“7-р сарын 10–16. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэмээр байна вэ?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“7-р сарын 10–16. Үйлс 6–9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
7-р сарын 10–16
Үйлс 6–9
“Та надаар юу хийлгэмээр байна вэ?”
Үйлс 6–9-ийг судлаад, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь эдгээр бүлгийг судалснаар Есүс Христэд илүү ойртоход ангийн гишүүдэд хэрхэн туслах талаар илчлэлт хүлээн авахад танд тусална.
Хуваалцахад урь
Самбарт Үйлс 6–9-д дурдсан Стефан, Саул, Филип, Ананиа, Петр, Табита, Доркас гэх мэт зарим хүний нэрийг бич. Энэ хүмүүсийн аль нэгийнх нь талаар энэ долоо хоногт мэдэж авсан ямар нэг зүйлээ хуваалцахад ангийн хэдэн гишүүнийг урь.
Сургаалыг заах
Ариун Сүнсийг эсэргүүцэх нь Аврагчийг болон Түүний үйлчлэгчийг эсэргүүцэхэд хүргэж болно.
-
Та ангийн гишүүдийг Үйлс 7:37–53 дээрх Стефаны үгсийг уншихад урих замаар Стефаны туршлагын талаарх хэлэлцүүлгийг эхлүүлж болох юм. Түүний үгс өнөөгийн бидэнд ямар анхааруулга өгч байж болох вэ? Та Үйлс 7:51 дээрх Стефаны мэдэгдэлд төвлөрч болно. “Ариун Сүнсийг эсэргүүцэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Эдгээр үгийг илүү гүн гүнзгий ойлгохын тулд, ангийн гишүүд дараах судрын хэсгүүдийн нэгийг эсвэл хэд хэдийг авч үзэж болно. Үүнд: 2 Нифай 28:3–6; 33:1–2; Мозая 2:36–37; Алма 10:5–6; Алма 34:37–38. Яагаад бид заримдаа “Ариун Сүнсийг эсэргүүцдэг” вэ? Бид Ариун Сүнсний өдөөлтийг илүү сайн таньж, дагахын тулд юу хийж чадах вэ?
Бидний зүрх сэтгэл “Бурханы өмнө зөв” байх ёстой.
-
Симоны түүхийг ангиараа судлахын тулд та Симон гэж хэн байсан бэ? Тэр юу хүссэн бэ?, Тэр үүнийг яаж авахыг оролдсон бэ? зэрэг асуултуудыг самбарт бичиж болно. Ангийн гишүүн бүрд Үйлс 8:9–24-ийг уншаад, дээрх асуултуудын хариултыг олох даалгавар өг. Симон ямар үнэнийг хараахан ойлгоогүй байсан бэ? Бид Симоны туршлагаас юу сурч мэдэж болох вэ? Бид хэрхэн өөрсдийн зүрх сэтгэлийг “Бурханы өмнө зөв” (21-р шүлэг) байлгаж чадах вэ?
-
Ангийн зарим гишүүн бие даан суралцах явцдаа Стефан, Филип нарт байгаагүй хэдий ч Симонд байсан зан чанаруудыг ажиглан харсан байж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Хэрэв тийм бол олж мэдсэн зүйлээ хуваалцахад та тэднийг урьж болно. Мөн ангийн гишүүд Филип, етиоп хүн (Үйлс 8:26–40-ийг үзнэ үү), Саул (Үйлс 9:1–22-ыг үзнэ үү), Табита (Үйлс 9:36–39) зэрэг Үйлс 6–9 дээрх Бурханы өмнө зүрх сэтгэл нь зөв байсан хүмүүсийн өөр жишээг хуваалцаж болно.
Ариун Сүнс бусдыг Есүс Христ рүү чиглүүлэхэд бидэнд тусална.
-
Ангийн гишүүд хэрхэн бусдыг Есүс Христ рүү чиглүүлж болохыг (Үйлс 8:31-ийг үзнэ үү) ойлгоход туслахын тулд та ангийн хоёр гишүүнийг өөд өөдөөсөө харж суугаад, Үйлс 8:26–39 дээрх Филип, етиоп хүн хоёрын хооронд өрнөсөн харилцан яриаг уншихад урьж болох юм. Ангийн гурав дахь гишүүн харилцан ярианаас өөр хэсгийг нь уншиж болно. Бид бусдад сайн мэдээг заах талаар Филипийн жишээнээс юу сурдаг вэ?
-
Ангийн гишүүд Үйлс 8:26–39 дээрх түүхийн орчин үеийн жишээг судлахын тулд сайн мэдээг хуваалцаж эсвэл Сүмд нэгдэхтэй холбоотой туршлагаасаа хуваалцаж болно. Ариун Сүнс тэдэнд хэрхэн тусалсан бэ? Хэн нэгэн тэднийг хэрхэн хөтлөн чиглүүлсэн бэ? Сайн мэдээнд хэнийг чиглүүлж болохоо тунгаан бодоход ангийн гишүүдийг урь.
Бид Их Эзэний хүсэлд захирагдсанаар Түүний мутар дахь зэмсэг болж чадна.
-
Ангийн гишүүд Саулын туршлагыг судалснаар өөрсдийн хөрвөлтийн талаарх хүчирхэг үнэнийг мөн хүн бүр хүсэх юм бол наманчилж мөн өөрчлөгдөж чадна гэсэн үнэнийг мэдэж авч чадна. Та ангийн гишүүдээс Саулын туршлагыг Алмагийн (Мозая 17:1–4;18; 26:15–21-ийг үзнэ үү) болон Антай-нифай-лихайчуудын (Алма 24:7–12-ыг үзнэ үү) туршлагатай харьцуулж үзэхийг хүсэж болно. Их Эзэн энэ хүмүүсийг хөрвөгдөхөд туслахын тулд юу хийсэн бэ? Тэд өөрчлөгдөхөд бэлэн байгаагаа хэрхэн харуулсан бэ? Бид эдгээр түүхээс өөрсдийн амьдралд хэрэгтэй ямар захиасыг олж мэдсэн бэ?
-
Саулын туршлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд та ангийн хэдэн гишүүнийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Дамаск орох зам дээр хүлээн сууна,” (2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70–77) захиасын хэсэг бүрээс сурсан зүйлсээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Бид заримдаа хэрхэн Дамаск орох өөрсдийн зам дээр хүлээн суудаг вэ? Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр, бидэнд Бурханы дуу хоолойг илүү сайн сонсоход юу туслах вэ? Ангийн гишүүд Бурханы тааллыг эрэлхийлж, дагасан туршлагаасаа хуваалцаж болно.