“4-р сарын 17–23. Матай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“4-р сарын 17–23. Матай 18; Лук 10,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
4-р сарын 17–23
Матай 18; Лук 10
“Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?”
Матай 18; Лук 10-ыг уншаад, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Сэтгэгдэл төрөхөд та ахлагч Ричард Г.Скоттын зөвлөснөөр “Миний мэдэх ёстой өөр зүйл байна уу?” гэж асууж болох юм. (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).
Хуваалцахад урь
Эдгээр бүлэгт дэлхийнхний бидэнд заадгаас өөр сайн мэдээний сургаалын олон жишээ орсон. Ангийн гишүүд энэ долоо хоногт уншсан зүйлээсээ олж мэдсэн зарим жишээгээ хуваалцаж болох юм. Түүний сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд Их Эзэн биднийг хэрхэн адисалдаг вэ?
Сургаалыг заах
Хэрэв бид Их Эзэнээс өршөөл хүлээн авъя гэвэл, бусдыг өршөөх ёстой.
-
Та ангийн гишүүдийг илүү өршөөнгүй байхад урамшуулахдаа өршөөлгүй зарцын тухай сургаалт зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох вэ? Та самбарт доорхтой төстэй асуултуудыг бичээд, нэгээр нь сургаалт зүйрлэлийг яриулж, энэ хооронд ангийн бусад гишүүнийг тэдгээрийн талаар тунгаан бодоход урь. Үүнд: Хаан хэнийг төлөөлж байна вэ? Өршөөлгүй зарц хэнийг төлөөлж байна вэ? Анд нь болох зарц хэнийг төлөөлж байна вэ? Өр нь юуг төлөөлж байна вэ? Ангийн гишүүдийг энэ сургаалт зүйрлэлд тэдэнд зориулсан ямар захиас байгааг хуваалцахад урь. (Мөн “Нэмэлт эх сурвалж-ийг үзнэ үү.)
-
Та ангийн гишүүдийг өршөөлгүй зарцын тухай сургаалт зүйрлэлийг орчин үеийн нөхцөл байдал, мэдээлэл ашиглан өршөөлийн тухай үүнтэй адил сургамжийг заах өөр сургаалт зүйрлэлийг зохиоход урь. (Үүний тулд тэднийг бүлгүүдэд хуваарилах талаар бодож үз.) Петрийн хэдэн удаа уучлах ёстой вэ? гэсэн асуултад энэ сургаалт зүйрлэл хэрхэн хариулсан бэ?
Бид мөнх амьдралтай болохын тулд Бурханыг болон хөршөө хайрлах ёстой.
-
Ангийн гишүүдэд сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлийг өөр өнцгөөс харах боломж олгох нэг санааг доор өгөв. Иерихо, Иерусалим хоёрын зам дээр хүч хэрэглэн, дээрэмдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа дүрд тоглоход тэднийг урь. Ангийн хэдэн гишүүнийг сургаалт зүйрлэл дэх өөр өөр хүнийг төлөөлөн, энэ хэрэгт тэдний гүйцэтгэсэн оролцооны талаар ярихад бэлдэж хичээлдээ ирэхийг хүс. Жишээлбэл, тахилч, леви хүн хоёр гэмтсэн хүнд туслаагүй байж болох ямар ямар шалтгаан байж болох вэ? Яагаад самари хүн саатан зогссон бэ? Буудлын эзэн юу нэмж хэлсэн байж болох вэ? Гэмтсэн хүн бусад хүний талаар юу гэж бодсон байж болох вэ? Энэ хэлэлцүүлэг нь ангийн гишүүдийг сайн самари хүн, буудлын эзэн хоёр шиг байж, тахилч, леви хүн хоёр шиг болохоос зайлсхийхэд урамшуулсан байхад анхаар.
-
Сайн самари хүний сургаалт зүйрлэл нь хэрхэн Лук 10:25–29-д Есүсээс асуусан асуултуудад хариулж байна вэ? Ангийн гишүүдийг цөхрөнгөө барж, тусламж хэрэгтэй байсан тэр “нэгэн хүний” (30-р шүлэг) адил байдалд орж байсан үеийнхээ талаар ярихад урь. Тусламж хэрхэн ирсэн бэ? Бид сайн самари хүн, буудлын эзэн хоёр шиг бусдад туслахын тулд тойргийн гишүүдийнхээ хувьд хэрхэн хамтран ажиллаж чадах вэ?
Бид мөнх амьдралд хүргэх өдөр тутмын сонголтоороо “сайныг” сонгодог.
-
Ангиараа Лук 10:38–42-ыг уншиж дууссаны дараа, та хэрэв тэд Мартагийн оронд байсан бол Аврагчийн өгсөн зөвлөгөөнд хэрхэн хандах байсныг ангийн гишүүдээс асууж болох юм. Энэ явдал тэдний дараа дараагийн сонголтод хэрхэн нөлөөлөх байсан бэ? Бид амьдралдаа юунд илүү их цаг зав, анхаарлаа хандуулахаа хэрхэн мэдэж болох вэ? Ангийн гишүүд үүнд туслах зөвлөгөөг ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Good, Better, Best” (Liahona, Nov. 2007, 104–108) захиасыг судалж олж авч болох юм.
Нэмэлт эх сурвалж
Өршөөлгүй зарцын сургаалт зүйрлэлд дурдсан өр
Өршөөлгүй зарцын сургаалт зүйрлэлд өгүүлсэн төлөх ёстой өрийн талаар ахлагч Жэффри Р.Холланд ийн хэлсэн.
“Энд дурдсан мөнгөний талаар эрдэмтдийн дунд өөр өөр ойлголт байдаг ч үүнийг хялбарчлан авч үзье. Америкийн мөнгөн дэвсгэртийн харьцааг болгооно уу. Хэрэв 100 денарын өрийг одоогийн ханшаар 100 ам.доллар гэж үзвэл, 10000 талант нь 1 тэрбум доллар эсвэл үүнээс их болж байгаа юм!
Нэг л хүний өр гэж бодохоор, энэ бол бидний санаанд багтамгүй их тоо юм. (Хэн ч ийм их мөнгөөр дэлгүүр хэсэж чадахгүй.) Энэ сургаалт зүйрлэлд ашигласан хэмжүүр санаанд багтамгүй, ойлголтоос маань давсан байхаар төлөвлөгдсөн бөгөөд бидний төлж чадахгүй тийм их хэмжээний тоог ашиглах ёстой байсан. Яагаад гэвэл, энэ бол хоёр боолын маргаж байгаа тухай Шинэ Гэрээн дэх түүх биш юм. Энэ бол өртэй мөнх бус, гэмтэн, хоригдол болох унасан хүмүүний буюу бидний тухай түүх юм. Бидний хүн нэг бүр өртэй. Бидний хүн нэг бүр шоронд хоригдох ялтай. Биднийг хайрлаж,‘биднийг өрөвдөх сэтгэлээр хөдөлдөг’ учраас биднийг сулласан Хааны маань ач ивээл байгаагүй бол бид бүгд тэнд үлдэх байсан [Сургаал ба Гэрээ 121:4]” (“Тиймээс та нар эцэст нь төгс бай,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29).