“12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
12-р сарын 26-аас 1-р сарын 1
Бид өөрсдөө суралцах үүрэгтэй
Та энэ тоймд байгаа судрын хэсгийг уншиж, тунгаан бодохдоо хүлээн авсан сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь таны бэлтгэх явцад Сүнсийг урих болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон дараах санаанууд нь ангийнхаа гишүүдийг энэ жил Шинэ Гэрээнээс суралцахад сүнслэгээр өдөөхөд тусална.
Хуваалцахад урь
Багшийн хувьд таны урдаа тавьсан зорилгуудын нэг бол ангийнхаа гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахыг урамшуулан дэмжих явдал юм. Бусдын туршлагыг сонсох нь өөрийн гэсэн туршлагатай болохыг эрэлхийлэхэд тэднийг сүнслэгээр өдөөнө. Тиймээс хичээл бүрийн эхэнд ангийн гишүүдээс суралцах явцад нь сүнслэгээр өдөөсөн эсвэл гүн сэтгэгдэл төрүүлсэн судраа хуваалцахыг хүс.
Сургаалыг заах
Суралцах нь итгэлээр үйлдэхийг шаарддаг.
-
Та ангийн гишүүдээ дан ганц багшдаа үүрэг хариуцлага үүрүүлэхийн оронд суралцахад илүү идэвхтэй оролцохыг нь хэрхэн урамшуулан дэмжиж чадах вэ? Нэг санаа өгье. Ангийн нэг гишүүн рүү зөөлөн зүйл шид. Шидэхийнхээ өмнө, түүнээс барьж авах гэж оролдохгүй байхыг хүс. Сайн мэдээнээс суралцахад багш, суралцагчдын гүйцэтгэдэг үүргийн талаарх хэлэлцүүлгийг энэ үйл ажиллагаагаар эхлүүл. Суралцагчдын хувьд бид хичээлээр заасан зүйлийг хэрхэн “барьж авах” ёстой вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл энэ хэлэлцүүлэгт тус болж болох юм.
-
Ангийн бүх гишүүн Сүнсийг ангид урин авчрах үүрэгтэй. Ангийн гишүүдэд үүнийг ойлгуулахад туслахын тулд тэднийг Алма 1:26-г мөн Сургаал ба Гэрээ 50:13–22; 88:122–23-ыг уншаад, багш болон ангийн гишүүд Сүнсийг урьж авчрахын тулд юу хийж болох талаар хуваалцахыг хүс. Тэдний хариултыг самбарт Багш юу хийж чадах вэ?, Суралцагчид юу хийж чадах вэ? гэх мэт гарчгуудын доор бичих нь тус болж болох юм. Ангийн гишүүд хариултаа бичсэн зурагт хуудас бүтээгээд, ирэх хэдэн долоо хоногийн туршид ил харагдах газарт тавьж болно.
Бид өөрсдөө л үнэнийг мэдэж авах хэрэгтэй.
-
Шинэ Гэрээний олон шүлэг үнэнийг эрэлхийлэхэд чиглүүлж чадах зарчмуудыг заадаг. Жишээнүүдэд Лук 11:9–13; Иохан 5:39; 7:14–17; 1 Коринт 2:9–11 орж болно. Та судрын эдгээр хэсгийг хувиараа судалсан ангийн гишүүдийг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно. Эсвэл та судрын эдгээр хэсгийг ангиараа уншаад, ангийн гишүүдийг хэрхэн гэрчлэлтэй болсноо хуваалцахад урьж болно.
-
Үйлс 17:10–12-т судрыг эрэлхийлж, үнэний тухай өөрсдийн гэрчлэлтэй болсон гэгээнтнүүдийг дүрсэлдэг. Ангийн гишүүдийг тэдний үлгэр жишээг дагахад урамшуулан дэмжихийн тулд эдгээр шүлгийг хамт уншаад, сайн мэдээний талаарх гэрчлэлийг нь бататгасан судрын хэсгүүдээ хуваалцахад урь.
Бид судраас суралцахыг хэрхэн илүү утга учиртай болгох вэ?
-
Судраас суралцах дадал хэвшилтэй болох нь өөрсдөд нь хангалттай цаг зав, ойлголт эсвэл ур чадвар байхгүй гэж боддог ангийн гишүүдэд хэцүү байх магадлалтай. Та амжилт олоход нь тэдэнд туслахын тулд юу хийж чадах вэ? Ангийн гишүүдэд судраас суралцаж чадна гэсэн өөртөө итгэх итгэлтэй болоход нь туслахын тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын “Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаа” хэсэгт байгаа мэдээллийг хуваалцаж болно. Та болон ангийн бусад гишүүн эдгээр санааг ашигласан эсвэл судраас суралцахтай холбоотой утга учиртай туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн Шинэ Гэрээний нэг бүлгийг сонгоод, эдгээр санааны заримыг ашиглан, ангиараа судлахыг хичээж болно.
Нэмэлт эх сурвалж
Сүнслэг мэдлэгийг өөрсдөө олж авах
Бошиглогч Иосеф Смит ийн заасан. “Бурханы зүйлс агуу ач холбогдолтой юм. Эдгээрийг гагцхүү цаг хугацаа зарж, туршлагаар, нягт нямбай, хүндэтгэл бишрэлтэй тунгаан бодсоноор мэдэж чадна. Ай хүмүүний оюун ухаан! Хэрэв чи бодгалийг авралд удирдах гэвэл, дээд тэнгэр өөд аль болох өндөрт сунан, гүн харанхуй ангал болон үүрд мөнхийн өргөн уудам руу өнгийн харж, бясалган бодох ёстой. Ингэснээр чи Бурхантай харилцаж чадна. Бурханы бодол санаа хүмүүний зүрх сэтгэлийн хоосон төсөөллөөс хэчнээн аугаа сүр хүчтэй, хэчнээн төгс төгөлдөр билээ!” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 301).
Ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан. “Хэрвээ Есүс Христийн тухай болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар таны эсвэл миний мэддэг бүх зүйл бусад хүний бидэнд заасан юм уу хэлсэн зүйл байдаг бол Түүний тухай болон Түүний хожмын үеийн сүр жавхлант ажлын талаарх бидний гэрчлэлийн суурь элсэн дээр тавигдсан гэсэн үг юм. Бид бусад хүний, тэр тусмаа хайрладаг, итгэж найддаг хүмүүсийнхээ сайн мэдээний гэрэл, мэдлэг дээр л тулгуурлаж эсвэл түүнээс нь зээлээд байж болохгүй” (“Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124).