Шинэ Гэрээ 2023
4-р сарын 10–16. Матай 15–17; Марк 7–9: “Та бол Христ”


“4-р сарын 10–16. Матай 15–17; Марк 7–9: ‘Та бол Христ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 10–16. Матай 15–17; Марк 7–9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Христийн хувирал

Хувирал, Карл Хэйнрих Блок

4-р сарын 10–16

Матай 15–17; Марк 7–9

“Та бол Христ”

Багшийн хувьд таны гол зорилгуудын нэг бол Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь бусдад туслах явдал юм. Энэ долоо хоногт судраас суралцахдаа үүнийг бүү март. Христэд илүү гүн гүнзгий итгэхэд нь ангийн гишүүдэд тус болох юуг та сурч мэдсэн бэ?

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахад урамшуулан дэмжих нэг арга зам бол судраас суралцах нь хэрхэн илчлэлт хүлээн авч, амьдралыг нь адисалсан талаар долоо хоног бүр хуваалцахад тэднийг урих явдал юм. Жишээлбэл, эдгээр бүлгээс суралцсан нь тэдний энэ долоо хоногийн сонголтод хэрхэн нөлөөлсөн бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Матай 16:13–17

Есүс Христийн тухай гэрчлэл илчлэлтээр ирдэг.

  • Ангийн тань аль нэгэн гишүүнд сайн мэдээ үнэн гэдгийг хэрхэн мэддэгээ хэн нэгэнд тайлбарлах шаардлага гарч байсан уу? Бид гэрчлэлийг хэрхэн хүлээн авдаг талаар Аврагч Матай 16:13–17-д юу заасан бэ? Та Алмагийн хэрхэн гэрчлэлтэй болсон талаар (Алма 5:45–46-г үзнэ үү) эсвэл Их Эзэн Оливер Каудерид илчлэлтийн талаар юу гэж заасныг (Сургаал ба Гэрээ 6:14–15, 22–23; 8:2–3-ыг үзнэ үү) хуваалцаж болно. Хэрэв хэн нэгэн Петр, Алма эсвэл Оливер Каудеригаас сайн мэдээ үнэн гэдгийг хэрхэн мэддэг болсон талаар асуувал тэд юу хэлэх байсан гэж та бодож байна вэ?

  • Хувийн илчлэлт авахын төлөө залбирч байгаа боловч илчлэлт ирэхэд хэрхэн танихаа мэдэхгүй байгаа хүн танай ангид байж магадгүй. https://mn.churchofjesuschrist.org/hearhim?lang=mon-mn дээр Сүмийн удирдагчид Их Эзэний дуу хоолойг хэрхэн таньснаа хуваалцаж буй видеонууд бий. Та эдгээр видеоноос нэг эсвэл хэд хэдийг ангийнхантайгаа хамт үзээд, уг видео илчлэлт хүлээн авах талаар юу зааж байгаа тухай ярилцаж болно. Хувийн илчлэлт хүлээн авснаа танин мэдэхэд хэн нэгэнд туслах өөр ямар сургаал эсвэл судрууд танай ангийнхны санаанд орж ирж байна вэ? (Жишээлбэл, 1 Хаад 19:11–12; Галат 5:22–23; Инос 1:1–8; Сургаал ба Гэрээ 6:22–24; 8:2–3; 9:7–9-ийг үзнэ үү.)

Матай 16:13–19; 17:1–9

Санваарын түлхүүр бидний авралд амин чухал.

  • Санваарын түлхүүрийн талаар хэлэлцүүлэг эхлүүлэхийн тулд та дараахтай адил эшлэлүүдийг самбарт бичиж болно. Үүнд: Матай 16:19, Сургаал ба Гэрээ 107:18–20, 128:8–11, 132:18–19, 59, Иосеф Смит—Түүх 1:72-ыг мөн “Судруудын удирдамж дахь Санваарын түлхүүрүүд” (scriptures.ChurchofJesusChrist.org). Дараа нь ангийн гишүүдийг судрын хэсгүүдээс нэг эсвэл хэд хэдийг уншаад, тэдгээрээс санваарын түлхүүрийн талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урь. Яагаад бидэнд санваарын түлхүүр хэрэгтэй вэ?

  • Хожмын өдрүүдэд санваарын түлхүүр сэргээгдсэн талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд та ангийнхны нэг хагасаас Матай 17:1–9-ийг, нөгөө хагасаас Сургаал ба Гэрээ 110-ыг судлахыг хүсэж болно. Дараа нь тэд сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцаад, хоёр цэдгийн хооронд байгаа ижил төстэй зүйлсийг онцолж болно.  

2:8
Түлхүүр атгасан Петрийн хөшөө

Санваарын түлхүүрүүд бол санваарын ажлыг удирдан явуулах эрх мөн.

Maрк 9:14–30

Бид илүү агуу итгэлтэй болохыг эрэлхийлэхдээ, эхлээд өөрт байгаа итгэлээсээ эхлэх ёстой.

  • Ахлагч Жэффри Р.Холланд итгэл маань хангалтгүй байна гэж бодогдох үед бид Их Эзэнд хэрхэн хандаж болох талаар заахдаа, хүүгээ эдгээхийг хүссэн нэгэн эцгийн түүхийг ашигласан (“Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111). Марк 9:14–30-ийг ангиараа уншсаныхаа дараа, ахлагч Холландын ажигласан гурван зүйлийн тухай ярилцаж болно (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү).

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Илүү их итгэлтэй болоход туслах гурван зүйл.

Марк 9:14–29-д өгүүлсэн түүхийг ярьсныхаа дараа ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

“Энэ судраас анхаарч үзэх эхний зүйл бол итгэл нь соригдох цагт тэр эцэг эхлээд өөрийн хүчирхэг талыг гарган, дараа нь дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. ‘Их Эзэн, би итгэж байна’ гэх түүний анхны үгс баттай бөгөөд эргэлзээгүй. Итгэлээ өсгөхийг хүсэж буй хэн боловч энэ хүнийг бүү мартаг! Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. …

Бидний суралцах ёстой хоёр дахь зүйл бол эхний зүйлтэй адил шахуу юм. Бэрхшээл тулгарч, асуулт гарах үед итгэл олж авахын тулд өөрт байхгүй бүхнээ тоочин, ‘үл итгэх’ байдлаар хандаж болохгүй. … Огт итгэлгүй байж, итгэж байгаа дүр эсгэх хэрэггүй. Харин өөрт чинь байгаа тэр л итгэлдээ найд гэж би хэлмээр байна. …

Бидний суралцах ёстой дараагийн зүйл бол эргэлзээ мөн асуудал гарах үед тусламж гуйхаас айхгүй байх явдал юм. Хэрэв бид үүнийг энэ эцгийн адил даруухан агаад чин сэтгэлээсээ хүсэх юм бол бид хүлээн авах болно” (“Их Эзэн, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111).

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэл урьдаг асуултууд тавь. Ангийн гишүүдэд гэрчлэлээ хуваалцахад урамшуулах асуултуудыг тавих нь Сүнсийг урих хүчтэй арга зам байж болно. Тухайлбал, Матай 16:13–17-г ярилцаж байхдаа, та “Аврагчийн талаар таны ойлгож авсан ямар зүйл Тэр бол Аврагч гэсэн гэрчлэлийг тань бэхжүүлсэн бэ?” гэж асууж болно. (Аврагчийн арга барилаар заах нь32-ыг үзнэ үү.)