“1-р сарын 9–15. Матай 2; Лук 2: Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 9–15. Матай 2; Лук 2,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
1-р сарын 9–15
Матай 2; Лук 2
Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн
Та энэхүү тоймд байгаа санаануудыг уншихаасаа өмнө Матай 2, Лук 2-ыг судлаад, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь ангийнхныхаа хэрэгцээ шаардлагад хэрхэн хамгийн сайн нийцүүлж болох талаар илчлэлт хүлээн авахад танд тусална.
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг судрыг хувиараа болон гэр бүлээрээ судлахад төрсөн санаа бодол, туршлагаасаа хуваалцахад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Хэдийгээр тэд Матай 2, Лук 2 дээрх Аврагчийн төрөлтийн талаарх түүхийг мэддэг ч үргэлж шинэ сүнслэг ойлголтыг олж авах боломжтой. Ангийн хэдэн гишүүнийг өөр өнцгөөс харахад хүргэсэн захиас байвал хуваалцахад урих талаар бодож үз.
Сургаалыг заах
Христийн төрөлтийн олон гэрч бий.
-
Матай 2:1–12, Лук 2:1–38 дахь шүтлэгтнүүдийн талаарх түүх нь Аврагчид хайраа үзүүлдэг арга замынхаа талаар тунгаан бодоход ангийн гишүүдэд тусална. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Христийн төрөлтийн гэрчүүдийн талаарх хүснэгтийг авч үзнэ үү. Танай ангийнхны зарим нь энэ үйл ажиллагааг гүйцэтгэснээр олж авсан ойлголтоо хуваалцаж болох юм. Эсвэл та нар энэ үйл ажиллагааг ангиараа гүйцэтгэж болно. Христийн энэ гэрчүүд нийгмийн өөр өөр давхаргын хүмүүс байсан нь яагаад чухал вэ? Бид тэдний жишээг хэрхэн дагаж чадах вэ?
-
Эдгээр гэрч бяцхан хүү Христийг бишрэн шүтэхийнхээ өмнө Түүнийг эрэлхийлж байсан. Тэдний үлгэр жишээнээс суралцахад ангийн гишүүдэд туслахын тулд та хоньчид, Анна, Симеон, мэргэд зэрэг гарчгуудыг самбарт бичиж болно. Дараа нь ангийн гишүүд Матай 2, Лук 2-ыг судлаад, уг хүмүүс Аврагчийг эрэлхийлэхийн тулд юу хийснийг самбарт бичиж болно. Аврагчийг эрэлхийлж болох зарим арга замын талаар эдгээр цэдэг юу зөвлөж байна вэ?
Эцэг эхчүүд гэр бүлээ хамгаалахын тулд илчлэлт хүлээн авч чадна.
-
Тэнгэрлэг Эцэг хэрхэн Иосеф, Мариа хоёрт Аврагчийн эцэг эхийн хувьд үүрэх үүрэг хариуцлагыг нь зааварлаж байсан талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд өнөө үед бидэнд тулгардаг зарим аюулыг самбарт жагсаан бичихэд ангийн гишүүдийг урьж болно. Бид Матай 2:13–23-аас эдгээр аюулаас хэрхэн хамгаалах талаар юу олж мэдэж авч болох вэ? Хувийн илчлэлт хэрхэн бидэнд гэр бүл, хайртай хүмүүсээ аюулаас хамгаалахад тусалж байсан бэ? Бошиглогч, төлөөлөгчид сүнслэг байдлын хувьд аюулгүй байхад бидэнд туслах ямар ямар зөвлөгөө өгсөн бэ?
Есүс өсвөр насандаа ч Эцэгийнхээ тааллын дагуу үйлдэхэд анхаардаг байв.
-
12 насандаа сүмд зааж байсан Есүсийн түүх Бурханы ажилд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ хэмээн боддог өсвөр үеийнхэнд онцгойлон хүчтэй нөлөөлдөг. Та ангийн гишүүдийг хос хосоор нь хуваарилаад, Лук 2:40–52-ыг уншуулж болно (Иосеф Смитийн Орчуулга дахь тайлбарыг Лук 2:46, зүүлт тайлбар c-ээс үзнэ үү). Хос бүр энэхүү түүхийн ямар үйл явдал тэдэнд сүнслэгээр нөлөөлж байгааг нэг нэгэнтэйгээ хуваалцахад хэдэн минут зарцуул. Сайн мэдээний тухай мэддэг зүйлээ хуваалцах ямар ямар боломж бидэнд байдаг вэ? Бид ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ?
-
Есүс өсвөр насандаа ямархуу байсан талаар Лук 2:40–52-т бидэнд юу заадаг вэ? Лук 2:52-т буй хувийн өсөлт хөгжлийн загвар нь Христтэй илүү адил болохын тулд бид юу хийж байгаа тухай ярилцахад өдөөж болох юм. Та ангийн гишүүдэд мэргэн ухаан (оюун ухаанаар), бие бялдар (бие махбодоор), Бурханд таалагдах (сүнслэгээр), бусадтай нийцэх (нийгмийн хувьд) тал дээр өсөж хөгжиж байгаагаа тунгаан бодохыг зөвлөж болно. Тэд бас эдгээрийн нэг ба түүнээс олон тал дээр зорилго тавьж болно. Хэрэв та эдгээр тал дээр Христтэй адилхан болох тухай үргэлжлүүлэн хэлэлцэхийг хүсвэл, ялангуяа та өсвөр үеийнхэнд хичээл заадаг бол “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлийг ашиглах талаар бодож үз.
Нэмэлт эх сурвалж
Хүүхэд, өсвөр үеийнхэнд “Бурханы хийгээд хүмүүсийн таалалд нийцсэн мэргэн ухаан, бие хаа”-тай болж өсөхөд нь туслах.
Ерөнхийлөгч Стивэн Ж.Ланд Лук 2:52 дээр суурилсан Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийг ийн тайлбарласан.
“Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь Хүүхдийн хэсгийн бүх хүүхэд болон өсвөр үеийнхэнд шавь болж өсөн хөгжих, аз жаргалтай амьдралд хүрэх арга зам нь юу болох талаар итгэл дүүрэн ойлголтыг олж авахад туслах хэрэгсэл юм. Тэд Христтэй адил үйлчилснээр бусдад туслахын баяр баясгаланг мэдрүүлдэг чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангид удалгүй харьяалагдаж, гэрээний зам дээр гарч, баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар замын зогсоол, тэмдэгтүүдийг ойлгон, хүсэн хүлээдэг болно. Тэд Аврагчтай илүү адил болох явцдаа амьдралаа тэнцвэртэй байлгах том жижиг зорилгуудыг тавих болно” (“Христ дотор баяр баясгаланг олох,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 38–39).