“6-р сарын 26-аас 7-р сарын 2. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21: ‘Тэр амилсан,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“6-р сарын 26-аас 7-р сарын 2. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
6-р сарын 26-аас 7-р сарын 2
Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21
“Тэр амилсан”
Энэхүү тоймд орсон заах санаануудыг судлахынхаа өмнө Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21-ийг уншаад, зааж буй хүмүүсийнхээ итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд энэ бүлгүүдийг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бод.
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд хувиараа болон гэр бүлээрээ судалж байхдаа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад туслахын тулд энэ долоо хоногийн унших даалгавраас “бүх ертөнцтэй” (Марк 16:15-ыг үзнэ үү) хуваалцах ёстой гэж бодож байгаа нэг үнэнийг бичихийг хүс. Хичээлийн төгсгөлд тэднээс хуваалцахыг хүсэж байгаа ямар нэгэн нэмэлт үнэнийг олсон эсэхийг асуу.
Сургаалыг заах
Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20
Есүс Христ амилсан учраас бид мөн амилуулагдах болно.
-
Та ангийн гишүүдэд энэ долоо хоногийн унших даалгавар болон Bible Dictionary дээрх “Resurrection”-ыг уншаад, Амилалтын талаар олж мэдсэн үнэнүүдээ жагсаан бичих хэдэн минутыг өгч болно. Хэд хэдэн гишүүнд бичсэн зүйлээ хуваалцах боломж олгож, хэн нэгэн нь тэдний бичсэнтэй адил үнэнийг хуваалцвал гараа өргөхөд ангийн гишүүдийг урамшуул. Яагаад эдгээр үнэн бидэнд чухал вэ? Тэдгээр нь бидний харилцаа холбоонд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэд бидний сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
Бид Аврагчийг “бидэнтэй хамт байгаач” хэмээн урьж чадна.
-
Ангийн гишүүдэд өөрсдийнх нь туршлага, Еммау хүрэх зам дээрх шавь нарын туршлага хоёрын хоорондын холбоог олж харахад туслахын тулд самбарт зам зураад, ангийн гишүүдийг Лук 24:13–35 дахь түүх дээрх мэдээллийг замын нэг талд бичихэд урь. Дараа нь замын нөгөө талд Есүс Христийг дагагчдын хувьд өөрсдийн туршлагаас ижил төстэй зүйлсээ бичиж болно. Жишээлбэл, тэд замын нэг талд Тэдний нүд халхлагдаж (Лук 24:16), нөгөө талд нь Бид заримдаа амьдралд маань үзүүлж буй Их Эзэний нөлөөг хүлээн зөвшөөрдөггүй гэж бичиж болно. Бид Аврагчийг өөрсөдтэйгөө хамт байхад хэрхэн урьж болох вэ?
“Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!”
-
Ням гаргийн анги тань ангийн гишүүдийн харж чадахгүй зүйлсдээ итгэх нэг нэгийнхээ итгэлийг хүчирхэгжүүлдэг газар байж чадна. Та эхлээд хэн нэгнээс Иохан 20:19–29 дээрх Томаст тохиолдсон үйл явдлыг хураангуйлан ярихыг хүсэж болно. Бурханы биднээс харалгүйгээр итгэхийг хүссэн зарим зүйлийг самбарт жагсаан бичихийг ангийн гишүүдээс хүс. Дараа нь та эдгээрийн талаарх гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн туршлага, итгэлээ хэрэгжүүлэхэд ирсэн адислалаа хуваалцахыг тэднээс хүсэж болно.
Аврагч хоньдыг нь тэжээхэд биднийг урьсан.
-
Танай ангийн гишүүдэд Аврагчийн “[Түүний] хоньдыг тэжээ” гэсэн урилгыг хүлээн авахад юу тусалж болох вэ? Эхлээд Иохан 21:15–17-г дотроо уншихдаа Симоны нэрийг өөрсдийнхөө нэрээр, “миний хурга” ба “миний хоньд” зэрэг үгийг Их Эзэний хүрч үйлчлээсэй хэмээн хүсэж байгаа тохинуулдаг хүмүүс, хөрш эсвэл ажил, сургуулийнхаа таньдаг хүмүүсийн нэрээр орлуулахад та тэднийг урьж болно. Хэдэн минутын дараа ангийн гишүүд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж болно. Бид Иохан 21:4–13 дээрх Түүний үйлдлээс Аврагчийн талаар юу сурч мэдсэн бэ? Аврагчийн хонь, хургануудыг тэжээхийн тулд бид юу хийж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Гари И.Стивэнсоны мэдэгдэл энэ асуултад хариулахад тусалж болно.
Нэмэлт эх сурвалж
Бид хэрхэн “[Түүний] хоньдыг хариулах” вэ?
Ахлагч Гари И.Стивэнсон хоньдыг нь хариул хэмээсэн Их Эзэний зарлигийг бид хэрхэн биелүүлж болох талаар ийн тайлбарлажээ.
“Хоньчин нь хэн бэ? Бурханы хаант улсын бүх эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр хоньчин юм. Үүнд дуудлага шаардлагагүй. Баптисмын усанд булхуулан гарч ирсэн мөчөөс эхлэн бид энэ ажлыг хийх үүрэг хүлээдэг. Аврагч бидэнд хийхийг тушаасан учраас бид бусдыг хайрлан гараа сунгадаг. … Хөршүүд маань материаллаг юм уу сүнслэг байдлаараа зовлонд унах бүрд бид тэдэнд туслахаар яардаг. Бид нэг нэгийнхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцдэг. Бид гашуудах тэдний хамт гашууддаг. Бид тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг (Мозая 18:8–9-ийг үзнэ үү). Их Эзэн хайрлах сэтгэлээр үүнийг биднээс хүлээдэг. Түүнчлэн Тэр биднээс Өөрийнх нь сүргийг халамжилж, тохинуулсан эсэхэд хариуцлага асуух цаг ирэх болно [Матай 25:31–46-г үзнэ үү]” (“Хоньчин бодгалиуд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 116).