“5-р сарын 1–7. Лук 12–17; Иохан 11: ‘Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 1–7. Лук 12–17; Иохан 11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
5-р сарын 1–7
Лук 12–17; Иохан 11
“Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!”
Лук 12–17 болон Иохан 11-ийг залбирч байгаад уншсанаар бэлтгэлээ эхэл. Танай ангийн ямар “алдагдсан хонь” санаанд тань орж ирж байна вэ? Хэдийгээр тэд хичээлд суухгүй байсан ч та ангийнхаа гишүүдийн хэрэгцээ шаардлагад хэрхэн хамгийн сайн нийцүүлж болох тал дээр Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхдээ Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг болон энэ тоймыг ашигла.
Хуваалцахад урь
Хэрэгжүүлэх нь суралцахуйн нэг чухал хэсэг тул ангийн гишүүдийг энэ долоо хоногт судраас ойлгож авсан ямар нэгэн зүйлийн дагуу амьдрахыг хэрхэн сонгосноо хуваалцахад урь.
Сургаалыг заах
Сайн мэдээнээс татгалзахад ямар ч тайлбар хангалттай биш юм.
-
Та ангийн гишүүдэд их зоогийн тухай сургаалт зүйрлэлийг судлахад туслахын тулд тэднийг өөрийн зохион байгуулах төсөөллийн дайллагад урь. Яагаад оролцох эсвэл оролцохгүй байх зарим шалтгаанаа хуваалцах боломжийг тэдэнд олго. Лук 14:15–24-ийг хамт уншаад, сайн мэдээний адислалыг төлөөлсөн найрт хүмүүсийг урихад өгсөн тэдний тайлбарыг авч ярилц. Өнөө үед Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг хүлээн авахад урих Аврагчийн урилгыг зөвшөөрөхгүй байгаа хүмүүс ямар тайлбар өгдөг вэ? Ангийн гишүүд сайн мэдээний зарим зарчмын дагуу амьдрахын тулд шаардлагатай золиосыг гаргаснаар хүлээн авсан адислалаа хуваалцаж болох юм.
Бид замаасаа төөрсөн хүмүүсийг хайн олж, эргэн ирэхэд нь Эцэгийн хамт баярлаж чадна.
-
Та Лук 15 дээрх гурван сургаалт зүйрлэлийн талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцах боломжийг ангийн гишүүдэд хэрхэн олгох вэ? Ангийн гишүүн бүрд унших нэг сургаалт зүйрлэлийг оноож өгөх талаар бодож үз. Тэд дараахтай адил асуултуудад өгөх хариултыг олж, хуваалцаж болно. Үүнд: Сургаалт зүйрлэл дээрх ямар үг алдагдсан хүмүүсийн талаарх Тэнгэрлэг Эцэгийн бодол санааг илчлэн харуулж байна вэ? Сургаалт зүйрлэл нь Бурханы бүх хүүхдэд хэрхэн хүрч ажиллахын тулд биднийг юу хийх ёстой хэмээн зөвлөж байна вэ? Төөрсөн мэт санагдах үед нь Аврагч хэрхэн тэднийг олсон талаар ангийн гишүүд хуваалцаж болох юм.
-
“Сэтгэлээсээ хайрладаг Хоньчин” (Дуулал, д. 117) дууллыг хамтдаа дуулах нь эдгээр сургаалт зүйрлэлийг заахад бодит тусламж болж болно.
-
Үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлийг хамтдаа дахин уншихдаа, сургаалт зүйрлэл дээр гарч буй хүн тус бүрийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, итгэл үнэмшил дээр төвлөрөх нь ангийн гишүүдэд тустай байж болно. Бид хүн тус бүрээс юу мэдэж авч болох вэ? Магадгүй ангийн гишүүд энэ сургаалт зүйрлэлд ууган хүүгийн дүүдээ хандах хандлагыг өөрчлөн, төгсгөлийг нь бичиж болох юм. Сургаалт зүйрлэлд гардаг аавын өгсөн зөвлөгөө бидэнд алдагдсан, сайн мэдээнд эргэн ирсэн хүмүүсийн талаар ямар бодолтой бай гэж заадаг вэ? (Мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг үзнэ үү.) Эсвэл та ангийн гишүүдээс өөрсдийгөө энэ сургаалт зүйрлэлд гардаг аав гэж төсөөлөхийг хүсэж болох юм. Тэд ууган хүүдээ бусдын хөгжил дэвшил, амжилтад баярлахад нь туслах ямар нэмэлт зөвлөгөөг өгөх вэ?
Адислалууддаа талархах нь намайг Бурханд илүү ойртуулах болно.
-
Ангийн гишүүдийг Лук 17:11–19-өөс мөн “Бошиглогч талархлын эдгээгч хүчний талаар захиас хуваалцав” (https://mn.churchofjesuschrist.org/?lang=mon) видеоноос талархлын талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Талархсан уяман өвчтэй хүн талархлаа илэрхийлснээр хэрхэн адислагдсан бэ? Бид талархлаа илэрхийлснээр хэрхэн адислагддаг вэ? Ангийн гишүүд Бурханд болон бусдад талархлаа харуулж болох арга замуудыг тоочиж болно.
Есүс Христ бол Амилалт ба Амь мөн.
-
Иохан 11:1–46-г шинжлэн судлах нэг арга зам бол ангийн гишүүдийг шүлгүүдийг ээлжлэн уншаад, Есүс Христэд итгэх итгэлийн нотолгоог олох бүрдээ зогсож, энэ талаар ярилцахад урих явдал юм. Та мөн ангийн гишүүдээс уг түүхэд гардаг Аврагч, төлөөлөгчид, Марта, Мариа, Лазар зэрэг хүмүүсийн үзэл бодлыг авч үзэхийг хүсэж болох юм. Бид хүн нэг бүрээс юу сурч мэдэж болох вэ? Магадгүй ангийн гишүүд сорилт бэрхшээлтэй тулгарах үед Есүс Христэд итгэх итгэл нь хүчирхэгжиж байсан туршлагаа хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
Нөгөө үрэлгэн хүүгээс суралц.
Ахлагч Жэффри Р.Холланд үрэлгэн хүүгийн ахаас дараах зүйлийг олж харсан. “Энэ хүү дүүгээ ирсэнд биш, харин дүүг нь ирсэнд аав ээж нь маш их баярласанд илүү их уурласан юм. … Буцаж ирсэн дүү нь түүний өрсөлдөгч биш юм гэдгийг олж харах өрөвч нинжин, нигүүлсэнгүй, өгөөмөр сэтгэл түүнд хараахан байсангүй. Тэр бол түүний дүү байв. Тэр бол эцгийнх нь харахыг хүссэн, үхсэн гэж бодож байсан ч амьд ирсэн хүү нь байв. Тэр бол алдагдсан боловч олдсон нэгэн байлаа” (“The Other Prodigal son,” Ensign, May 2002, 63).