийг Христийн мэндэлсний баярын дууг дуулахад урь, Эсвэл ангиараа цөөн дууллыг уншиж эсвэл дуулахыг бод (Сүмийн дуулал, х. 201–214-ийг үзнэ үү). Ангийн гишүүд эдгээр дууллаас болон дууны доор жагсаасан судруудаас Аврагчид болон Түүнийг дэлхийд ирэх хүсэлтэй байсанд талархах талархлыг нэмэгдүүлэх үгсийг хайж болно.
Есүс Христ Өөрийн номлолыг гүйцэлдүүлснээр биднийг мөнх амийг өвлөх боломжтой болгосон юм.
-
Та Есүс Христийн төрөлтийн шалтгаануудыг ярилцахад ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг Түүний номлолыг харуулсан судруудыг хайж олоод, хуваалцахад урь (зарим жишээг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү). Ангийн гишүүд хоёр хоёроороо эсвэл цөөн хүнтэй бүлгүүдээр шүлгүүдийг хайж олоод уншиж болно. Тэд өөрсдийнхөө олсон шүлгүүдээс Христийн номлолын талаар юуг ойлгож мэдсэн бэ? Бид судар дээрх Түүний нэрнүүдээс Түүний номлолын тухай юуг мэдэж авдаг вэ? (Судруудын удирдамж, “Есүс Христ”).
-
Ангийн гишүүдийг “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (Ensign эсвэл Liahona, May 2017, нүүр хуудасны дотор)-ийг уншиж, Түүний дэлхийд ирсэн шалтгааныг тайлбарласан мэдэгдлүүдийг хуваалцсанаар Аврагчийн номлолын тухай сурч болно. Эсвэл тэд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн захиасыг авч үзэж мөн Аврагчийн талаар сурсан зүйлээ ярилцаж болно. Бид хэрхэн энэ Христийн мэндэлсний баяраар Аврагч болон Түүний номлолын талаар “чимээгүй бясалгал болон нам гүм бодрол”-д зориулан цаг гаргаж чадах вэ?
-
Ангийн гишүүдэд Есүс Христ ба Түүний номлолын талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Тэд Аврагчид итгэх итгэл, Түүнийг хайрлах хайрыг нэмэгдүүлсэн Аврагчийн амьдралын талаарх түүх юм уу хувийн туршлагаасаа хуваалцаж болох уу? Энэ жил Шинэ Гэрээнээс судлах нь Христийн мэндэлсний баярыг илүү утга учиртай болгоход хэрхэн хувь нэмрээ оруулсан бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Энэ долоо хоногт Илчлэлт 12–22-ыг судлах нь Авралын төлөвлөгөөн дэх Аврагчийн үүрэгт талархах талархлыг гүнзгийрүүлж, Христийн мэндэлсний баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд утга учир нэмж чадна гэдгийг ангийн гишүүдэд хэл.
Нэмэлт эх сурвалж
Христийн мэндэлсний баяр
Христийн мэндэлсний баярын жинхэнэ мөн чанар.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли:
“Бүх зүйлийг бодолцож үзэхэд, … бүх цаг үед амьдарч буй Бурханы охид, хөвгүүд бүгдээрээ үхэж мөн амилж, үүрд мөнх амьдарч болохын тулд Бетлехемд хүүхэд болон мэндлэхээр дэлхийд доошлон ирсэн Бүхнийг Чадагчийн Хүү Өөрийн амийг ичгүүр, шаналалд өгсөн ач ивээлийн энэ үйлдэл шиг ийм гайхалтай, сүр жавхлантай, гайхамшигтай юу ч байхгүй билээ. Тэрээр бидний хэн нь ч өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй байсан тэр зүйлийг бидний төлөө хийсэн юм. …
Энэ бол Христийн мэндэлсний баярын гайхалтай, үнэн түүх билээ. Есүс Иудейн Бетлехемд төрсөн нь удиртгал бөгөөд Багшийн гурван жилийн тохинуулал бол эхлэл хэсэг юм. Түүхийн гайхамшигт хэсэг нь бид бүхний нүглийг цагаатгахаар Калварийн загалмай дээр зовж шаналан, амь биеэ үл хайрлан нас барсан Түүний золиослол юм.
“Төгсгөлийн хэсэг нь ‘Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно’ (1 Кор. 15:22-ыг үзнэ үү) гэсэн баталгааг авчирсан Амилуулалтын гайхамшиг юм.
Христийн амилсны баяр байгаагүй бол Христийн мэндэлсний баяр байхгүй байх байсан. Бетлехемийн нялх Есүс Гетсемани болон Калварийн гэтэлгэгч Христгүйгээр мөн Амилуулалтын гайхамшигт ялалтгүйгээр өөр хүү байх байсан.
Би Их Эзэн Есүс Христ, мөнхийн, амьд Бурханы Хүүд итгэдэг. Хэн ч энэ дэлхийд ийм агуу амьдралаар амьдарч, хэн ч Түүнтэй харьцуулахуйц золиослол хийж эсвэл Түүнийхтэй харьцуулж болохуйц адислалыг соёрхоогүй юм. Тэр бол дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Би Түүнд итгэдэг. Би Түүний тэнгэрлэг байдлыг эргэлзээ, буултгүйгээр тунхаглаж байна. Би Түүнд хайртай. Би Түүний нэрийг хүндэтгэл, бишрэлтэй ярьдаг. …
Та нарын хүн нэг бүрд энэ Христийн мэндэлсний баярын мэндийг хүргэе. Гэвч хамгийн чухал нь та нар энэхүү Бурханы Хүүгийн гайхамшигт, сүр жавхлант мөчийг, ядаж ганцхан цаг ч болов чимээгүй бясалган, нам гүмхэн бодож өнгөрөөх болтугай. Тэрээр дэлхийд ирсэн учраас бид жилийн энэ үеэр баяр баясгалантай байдаг. Түүнээс ирдэг амар амгалан, бидний хүн нэг бүрийн мэдэрч болох төгсөшгүй хайр, асар их төлөөс төлж байж бидэнд үнэгүй өгсөн зүйлд нь хэмжээлшгүй их талархах мэдрэмж зэрэг нь бүгд Христийн мэндэлсний баярын жинхэнэ мөн чанар юм” (“The Wondrous and True Story of Christmas,” Ensign, Dec. 2000, 4–5).