“7-р сарын 3–9. Үйлс 1–5: ‘Та нар Намайг гэрчлэх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“7-р сарын 3–9. Үйлс 1–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
7-р сарын 3–9
Үйлс 1–5
“Та нар Намайг гэрчлэх болно”
Хэрэв та Үйлс 1–5-ыг уншаад, Сүнсний удирдамжийг эрэлхийлбэл уг бүлгүүд дээрх ямар ямар үнэн ангийн тань гишүүдэд Ариун Сүнсэнд илүү бүрэн найдаж, Их Эзэн Есүс Христийн итгэлтэй гэрчүүд байхад тусалж болох талаар сүнслэг өдөөлт хүлээн авах болно.
Хуваалцахад урь
Үйлс 1–5-д олон чухал хэсэг мөн зарчим бий. Ангийн тань гишүүдэд эдгээрийн аль нь хамгийн үнэ цэнтэй, чухал болохыг олж мэдэх оновчтой арга бол судлах явцад нь юу тэдний анхаарлыг татсан болохыг хэлүүлэх явдал юм. Хэрхэн ингэж хуваалцахад урих вэ? Үүнийг Үйлс 1–5-аас, Их Эзэний дуу хоолой тэдэнд хандан ярихыг мэдрүүлсэн шүлгийг олж, хуваалцах минутыг гаргаж өгөх зэрэг энгийн аргаар хийж болно.
Сургаалыг заах
Үйлс 1:1–8; 2:37–39; 4:1–13, 31–33
Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг.
-
Төлөөлөгчдийн туршлагыг унших нь Сүмийн дуудлага, үүрэг даалгавраа биелүүлэхдээ Ариун Сүнсний хүч, удирдамжийг хэрхэн хүлээн авч болохыг олж харахад ангийн гишүүдэд тусална. Үйлс 1–5 дахь үйл явдлыг авч үзэх нэг арга зам бол самбарт Ариун Сүнс нь төлөөлөгчдөд дараах арга замаар Сүмийг удирдахад тусалдаг гэж бичээд, дараа нь ангийн гишүүдийг өгүүлбэрийг төгсгөх аргыг Үйлс 1:1–8; 2:37–39; 4:1–13, 31–33-аас хайж олоход урих явдал юм. Дараа нь ангийн гишүүд Ариун Сүнс өөрсдөд нь тэдгээр арга замаар тусалж байсан туршлагаас хуваалцаж болно. Төлөөлөгчдөд яагаад Ариун Сүнс хэрэгтэй мөн бидэнд яагаад Тэр хэрэгтэй вэ?
Есүс Христийн төлөөлөгчдийг Бурхан илчлэлтээр дууддаг.
-
Ангийн гишүүдийг бизнесийн ажил хэргийг удирдах албан тушаалд тавих хүнийг хэрхэн сонгодог талаар тайлбарлахад урих тухай бодож үз. Тэд уг хүнээс ямар ур чадварыг хайдаг вэ? Үүнийг төлөөлөгч Маттиаг хэрхэн дуудсантай (Үйлс 1:15–26; мөн 1 Самуел 16:1–13-ыг үзнэ үү) мөн “Нэмэлт эх сурвалж” дээрх өнөөдөр төлөөлөгчдийг хэрхэн дууддаг болохыг тайлбарласан ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн үгтэй харьцуулахыг ангийн гишүүдээс хүс. Удирдагчдыг сонгох Бурханы арга зам Түүний дуудсан удирдагчдад итгэх бидний итгэлд хэрхэн нөлөөлдөг вэ? Ангийн гишүүд өнөөгийн төлөөлөгч, бошиглогчид Түүгээр дуудагдсан гэх гэрчлэлээ хэрхэн олж авсан тухай хуваалцаж болох юм.
Ариун Сүнс бидэнд олж мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд сүнслэгээр нөлөөлдөг.
-
Ангийн гишүүд судрыг гэр орондоо болон ангидаа долоо хоног бүр хамтдаа судалснаар заримдаа “зүрх нь хөндөгдөхийг” (Үйлс 2:37) мэдэрч болно. Та “Бид юу хийх вэ?” гэсэн асуулт тавьснаар цаашид хийх алхмаа тодорхойлоход тэдэнд тусалж болно. (Үйлс 2:37). Ангийнхныг Петрийн урилгаар энэ 3000 хүн юу хийснийг олж мэдэхэд урьж, Үйлс 2:37–47-г хамтдаа унш. Тэд Бурханы үгийг судалснаар хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэж буй арга замаа бас хуваалцаж болно. Та хичээлийн төгсгөлд хүн бүрд “Би юу хийх вэ?” гэсэн асуултыг өөрсдөдөө тавьж, сэтгэгдлээ бичих цаг гаргаж болно.
Бид Ариун Сүнсээр дүүргэгдсэн үедээ сайн мэдээг зоригтой хуваалцаж чадна.
-
Ангийн гишүүд Үйлс 3; 4:1–21; 5:12–42-ыг уншаад, Петрийн зоригтойгоор гэрчилж буй жишээг хайж олж болно. “Бурханы үгийг зоригтойгоор” ярих гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Үйлс 4:31). Сайн мэдээг зоригтой хуваалцахад Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалдаг вэ? Ийм зоригтой байх нь сөргөлдөхөөс юугаараа ялгаатай вэ? Ангийн гишүүдэд сайн мэдээг зоригтой хамгаалсан эсвэл гэрчилсэн өөрсдийнх нь эсвэл таньдаг хүмүүсийнх нь туршлага байж болно.
Нэмэлт эх сурвалж
Арван хоёрын гишүүний дуудлага
Гордон Б.Хинкли шинэ төлөөлөгч дуудах үйл явцын талаар дараах зүйлийг хуваалцсан юм. “Их Эзэний Сүмд дүрэм журам маш онцгой байдаг. Албан тушаалыг хүсэж авдаггүй, түүний төлөө өрсөлддөггүй, хэн нэгнийг дэмжихийн тулд компанит ажил зохион байгуулдаггүй. Их Эзэний арга дэлхийн аргаас өөр байдаг. Их Эзэний арга нь нам гүм, тайван бөгөөд ямар нэг бүрээн дуугүй, мөнгөн зарлагагүй байдаг. Энэ нь аминч үзэл юм уу хий хоосон байдал, нэр алдар хөөдөггүй. Их Эзэний төлөвлөгөөний дагуу, албан тушаалтнуудыг сонгох үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүс ‘Их Эзэн хэнийг сонгох бол?’ гэсэн асуултыг удирдлага болгодог. Нам гүм, ул суурьтай тунгаан бодох шаардлагатай байдаг. Сонголт зөв гэдгийг нотлох Ариун Сүнсний баталгааг авахын тулд маш их залбирдаг” (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 53).