“7-р сарын 17–23. Үйлс 10–15: ‘Эзэний үг түгэн түгсээр байлаа,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“7-р сарын 17–23. Үйлс 10–15,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
7-р сарын 17–23
Үйлс 10–15
“Эзэний үг түгэн түгсээр байлаа”
Энэ тоймыг уншихаасаа өмнө Үйлс 10–15-ыг залбирч судлах нь Их Эзэнээс сүнслэг өдөөлт хүлээн авахад туслах болно. Доорх санаанууд бол зөвхөн санал юм.
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг Үйлс 10–15-ыг уншихдаа, Сүнсний тэдэнд заасан ямар нэг зүйлийг хажууд сууж байгаа хүнтэйгээ хуваалцахад урь. Хэдэн суралцагчийг ойлголтоо ангийнхантайгаа хуваалцахад урь.
Сургаалыг заах
Тэнгэрлэг Эцэг бидэнд илчлэлтээр шат шатаар заадаг.
-
Ангийн зарим гишүүн илчлэлт хүлээн авах үйл явцын талаар буруу ойлголттой байж болно. Петрт илчлэлт хэрхэн ирснийг мөн илчлэлт бүрэн бус, ойлгомжгүй санагдсан үед ч тэд хэрхэн “эргэлзэлгүйгээр” (Үйлс 10:20) урагшилж болох талаар ярилцах нь тэдэнд тустай байж болох юм. Самбарт нэг шугам татаж, шугамынхаа нэг талд Харийнханд сайн мэдээ номлогдох ёстой гэж бичих талаар бод. Ангиараа Үйлс 10 мөн 11:1–18-ыг хараад, Их Эзэн Петрт харийнханд сайн мэдээг номлох цаг болсныг хэрхэн шат шатаар илчилж байсныг харуулсан санаануудыг шугаман дээр нэмж бич. Жишээ нь, та “Корнел үзэгдэл үзэв” (Үйлс 10:1–6) гэсэн гарчгаар эсвэл Матай 28:19-д Аврагчийн Өөрийн шавь нарт өгсөн “бүх үндэстэнд заа” гэсэн зарлигаар эхэлж болно. Бид Петрийн туршлагаас илчлэлтийн тухай юу мэдэж авч болох вэ? 2 Нифай 28:30 дээрх Нифайн илчлэлтийн тухай сургаал болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Дэвид A.Бэднарын сургаал бидний ойлголтод юу нэмж байна вэ?
-
Та Их Эзэний хүмүүст шат шатаар заасан судрын жишээнээс суралцаж болох юм. Ангийн гишүүд Үйлс 10-т өгүүлсэн Петрт тохиолдсон үйл явдлаас гадна Нифай (1 Нифай 18:1–3), Алма (Алма 7:8; 16:20), Мормонд (3 Нифай 28:17, 36–40) тохиолдсон үйл явдлуудын талаар авч үзэж болно. Хүмүүс “Энд бяцхан мөн тэнд бяцхан” байдлаар сүнслэг удирдамж хүлээн авч байсан өөр ямар жишээг ангийн гишүүд санаж байна вэ? (2 Нифай 28:30). Яагаад Их Эзэн бидэнд нэг удаад бүх хариултыг өгөхийн оронд аливаа зүйлийг ийм аргаар илчлэхийг илүүд үздэг байж болох вэ? (Сургаал ба Гэрээ 50:40; 98:12-ыг үзнэ үү).
-
Заримдаа гишүүдэд Сүмийн бодлого, хөтөлбөрт гарч байгаа өөрчлөлтийн талаар асуумаар санагдах эсвэл асуудал гарч ирэх үе бий. Харийнханд сайн мэдээг номлож эхлэх тухай илчлэлт (Үйлс 10-ыг үзнэ үү) Их Эзэний шавь нартаа өгсөн өмнөх зааврыг (Матай 10:1, 5–6-г үзнэ үү) хэрхэн орлосон талаар авч хэлэлцэх нь тэдэнд тус болж болох юм. Эртний уламжлалтай нь зөрчилдөж байсан учраас Петрийн удирдамжийг эсэргүүцэж байсан, тухайн үед амьдарч байсан хүнд ангийн гишүүд ямар хариу өгөх байсан бэ? Үйлс 10 дээрх илчлэлт нь Их Эзэний бошиглогчоор дамжин ирсээр байгаа Түүний илчлэлтийг чих тавин сонсоход бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
“Бурхан бол нүүр тал хардаггүй.”
-
“Нүүр тал хардаггүй” гэдэг нь ямар утгатай талаарх хэлэлцүүлэг ангийн гишүүдэд ашиг тусаа өгөх үү? Бурхан нүүр тал хардаггүйг заадаг Ром 2:1–11; 1 Нифай 17:34–40; 2 Нифай 26:32–33; Алма 5:33; Моронай 8:12; Сургаал ба Гэрээ 1:34–35 зэрэг судрыг уншихад ангийн гишүүдийг урих замаар хэлэлцүүлгийг эхлүүлж болно. Ангийн гишүүдийг “нүүр тал хардаггүй” гэдэг нь ямар утгатай болохыг тодорхойлж бичээд, бичсэн зүйлсээ хуваалцахад урь. Үйлс 10:34–48 дээрх үйл явдал, зарчмууд Бурханы нүүр тал хардаггүйг хэрхэн харуулж байна вэ? Бурхан нүүр тал хардаггүй ч зөвийг үйлдэгч хүн Түүнд хэрхэн “хүлээн зөвшөөрөгдөж,” “таалагдаж” болох вэ? (Үйлс 10:34–35; 1 Нифай 17:35-ыг үзнэ үү).
Та “нүүр тал хардаггүй” гэдэг нь Бурхан үйлдсэн үйлдлээс нь үл хамааран бүх хүнийг адисалдаг гэсэн үг биш гэдгийг ойлгоход ангийн гишүүдэд туслах шаардлага гарч болох юм. Тэр бүх хүүхдээ Өөрийнх нь сайн мэдээг хүлээн аваасай хэмээн хүсдэг ч сайн мэдээний адислалын бүрэн байдал нь Түүнтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүмүүст зориулагдсан юм.
Нэмэлт эх сурвалж
Илчлэлтийг шат шатаар хүлээн авах
Ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан. “Бидний ихэнх нь чин сэтгэлийн залбирал, гуйлтдаа ямар нэг хариулт эсвэл сүнслэг өдөөлт авна гэж боддог. Мөн бид ийм хариулт эсвэл өдөөлт тэр даруй, нэг доор ирнэ гэж байнга боддог. Тиймээс, бид Их Эзэн нэг том хариултыг хурдан бөгөөд нэг дор өгнө гэдэгт итгэх хандлагатай байдаг. Гэвч сударт ахин дахин дурдсан байдаг загвар бол бид шат шатаар, дүрэм дүрмээр, өөрөөр хэлбэл олон жижиг хариултыг хэсэг хугацааны туршид хүлээн авна гэдгийг сануулдаг. Энэ загварыг хүлээн зөвшөөрч, ойлгох нь Ариун Сүнснээс ирж буй сүнслэг өдөөлт, тусламжийг хүлээн авах гол түлхүүр юм” (“Line upon Line, Precept upon Precept,” New Era, Sept. 2010, 3–4).