Шинэ Гэрээ 2023
4-р сарын 24–30. Иохан 7–10: “Сайн хоньчин нь Би байгаа юм”


“4-р сарын 24–30. Иохан 7–10: ‘Сайн хоньчин нь Би байгаа юм,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 24–30. Иохан 7–10,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Есүс нэгэн эмэгтэйн хамт

Би чамайг шийтгэхгүй, Ева Колева Тимоти

4-р сарын 24–30

Иохан 7–10

“Сайн хоньчин нь Би байгаа юм”

Та болон танай ангийнхан энэ долоо хоногт Иохан 7–10-ыг уншаад, гүнзгий ойлголт олж авна. Энэ тоймд байгаа санаанууд нь судруудыг судалснаар хүлээн авдаг сүнслэг өдөөлтийг орлох биш, харин тус нэмэр болох ёстойг сана.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгохын ач холбогдлын талаар ангийн гишүүдэд сануул. Тэднийг гэртээ Иохан 7–10-ыг ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ судлах үед Ариун Сүнс юу заасныг хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Иохан 7–10

Есүс Христ дэлхийн Аврагч мөн

  • Иохан 7–10-т Аврагч хэд хэдэн мэдэгдэл хийсэн байдаг бөгөөд тэдгээр нь ангийн гишүүдэд Түүний номлолыг илүү сайн ойлгож, Түүнд илүү ойртоход тусална. Ангийн гишүүдийг судрын дараах хэсгүүдийг уншаад, тэдгээр нь Аврагчийн тэнгэрлэг үйл хэргийн талаар юу заасан тухай хуваалцахад урихыг бод. Бидний амьдралд Христ эдгээр үүргийг хэрхэн гүйцэтгэдэг вэ?

Есүс Христ

Дэлхийн гэрэл, Ховард Лайон

Иохан 7:14–17

Бид Есүс Христийн сургаалыг дагаснаар тэдгээр нь үнэн гэдгийг мэдэх болно.

  • Гэрчлэлтэй болох нь зарим талаараа ур чадвар олж авахтай адил бөгөөд дадлага хийх, туршлага хуримтлуулахын аль алиныг шаарддаг. Үүнийг дүрслэн харуулахын тулд та ангийн жонглёрддог эсвэл хөгжмийн зэмсэг тоглодог зэрэг онцгой ур чадвартай гишүүдийг уг ур чадварыг хэрхэн эзэмшсэнээ тайлбарлахад урьж болно. Ур чадварын талаар унших эсвэл хэн нэгний хийхийг харах нь яагаад хангалтгүй вэ? Ур чадвар эзэмшихэд гаргадаг хүчин чармайлт нь Иохан 7:14–17-д Аврагчийн дурдсан сүнслэг загвартай юугаараа адилхан болохыг ангиараа ярилц. Энэ хоёр юугаараа ялгаатай вэ?

  • Ангийн гишүүд сайн мэдээний үнэний дагуу амьдрах нь үүний талаар гэрчлэлтэй болоход хэрхэн тусалсан талаарх туршлагаасаа хуваалцаж магадгүй юм. Ангийн гишүүдэд илүү хүчирхэг гэрчлэлтэй болохыг хүсэж байгаа сайн мэдээний зарчмынхаа талаар бодох цаг гаргаж өгөөд, дараа нь тухайн зарчмын дагуу илүү бүрэн дүүрэн амьдрах тодорхой зорилго тавихад тэднийг урамшуулан дэмж.

Иохан 8:1–11

Аврагч наманчилдаг хүмүүст нигүүлслээ хайрладаг.

  • Нүглээсээ болж буруутгагдаж байгаа мэт санагдаж байгаа хүмүүсийн хувьд, завхайрч байгаад баригдсан эмэгтэйд Аврагч нигүүлсэл, наманчлах боломж олгосон түүх нь урам зориг өгөх эх сурвалж байж болох юм. Эсвэл ангийн гишүүд бусдыг гэм нүглийнх нь улмаас буруутгадаг бол энэ түүх тэдэнд анхааруулга өгч болно. Та ангийн гишүүдийг Иохан 8:1–11-ийг уншаад, дараахтай төстэй асуултуудын хариултыг олж мэдэхэд урь. Энэ түүх Аврагчийн өршөөлийн талаар юу заадаг вэ? Нүгэл үйлдсэн үедээ Түүний өршөөлийг хүлээн авах нь бусдыг шүүмээр санагдсан үед бидэнд хэрхэн тус болох вэ? (Алма 29:9–10-ыг үзнэ үү).

  • Ангийн гишүүдэд Иохан 8:1–11-ийг өөрсөд дээрээ тусган ойлгоход нь туслахын тулд ангийнхныг гурван бүлэг болгон хуваагаад, нэгэнд нь фарисайчуудын, өөр нэгэнд Аврагчийн, өөр бас нэгэнд эмэгтэйн үг, үйлдэл дээр төвлөрөх байдлаар оноож өг.   Бүлэг тус бүрийг оногдсон хэсгээ уншаад, ойлгож мэдсэн сүнслэг үнэнийхээ жагсаалтыг гаргахад урь.

  • Заримдаа бид бусдыг ямар нэгэн байдлаар шүүж байгаагаа анзаардаггүй. Энэ хандлагаа ялан дийлэхэд ангийн гишүүдэд туслах дараах үйл ажиллагааг явуул. Ангийнхнаас хүмүүсийг шүүсэн байж болох байдлуудынхаа (гаднах дүр төрх, зан авир, ар гэрийн байдлаар нь гэх мэт) жагсаалтыг гаргахад туслахыг хүс. Ангийн гишүүдэд чулууны дүрстэй хайчлах цаас өгөөд, бусдыг шүүсэн байж болох байдлаа сонгон, уг цаасан чулууны ард бичихийг хүс. Бид Иохан 8:1–11-д Аврагчийн фарисайчуудад хэлсэн үгээс юу сурч мэдсэн бэ? Ангийнхныг цаасан чулууныхаа нөгөө талд бусдыг шүүхгүй байхыг сануулсан ямар нэг зүйлийг бичихэд урь (Иохан 8 дахь үг хэллэг байж болно).

Иохан 8:18–19, 26–29

Есүс Христийг таньж мэдсэнээр бид Эцэгийг таньж мэдэх болно.

  • Иохан 8:18–19, 26–29-д байгаа Аврагчийн үг Аврагч, Түүний Эцэг хоёрын хоорондын харилцааны талаар юу заадаг вэ? Эдгээр шүлгийг уншиж, авч хэлэлцсэнийхээ дараа ангийн гишүүд Есүсийн хийсэн, хэлсэн, заасан зарим зүйлийг самбарт жагсаан бичиж болно. Бид эдгээр зүйлээс Бурхан Эцэгийн тухай юу сурч мэдсэн бэ?

Заах арга барилаа сайжруулах

Сүнсний удирдамжийг хүлээн авахуйц зохистой амьдар. Та сайн мэдээний дагуу амьдарснаар Сүнстэй нөхөрлөхүйц зохистой байх болно. Түүний удирдамжийг эрэлхийлбэл, Тэр танд зааж буй хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлж болох талаар санаа, сэдэл өгөх болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 5-ыг үзнэ үү.)