“12-р сарын 9–15. Илчлэлт 1–11: ‘Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019))
“12-р сарын 9–15. Илчлэлт 1–11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
12-р сарын 9–15
Илчлэлт 1–11
“Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”
Сүнслэг өдөөлт хүлээн авах нь Ариун Сүнсний заахыг хүсэж байгаа зүйлийг танихад танд тусална. Эдгээр өдөөлтийг бичиж тэмдэглэж мөн дагах нь тэдгээрийг үнэлж, илүү ихийг хүлээн авах хүсэлтэй байгааг харуулдаг.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та Илчлэлт номны тухай ярилцаж эхлэх үедээ ангийн гишүүдийг Илчлэлт номыг хувиараа эсвэл гэр бүлээрээ судалж байхдаа мэдэж авсан ямар нэг мэдээллээ хуваалцахыг урих нь тустай байж магадгүй. Та нар хамтдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх зарим мэдээллийг авч үзэж эсвэл Судруудын удирдамжаас “Иохан, Зебедийн хүү” болон “Иоханы илчлэлт”-ийг хамт уншиж болно.
Сургаалыг заа
Есүс Христ бол амьд Бурханы амьд Хүү юм.
-
Иохан амилсан Аврагчийг болон Түүний хийсэн үйлсийг дүрслэхдээ Илчлэлт 1 дээрх дүрслэл, бэлгэдлийг ашигласан учраас энэ бүлгийг судлах нь Тэр амьд, Тэр Өөрийн Сүмийг удирддаг гэсэн итгэлийг хөгжүүлэх гайхалтай арга зам юм. Ангийн гишүүд Илчлэлт 1-ээс дүрслэл, бэлгэдлийг агуулсан хэд хэдэн үг хэллэгийг самбарт бичиж, эдгээр нь тус бүр Есүс Христийн талаар тэдэнд юу зааж байгааг хуваалцаж болно. Жишээ нь, Христ өнөөдөр Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг талаар бид эдгээр бэлгэдлээс юу мэдэж авдаг вэ? Аврагчийн талаарх Иоханы дүрслэлийг Сургаал ба Гэрээ 110:1–4-ийн нэг бэлгэдэлтэй хэрхэн харьцуулж болох вэ?
Бид Есүс Христээр дамжуулан сорилт бэрхшээлүүдийг даван туулж чадна.
-
Бид Иоханы бичсэн гэгээнтнүүдтэй ядаж нэг зүйлээр буюу саад бэрхшээлтэй тулгардаг гэдгээрээ адилхан. Ангийн гишүүдийг Илчлэлт 2–3-ыг уншиж, Иоханы цаг үед гэгээнтнүүдэд тулгарч байсан сорилтуудыг олж тогтооход уриад, Есүс Христ чуулган бүрийн сорилт, хүчтэй талуудыг мэддэг байсныг ойлгоход нь тусал. Аврагч өөрсдийнх нь онцгой нөхцөл байдлыг мэдсэнийг мэдэрсэн туршлагаасаа тэд хуваалцаж болно. Их Эзэн зовлон бэрхшээлээ даван туулахад бидэнд тусалж чадах ямар зөвлөгөөг гэгээнтнүүдэд өгсөн бэ?
-
Эдгээр бүлэгт Их Эзэн ялан дийлэгч хүмүүст зориулан сүнслэг амлалтуудыг өгсөн. Ангийн гишүүдийг Илчлэлт 2–3; 7:13–17-оос Их Эзэний амлалтуудыг хайхдаа хоёр хоёроороо ажиллахад урь. Тэд мөн эдгээр амлалтын заримыг төлөөлөх зураг зурж болох ба дараа нь олж мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Эдгээр амлалт тэднийг өөрсдийн сорилт болон сул талуудыг даван туулахаар үргэлжлүүлэн хичээхэд хэрхэн урамшуулдаг вэ?
Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгосон цорын ганц хүн юм.
-
Илчлэлт 5 дээрх Аврагчийн лацадсан хуйлмал номыг нээх бэлгэдлийг ойлгоход ангийнханд үзүүлэнт хичээл туслах болов уу? Та ангийнхантайгаа хуваалцах ямар нэгэн амттанг цоожтой саванд хийж ир. Хичээл эхлэхийн өмнө хэн нэгэнд цоожийг онгойлгох түлхүүрийг нууцаар өг. Саван доторх зүйлийг ангийнханд дүрслэн хэлээд, түлхүүртэй хүнийг түлхүүрдэж онгойлгохоос өмнө хайрцгийг онгойлгох боломжийг бусад хүнд олго. Дараа нь ангийнхан энэ үзүүлэнт хичээлийг Илчлэлт 5-тай харьцуулж болно. Дараахтай төстэй асуултууд тусалж болох юм. Үүнд: Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн аврал цоожтой сав юм уу лацадсан хуйлмал номтой юугаараа адилхан бэ? Яагаад Есүс Христ лацадсан хуйлмал номыг нээж чадах цорын ганц хүн байсан бэ? (“Нэмэлт эх сурвалж” хэсэг дээрх эшлэлүүдийг үзнэ үү). Лацадсан хуйлмал номыг нээх Аврагчийн зохистой байдлаас ямар ямар адислал хамаарах байсан бэ? (Илчлэлт 7:14–17-г үзнэ үү).
-
Илчлэлт 5-д дурдагдсан баяр хөөртэй хүмүүсийн адилаар бид ч гэсэн өнөөдөр бидэнд авралыг санал болгох зохистой Нэгэн хэмээн Аврагчийг магтахад дуу хоолойгоо өргөж чадна. Ангийн гишүүд Аврагчийн тухай дуртай зарим магтуу дууллаа хамт дуулж болно. Жишээ нь, “Glory to God on High” (Сүмийн дуулал, 67-р хуудас эсвэл LDS.org дээрх “Worthy Is the Lamb” видео бичлэгийг үзнэ үү) дууллыг дуулж болох юм. Энэ дууллын Есүс Христийн талaар зааж байгаа үнэнийг олж тогтоо. Эдгээр үнэний тухай гэрчлэлтэй болоход бидэнд ямар туршлага тусалсан бэ? Магтуу дууны захиас болон Илчлэлт 5:9–14 дээрх тунхаглалууд юугаараа төстэй байна вэ? Бид эдгээр дууллыг Их Эзэнийг шүтэн биширч, магтахдаа гэр орондоо болон сүм дээрээ хэрхэн илүү сайн ашиглаж чадах вэ?
Их Эзэн Хоёр дахь ирэлтийнхээ өмнө зөв шударга хүмүүсийг цуглуулан, Өөртэйгөө хамт амьдрахад тэднийг бэлтгэх болно.
-
Илчлэлт 7 нь “зургаа дахь лац”-ны үйл явдлуудыг дүрслэн харуулдаг бөгөөд тэдгээрийн зарим нь өнөө үеийг төлөөлдөг. Мөн 6-р бүлгийн төгсгөлд байгаа “Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ?” гэсэн асуултын хариулт байдаг. (17-р шүлэг). Ангийн гишүүд 7-р бүлгээс энэ асуултын хариултыг хайж олж болно. Тэдний ярилцаж болох өөр хэдэн асуултыг энд багтаав. Тухайлбал: Яагаад Их Эзэн дэлхийн устгалыг хэсэг хугацаанд хойшлуулсан бэ? Ёслол, гэрээнүүд нь “Бурханы уур хилэн ёс бусчууд дээр хэмжээлшгүй ихээр цутгагдах тэр өдөрт [биднийг] хэрхэн лацдах вэ?” (С ба Г 1:9). Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх бидний ажил юу вэ? Сургаал ба Гэрээ 1:4–23; 77:8–11 нэмэлт ойлголтыг өгч болох юм.
Иоханы үзэгдэл Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг хэрхэн авардаг талаар заадаг.
-
Ангийн зарим гишүүнд Илчлэлт номыг ойлгох нь хэцүү байж магадгүй. Иоханы бичээсүүдийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ өргөмжлөх төлөвлөгөөний хүрээнд авч үзвэл тустай байх болно. Ангийн гишүүд Илчлэлт 1–11-ийг гэртээ уншиж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг ойлгоход тусалсан үнэнийг олсон байж мэднэ (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй “Авралын төлөвлөгөөний талаарх судрууд” хэсгийг авч үзэх нь тэдэнд тустай байж магадгүй. Ангийн гишүүдийг Илчлэлт номны үлдсэн хэсгийг уншихдаа авралын төлөвлөгөөний тухай үнэнийг зааж буй судруудыг үргэлжлүүлэн хайж олоход нь урамшуулж, дараагийн хичээл дээр мэдсэн зүйлсээ хуваалцах боломжийг олго.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг хамгийн дуртай Христийн мэндэлсний баярын уламжлалаа бодоход урь. Тэднийг Есүс Христийн баярыг тэмдэглэхдээ Түүнд хэрхэн төвлөрч болох санаануудыг хайж, дараа долоо хоногийн тоймыг харахад урь.
Нэмэлт эх сурвалж
Авралын төлөвлөгөөний талаарх судрууд.
Есүс Христийн Цагаатгал
Мөнх бус байдлын өмнөх амьдрал
Мөнх бус амьдрал
Мөнх бус байдлын дараах амьдрал
Зөвхөн Есүс Христ биднийг цагаатгаж чадах байв.
Ахлагч Жэффри Р.Холланд мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь үйл явдлуудыг дүрслэн ингэж заажээ.
“Христ бүх хүн төрөлхтний гэм нүглийг цагаатгахдаа хүртэл тэдний ёс суртахууны сонгох эрх чөлөөг хүндэтгэн үзэх сайн дурын сонголт хийсэн. Ингэхдээ Тэр ийм гэтэлгэгч хайрын төлөөх бүх алдар сууг Эцэгтээ эргүүлэн өгөх байв.
“Христийн энэ хязгааргүй Цагаатгал нь (1) Тэр энэ дэлхий дээр цорын ганц нүгэлгүй амьдарч байсан хүн бөгөөд тиймээс нүглээс болж сүнслэг үхэлд харьяалагдах ёсгүй байсан, (2) Тэр Эцэгийн Төрсөн Ганц байсан бөгөөд тиймээс бурханлаг шинжүүдийг агуулж байсан нь Түүнд бие махбодын үхлийг ялах хүчийг өгсөн ба (3) Тэр энэхүү үйлчлэлд урьдчилан томилогдохын тулд мөнх бус байдлын өмнөх зөвлөлд хангалттай даруухан мөн хүсэл эрмэлзэлтэй байсан цор ганц хүн байсан зэргээс боломжтой болсон юм” (“The Atonement of Jesus Christ,” Ensign or Liahona, Mar. 2008, 35).